| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/03875/И |
| Дугаар | 183/ШШ2022/00085 |
| Огноо | 2022-01-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2022/00085
2022 оны 01 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2022/00085 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ................ Х-ын Т /РД:..3/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................оршин суух Боржигон овогт Д-ийн Ж /РД:......../-д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
Нэхэмжлэгч Х.Т, хариуцагч Д.Ж нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь орон нутгаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Т-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Т нь Д.Ж-тэй 2000 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болон 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамт амьдрах хугацаандаа 3 хүүхдийн эцэг эх болж 000 оны 08 дугаар сарын 05-ны өдөр охин Ж.А 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү Ж.Бх, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүү Ж.Ч нарыг төрүүлсэн. Бид нар хоорондоо таарч тохирохоо больсон учраас 2015 онд салж өнөөг хүртэл тусдаа амьдарч байна. Цаашид бид эргэж эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Ж.А, хүү Ж.Б, хүү Ж.Ч нарыг эх Х.Т-гийн асрамжид үлдээж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Д.Г шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Ж-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өөр хүнтэй амьдрах болсон учир Х.Тсгэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
3. Нэхэмжлэгч Х.Т-гаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүх хүүхдийн санал асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Д.Ж-нд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Х.Т, хариуцагч Д.Ж нар 2000 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдөр охин Ж.А, 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү Ж.Б, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүү Ж.Ч нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.
3. Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, энэхүү хугацаанд хариуцагч Д.Ж өөр хүнтэй амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
4.Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан насанд хүрээгүй хүүхдүүд болох охин Ж.А, хүү Ж.Б, хүү Ж.Ч нарыг эх Х.Туяагийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч Х.Т хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
6. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховогт Х-ын Т, Бовогт Да-ийн Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 000оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Ж.А 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Ж.Бх, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.Чнарыг эх Х.Т-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Х.Т хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ж-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Т-д олгосугай.
5.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР