| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/03236/И |
| Дугаар | 183/ШШ2022/00013 |
| Огноо | 2021-12-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2022/00013
2021 оны 12 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2022/00013 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух Ө Нэн С /РД:........./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ........... тоотод оршин суух Б овогт Б-ийн Б /РД:...............-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С , хариуцагч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.С нь 2015 онд Б.Б-тай танилцаж, 2016 оноос хамтран амьдарч бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Ж төрсөн. Бид таарч тохирохоо болиод 2019 оноос хойш тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч өсөжторнисон. Одоо бид тус тусын амьдралтай болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул хүү Б.Ж эцэг Б.Бгаас нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн Б.Б нь хүүхэддээ анхаарал халамж тавихаа больсон. 7 хоногт 1-2 удаа хүүхэдтэйгээ уулзаж байгаасай гэж хүсэж байна гэв.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2008 онд анх танилцаж байсан. 2015 оноос хойш хосын харилцаатай байж байгаад бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Ж төрсөн. Нэхэмжлэгч нь н.Санчиргэдэг залуутай харилцаа тогтоосон. Тэр нь эхнэр, хүүхэдтэй хүн байсан. Хоёр хүүхэд өнчрүүлэх гэж байна гэж аль алинаас нь асуухад чи л байхгүй бол бид хоёр болно гэж байсан. Тэр үед хариуцлагаа өөрсдөө үүрнэ гэж байсан. Тийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Хэрэв үүрч чадахгүй бол би хариуцлагаа үүрээд хүүхдээ өөр дээрээ авна. Хамт амьдрахдаа би байнга хөөгдөөд явдаг байсан. Харин хүүхдээ харуулах гэж дууддаг байсан. Би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг байсан. Тухайн үед гэр бүлийн харилцааг дууссан байсан гэж бодохгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 05-наас хойш албан ёсоор тусдаа байх болсон гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчид 2015 онд танилцан улмаар хамтран амьдрах болсон байх ба тэдний дундаас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Ж төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Гэвч нэхэмжлэгч Н.С нь бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас талуудын хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүсэж, улмаар 2021 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч хүү Б.Ж-ыг эх Н.С асран хүмүүжүүлж ирсэн бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй, тус тусын амьдралтай болсон гэсэн үндэслэлээр эцэг Б.Бгаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаардсан бол хариуцагч Б.Б нь Н.С надаас салж, өөр хүнтэй амьдрах үедээ бүх үүрэг хариуцлагаа хүлээнэ гэж байсан атлаа одоо хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв хүүхдээ асран халамжилж чадахгүй байгаа бол би хүүхдээ өөрийн асрамжид авна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.
Зохигчид тусдаа амьдрах үед нэхэмжлэгч Н.С нь бүх үүрэг хариуцлагыг хүлээнэ гэж хэлж байсан нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч Б.Б нь хүүхдийн асрамжийн талаар маргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, мөн бага насны хүүхдийн өсөж, дассан орчинг өөрчлөх нь хүүхдийн хүүхдийн оюун ухаан, сэтгэхүй, хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй байх тул хүү Б.Ж-ыг эх Н.С-ын асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Б.Ж-д Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, хариуцагч Б.Б-гаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 37.798 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.С-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 000 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөнхүү Б.Жа-г эх Н.С-ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Ж-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б. нь тэжээн тэтгэсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжинд 37.798 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.С-т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР