Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 187

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: Д.Очирбат, түүний өмгөөлөгч Н.Баяр /0313/

шүүгдэгч: Х.Баатаржав, түүний өмгөөлөгч Б.Ганхуяг /0856/

хохирогч: Д.Очирбат, түүний өмгөөлөгч Н.Баяр /0313/

хохирогч: Х.Баатаржав, түүний өмгөөлөгч Б.Ганхуяг /0856/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Доржарвагийн Очирбат,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Минжүүр овогт Хүрлээгийн Баатаржав нарт холбогдох эрүүгийн 2016 2602 2264 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1961 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 56 настай, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөрлөдөг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Их Дарь-Эхийн 4 дүгээр гудамж, 171б тоотод оршин суух,

1996 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 167 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жилийн хорих шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

1998 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 540 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар УА 61032110, Боржигин овогт Доржарвагийн Очирбат,

 

Монгол улсын иргэн, 1965 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, эрэгтэй, 52 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөрлөдөг, ам бүл 4, хүү, бэр, ачийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар  хороо, Нарны хороолол, 4 дүгээр байр, 195 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ 65062473, Минжүүр овогт Хүрлээгийн Баатаржав.

 

Шүүгдэгч Д.Очирбат нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 4 дүгээр байрны 195 тоотод 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Х.Баатаржавыг эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн иргэн Х.Баатаржавын оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 4 дүгээр байрны 195 тоотын гэрийн эд зүйл, тавилга зэрэг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан буюу гэмтээсэн,

шүүгдэгч Х.Баатаржав нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 4 дүгээр байрны 195 тоотод 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Д.Очирбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.Баатаржав мэдүүлэхдээ:

Би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, би Д.Очирбаттай харилцан зодолдоогүй. Намайг диван дээр сууж байхад Д.Очирбат миний цээжин дээр сандайлж суучихаад хоёр гараараа цохиж намайг хөдлөх ямар ч боломж олголгүй, нүүр нүдгүй намайг цохисон. Тухайн үед би түр зуур ухаан алдсан байсан. Тэгээд сэрээд хартал тэр босоод явж байхаар нь Д.Очирбатаас айгаад гэрээсээ гарч, зугтаасан. Тэр үед би түүний эхнэр рүү нь “Д.Очирбатыг ирж ав, намайг чамтай хардаад байна” гэж утсаар ярьсан. Би Д.Очирбатын одоогийн болон өмнөх эхнэрийг ч танихгүй. Д.Очирбат өмнө нь намайг эхнэртэйгээ хардаж байгаагүй. Тэр архи уучихаад хий зүйл харсан байх гэж бодож байна. Би 2 гараараа нүүрээ хамгаалж байсан тул түүний хавирга руу нь цохих ямар  ч боломж байхгүй тул түүнийг зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулаагүй. Би их согтуу байгаагүй, болсон бүх зүйлийг сайн санаж байна. Д.Очирбат намайг зодож байх үед би биеэ хамгаалах гээд хурууг нь хазсан байх гэж бодож байна. Бид нар олон жил найзалж, нөхөрлсөн хүмүүс, урьд нь бидний хооронд ийм асуудал гарч байгаагүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Очирбат мэдүүлэхдээ:

Хэрэг гарахын өмнө манай эхнэрийн утасны ая Х.Баатаржавын утсан дээр дуугарч, манай эхнэр тэдний гэрт хоол хийгээд зогсож байх шиг харагдсан. Тэгээд би эхнэрээ Х.Баатаржавтай хардаж, түүнийг зодож, эд зүйлийг нь эвдэлсэн. Эхнэрээ гэрт нь хайгаад, өрөөний эд зүйлийг нь эвдсэн байх. Тэр өдөр 2 шил архийг гурвуулаа хувааж уусан. Хамт байсан нэг хүн энэ хэрэг гарах үед явчихсан байсан. Би Х.Баатаржавтай зодолдсон, түүнийг яаж зодсон талаар санахгүй байна. Би хуруугаа хазуулж байснаа л санаж байна. Миний хавирга яагаад хугарсныг мэдэхгүй байна. 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эмчид үзүүлэхэд хавирга хугарсан байсан. Би шатнаас унаад хавиргаа хугалсан байж магадгүй. Би архины эмчилгээ хийлгээд спираль тавиулсан байсан. Түүнээс болоод би согтохоороо ой санамжаа алдчихдаг. Би Х.Баатаржавын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэрийн эд зүйлийг нь эвдэж, гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Би Х.Баатаржавд 2 000 000 гаруй төгрөгийн эд зүйл шинээр авч өгч, зарим эд зүйлийг нь засаж өгсөн. Би чулуун тавцан, шинэ хөргөгч, зарим эд зүйлийг засаж бүгд шинэ болсон. Би зурагтыг нь засаж өгсөн. Хөргөгч шинээр авч өгсөн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Найзаасаа уучлалт гуйж байна. Би өөрийн машинаа ломбардад тавьж, зээл авч хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо миний нойр булчирхай өвддөг, зүрхний хэм алдагддаг. Би эхнэрээ хардсанаас болоод ийм хэрэгт холбогдлоо. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Х.Баатаржав мэдүүлэхдээ:

Д.Очирбат 1 200 000 төгрөгөөр хөргөгч, 350 000 төгрөгөөр чулуун тавцан, 100 айлаас модон эдлэл, 970 000 төгрөгөөр шинээр зурагт авч өгсөн. Эвдэрч гэмтсэн эд хогшлын заримыг шинээр авахуулж, засуулахыг нь засуулж, гэрийн эд зүйлийн хохирол төлөгдсөн. Надад учирсан хөнгөн гэмтэл эдгэрч, биеийн байдал сайн байна. Тийм болохоор миний хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.Очирбат мэдүүлэхдээ:

Би хавирга минь яаж хугарсныг мэдэхгүй байгаа. Би мөрдөн байцаалтын үед сайн мэдэхгүй байсан учраас шатнаас унасан талаараа хэлээгүй юм. Би хаана яаж унаснаа мэдэхгүй байна. Би шатан дээр бүдэрч унаснаа санаж байгаа. Би хумсаа хазуулсан. Би цаашид хоёр хүүхдэдээ амьд мэнд харагдахыг хүсэж байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Цэцэгдэлгэр мэдүүлэхдээ:

...Д.Очирбат нь “би чамайг Х.Баатаржавын гэрт байна гээд хардаад, гэрт нь агсан тавиад зодож, гэрийн эд зүйлийг эвдэлсэн байна” гэж хэлж байсан. Манай нөхөр Д.Очирбат нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ их агсан, намайг хааяа зоддог. Архи уусан үед нь шууд би зугтчихдаг юм гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 12101 тоот дүгнэлтэд:

   1. Д.Очирбатын биед баруун 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун сарвууны 4 дүгээр хурууны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11690 тоот дүгнэлтэд:

   1. Х.Баатаржавын биед баруун хөмсөгт шарх, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэнд цус хуралт, баруун гарын 3, 4, 5 дугаар, зүүн гарын 1 дүгээр хуруунд шарх, хумсны толионд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1460 тоот дүгнэлтэд:

   1. Урьд гарсан 11690 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Х.Баатаржавын биед баруун хөмсөгт шарх, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэнд цус хуралт, баруун гарын 3, 4, 5 дугаар, зүүн гарын 1 дүгээр хуруунд шарх, хумсны толионд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 109 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1459 дугаартай дүгнэлтэд:

   1. Шинжээч эмч О.Болороогийн 2016.08.30-ны өдрийн 12101 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Д.Очирбатын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Д.Очирбатын биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

Д.Очирбат 1996 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 167 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жилийн хорих шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

1998 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 540 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг, ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

Х.Баатаржав ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 68 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Очирбат нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 4 дүгээр байрны 195 тоотод 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хохирогч Х.Баатаржавыг эхнэртэйгээ хардаж, маргалдан, улмаар түүнийг зодож, бие махбодид нь баруун хөмсөгт шарх, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэнд цус хуралт, баруун гарын 3, 4, 5 дугаар, зүүн гарын 1 дүгээр хуруунд шарх, хумсны толионд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 4 дүгээр байрны 195 тоотод оршин суух хохирогч Х.Баатаржавын гэрийн эд зүйл, тавилга зэрэг 3 447 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон гэрч Б.Цэцэгдэлгэрийн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11690, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1460 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, хохирогч Х.Баатаржав нь ГССҮТ-д үзүүлсэн тухай осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Очирбатын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгажээ.

 

Иймд шүүгдэгч Д.Очирбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Х.Баатаржав одоо миний биеийн байдал сайн, надад учирсан хөнгөн гэмтэл эдгэрсэн, Д.Очирбат хөргөгч, зурагт шинээр авч өгч, эд зүйлийг засварлаж өгсөн тул хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Очирбат нь 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 540 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Очирбатад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасан тул Д.Очирбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хөнгөн гэмт хэргийн хугацаа 2017 оны 2 дугаар сард өнгөрсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.

 

Шүүгдэгч Д.Очирбатын хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэж байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Х.Баатаржавыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 4 дүгээр байрны 195 тоотод 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Д.Очирбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Д.Очирбатын бие махбодид баруун 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун сарвууны 4 дүгээр хурууны шарх бүхий хүндэвтэр гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 12101 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1459 тоот дүгнэлтээр тогтоогдсон боловч түүнд учирсан гэмтлийг Х.Баатаржав учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдохгүй байна. Иймд түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Очирбат бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.