Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/01145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Э д холбогдох,

 

Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 2.679.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Г.Эд холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 2.679.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Манай ХХХК нь Г.Этай 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 17-003 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь нийтдээ 192 ширхэг бараа материалыг 91 хоногийн хугацаанд ашиглан түрээсэлсэн бөгөөд нийт түрээсийн төлбөр 3.203.200 төгрөг болж, хариуцагч манай түрээсийн бараа материалыг буцаан өгөхдөө нэг ширхэг бараа материал дутаан алга болгосон тул 39.000 төгрөг нэмэгдэж, нийт 1.456.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1.786.200 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 7.2-т заасны дагуу алданги тооцож, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэлх өдрийн үнээр тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 893.100 төгрөгийн алданги, нийт 2.679.300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар хэлэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад, Иргэний хуулийн 79.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй явж байгаа гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн тухайд хариуцагч Г.Э нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ХХХК-тай барилгын материал түрээслэх гэрээ хийж, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 91 хоногийг хугацаатай ашиглаж буцаан өгсөн байдаг. Хариуцагч Г.Э нь 2017 оны 6 дугаар сард тус мөнгийг өгсөн гэдэг. Хоёр тал буюу түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын түрээстэй холбоотой эрх зүйн харилцаа 4 жил, 6 сарын өмнө дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу тус ХХХК-ийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа хуульд заасны дагуу дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 57.819 төгрөг төлсөн баримт, ХХХК-иас С.Э-д олгосон итгэмжлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 17-003 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ, хүлээн авсан бараа, материалын акт, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Орлогын падаан гэх 2 хуудас баримт, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Зарлагын падаан гэх баримт, ХХХК-ийн бараа материал түрээслэх болон зарах үнийн санал, хариуцагч Г.Эы иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/01432 дугаар шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26ж-2/5112 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/01237 дугаар шийдвэрийг тус тус ирүүлсэн.

 

4. Хариуцагч талаас Б.Чинбатад олгосон итгэмжлэл, хариу тайлбар ирсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ХХХК 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Г.Этай байгуулсан Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 1.786.200 төгрөг, алданги 893.100 төгрөг, нийт 2.679.300 төгрөг гаргуулахаар хариуцагч Г.Эаас шаардсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд Гэрээний үүрэгт 1.786.200 төгрөгийг төлсөн, мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ХХХК болон Г.Э нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 17-003 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдаж, Г.Э нь хэв, булан зэрэг барилгын туслах материалыг 3.203.200 төгрөгөөр 91 хоногийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон буюу талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсжээ.

 

Ингээд хэв, булан зэрэг материалыг Г.Э 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр буцаан хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан Зарлагын болон орлогын падаан-аар тогтоогдож байгаагаас гадна хариуцагч түрээсийн төлбөр 3.203.200 төгрөгөөс 1.456.000 төгрөгийг төлж, үлдэх 1.786.200 төгрөгийг төлөөгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т Түрээслэгч түрээсийн төлбөрийг зохих хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн хэмжээ тохирч байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Э бараа, материалыг хугацаанд нь буцаан өгсөн ба төлбөр 1.786.200 төгрөгийг төлсөн гэх боловч энэхүү төлбөрийг төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.

 

4. Талууд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон эсэх талаар маргасан.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/0000 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/01432 дугаар шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26ж-2/5112 тоот албан бичигт тус тус дурдагдсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Г.Эаас гэрээний үүрэг шаардахаар анх шүүхэд хандахад 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, үүнээс хойш хариуцагчийг эрэн сурвалжилсан, олж өгсөн хаягийн дагуу шүүхэд хандахад уг хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, дахин эрэн сурвалжлуулсан зэрэг ажиллагаа хийгдэж байсан байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, мөн зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан.

 

Тэгэхээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бөгөөд уг хугацаа дуусгавар болоогүй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

5. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Г.Эаас түрээсийн гэрээний үүрэг 1.786.200 төгрөг, алданги 893.100 төгрөг, нийт 2.679.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ХХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас 57.819 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Г.Эаас түрээсийн гэрээний үүрэг 1.786.200 төгрөг, алданги 893.100 төгрөг, нийт 2.679.300 /хоёр сая зургаан зуун далан есөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ХХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.819 /тавин долоон мянга найман зуун арван ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас 57.819 /тавин долоон мянга найман зуун арван ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА