Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2022/00711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М

Хариуцагч: ЭҮ

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний алданги 185 780 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б /Улаанбаатар хотоос цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Х ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хурлыг үргэлжлүүлж, хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК хариуцагч ЭҮ -т холбогдуулан гэрээний алданги 185 780 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М ХХК нь ЭҮ -тай 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан *** дугаартай Хайлуулах төмөр нийлүүлэх гэрээ байгуулж 928 900 000 төгрөгний үнэ бүхий 2 000 тонн хайлуулах төмөр нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд ковидийн хязгаарлалтай хүнд нөхцөл байдалд ихээхэн чармайлт, нэмэлт зардал гаргаж, үүргээ бүрэн гүйцэтгэсэн болно. Гэрээний дагуу нийлүүлэх хайлуулах төмрийг овор хэмжээ ихтэй учир хэсэгчлэн нийлүүлж, ЭҮ -ын гэрээг хариуцсан төлөөлөлтэй 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болон 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус тус бараа хүлээлгэн өгөх хүлээн авах акт үйлдэж, санхүүд нь нэхэмжлэх хүргүүлсэн боловч төлбөр нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ба 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд төлөгдөж дууссан. Иймд мөнгөн төлбөр гүйцэтгэх хугацааг дээрх байдлаар хэтрүүлснийг Хайлуулах төмөр нийлүүлэх гэрээ-ний 9.1-т заасны дагуу дараах хүснэгтээр тооцож, гарсан дүн болох 185 780 000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа болно.

1. Хугацаа хэтрүүлсэн төлбөрийн дүн 423 253 285.00 төгрөг, хэтрүүлсэн хоног 106, нэг хоногт тооцох алданги 0.5 хувь, нийт 224 324 241.00 төгрөг,

2. Хугацаа хэтрүүлсэн төлбөрийн дүн 505 646 715.00 төгрөг, хэтрүүлсэн хоног 50, нэг хоногт тооцох алданги 0.5 хувь, нийт 126 411 679.00 төгрөг,

Бүгд 350 735 920.00 төгрөг, нэхэмжлэх алданги нэг хоногт тооцох алданги 20 хувь, нийт дүн нь 185 780 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алданги төлүүлэх тухай манай гаргасан шаардлагыг ЭҮ хүлээж аваагүй, түүнчлэн хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь манай компанийн эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Доголдол илэрсэн боловч бид арилгуулсан тул гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алдангийн төлбөрийг нэхэмжилж байна гэв.

3.Хариуцагч ЭҮ -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х , шүүхэд гаргасан тайлбартаа: ЭҮ нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн дагуу үйлдвэрийн хэрэгцээнд ашиглагдах 2 000 тн төмрийг нээлттэй тендер шалгаруулан зарласан. Уг тендерт М ХХК шалгарч, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ** дугаартай гэрээ албан ёсоор баталгаажсан. М ХХК нь Монгол Улсын MNS стандартаар баталгаажсан 4852:1999 стандартын дагуу 2 000 тн хаягдал хар төмрийг үйлдвэрийн хэрэгцээнд нийлүүлэх ёстой байсан ба стандартын 9-д заасны дагуу тэсэрч дэлбэрэх аюулгүй 2 000 тн төмөр нийлүүлэх байсан. Үүнээс 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зэвсгийн чанартай 7 төрлийн зүйл илэрсэн. Үүнийг мэргэжлийн анги болох Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хандаж устгуулсан. М ХХК нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний 3.2-т бараа нийлүүлэх хугацаа 90 хоног байна, 3.3-т гэрээнд хуулийн хэлтэст бүртгүүлсэн өдрөөс барааг нийлүүлэх хугацааг тоолно, 3.1-д худалдагдсан барааг энэхүү гэрээнд худалдан авагч барааг бүрэн хүлээн авч талууд баримт үйлдснээр тооцно гэсэн гэрээний харилцан тохиролцсон заалт байгаа. Уг гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс буюу Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар хугацаа тоологдож эхэлсэн. 2020 оны 12 дугаар сар 31 хоногтой, 2021 оны 01 дүгээр сар 31 хоногтой, 2021 оны 02 дугаар сар 28 хоногтой буюу нийлээд 90 хоног болж байгаа юм. М ХХК-ийн 2 000 тн хар төмөр нийлүүлэх хугацаа 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон байна. Гэтэл талуудын бараа хүлээлцсэн баримт дээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр сүүлийн хар төмөрийг нийлүүлсэн. Үүнээс үзэхэд М ХХК нь гэрээнд заасан үүргээ 43 хоногоос 44 хоног хэтрүүлж нийлүүлсэн. Нэхэмжлэгч тал өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээний 9-д талуудын хариуцлагын талаар заасан. Үүний 9.3-т алданги тооцох гомдлын шаардлага хүлээн авсан тал хуанлийн 7 хоногийн дотор албан бичгээр хариу өгөх ба заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, 9.4-д алданги тооцсон талуудын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөгдөх үндэслэл болохгүй, 9.5-д талууд нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ шилжүүлэхгүй гэж байгаа юм. Үүнээс үзэхэд хавтаст хэрэгт алданги тооцох гомдлын шаардлага ирүүлсэн баримт байхгүй. Энэхүү заалтаар алданги хүлээх боломжгүй юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198 дугаар зүйлийн 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан байдаг. Дээрх заалтууд нь хоорондоо харилцан уялдаатай байгаа юм. Гэнэтийн болон давагдашгүй зүйлийн талаар нөгөө талдаа мэдэгдээгүй бол цаашид уг заалтыг үндэслэл болгохгүй гэсэн заалт байгаа. М ХХК гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар албан ёсоор бичиг ирүүлээгүй. Худалдаа аж үйлдвэрийн газрын хэдний өдрийн гэрчилгээ гарсан талаар болон он сар өдөртэй нь харьцуулаад өгсөн нотлох баримт байхгүй. М ХХК нь ЭҮ -т гэрээний хугацааг сунгах ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Иймд тус компаний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

4.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, /*** регистрийн дугаартай М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 5-6/, ЭҮ болон М ХХК нарын хооронд байгуулсан *** дугаартай Хайлуулах төмөр худалдах, худалдан авах гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 7-12/, ЭҮ -ын 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай *** дугаар худалдах, худалдан авах гэрээг гүйцэтгэсэн тухай баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13/, ЭҮ -ын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаартай *** дугаар худалдах, худалдан авах гэрээг гүйцэтгэсэн тухай баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14/, Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх дансны хуулга /хх-15/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

5.Хариуцагчаас: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх-18/, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 187 дугаартай төлбөрийн даалгаварын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-30/, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1102 дугаартай төлбөрийн даалгаварын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-31/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас тус шүүхэд ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаартай албан бичиг /хх-36/, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай Бүлэг томилж, устгал явуулах тухай тушаал /хх-37/, ЭҮ -ын хайлуулах цехийн төмрийн хаягдлаас олдсон тэсрэх аюул бүхий сум, галт хэрэглэлийг аюулгүй болгож устгасан тухай нотломж /хх-38/, Сум, галт хэрэглэлийн гэрэл зураг /хх-39/, зардлын тооцоо /хх-40/-г шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч ЭҮ -т холбогдуулан гаргасан гэрээний алданги 185 780 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М ХХК нь ЭҮ -тай байгуулсан гэрээний дагуу 2 000 тонн хайлуулах төмөр нийлүүлсэн. Ковидийн хязгаарлалтай хүнд нөхцөл байдалд ихээхэн чармайлт, нэмэлт зардал гаргаж, үүргээ бүрэн гүйцэтгэсэн. ЭҮ -ын гэрээ хариуцсан төлөөлөлтэй 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болон 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус тус бараа хүлээлгэн өгөх хүлээн авах акт үйлдэж, санхүүд нь нэхэмжлэх хүргүүлсэн боловч төлбөр 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ба 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд төлөгдөж дууссан. Иймд Хайлуулах төмөр нийлүүлэх гэрээ-ний 9.1-т заасны дагуу 185 780 000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа гэж тайлбарладаг.

3. Хариуцагч ЭҮ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгч компани доголдолтой эд зүйлс нийлүүлсэн бөгөөд тэсэрч дэлбэрэх аюултай эд зүйлсийг мэргэжлийн байгууллагад хандаж аюулгүй болгосон байдаг. Өөрөө бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаагаа хэтрүүлсэн байж гэрээний дагуу алдангийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гомдлын шаардлага гаргасан нь тодорхойгүй энэ талаар бичгийг хүлээн аваад хуанлийн 7 хоногийн дотор албан бичгээр хариу өгөх ёстой хэрэв өгөөгүй бол гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж гэрээгээр тохирсон. Гэтэл үүнийг нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Мөн давагдашгүй хүчин зүйлийн талаар албан ёсоор гэрчилгээ ирүүлээгүй өгсөн нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарладаг.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч ЭҮ нарын хооронд *** дугаартай гэрээг байгуулсан бөгөөд 2 000 тн хайлуулах төмрийг нийт 928 900 000 төгрөгийн өртөгтэй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

4а.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар гэрээний дагуу хайлуулах төмөр нийлүүлж, төлбөрөө хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, М ХХК-ний Хаан банкны **** дугаартай депозит дансны 2021 оны 06 дугаар марын 08-ны өдрийн болон 10-ны өдрийн гүйлгээний хуулгаар, ЭҮ -аас нотлох баримтаар ирүүлсэн 2 удаагийн төлбөрийн даалгавараар тус тус нотлогдож байна.

4б.Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т гэрээг худалдан авагчийн хуулийн хэлтэст бүртгүүлсэн өдрөөс бараа нийлүүлэх хугацааг тоолно, 6.2.2-т барааг бүрэн хүлээн авч акт үйлдэх, худалдагч талд төлбөрийг шилжүүлэх гэж заасан бөгөөд худалдах худалдан авах гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч ЭҮ -ын хуулийн хэлтэст бүртгүүлсэн байна.

4в.М ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 423 253 285 төгрөгийн үнэ бүхий хайлуулах төмөр, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 505 646 715 төгрөгийн үнэ бүхий хайлуулах төмрийг тус тус нийлүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн худалдах худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, ЭҮ -ын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай *** дугаар худалдах худалдан авах гэрээг гүйцэтгэсэн тухай акт, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаартай актаар тус тус тогтоогдож байна.

5.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. мөн хуулийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ" гэж заасан.

5а.Гэрээний 9.2-т Худалдан авагч нь гэрээнд заагдсан барааны төлбөрийг шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөх ба алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж талууд тохирсон тул нэхэмжлэгч алдангийн төлбөрийг шаардах эрхтэй.

6.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан байдаг ба талууд гэрээндээ алдангийг 20 хувиас хэтрэхгүй байхаар тохирсон нь хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзнэ.

7.Хариуцагч ЭҮ -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хайлуулах төмрийг хүлээн авч байх үед тэсэрч, дэлбэрэх магадлалтай зэвсгийн чанартай эд зүйлс илэрч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бүлэг томилуулан аюулгүй болгосон, нэхэмжлэгч нь бараа нийлүүлэх хугацаагаа хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн тушаалаар томилогдсон бүлэг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тэсэрч дэлбэрэх эд зүйлсийг нэг удаагийн галаар устгаж аюулгүй болгосон нотломжийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.

7а.Тэсэрч дэлбэрэх аюултай эд зүйлсийг мэдсэн даруйдаа устгалд оруулж, хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлсэн, энэ талаар 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн актанд гарсан доголдолын талаар дурдаагүй, тэсэрч дэлбэрэх аюултай эд зүйлс нийлүүлсэн зөрчилтэй холбоотой болон бараа нийлүүлэх хугацаа хоцроосон талаар талууд актанд дүгнээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Тодруулбал: Нэхэмжлэгч нь төлбөрийн хүсэлтийг хариуцагч байгууллагад хэзээ илгээсэн, үүнээс хэдэн хоногийн дараа төлбөр шилжсэн, төлбөр шилжүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар үндэслэл бүхий тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд энэ талаар мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсоноор акт үйлдсэн хугацаанаас төлбөр төлөгдөх хүртэл хугацааг тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

8.Иймд хариуцагч ЭҮ -аас гэрээний алдангийн төлбөрт 185 780 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох үндэслэлтэй.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 1 086 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 086 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭҮ -аас 185 780 000 /нэг зуун наян таван сая долоон зуун наян мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 1 086 850 /нэг сая наян зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ЭҮ -аас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 1 086 850 /нэг сая наян зургаан мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ