| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/03037/И |
| Дугаар | 183/ШШ2022/00048 |
| Огноо | 2022-01-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2022/00048
| 2022 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2022/00048 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ...........байрлах “Хы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......... оршин суух Т Ц /РД:............-д холбогдох,
дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 743.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Х гүйцэтгэх захирал С.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
Хариуцагч Х.Ц-д тус шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х ”СӨХ нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Хан богд хорооллын 201-205 дугаар байруудын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх сонирхлыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 2017 оны 8 дугаар сард 201-205 дугаар байруудыг хүлээж авсан. Тус СӨХ-ны зарим оршин суугчид СӨХ-нд төлөх төлбөрөө цаг тухайд нь төлдөггүй бөгөөд бид хугацаанд нь зохих төлбөрөө төлөхийг байнга шаардсаар ирсэн. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууцны болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”, мөн хуулийн 148.2.3-д “сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоогдсон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл манай СӨХ-ны 201 дүгээр байрны 105 тоотын оршин суугч Х.Ц нь энэхүү хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлөх ёстой 2019 оны 5-12 сарын 216.000 төгрөг, 2020 оны 1-12 сарын 339.000 төгрөг, 2021 оны 1-9 сарын 188.000 төгрөг, нийт 29 сарын 743.000 төгрөгийг төлөхгүй элдэв шалтаг хэлэн өдийг хүрсэн болно. Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаас хог хаягдлын төлбөр 2500 төгрөг, цахилгааны төлбөр 3000 төгрөг, ариутгал цэвэрлэгээний төлбөр 8350 төгрөг, харуул хамгаалалтын үйлчилгээнд 5000 төгрөг, лифт үйлчилгээний төлбөр 8000 төгрөг, баримтын 150 төгрөг, нийт нэг айлаас сар бүр 27.000 төгрөгийг СӨХ-нд төлж байхаар тогтоосон юм. Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2-т энэ хуулийн 148.23-т заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд СӨХ-ны гүйцэтгэх захирал түүний эрх үүргийг тодорхойлж өгсөн байдаг бөгөөд мөн хуулийн 12.4-д энэ хууль болон Иргэний хуулийн 148.2-д заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчөөс шаардах, уг шаардлагыг сайн дураа биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан байдаг. Иймд СӨХ-ны гишүүн, сууц өмчлөгч 201 дүгээр байрны 105 тоотын оршин суугч Х.Ц-гээс тус СӨХ-нд төлөх ёстой 2019 оны 5 сараас 2021 оны 9 дүгээр сарын нийт 29 сарын төлбөр болох 743.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс Хан богд СӨХ-ны гэрчилгээ, 201 дүгээр байрны 105 тоот оршин суугчийн СӨХ-ны төлбөрийн задаргаа, Ханбогд СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, Наадамчдын зам гудамж, 201 дүгээр байрны 105 тоот орон сууцны өмчлөгчийн лавлагаа, Ханбгд ресиденс хорооллын 201, 205 дугаар байрны нийт сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг нэхэмжлэгч болон Улсын бүртгэлийн газраас шаардан авсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Х СӨХ нь хариуцагч Х.Ц-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 743.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 728.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 15.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Хариуцагч Х.Ц нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй ба 2019 оны 5 дугар сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч “Х СӨХ нь хариуцагч Х.Ц-гээс нийт 743.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Х.Ц нь Ханбогд хороолын 201 дүгээр байрны 105 тоотод 2020 оноос хойш амьдраагүй тул СӨХ-ийн төлбөр болох 743.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Одоо амьдарч байгаа Ө.О нь төлбөр тооцоог төлөх төлнө гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хорооллын 201 дүгээр байр нь “Х СӨХ-нд харъяалагддаг бөгөөд тус 201 дүгээр байрны 105 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгч нь хариуцагч Х.Ц болох нь нэхэмжлэгчийн тайлбар, СӨХ-ны гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
4. Хариуцагч Х.Цнь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй ба 2019 оны 5 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч “Х СӨХ нь хариуцагч Х.Ц-гээс 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрийг сарын 27.000 төгрөгөөр тооцон 513.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрөөс Засгийн газрын хөнгөлсөн хог, цахилгааны төлбөр 5500 төгрөгийг хасаж, 21500 төгрөгөөр тооцон 215.000 төгрөг, нийт 728.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч Х.Ц нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх үүрэгтэй тул түүнээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулах нь хуульд нийцнэ.
5. “Х ”СӨХ-ны 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн бүх гишүүдийн анхдугаар хурал болон Удирдах зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор “Ханбогд хотхоны”СӨХ-ны дундын өмчийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөрийн хэмжээг тогтоож, 1-2 давхарт амьдардаг сууц өмчлөгчөөс 19000 төгрөг, түүнээс дээш давхарт амьдардаг сууц өмчлөгчдөөс 27000 төгрөгийг сар бүр авч байхаар шийдвэрлэсний дагуу тооцоход хариуцагчийн 1 сард төлөх төлбөр 27.000 төгрөг байна.
Харин 2020 оны 12 дугаар сард Монгол Улсын засгийн газраас нийт айл өрх болон аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүч, хогны мөнгийг чөлөөлж, төлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хог болон цахилгааны төлбөрийг хасахад 2020 оны 12 дугаар сараас хойш төлөх 1 сарын төлбөр 21.500 төгрөг байна.
6. Иймд хариуцагч Х.Ц нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2019 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны 29 сарын төлбөр болох 783.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Үүнээс айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан эрчим хүч болон хогны төлбөрийг төр хариуцах тухай Засгийн газрын тогтоолын дагуу хог болон цахилгааны төлбөрийг төр хариуцан төлж байгаа тул хариуцагчийн 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 9 сарыг дуустал хугацааны төлбөрөөс 5500 төгрөгийг хасаж тооцоход 728.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Х”СӨХ нь 2020 оны 4 дүгээр сарын төлбөрт 42.000 төгрөг нэхэмжилсэн боловч СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас тогтоосон 1 сарын төлбөр болох 27.000 төгрөг дээр чухам ямар зардал нэмэгдүүлсэн нэхэмжилсэн болох нь тодорхойгүй, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөөгүй тул 27.000 төгрөгөөр тооцсон болно.
8. Хариуцагч Х.Ц нь тухайн Ханбогд хотхоны 201 дүгээр байрны 105 тоотод оршин суухаа больсон, иргэн Ө.О оршин сууж байгаа учир СӨХ-ны төлбөрийг төлөх болно гэж тайлбарласан боловч улсын бүртгэлийн газраас авсан лавлагаанаас үзэхэд тухайн орон сууцны өмчлөгчөөр Х.Ц-г бүртгэсэн бүртгэл хэвээр байх тул тухайн орон сууцны сууц өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 728.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 22.022 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ц-гээс 728.000 /долоон зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжид 22.022 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ханбогд хотхон”СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР