Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 127

 

Г.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/02372 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Тт холбогдох

 

Автомашины сэлбэгийн үнэ, засварын хөлсөнд 2 530 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкнаас ЗГ-98/05/304 тоот зээлийн гэрээгээр 17 000 000 төгрөгийн зээл авч АТН 100001257 арлын дугаар бүхий Тоёота алфард маркийн автомашиныг худалдан авсан. Уг автомашиныг М.Т нь ямар ч асуудалгүй гэсэн тул худалдаж авсан. Гэтэл авсан цагаас эвдрэл гарч, 2 удаа кроп худалдан авсан боловч цахилгааны гэмтлээс болж дахин эвдэрсэн. М.Тээс 300 000 төгрөг авсан бөгөөд машинд эвдрэл гарах бүрт хамт явж үзүүлж оношлуулж, засуулъя гэхэд чи өөрөө явж үзүүлээд мөнгө хэд болохыг надад хэлчих гэдэг байсан. Мөн 4 ширхэг амортизатор, рулийн аппаратын тульк, хол ойрын их гэрлүүд, хойд пүрш 2 ширхэг, наклад 4 ширхэг ком, катушка 4 ширхэг, свеча 4 ширхэг, форсунк 4 ширхэг, агаар шүүгч 2 ширхэг зэргийг сольсон бөгөөд бүгдэд нь ажлын хөлс төлсөн. Дээрх сэлбэг ажлын хөлстэйгөө 2 310 000 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнг нэхэмжлэх хүсэлгүй байна. Харин одоогийн үүссэн гэмтэл болох цахилгааны болон бусад гэмтэл засварлахад кропны плать 1 ширхэг 200 000 төгрөг, кроп 1 ширхэг 200 000 төгрөг, тэвшний хойд тульк 2 ширхэг 100 000 төгрөг, жолоочийн талын цаф 1 ширхэг 150 000 төгрөг, жолооч талын 5 бул 1 ширхэг 130 000 төгрөг, кондейшний мотор 1 ширхэг 750 000 төгрөг нийт солих сэлбэгийн үнэ 2 530 000 төгрөг болсон. Иймд М.Тээс автомашины сэлбэгийн үнэ, засварын хөлсөд нийт 2 530 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч М.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тоёота альфард маркийн автомашиныг Япон дахь дуудлага худалдааны Автоком /Autocom/ компаниас 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр онлайн дуудлага худалдаагаар худалдан авч, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Замын-Үүд гааль дээр гаалийн төлбөрийг төлж хүлээн авсан. Г.Г нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр надтай автомашин худалдан авахаар Замын-Үүдийн гааль дээр уулзаж уг автомашиныг хүлээн авсан. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод ирж үлдэгдэл төлбөрөө шилжүүлснээр тооцоо дуусч Г.Гийн нэр дээр шилжүүлсэн. Г.Г нь анх машиныг хүлээн авахдаа үзэж шалгаж авсан бөгөөд шаардлагатай оношилгоо, үзлэгт хамруулсан. Үүний дараа машинд засвар хийх тухай холбогдоход би засварт шаардлагатай гэх 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч автомашиныг Г.Гэд албан ёсоор шилжүүлэн өгснөөс хойш сар гаруйн дараа автомашинд эвдрэл гарсан тухай холбогдсон. Миний хувьд улсын дугаар аваагүй, Монголд яваагүй автомашиныг Япон улсаас гарсан мэдээллээр тулган баталгаажуулж зарсан бөгөөд худалдан авагч уг автомашиныг өөрийн эзэмшил хэрэгцээнд бүтэн сар гаруй ашиглаж унасны дараа надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Тээс 2 530 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гэд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 500 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Тээс 55 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гэд олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мядагмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэрт заасан үндэслэх хэсэг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн бодитой үнэлээгүй. Хамтран ажиллах гэрээний 4.1.3-д худалдагч нь бараанд өгсөн баталгаат хугацаа /6 сар/-д засвар үйлчилгээтэй холбоотой аливаа маргааныг зээлдэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэхээр зохицуулсан нь худалдан авагчид гомдлын шаардлага гаргах эрхийг зааж хугацаа тогтоосон гэж үзэхээр байна. Гэтэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна. Гэтэл нэхэмжлэгч нь анх эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хамтран ажиллах гэрээний 4.1.7-д заасан "барааны засвар үйлчилгээ эвдрэл гэмтлийн талаар банкинд тухай бүр албан ёсоор мэдэгдэх..." талаар заажээ. Гэтэл Г.Г нь мэдэгдэлгүйгээр дур мэдэн засвар үйлчилгээ хийлгэсэн байдаг. Мөн техникийг ашиглалтаас эсхүл элэгдэл хорогдлоос болсон эсэхийг шалгаж тогтоогоогүй. Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан худалдагч 4.1.3-т зассан үүргийг биелүүлэхэд зээлдэгчийн буруутай үйлдлээс үүссэн аливаа гэмтэл доголдлыг хариуцахгүй, 6.1.1-т "зээлдэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас бусад эвдрэл гэмтлийг бүрэн хариуцна" гэснийг судлалгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт “...худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны ... гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэсэн. Нэхэмжлэгч автомашиныг эзэмшил ашиглалтдаа аваад 2 сар гаруй болсон нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл болон автотээврийн хэрэгслийн техникийн үзлэгийн хуудас, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, гаалийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судалсны үндсэн дээр үнэлнэ гэснийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч М.Тээс эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардалд 2 530 000  төгрөг төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Г.Г нь М.Тээс 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, Япон Улсад 2006 онд үйлдвэрлэгдсэн Тоёото Альфард маркийн автомашиныг 17 000 000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт талуудын тайлбар, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, нэхэмжлэх зэрэг баримтаар нотлогдсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв байна. /хх-6-8, 11 дэх тал/

Дээрх үйл баримтад зохигчдын хэн аль нь маргаангүй, харин худалдсан автомашин доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Хэргийн баримтаас үзвэл, М.Т нь “Автоком карс” ХХК-иар дамжуулан Япон Улс дахь дуудлага худалдаанаас “3,5 С” үнэлгээтэй, Тоёото Альфард маркийн, хуучин автомашиныг худалдан авч, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын хил, гаалиар оруулж ирсэн байна. /хх-30-31, 37, 94 дэх тал/ Улмаар талууд, аман хэлбэрээр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу мөн оны 7 дугаар сарын 01-ний өдөр Замын-Үүд дэх гааль дээр автомашиныг хүлээлцэн үнийг төлж, техникийн оношилгоо хийлгэсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас зэрэг баримтаар тогтоогджээ. /хх-182 дахь тал/

Дээрхээс дүгнэвэл, маргааны зүйл болох машин нь анхнаасаа худалдаж авахад доголдолтой байсан, худалдагч М.Тийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан худалдаж байгаа эд хөрөнгийн чанар байдлын талаар үнэн зөв бүрэн, мэдээллийг худалдан авагч Г.Гэд мэдэгдэх үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Харин хэргийн 101 дэх талд авагдсан “Хамтран ажиллах гэрээ”-нээс үзвэл хариуцагч М.Т нь “Төрийн банк” ХХК-тай Иргэний хуулийн 203 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдэд ашигтай гэрээг байгуулсан байна. Тодруулбал, М.Т нь “Төрийн банк” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдэгчийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр худалдагчаас бараа худалдах авах харилцаанд банк, худалдагчийн хооронд үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлохдоо гэрээний 4.1.3-т “худалдагч нь бараанд өгсөн баталгаат хугацаа /6 сар/-нд засвар үйлчилгээтэй холбоотой гарсан аливаа маргааныг зээлдэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэх”-ээр, гэрээний хавсралтаар “худалдагч нь дээрх баталгаа нь зөвхөн автомашины мотор, кропны үндсэн эд ангид хамаарах”-аар тус тус заажээ. Мөн гэрээний 7 дугаар зүйлээр гуравдагч этгээдийн бие даан шаардах эрхийн үндэслэлийг тухайлбал, 7.1.3-т “зээлдэгч нь барааны доголдлыг арилгахад гарсан зардлаа авахаар шаардах эрхтэй” гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Г.Г нь “Төрийн банк” ХХК-иас 17 000 000 төгрөг зээлж хариуцагч Тоёото Альфард маркийн машиныг худалдан авсан ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг машинаа барьцаалан, эзэмших эрхийг “Төрийн банк” ХХК-д шилжүүлсэн байна. Иймд Төрийн банк ХХК болон хариуцагч М.Т нарын хооронд байгуулсан дээрх гэрээний хувьд нэхэмжлэгч нь зээлдэгч гэж тооцогдохоор байна. /хх-5-11, 101-107 дахь тал/

Нэхэмжлэгч тал машиныг хүлээж авснаас хойш доголдол илэрсэн талаар хариуцагч М.Тт мэдэгдэж байсан болох нь нэхэмжлэгч Г.Гийн скайтел үүрэн телефоны дугаараас хариуцагч руу 2018 оны 7 дугаар сарын 02-ноос 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд залгаж байсан тухай Скайтел компанийн үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт /хх-44-51 дэх тал/, хариуцагч талын шүүхэд гаргасан “... автомашиныг шилжүүлэн өгснөөс хойш сар гаруйн дараа эвдрэл гарсан тухай надтай дахин холбогдсон ...” гэх тайлбар /хх-29, 133 дахь тал/ зэргээр нотлогдож байна.

Хариуцагч тал, автомашиныг шилжүүлэн өгсөн учир тохиолдлоор устаж гэмтсэн эрсдлийг хариуцахгүй гэж маргах боловч энэ нь түүний гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй болно. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний 4.1.3-т заасан баталгаат хугацааны дотор илэрсэн эд хөрөнгийн доголдлыг өөр шалтгаанаар буюу нэхэмжлэгчийн буруугаас үүссэн гэдгийг хариуцагч нотолж чадаагүй. Иймээс нэхэмжлэгч нь гэрээний 7.1.3, Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны машины доголдлыг арилгахад гарсан зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний хавсралтаар автомашины зөвхөн мотор, кропны үндсэн эд ангид баталгааны хугацаа хамаарахаар тохиролцсон учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас кропны догодлолд арилгахад гарсан зардлыг нөхөн төлнө.

Нэхэмжлэгч Г.Г хариуцагчаас засварын зардалд 300 000  төгрөг авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч тал доголдлын талаар маргаснаас зардлын хэмжээнд маргаагүй учир давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан зарлагын баримтыг үнэлэн /хх-5 дахь тал/, кропны үнэд шаардсан 1 200 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 300 000 төгрөгийг хасч 900 000 төгрөгийг хариуцагч М.Тээс гаргуулах нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт нийцэж байна.

Хариуцагч тал, худалдсан автомашины эвдрэл ашиглалтаас эсхүл элэгдэл хорогдлоос болсон эсэхийг шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч тал шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т  заасан эрхийн дагуу шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас хуучин автомашин худалдан авсан байх бөгөөд кропны плат, тэвшний хойд тульк, цаф, таван бул, кондейшны мотор зэрэг эд ангиуд доголдолтой байсан гэдгийг эргэлзээгүй нотолж чадаагүй болно. Өмнө ашиглагдсан байсан автомашины хувьд эдгээр эд ангиудад үүссэн доголдлыг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй тул эдгээртэй холбоотой гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/02372 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2 530 000 төгрөг” гэснийг “900 000 төгрөг”  гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч М.Тээс 55 500” гэснийг “хариуцагч М.Тээс 26 150” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД