Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 131/ШШ2022/00227

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай,******* ургийн овогт *******ын *******,

Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Нисэх буудал /төлөөлөгч *******/,

Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.*******аас хариуцагч Говь-Алтай аймаг дахь Нисэх ******* холбогдуулан “Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1. Миний бие 2005 онд Говь-Алтай аймаг дахь Нисэх ******* галчаар ажилд орсон юм. Тус хугацаанаас хойш тасралтгүй энэ байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдөр амраад 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ордог байсан.

1.2. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөөд шүүхийн шийдвэрээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Ажилд орсон өдрөөс хойш манай байгууллагын дарга намайг янз бүрээр дарамтлан ажиллахад их хэцүү байсан тул 03 сарын цалингүй чөлөө авсан. Би  2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр амраад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  ажилдаа орох гэхэд ажлаас чөлөөлсөн гээд ажилд авахгүй байгаа бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаал өгөхгүй байгаа.

1.3. Өмнөх дарга нар хөдөлмөрийн гэрээ байгуулаад 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилоод 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд амралт олгодог байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боловч хугацаа заадаггүй байсан. 2016 онд шинэ дарга ирснээр надтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болсноор миний эрх зүйн байдал дордсон. Үүнээс болоод намайг хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн нь буруу. Би өөрийгөө байнгын ажлын байран дээр ажиллаж байсан ойлгож  байгаа.

1.4. Иймд намайг Говь-Алтай аймаг дахь Нисэх ******* галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” хэмээн тайлбарласан байна.

1.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үйл явдал нь 2020 оны 05 дугаар сард ажлаас чөлөөлсөн тушаал 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх байх гэж ойлгож байна. Хөөн хэлэлцэх хугацаа дээр С.******* нь ажлаас чөлөөлөгдсөн болохоо мэдээгүй байсан. 10 дугаар сард ажилдаа орох гээд очиход ажлаас нь чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг авах талаар хэлтэл өгөхгүй гэсэн тул нэхэмжлэгч С.******* шүүхэд хандсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг ажлаас халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй. Гэтэл ажил олгогч нь өөрөө тухайн ажилтанд ажлаас халагдсан тушаалыг өгөх үүрэгтэй байдаг. Өөр хүнээр дамжуулж өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. С.******* өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүлээж аваагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Иргэний нисэхийн ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б\16 дугаартай тушаалыг С.******* гардаж аваагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.17 дугаар заалтад тус тус үндэслэн тушаах нь гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэсэн байсан. С.*******ын хөдөлмөрийн гэрээний хугацаа хэзээ дууссан болох нь тодорхойгүй  байхад түүний хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээг хоёр харилцан тохиролцож байгуулах талаар хуульд заасан байдаг. Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгчийн зүгээс талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг тохиролцсон гэх байдлаар тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна. С.******* хэлэхдээ “хугацаагүй гэрээ дээр гарын үсэг зурсан бөгөөд хуудас болгоны доод талд нь гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Харин гэрээ дотор хугацаа зааж хар балаар бичсэн болохыг бичээгүй” гэж тайлбарладаг бөгөөд энэ тал дээр хариуцагч байгууллагын төлөөлөгч маргахгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаад цаашид сунгагдахгүй болсон шалтгаан нөхцөл нь юу байсан юм бэ? гэхэд үүнийг нотлох баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй байна. Хавтаст хэргийн материалд авагдсан цалингийн цэсээс харахад 05 дугаар сарын 01-ний өдөр С.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан атлаа 05 дугаар сард С.*******ыг бүтэн ажилласнаар цалин олгосон байсан. Үүнээс харахад үнэхээр 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн юм бол яах гэж 05 дугаар сард энэ хүнд бүтэн цалин олгосон юм бэ? энэ нь эргэлзээ төрүүлж байна. Мөн гэрээт ажилтан учир бид бүхэн С.*******ад ажилласан хугацаанд нь амралтын мөнгийг нь бодож олгосон гэж гэрч нар тайлбарлаж байгаа боловч энэ нь гэрч *******ийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Гэрч ******* нь нэхэмжлэгчтэй адилхан гэрээт ажилтан байсан тул адилхан ээлжийн амралтын мөнгө бодогдох л байсан. С.*******ын ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг ******* гэх хүн гардуулж өгөх гэсэн боловч энэ хүн аваагүй гэх байдлаар тайлбарлаж байна. Хаана хэн хэн гэдэг хүмүүсийн дэргэд тушаалыг гардуулж өгөх гэж үзсэн эсэх нь мөн адил тодорхойгүй байна. Иймд гэрч нарын мэдүүлэг мөн адил эргэлзээ төрүүлж байна. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хамт олны хурал дээр С.*******ыг байсан гэх байдлаар нотлох баримт гаргаж өгсөн. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан байсан боловч үүнийг нотлох хурлын тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Энэ өдөр хамт олны хурал хийгээгүй болох нь ирцийн бүртгэл дээрээс харагдаж байна. Ирцийн бүртгэлийн тэмдэглэлийг 2021 онд нотариатаар баталгаажуулж зөвхөн 04 дүгээр сарын 27-ны өдөр хуралд суусан байдлаар харагддаг бөгөөд байгууллын зүгээс ямар нэг байдлаар давуу байдлыг бий болгож хэрэгт бэхжүүлж өгсөн байгаа нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг ажлаас халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахгүй байх үүрэгтэй болохыг хуулиар зохицуулж өгсөн байна. Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгчийн зүгээс С.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан атал гэрээтээр түр хугацаагаар ажиллуулж байгаа гэж тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ийм С.*******ын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбараа дараах үндэслэлээр гаргаж байна.

2.1. Манай байгууллагын ажлын байр улирлын чанартай ажлын байр бөгөөд тус нисэх буудлын халаалтын зуухны үйл ажиллагаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс зогссон. С.*******тай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б/16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар 37.1.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, галч *******, С.******* нарыг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, тушаалыг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус тус танилцуулсан.

2.2. Харин галч С.******* тушаалтай танилцахгүй, хувийг хүлээж авахаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

2.3. Манай байгууллага Төрийн аудитын байгууллагын дүгнэлтэд үндэслэн хууль хэрэгжүүлэн ажилладаг. С.******* нь орон тооны ажилтан биш, гэрээт ажилтнаар ажиллаж байсан бөгөөд Иргэний нисэхийн Ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын даргын албан бичгээр Говь-Алтай аймаг дахь Нисэх ******* 2 гэрээт ажилтан байна гэж заасан байдаг. Энэхүү 2 гэрээт ажилтны нэг нь нэхэмжлэгч С.******* байгаа юм.

2.4. Нэхэмжлэгч С.******* нь ажлаас чөлөөлсөн гэдгээ мэдээгүй байсан гэж тайлбарлаж байна. Үүнийг мэдэхгүй байх боломжгүй. Ажилд томилсон тушаал дээр 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллана гээд хугацааг зааж өгсөн байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байгууллагын шуурхай дээр миний бие “2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр уурын зуухны үйл ажиллагаа зогсох болно. Иймд тухайн гэрээт 2 галч ажлаа хүлээлгэж өгөх” талаар хэлж, “тухайн ажилтнуудаар тойрох хуудсанд гарын үсэг зуруулаад ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нь гаргаад биечлэн гардуулж өгөх талаар бичиг хэргийн ажилтан *******д хариуцуулан даалгасан. Түүнийг 2 удаагийн тэмдэглэл дээр тусгасан байгаа” гэж тайлбарласан.

2.5. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын агуулга болох Говь-Алтай аймгийн нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан гэж нэхэмжлэгч хэлсэн боловч хэлэлцүүлгийн явцад 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байна. Ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\16 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, дотоод журмын 3.4.17 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр, мөн дотоод журмын 3.4.17 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бол ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зохицуулалт нь дотоод журамд хэрэгжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа ярьж байна. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд ярих ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацааг ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг гарсныг мэдээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нар гасан тайлбараа нотлох үүрэг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарыг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцээн явагдах ёстой байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\16 тоот тушаалыг нэхэмжлэгч мэдсэн болохыг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ажилчдын хурлын тэмдэглэл, ирцийн бүртгэл, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ажлаас халагдсаныг мэдсэн болохыг нотлогдож байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг ажлаас нь буруу шилжүүлсэн буюу халагдсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл шүүхэд гаргах эрх нь нээлттэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд үүнийг нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар нэг байдлаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж” байна гэв.

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 140/ШЗ20221/00770 дугаар шүүгчийн захирамж, иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн болон 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт, Говь-алтай аймаг дахь Нисэх буудлын даргын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/13 дугаар “С.*******ыг үргэлжлүүлэн ажиллуулах” тухай тушаал, Говь-Аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2019/00025 дугаар шийдвэрийн,   Говь-Аймаг аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар магадлалын, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2019/00912 дугаар тогтоолын хуулбар,  нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар,

Хариуцагч талаас  Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын даргын 2019 оны 10 дугаар 01-ний Б/20 дугаар “С.*******ыг галчаар эгүүлэн ажиллуулах” тухай, мөн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/13 дугаар “С.*******ыг үргэлжлүүлэн ажиллуулах” тухай,  2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/15 дугаар “ *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай тушаалын хуулбарууд,  Уурын зуухны ээлж хүлээлцэх хуудасны хуулбар 2 хуудас, Уурын зуухны түр гэрээтэй галч нарын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, ажлаас чөлөөлөгдсөн тушаал танилцуулсан баримтын хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар ажилчдын хурлын тэмдэглэлийн хуулбар, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын хуулбар,  С.*******тай байгуулсан 32 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын даргын 2020 оны 9 дүгээр сарын  28-ны өдрийн 148 дугаар албан бичгийн хуулбар, А/24 дүгээр “Комисс томилох” тухай тушаалын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар  “Алтай нисэх буудлын халаалтын зуухны галчийн ажилд байранд түр гэрээгээр ажиллах ажилтныг сонгон шалгаруулах” хурлын тэмдэглэлийн хуулбар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт ажлын байрны захиалга ирүүлсэн талаарх баримт, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 32/78 дугаар албан бичгийн хуулбар, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар албан бичгийн хуулбар, Цалингийн тодорхойлолтын хуулбар,  ИНЕГ-ын Говь-Алтай аймгийн нисэх буудлын албан ажилтнуудын 2020 оны орон тооны цалингийн сангийн төлөвлөгөөний хуулбар, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын төлөвлөгөө, удирдамжийн дагуу нийсэн нийцлийн аудитын тайлангийн хуулбар,  Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын  2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаар албан бичгийн хуулбар, саналын хариуны хуулбар, Алтай нисэх буудлын  2020 оны 3,4 дүгээр сарын ажилтнуудын хурлын ирц, бүртгэлийн хуулбар, Алтай нисэх буудлын ажлын уурын зуухны галчийн албан  тушаалын тодорхойлолтын хуулбар, 38 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбар, *******, ******* нарын лавлагаа болон иргэний үнэмлэхийн хуулбар, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04/25 дугаар албан бичгийн хуулбар, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/20 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар, Нисэх буудлуудын удирдах газрын харьяа Алтай нисэх буудлын уурын зуухны галч, аэродромын туслах ажилтны албан тушаалын тодорхойлолтын хуулбар,  32, 07 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбар,  2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр тушаал, 04 дүгээр хөдөлмөрийн гэрээ, ийн өргөдлийн хуулбар, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний  хуулбар,  хөрөнгө эзэмшигчийн картын хуулбар,  Туршилтын болон түр хугацаагаар байгуулах хөдөлмөрийн гэрээний хуулбар,  22 дугаар хөдөлмөрийн гэрээ, С.*******ын өргөдлийн хуулбар, ажлын тэмдэглэлийн хуулбар, 000006200 дугаар Салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар, ИНЕГазрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/156 дугаар тушаалын хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар гэсэн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

4. Шүүхээс хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ын хүсэлтээр *******, *******, нарыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.*******аас хариуцагч Говь-Алтай аймаг дахь Нисэх ******* холбогдуулан тус газарт галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, тухайн ажлын байр одоог хүртэл байсаар байхад намайг авч ажиллуулахгүй байгаа нь хууль бус, өөр хүн авч ажиллуулсанд гомдолтой, би үргэлжлүүлэн ажиллах эрхтэй...” гэж тайлбарласан.

Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...С.*******ын ажиллаж байсан галчийн ажлын байр нь байнгын ажлын байр биш, 2019 онд түүнийг авч ажиллуулахдаа хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хугацаа нь дууссан учраас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан болохыг мэдсэн атлаа тухайн үедээ маргаагүй, маргах хугацаагаа алдсан...” гэсэн тайлбарыг гаргажээ.

Зохигчдын тайлбаруудаас үзвэл, талуудын хооронд хугацаатай гэрээ байгуулсан, хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтад маргаангүй, харин нэхэмжлэгчийн ажиллаж байсан галчийн ажлын байр нь байнгын ажлын байранд тооцогдох эсэхээс шалтгаалж, эрх зүйн ямар харилцаа үүссэн, С.******* галчаар үргэлжлүүлэн ажиллах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.*******ын маргаж буй галчийн ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн[1] 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр биш болох нь тогтоогдох ба талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Орон нутгийн нисэх буудлын орон тоог шинэчлэн батлах тухай” А/20 дугаартай тушаалаар Говь-Алтай аймгийн Алтай нисэх буудлын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх бөгөөд тус байгууллагад 25 ажилтан байхаар, үүнээс уурын зууханд 2 галч ажиллуулахаар орон тоог нь баталжээ.

Тус тушаалаар батлагдсан галчийн 2 орон тоонд , нар хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, нэхэмжлэгчээс үүнтэй маргаагүй, харин Иргэний нисэхийн ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04/25 дугаартай албан бичиг, дээрх бүтэц орон тоог баталсан тушаалаар нэхэмжлэгч С.*******ыг ажиллуулж буй галчийн орон тоо нь байгууллагын бүтцэд байхгүй, шаардлагатай тохиолдолд “....жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулахаар 2 галчийг хугацаатай гэрээ байгуулж нэмэлтээр ажиллуулдаг...” байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн  “С.******* нь гэрээтээр буюу түр хугацаанд бий болгодог галчийн ажлыг хийж гүйцэтгэдэг, тухайн байгууллагын үндсэн ажилтан биш” гэсэн тайлбар дээрх баримтуудаар нотлогдсон, нэхэмжлэгч талаас үүнийг үгүйсгэх баримтыг гаргаж мэтгэлцээгүй.

Ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүрэг нь байнгын ажлын байранд хамаардаг.

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, үүрэг дээрх шинжийг агуулж байх боловч түүний ажиллаж буй галчийн орон тоо нь байгууллагын бүтцэд багтаагүй, хариуцагч байгууллагаас шаардлагатай тохиолдолд нэмэлтээр бий болгож, ажилтан авч ажиллуулах эсэхээ шийдвэрлэдэг байх тул байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй  ажилтны ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байр гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчээс байнгын ажлын байранд тооцуулахаар галчаар 17 дахь жилдээ ажиллаж байгаа, улирлын чанартай байнгын ажлын байр, жил бүр хөдөлмөрийн гэрээ байгуулж ирсэн гэж тайлбарласан, түүнчлэн талууд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг дурдсан, гэрээг “хөдөлмөрийн гэрээ” гэж нэрлэсэн байх боловч энэ нь байгууллагын бүтцийн нэгжид байхгүй ажлын байранд С.*******ыг ажиллаж байсан үйл баримтыг үгүйсгэхгүй, талуудын хооронд үүсэх эрх зүйн харилцааг өөрчлөхгүй, иймд нэхэмжлэгч нь жилийн 7 сард нь буюу 10 дугаар сараас 5 дугаар сар хүртэл хугацаанд уурын зууханд галлагаа хийх, хариуцагч нь хөлсийг байгууллагын хөдөлмөрийн хөлсний түвшнээр  нөхцөлтэйгөөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй харилцаа бий болсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ” гэж тодорхойлсон бол хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан.

Хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээний талууд, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх зэрэг шинжээр хөдөлмөрийн гэрээтэй адил боловч ажлын байр, гэрээний үргэлжлэх хугацаа, хөлс, гэрээнээс татгалзах, цуцлах асуудлыг Иргэний хуульд заасан журмаар зохицуулдаг, үүгээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь түүнийг хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Ийнхүү шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүйн дээр энэхүү харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар хянан шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар С.*******ыг “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл” хугацаанд уурын зуухны галчаар ажилд томилж, мөн хугацаагаар хөдөлмөрийн гэрээг түүнтэй байгуулсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасныг баримтлан ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

Хэдийгээр хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байх боловч дээрх байдлаар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж зааснаар гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсноор хариуцагч гэрээг цуцалсан нь үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй энэ тохиолдолд түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэхгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй төдийгүй аливаа гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, харилцан тохирч байгуулдаг тул гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах боломжгүй.

Мөн хариуцагч байгууллагаас тухайн ажлын байранд өөр хүн авч ажиллуулсан, одоог хүртэл энэ ажлын байр байгаа эсэх нь нэхэмжлэгч С.*******ыг үргэлжлүүлэн ажиллуулах буюу хөлсөөр ажиллах гэрээг сунгах үндэслэл болохгүй, хариуцагч байгууллагын эрх хэмжээний асуудалд хамаарна. Зөвхөн байнгын ажлын байранд ажиллаж байгаа ажилтан хөдөлмөрийн гэрээг байгуулах, Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдах ажилтны эрхийг эдлэх юм.

Түүнчлэн зохигчдын хооронд өмнө нь хөдөлмөрийн харилцаатай байсныг үгүйсгэхгүй, энэ шийдвэрээр талуудын хооронд 2019 онд байгуулагдсан гэрээ, тухайн байгууллагын бүтэц, орон тооны асуудалд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч С.******* нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн нэхэмжлэлд хамааруулан нэхэмжлэлээ гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын хариуцагч Говь-Алтай аймаг дахь Нисэх ******* холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.ГАНГЭРЭЛ