Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2022/00091 

 

2022 оны 01 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2022/00091 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ....... тоотод байрлах Э ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. тоотод байрлах Б  сХХК /РД:.........../-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 51.028.567 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

Хариуцагч БХХК-ийн гүйцэтгэх захирал М.Чингүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ЭХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баруун баян транс ХХК нь Эм Ди кредит ББСБХХК-аас 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ19/0155 тоот зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч БХХК нь зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийн дагуу эхний 3 сар зөвхөн хүү төлж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 3.763.707 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 18.616.790 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.411.777 төгрөг, нийт 51.028.567 төгрөгийн зөрчилтэй байна. Иймд хариуцагч Баруун баян трансХХК-аас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох нийт 51.028.567 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч БсХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ЭХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Ямар нэг тайлбар байхгүй. Иймд хэргийн журмын зарчмаар хурлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Э ХХК-аас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баруун баян трансХХК-аас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн судалгааны маягт, зээл төлөлтийн дансны хуулга, БХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн0000 дугаартай тогтоол, Б ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 000000 дугаартай хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э  ХХК нь хариуцагч Б  ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51.028.567 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 50.986.777 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 41.790 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч БХХК нь нэхэмжлэгч ЭХХК-аас 30.000.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдэн авахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

3.Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.

4.Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.

5.Хариуцагч БХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрт ямар нэгэн төлөлт хийгээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн төлөлтийн дансны хуулгаар нотлогдож байна.

6.Иймд нэхэмжлэгч Э  ХК-аас зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан заалтуудтай нийцэж байгаа боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.

7.Зээлдэгч нь ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул зээлийн үлдэгдлийг 30.000.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

8. Зээлдэгчид 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөгийг олгосон тул зээлийн гэрээний хугацаа болох 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 9.000.000 /30.000.000 х2.5=750.000 х12=9.000.000/ төгрөгийг зээлийн үндсэн хүүгийн төлбөрт төлөх үүрэгтэй байна.

9.Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцсон 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх зээлийн хэтэрсэн хугацааны хүүг тооцоход 9.575.000 /30.000.000х2.5=750.000х 12 сар 23 хоног=9.575.000/ төгрөг болж байх тул зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүд нийт 18.575.000 төгрөгийг хариуцагч Баруун баян трансХХК зээлдүүлэгчид төлж барагдуулах үүрэгтэй байна.

10.Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байх тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 2.411.777 төгрөгийг хангах үндэслэлтэй.

11.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч БХХК-аас зээлийн үндсэн төлбөрт 30.000.000 төгрөг, зээлийн хүүд 18.575.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.411.777 төгрөг, нийт 50.986.777 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.790 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

12. Нөгөөтэйгөөр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.

13. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413.093 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 412.883 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БХХК-аас 50.986.777 /тавин сая есөн зуун наян зургаан мянга долоон зуун далан долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч эХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.790 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413.093 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 412.883 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР