Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02789

 


2021 оны 12 сарын 01 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02789                                  Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, XXX хаягт байрлах, Т Д  ХХК /рд:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 1 дүгээр гудамж, XX тоотод оршин суух, Ш овогт Д-ийн Ж /рд:ГО********/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 212 250 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус байгууллага нь гадаад харилцаа, бараа бүтээгдэхүүн борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч Д.Ж***** 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 209 250 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалан авсан байдаг. Уг бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог тухайн үед “... одоо дансаар шилжүүлнэ” гээд хүлээж авсан боловч өнөөдрийг хүртэл байгууллагад нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй. Байгууллагын санхүүгийн нэгжээс удаа дараа холбогдож төлбөр тооцоог барагдуулахыг шаардахад “...удахгүй өгнө” гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн тул бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо 209 250 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 3 000 төгрөг, нийт 212 250 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Ж***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018 оноос 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл дэлгүүр түрээслэн ажиллуулж байсан. Нөхрийн хамт Т Д  ХХК-иас бараа худалдан авалт хийж хамтран ажилладаг байсан. Нийт харилцдаг байгууллагуудаас авсан бараа бүтээгдэхүүний тооцоог бэлнээр болон дансаар хийж барагдуулдаг. Гэтэл тус байгууллагаас 4 сарын дараа маргаантай падааны төлбөрийг нэхсэн байна. Бид төлбөрийг 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өмнөх өдрийн бэлэн орлогоос бараа түгээгчид бэлэн мөнгөөр буюу 209 256 төгрөг төлсөн юм. 2021 оны 8 дугаар сард 133 950 төгрөгийн тооцоог төлөөд тооцоо дууссан гэж бодтол өмнө төлсөн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тооцоог дахин нэхжээ. Бид дээрх төлбөрийг төлсөн бөгөөд тооцоо дээрх гарын үсгийг дурайлган зурсан байна. Төлбөрийг дансаар шилжүүлэх үед тус газар нь төлбөрийн баримт дээр тамга дарж, бараа түгээгч нь гарын үсэг зурдаг. Гэтэл манайд үлдсэн төлбөрийн баримт дээр тамга дарагдаагүй байх тул манайх орлогоосоо бэлнээр өгсөн гэх тэмдэглэгээ хийсэн болно. Иймд дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т Д  ХХК нь хариуцагч Д.Ж*****д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 212 250 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Д.Ж***** 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 209 250 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалж, төлбөр тооцоог дансаар шилжүүлнэ гээд барааг хүлээж авсан боловч төлбөр хийгээгүй тул гаргуулна. Хариуцагчийн маргаж буй дардсыг манай байгууллага 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс ашиглаж эхэлсэн” гэж тайлбарласан.  

 

Хариуцагч тухайн өдөр дээрх үнийн дүнтэй барааг худалдаж авсан эсэхэд маргаагүй, харин “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өмнөх өдрийн бэлэн орлогоос бараа түгээгчид бэлэн мөнгөөр 209 256 төгрөгийг төлсөн. ...Тус газар төлбөрийг дансаар шилжүүлэх үед төлбөрийн баримт дээр дансаар хийнэ үү гэсэн тамга дардаг. Гэтэл манайхаас шаардаж буй төлбөрийн баримтад тамга дарагдаагүй нь бэлнээр төлснийг нотолно” гэж маргасан.

 

Шүүх хариуцагчийн уг тайлбараа нотлох зорилгоор гаргаж өгсөн, “байгууллагын дансаар хийнэ үү” гэсэн утга бүхий дардастай Т Д  ХХК-ийн зарлагын баримтуудыг шинжлэн судлахад цаг хугацааны хувьд хариуцагчийн маргаж буй хугацаанаас хойш буюу 2021 оны 02 дугаар сарын 20, 3 дугаар сарын 07, 3 дугаар сарын 29, 4 дүгээр сарын 19-ний өдрийн баримтууд байх тул уг баримтуудаар хариуцагч Д.Ж***** худалдан авсан барааны үнийг бэлнээр төлсөн нь нотлогдохгүй байна.

 

Иймд хариуцагч нь бараа бүтээгдэхүүний үнийг төлснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Ж*****аас 212 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т Д  ХХК-д олгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 020  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7 020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ж*****аас 212 250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т Д  ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7 020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ