Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2022/00607

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г

Хариуцагч: АД ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөр 4 715 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчдын түүний эзгүйд хурлыг үргэлжлүүлэх тухай хүсэлтээр эзгүйд нь хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч АД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 4 715 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Г би 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгаас Орхон аймгийн чиглэлд /*** ОРХ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад Архангай аймгийн Өндөр улаан сумын Хануй багийн нутаг Бор бургасны голын гармаар гарах үед гол үерлэж, урсгал ширүүн байсан тул машинтайгаа урссан юм. Би тухайн үед самбаачлан байж машинаас гараад шонгийн модноос машинаа дээсээр татаж уяж тогтоосон. Би тухайн үедээ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, АД ХХК зэрэг газруудад хандаж тусламж хүссэн ба сумын хэсгийн төлөөлөгч ирж үзээд тодорхойлолт бичиж өгсөн. Орхон аймгаас крантай машин дуудаж ирүүлэн үнэ хөлсийг нь төлж Орхон аймагт машинаа ачиж ирсэн. АД ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *** дугаартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ баталгаа-г байгуулж, /*** ОРХ улсын дугаартай Тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслээ 10 000 000 төгрөгөөр үнэлж, багц 1 үйлчилгээг сонгож 100 000 төгрөгийг даатгалын хураамжинд төлсөн. АД ын багц 1 үйлчилгээ нь даатгалын тохиолдол үүссэн үед даатгуулагчийн хариуцах хэсэг нь 20 хувь байдаг ба АД аас 80 хувийг нь төлж барагдуулахаар гэрээг байгуулсан. Тус гэрээний хамгаалах эрсдлүүд дотор газар хөдлөлт, аянга, мөндөр, үер хуй салхи хүчтэй шороон шуургын шууд нөлөөгөөр даатгалын зүйлд хохирол учрахыг байгалийн эрсдэл гэж үзнэ гэж заасан. Тус гэрээний тусгай нөхцлийн 1.1-т хохиролын хэмжээг тогтооход даатгалын хохирол үнэлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагын гаргасан хохиролын үнэлгээг үндэслэнэ гэж заасан тул би Ашидбилгүүн ХХК-иар 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан-г 426 000 төгрөгөөр гаргуулсан. Тус үнэлгээгээр миний машинд 8 619 000 төгрөгний эвдрэл үүссэн болохыг тогтоосон ба АД ХХК-ний Орхон аймгийн салбарын ажилтанд холбогдох бүхий л баримтыг хүргүүлсэн. АД ХХК-аас надад даатгалын төлбөрт 80 хувь буюу 6 895 200 төгрөгийг төлөх ёстой боловч 2 179 750 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн дахиж даатгалын нөхөн төлбөрт мөнгө өгөөгүй. Иргэний хуулийн 439 дугаар зүйлийн 439.4-т зааснаар даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул миний хувьд АД ХХК-иас үлдэгдэл нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. АД ХХК-аас даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 4 715 450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д зааснаар автомашин худалдан авсан 13 000 000 төгрөгийн үнээс тооцвол 3 122 659 төгрөг болох бөгөөд үнэлгээний төлбөр 426 000 төгрөгийг нэмж нийт 3 548 659 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэв.

 

3. Хариуцагч АД ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Г.Г 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 4 715 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг мөн оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Тус компанийн зүгээс Г.Г гаргаж буй даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 4 715 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Даатгуулагч Г.Г нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр №**** тоот Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г тус компанитай 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээнд даатгуулагч нь өөрийн эзэмшлийн /*** ОРХ улсын дугаартай автомашинаа 10 000 000 төгрөгөөр үнэлэн даатгалд хамруулсан. Даатгуулагч нь даатгалтай тээврийн хэрэгслийг жолоодон 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Бор бургастайн голыг гармаар гатлах үедээ усанд урсаж даатгалын тохиолдол гаргасан байдаг. Ослын улмаас даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий байгууллага болохАБ ХХК-иас 8 619 000 төгрөгөөр, тус автомашины зах зээлийн үнэлгээг 16 000 000 төгрөгөөр тус тус тогтоосон. Монгол улсын Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу даатгалын зүйлийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнд хувь тэнцүүлж дараах аргачлалаар хохирлын хэмжээг 62.5 хувиар буюу 5 386 875 төгрөгөөр тогтоосон. Үүнд:

 

 

Зах зээлийн үнэлгээ: 16 000 000 төгрөг хувь: 100% Х=10 сая /ДҮ*100% =62.5%

 

Даатгалын үнэлгээ: 10 000 000 төгрөг хувь Х% 16 сая /ЗЗҮ/

Мөн бидний хооронд байгуулагдсан №**** тоот Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 1.13.5.1-д Монгол улсын үндэсний авто замын сүлжээнд хамрагдсан усан гармаар гарснаас үүдсэн хохирол-ыг 50 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу 5 386 875 төгрөгөөс олгогдох нөхөн төлбөрийг 50 хувиар буюу 2 693 437 төгрөгөөр тооцож үүнээс мөн гэрээний 1.12-т Даатгагч нөхөн төлбөрийг олгохдоо олгохоор тооцсон нөхөн төлбөрийн дүнгээс даатгуулагчийн хариуцлагын хэсгийг хасч олгоно гэж заасны дагуу гэрээний даатгалын багц хүснэгтийн Багц 1-д харъяалах даатгуулагчийн хариуцах хэсэг 20 хувийг хасч үүн дээр хохирол үнэлгээний зардалд 25 000 төгрөг нэмж тооцон даатгуулагчид нийт 2 179 750 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Бидний зүгээс даатгуулагч Г.Г даатгалын нөхөн төлбөрийг Монгол улсын Иргэний хууль, талуудын хооронд сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнд тус тус заасан нөхцлийн дагуу тооцон олгосон бөгөөд хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн, үндэслэлгүйгээр нөхөн төлбөрийг багасгаж олгосон үйлдэл гаргаагүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд, тус компанийн зүгээс Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5, №**** тоот Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 1.12, 1.13.5, 1.13.5.1-д тус тус заасны дагуу Г.Г нэхэмжилж буй 4 715 450 төгрөг буюу бууруулсан шаардлага болох 3 548 659 төгрөгийн нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс: Г.Г иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, *** дугаартай автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа /хх 5-6/, *** дугаартай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хх-7/,АБ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн и баримт /хх-8/,АБ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-9/, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн засварын бүртгэлийн хуудас /хх-10/, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Автотээврийн хэрэгслийн даатгал, нөхөн төлбөрийн өргөдлийн маягт-НТ-2 /хх-11/, *** ОРХ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх 12-14/, АД ХХК-д Г.Г гаргасан өргөдөл /хх-15/, Архангай аймгийн Цагдаагийн газрын Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.М  2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт /хх-16/, Г.Г Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 17-19/, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Г.Н Б.Б олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-20/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас: АД ХХК-аас Д.О олгосон итгэмжлэл /хх-24/, Д.О иргэний үнэмлэхийн хуулбар /хх-25/, АД ХХК-аас Т.Б олгосон итгэмжлэл /хх-39/, Т.Б шүүхэд гаргасан хүсэлт /хх-38/, албан томилолтын удирдамж /хх-40/, зам тээврийн ослын гэрэл зураг /хх 41-43/АД ХХК-ийн Итгэмжлэл дуусгавар болгох тухай албан бичиг /хх-54/, АД ХХК-аас Б.Г олгосон итгэмжлэл /хх-55/, Б.Гэрэлтсувдын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-56/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Г хариуцагч АД ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 4 715 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Г даатгалын нөхөн төлбөрт 4 715 450 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцоогоо буруу хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, 3 548 659 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:АБ ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Г.Г машинд 8 619 000 төгрөгийн эвдрэл үүссэн болохыг тогтоосон. Даатгалын тохиолдол нь үерийн буюу байгалийн гамшигт хамаарах учир 100 хувиар тооцож олгох нь зөв. Даатгалын гэрээний 1.12 дахь заалтад даатгагч нөхөн төлбөр олгохдоо олгохоор тохиролцсон үнийн дүнгийн даатгуулагчийн хариуцах хэсгийг хасаж олгоно гэсэн байдаг учраас 20 хувиа хасаад 8 619 000 төгрөгөөс 6 895 200 төгрөгийг АД ХХК нь төлөх ёстой. Машиныг анх 13 000 000 төгрөгөөр худалдаж авсан. АБ ХХК-ийн үнэлсэн зах зээлийн үнэлгээгээр буюу 16 000 000 төгрөгөөр тооцох бус бодитоор худалдан авсан 13 000 000 төгрөгөөс тооцвол 76.9 хувь болно. 8 619 000 төгрөгийн 76.9 хувь 6 628 011 төгрөг, үүнээс даатгуулагчийн өөрөө хариуцах 20 хувийг тооцож 1 325 602 төгрөг. 6 628 011 төгрөгөөс даатгуулагчийн өөрөө хариуцах хэсгийг хасахаар 5 304 409 төгрөг болж байгаа юм. Үүнээс АД ХХК-ийн төлсөн 2 179 750 төгрөгийг хасвал 3 122 659 төгрөгийг нөхөн төлбөр авах ёстой ба үнэлгээний төлбөр 426 000 төгрөгийг нэмж нийт 3 548 659 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагчаас Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 1.13.5-д Дараах тохиолдолд олгохоор тооцсон хохирлыг 50 хувиар тооцож олгоно, 1.13.5.1-д Монгол Улсын үндэсний авто замын сүлжээнд хамрагдсан усан гармаар гарснаас үүдсэн хохирол гэж зааснаар, мөн гэрээний 1.12-т даатгагч нөхөн төлбөр олгохдоо олгохоор тохирсон үнийн дүнгээс даатгуулагчийн хариуцсан хэсгийг хасаж тооцно гэж заасны дагуу даатгалын гэрээгээр 20 хувийг хасаж тооцож, мөн үнэлгээний 25 000 төгрөгийг нэмж даатгуулагчид нийтдээ 2 179 750 төгрөгийн нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасны дагуу олгосонАБ ХХК-ний үнэлгээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд: Нэхэмжлэгч Г.Г , хариуцагч АД ХХК нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *** дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа байгуулагдсан бөгөөд даатгуулагч Г.Г нь /*** ОРХ улсын дугаартай, Toyota Pruis 30 маркийн тээврийн хэрэгсэлээ 10 000 000 төгрөгөөр үнэлж, Багц 1 үйлчилгээг сонгож, хураамжийн төлбөрт 100 000 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэгч Г.Г даатгалтай тээврийн хэрэгслийг жолоодон 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өндөр улаан сумын Хануй багийн нутаг Бор бургасны голын гармаар гарах үед гол үерлэж, урсгал ширүүн байсны улмаас машинтайгаа урсаж даатгалын тохиолдол үүссэн болох нь зохигчдын тайлбар, Архангай аймгийн Цагдаагийн газрын Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Мягмарцэндийн тодорхойлолот, нөхөн төлбөр хүссэн өргөдөл,АБ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 952 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

АБ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр Г.Г автомашинд нийт 8 619 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохиролын үнэлгээ, даатгалын гэрээ байгуулагдсан хийгээд багц үйлчилгээний талаар талууд маргаагүй.

Харин даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртөгөөс бага байвал хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгохдоо зах зээлийн үнэлгээгээр буюу 16 000 000 төгрөгөөр тооцсон нь буруу, худалдах худалдан авах гэрээгээр тухайн автомашиныг 13 000 000 төгрөгөөр авсан тул бодит үнэлгээнээс тооцож, багц 1 үйлчилгээний байгалийн эрсдэл учирсан тул 80 хувийг даатгалын компани хариуцах учиртай гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргадаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Даатгуулагч Г.Г АБ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байсан бөгөөд зах зээлийн үнэлгээгээр бид хувь тэнцүүлэн тооцох ёстой, тэрээр манайд ирүүлсэн өргөдөлдөө болон нэхэмжлэлийн шаардлагадаа голын гармаар гарах үед гэж тодорхойлсон бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан гэрээний 1.13.5.1-д заасан эрсдэл учирсан гэж үзээд хохиролыг 50 хувиар тооцон олгох, багц 1 үйлчилгээний эрсдэлийн 20 хувиар тооцох нөхцлүүдийг бүрдүүлсэн, мөн гэрээнд хохиролын үнэлгээний зардал 25 000 төгрөгийг олгохоор заасан тул бид үүргээ биелүүлсэн гэж мэтгэлцэж байна.

5. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж хуульд заасан бөгөөд мөн хуулийн 431.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заасны дагуу бичгээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээтэй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар нэхэмжлэгч Г.Ганболд, хариуцагч АД ХХК-ний хооронд байгуулагдсан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа нь хүчин төгөлдөр гэрээ.

Талуудын тохиролцсон гэрээний багц 1-ийн байгалийн эрсдэлд газар хөдлөлт, аянга, мөндөр, үер, хуй салхи, хүчтэй шороон шуургын шууд нөлөөгөөр даатгалын зүйлд хохирол учрахыг ойлгох бөгөөд гэрээний 1.13.5-д дараах тохиолдолд олгохоор тооцсон хохиролыг 50 хувиар тооцож олгоно гээд, 1.13.5.1 дэх заалтад Монгол Улсын үндэсний авто замын сүлжээнд хамрагдсан усан гармаар гарснаас үүдсэн хохирол гэжээ.

Нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийн шаардлагадаа болон нөхөн төлбөрийн өргөдөлдөө Архангай аймгийн Бор бургасны голын гармаар гарах үед машин урссан гэж, хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байсан тул хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон нөхөн олговорын хэмжээг зөв тодорхойлсон гэж үзнэ.

Тодруулбал: Автомашиныг худалдах худалдан авах гэрээний дагуу 13 000 000 төгрөгөөр авсан бодит үнэлгээгээр тооцох байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч даатгалын үнэлгээг 10 000 000 төгрөг гэж, үнэлгээ хийгдэх үеийн зах зээлийн ханшийг 16 000 000 төгрөг гэсэнАБ ХХК-ний хохирлын үнэлгээний талаар маргаагүй байсан зэргийг харгалзан үзэж хариуцагчийн хувь тэнцүүлэн бодсон бодолтыг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-т Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно гэж зааснаар даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодсон нь үндэслэлтэй байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан *** дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа-ны 1.13.5-д заасны дагуу 50 хувиар тооцож, гэрээний 1.12 дахь заалтад даатгагч нөхөн төлбөр олгохдоо олгохоор тохиролцсон үнийн дүнгийн даатгуулагчийн хариуцах хэсгийг хасаж олгоно гэж заасны дагуу 20 хувийг хасаж, хохиролын үнэлгээний зардалд 25 000 төгрөг нийт 2 179 750 төгрөгийн нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасны дагуу олгосон байх тул хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 4 715 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 90 397 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 438 дугаар зүйлийн 438.5д заасныг баримтлан хариуцагч АД ХХК-д даатгалын нөхөн төлбөр 4 715 450 /дөрвөн сая долоон зуун арван таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 90 397 /ерөн мянга гурван зуун ерөн долоон/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ