Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00084 

 

2021 оны 01 сарын 07 өдөр Дугаар 183/ШЗ2022/00084 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн.......... оршин суух Боржигон овогт Э-н Ц /РД:........../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .................. оршин суух Түшээ   овогт Х-агийн Б/РД:............/-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ц, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

Хариуцагч Х.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй бөгөөд орон нутгаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд Х.Б-тай танилцаж, улмаар 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хамт амьдрах боломжгүй болж 2012 оноос салж өнөөг хүртэл хоорондоо холбоогүй тусдаа амьдарч байна. Бидний дундаас 000 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Бямбаноров төрсөн бөгөөд хүү Б.Б нь төрсөн цагаасаа хойш ээж Э.Цминий асрамжид өсч хүмүүжиж байгаа. Нэхэмжлэгч миний бие гэрлэлт цуцлуулах асуудлаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гарагсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Б миний асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

 

2. Хариуцагч Х.Б-н шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Ц-гийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид тусдаа амьдраад арав гаран жил болж байна. Хүү Б.Б-ыг ээж Э.Ц-гийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Харин хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна. Бүр болохгүй бол хүүхдээ авмаар байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч Э.Ц-гээс иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэлүүд, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.

Шүүх хүүхдийн санал асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Ц нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Х.Баярмагнайд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Х.Бнар 2010 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Бтөрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

3.Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, энэхүү хугацаанд нэхэмжлэгч Э.Ц нь өөр хүнтэй амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

4.Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн санал зэргийг харгалзан хүү Б.Б-ыг эх Э.Ц-гийн асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү Б.Б-ыг эцэг Х.Б-гаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

5. Хариуцагч Х.Б нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй боловч хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй, болохгүй бол хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна гэж тайлбарласны дагуу тодорхой ажил эрхэлж, орлого олохгүй байгаа нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хүү Б.Б нь гэрлэгчдийг тусдаа амьдарсан 2012 оноос хойш ээж Э.Ц-тэй амьдарч байсан байх тул хүүхдийн өсөж, дассан орчинг өөрчлөх шаардлагагүй гэж үзэв.

6. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

7.Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 107.980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б  овогт Э-ын Ц , Т овогт Х-ийн Бнарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Бямбаноровыг эх Э.Цэндсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Бямбаноровыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Баярмагнай нь тэжээн тэтгэсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 107.980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц-д олгосугай.

 

5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР