| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 168/2020/0310/Э |
| Дугаар | 2020/ДШМ/50 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ДШМ/50
Б.Батболдод холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Прокурор Ч.Мөнхзул /цахимаар/
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Б.Батболд /цахимаар/ нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/309 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Батболдод холбогдох эрүүгийн 2021004130321 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Боржигон овогт Бямбацэрэнгийн Батболд.
Шүүгдэгч Б.Батболд нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны шөнө 00 цагийн үед Тоёота эстима маркийн 77-92 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг сумын төвөөс 16 км зайд төв замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Анхцэцэг, Г.Хүсэлбаяр, Х.Амаржаргал, Б.Батцэцэг нарын биед хөнгөн, зорчигч А.Базарсадын биед хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Б.Гончигсүмийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Б.Батболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч А.Базарсадын биед хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Б.Гончигсүмийн амь насыг хохироосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/309 дүгээр шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Боржигон овогт Бямбацэрэнгийн Батболдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас дөрвөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбацэрэнгийн Батболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдод оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэтуяа нь оршуулгын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.Батболдоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэтуяад 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, С.Анхцэцэг, Г.Хүсэлбаяр, Х.Амаржаргал, Б.Батцэцэг, А.Базарсад нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ХД86092119 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Батболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Батболд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэхгүйгээр хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдын амь нас, эрүүл мэндэд гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн, ойлгосон. Би өдгөө осол гэмтлийн улмаас бөөрний үйл ажиллагаа алдагдаж, бие засч чадахгүй, шээс хаагддаг болсон. Шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу прокурор, шүүхийн хяналтанд байхад яаралтай 13А маягт өгсөн байсан боловч хурлаа өнгөрөөж үзүүлье гэж шүүхэд байнга бүртгүүлж байсаар үзүүлж чадаагүй. Гэтэл одоо хоригдсоноос хойш шээс гарах нь багасч, бүх биеэр шээсний үнэртэй болоод байна. Үнэхээр гэмт хэрэг болсон нөхцөл байдал маань болгоомжгүй үйлдлийн гэнэтийн зүйл байсан. Би өмнө нь ямар ч гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй. Архи, дарс хэрэглэдэггүй. Гэр бүлээ тэжээж амьдардаг. Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарт эмчилгээнд нь зориулан тодорхой хэмжээний мөнгө өгсөн ба болгоомжгүй үйлдсэн хэрэг юм чинь адилхан л чи хохирсон гомдол байхгүй, мөнгө нэхэмжлэхгүй гэсэн энэрэнгүй сэтгэлээр өөрсдөө надад хандаж байсан.
Талийгаач Гончигсүмийн хууль ёсны төлөөлөгч анх оршуулгын зардал авахгүй, ангиас нь бүгдийг нь даана гэж ойлгуулсан. Тэгээд би анх удаа уулзахад боломжоороо дэмжиж тусална гэж хэлсэн. Надад өгөхгүй гэсэн сэтгэл байхгүй. Би маш их харамсаж байгаа. Цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг дэмжиж байна. Бид оршуулгын үед болон дараа нь зан үйлийн ажил хийх болгонд мөнгө өгч сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Одоо миний эрүүл мэндийн хүнд шалтгааныг харгалзан үзэж 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж хүсэж гомдол гаргаж байна. Маш их уучлал хүсч байна. Миний бие ч их шаналж байгааг минь ойлгож хүлээж авна уу.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Батболд гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа. Мөн биеийн эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж ялыг минь тэнсэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбар, саналдаа: “...Батболдын хувьд гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал дээр огт маргаагүй. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. ...Батболдын хувьд осол болох үед бөөрөндөө гэмтэл авсан. Энэ гэмтэл нь бусад эрхтэндээ нөлөөлж, шээсний сүвний нарийсал болсон. Үүний улмаас шээс гарах нь багасаж, биеэр нь тараад байгаа. Хүсэж байгаа зүйл нь “...хагалгаанд орохгүй бол бөөрний дутагдалд орж, насаараа тахир дутуу, өвчтэй болно. Гайгүй байгаа дээр нь эмчлүүлж биеэ бодмоор байна. Цаашид Эрдэнэтуяа гэж хүнд чадлаараа тусална. Надад хохирол төлбөр төлөхөд санаа зовох зүйл байхгүй...” гэж байгаа. Ам бүлийн хувьд эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь 3 сартай жирэмсэн. ...Гэнэтийн тохиолдлын улмаас осол гаргаж, үүндээ сэтгэл санаа нь тавгүйтэж, маш их гэмшиж байгаа. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 1 жилийн хорих ялыг нь биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирогч А.Базарсад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэтуяа нараас гаргасан хүсэлтүүд, бусад баримт, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхэд прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Батболдын гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Б.Батболд нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны шөнө 00 цагийн үед Тоёота эстима маркийн 77-92 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг сумын төвөөс 16 км зайд төв замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Анхцэцэг, Г.Хүсэлбаяр, Х.Амаржаргал, Б.Батцэцэг нарын биед хөнгөн, зорчигч А.Базарсадын биед хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Б.Гончигсүмийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Батболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэтуяа, гэрч А.Базарсад, Г.Хүсэлбаяр, Б.Батцэцэг, Г.Иш нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын схем зураглал, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 527 тоот, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 87 тоот дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдсон ба энэ тухай дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Батболдын Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүх түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хоригдлыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбогдсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрвээ ял эдлэхэд саад болох өвчнөөр өвчилсөн бол ялаас чөлөөлөх зэргээр хоригдлын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан тул шүүгдэгч Б.Батболдод хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг түүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Батболдын “...биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү..” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/309 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батболдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Ж.ДОЛГОРМАА