Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/01071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Ц ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохирол 22.815.364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, иргэдийн төлөөлөгч Х.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч ЦХХК-д холбогдуулан Гэм хорын хохирол 22.815.364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

 

1.1. Нэхэмжлэгч А ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банк ХХК-тай 1933 тоот Түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Жаргалант үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарын 212,2 м.кв талбай бүхий талбайг түрээслүүлж, Хаан банк Жаргалант тооцооны төв нь үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2021 оны 8 дугаар сарын 15-ны шөнө тус барилгын 2 дугаар давхарт байрлах ЦХХК-ийн эмийн сангийн угаалгын өрөөний уян холбоо задарч, их хэмжээний ус алдаж, тухайн байрлал дахь Хаан банкны салбарын нийт коридор, өрөөнүүдийн хана, тааз, гэрэл, хавтангууд, цахилгаан тэжээлийн хүчний кабель тус тус гэмтсэн. Улмаар тухайн салбар нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, бүрэн зогссон. Барилгын засварын ажилд нийт 15.429.000 төгрөгийг Хаан банк ХХК нь биднээс нэхэмжилж байна. Мөн Хаан банк ХХК нь үйл ажиллагаагаа зогсоосноос үүдэн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд дахь түрээсийн төлбөр 7.386.364 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдсөн. Бид дээрх хохирлыг арилгахыг шаардаж, удаа дараа ЦХХК-д утсаар болон бичгээр шаардлага тавьсан боловч хүлээн аваагүй бөгөөд одоо хүртэл хохирлыг барагдуулах тал дээр ажиллагаа хийхгүй байх тул шүүхэд хандаж байна. Үүнээс гадна Хаан банк ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг барилгын цахилгаан тэжээлийг сэргээхийн тулд ОСНААУГ-ын ерөнхий шитээс кабель сүвлэн татах гэсэн боловч тухайн цахилгаан шит байрлах В1 давхарын 9999 караоке нь Эрчим хүчээр хангагч эрх бүхий ажилтныг нэвтрүүлэхгүй, тус шитнээс кабель сүвлэн татах ажлыг хийлгэхээс татгалзсан. Үүнтэй холбоотой цахилгаан холболт хийх ажлын зардал дахин нэмж үүсэхээр байгаа. Иймд цахилгаан холболттой холбоотой зардлыг дараа жич нэхэмжилнэ. Одоогийн байдлаар бодит гарсан гэм хорын хохирол болох 15.429.000 төгрөг, түрээсийн төлбөр 7.386.364 төгрөг, нийт 22.815.364 төгрөгийг хариуцагч ЦХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч ЦХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай ЦХХК-ийн түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан барилгын жинхэнэ эзэн, хөрөнгийн өмчлөгч ЖҮБ ХХК-ийн захирал Ж.Батбаатарыг хариуцагчаар татах нь шүүхийн шийдвэр гарахад цаг алдахгүй гэж үзэж байна. Манай компанийн үйл ажиллагаа явуулж байсан

хэсэг нь Хаан банк ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хэсгийн дээр байрладаг. Хаан банкны дохиолол ус алдалтыг зогсоох хүртэл 6 цагийн өмнө дуугарч мэдэгдсэн боловч тус банкны хамгаалалтын алба ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс хохирол нэмэгдсэн. Тиймээс Хаан банк ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар хамтран хариуцагчаар оролцож, хариуцлага хүлээх ёстой. Үл хөдлөх эд хөрөнгийн эзэн Ж.Батбаатар ус алдсан хэсгийг буюу бие засах өрөөний байршлыг ОСНААУГ болон Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн өөрчилснөөс сантехникийн ерөнхий шугамын усны даралтанд өөрчлөлт орж, ОСНААУГ-аас зохицуулж байдаг усны даралтын тоог буулгах шалтгаан болж, цаашлаад усны хатуулагт нөлөөлсөн, ус дамжуулах хоолойд зэврэлт үүссэн байх магадлалтай. Анхнаасаа нэг бие засах өрөөтэй байсныг гарах хохирлыг тооцохгүйгээр өөрөө мэдэхгүй, өрөөлөөс асуухгүй нойлын өрөө болгож, байрныхаа даацад нөлөөлөх хана туурга, цонх зэргийг зөвшөөрөлгүй буулгаж, өөрчилсөн байгаа нь Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 502.2-т заасныг зөрчсөн. Манайх тухайн байрнаас 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Гэтэл Ж.Батбаатарын ЖҮБ ХХК нь дахин 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хаан банк ХХК-ийн дээрээс ус алдаж, дахин хохирол учруулснаас харахад Ж.Батбаатар түрээслэгч нартайгаа харилцаагүй, зөвхөн өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдагаас болсон. Манайх Ж.Батбаатартай 20 жилийн хугацаанд хамтран ажилласан, тэрээр түрээсийн төлбөрийг 1.200.000-аас 1.800.000 төгрөг болгон өсгөсөн боловч байрны сантехникийн засвар, дулааны үнэ, долларын ханш нэмэгдсэн нэрээр түрээсийн нэмэлт төлбөр нэхэж авдаг байсан. Энэ мөнгөөрөө яагаад засвар үйлчилгээ хийж болохгүй гэж. Ж.Батбаартар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хийдэггүй атлаа бидний өөрсдөө засаад суу, чадахгүй бол гар гэж дарамталдаг. Иймд ЖҮБ ХХК-ийн бурууг өөр дээрээ авч, төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 294.331 төгрөг төлсөн баримт, О.Билгүүнд олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1933 дугаартай Түрээсийн гэрээ-ний хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж, 19/8 тоот хаягт байрлах, 342,17 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 208 дугаар дүгнэлт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 217 дугаар дүгнэлт, ус алдсан хэсгийг харуулсан гэрэл зургийн хуулбар Хаан банк ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 40/13619 дугаартай Засварын ажлын төлбөр нөхөн төлүүлэх тухай албан бичиг, Хаан банк ХХК-ийн Жаргалант тооцооны төвд засвар хийсний дараах гэрэл зургийн хуулбар, Шинэ цамхаг ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 078 дугаар төлбөр хүлээн авсан тухай албан бичиг, засварын төлбөр 14.657.550 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга, Шинэ цамхаг ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар Засварын ажлын хугацааны тухай тодорхойлолт, Хаан банк ХХК болон Шинэ цамхаг ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1113 дугаартай Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох тооцооны баримт, Хаан банк ХХК-ийн түрээсийн төлбөрөөс чөлөөлүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 40/8959 дугаар албан бичиг, А ХХК-ийн түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 170 дугаартай албан бичиг, А ХХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар Түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай тушаал, А ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант үйлчилгээний төвийн ус алдалтын улмаас гарсан засварын ажлын зардлын тооцоо, холбогдох зарлагын баримтууд 5 хуудас, А ХХК болон Эм Би Ай Эм ХХК-ийн хооронд байгуулагдсан Зураг төсөл зохиох боловсруулах гэрээ, Эм Би Ай Эм ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эм Би Ай Эм ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Ажлын зураг, Эм Би Ай Эм ХХК-д А ХХК-иас 2.000.000 төгрөгийн төлбөр төлсөн тухай зарлагын баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2021/12726 дугаар захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан шаардлага зэрэг баримт ирүүлсэн.

 

4. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж ирүүлсэн ЦХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ЦХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цасчихэрийн иргэний үнэмлэхний лавлагаа, ЦХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цасчихэрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, ЦХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрмаагийн шүүхэд гаргасан хариу тайлбар, ЦХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цасчихэрийн Б.Цэрмаад олгосон итгэмжлэл, иргэн Ж.Батбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж-19/8 тоотод байрлах, 242,6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ын 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 09 тоот албан бичиг, мөн газрын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 173 тоот албан бичгийн хуулбар, ЖҮБ ХХК болон ЦХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ-ний хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Ононбаяртай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримт авагдсан.

 

5. Иргэдийн төлөөлөгч Х.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч ЦХХК буруугүй, өмчийн эзэн хариуцлага хүлээх нь зүйтэй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК-иас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж 19/8 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд гэм хорын хохиролд 22.815.364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ЦХХК-д холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагч ЦХХК нь Тухайн үйлчилгээний барилгын хоёрдугаар давхарт мөн түрээслэн Эмийн сан-гийн үйл ажиллагаа явуулдаг байсан, тухайн хөрөнгийн өмчлөгч нь Ж.Батбаатар учир тэрээр эд хөрөнгийн хохирлын төлбөрийг хариуцах нь зүйтэй гэж маргасан.

 

3. Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А ХХК-д гэм хорын хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлон ирүүлээгүй гэж үзлээ.

 

4. Учир нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.9-д Барилга байгууламжийн өмчлөгч нь барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах, барилгын даацын хийц, бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих үүрэгтэй гэж, мөн зүйлийн 46.6-д Барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж тус тус заажээ.

 

5. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, мөн хуулийн 101.7-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл ... гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцана гэж зааснаар хариуцагч ЦХХК-ийн түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь тухайн өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцахаар байх бөгөөд хариуцагчийн тайлбараар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өөр этгээд болох нь тогтоогдсон болно.

 

6. Иймд хариуцагч ЦХХК нь нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ЦХХК-д холбогдох Гэм хорын хохирол 22.815.364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

7. Иргэдийн төлөлөөлөгч Х.Мягмарсүрэн нь мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч уг гэм хорыг хариуцан арилгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294.331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ЦХХК-д холбогдох Гэм хорын хохирол 22.815.364 /хорин хоёр сая найман зуун арван таван мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294.331 /хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ

 

Ц.ОЮУНБИЛЭГ