Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/51

 

С.Шт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран 

Прокурор                                                      С.Алтай 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               В.Давааням

Шүүгдэгч                                                        С.Ш нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Шын гаргасан давж заалдах гомдлоор С.Шт холбогдох эрүүгийн _________ дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 1975 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, Ш овогт С.Ш. Урьд

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 47А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.  

Шүүгдэгч С.Ш нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шилийн шорвог” гэх газарт хуурайшилт ихтэй, салхины хурд ихтэй үед гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцаж, Хьюндэй Трак маркийн ______улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан хуурай өвсийг цэвэрлээгүй, мөн халсан янданг хуурай өвстэй ойр байлгасны улмаас тус яндангаас цонолт өгч гал гарч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 9984.6 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 61 325 413 төгрөгийн буюу их хэмжээний шууд хохирол, уг түймрийг унтраахад 950 838 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч С.Шыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Ш овогт С.Шыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, 61 325 413 /жаран нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Шт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Шт мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шаас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 61 325 413  /жаран нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түймрийг унтраахад гарсан зардал болох 950 838 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Шын _______ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Ш 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, үйлдэл үйл баримтын хувьд маргахгүй байгаа. Анхнаасаа болсон үйл явдлыг үнэн зөв, тогтвортой мэдүүлж ирсэн билээ. Тухайн үед ажил хийж яваад л санамсаргүй зүйл болж уг гал түймэр гарсан байдаг. Би иргэний үүргээ биелүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэж, галыг унтраалцсан байгаа.

Харин шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад дурдсан 61 325 413 /жаран нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тус хэрэгт татагдсан иргэний нэхэмжлэгч У.Э “Түймэр гаргасан С.Ш нь түймэр унтраахад гарсан зардал 725 638 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шатсан талбайн өвс ногоо ургаж сэргэсэн” гэж тайлбарлаж, нэхэмжлэхгүй байхад шүүхээс тогтоосонд гомдолтой байна.

Миний бие эрүүл мэндийн хувьд сайнгүй байдаг, дээрээс нь тогтсон ажилгүй. Уг түймрийн үед шатсан машинаараа хааяа ойр зуур хүний ажилд тусалж ар гэртээ нэмэрлэдэг байсан юм.

Иргэний нэхэмжлэгч өөрөө авахгүй гээд мөн байгальд учирсан хохирол нь арилсан байхад заавал мөнгө гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч В.Давааням гаргасан тайлбар, саналдаа: “Шын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, үйл баримт дээр маргадаггүй. Болсон үйл явдлын талаар анхнаасаа үнэн зөв, тогтвортой мэдүүлж ирсэн. Түймрийн улмаас гэр бүлийнхээ амин зуулгад нэмэр болж байсан, Шын өөрийн өмчлөлийн машин шатсан. Гал гарсан даруйд холбогдох байгууллагад мэдэгдэж, өөрөө гар бие оролцож унтраалцсан. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 725 638 төгрөгийг Баянтүмэн сумын дансанд зохих журмын дагуу төлж барагдуулсан байдаг. Ш нь эрүүл мэндийн хувьд элэгний Д вирусын улмаас, мөн зүрхний бах гэсэн оноштойгоор эмчийн байнгын хяналтад байдаг. Эд хөрөнгийн хувьд Ш нь Сүхбаатар аймгийн Уулбаян суманд байнга оршин суудаг бөгөөд эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй. Түймрийн үед шатсан машинаараа хувиараа ажил хөдөлмөр хийж, орлого олж, ар гэртээ нэмэрлэдэг байсан. Гэр бүлийн хүрээнд банкнаас 2 зээлтэй. Төлбөр барагдуулахад нэмэр болох үл хөдлөх эд хөрөнгө байхгүй гэдэг нь тогтоогдсон. Иргэний нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн хэмжээгээ өөрөө тодорхойлох, ихэсгэх, багасгах, иргэний нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээ хязгаарын дотор хохирлын асуудлыг шийдвэрлэх ёстой гэж ойлгож байна. 61 000 000 төгрөгийн хохирол гарсны дараа төлбөр авагчийн хувьд энэхүү хэмжээгээ багасгах, зохицох ямар боломж байна гэдэг асуудлаар иргэний нэхэмжлэгчтэй албан ёсоор уулзсан. Баянтүмэн сум болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Энхбаатар нарын хувьд “...бид анхнаасаа төлбөр авахгүй гэсэн шүү дээ. Тайлбар мэдүүлэг маань ойлгомжтой байгаа...” талаар байр сууриа илэрхийлж байсан. Иймд өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан 61 325 000 төгрөг гэсэн хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Иймд шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Харин Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа учир хохирлын хэмжээг багасгахад прокуророос татгалзах зүйл байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Шын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

“Шүүгдэгч С.Ш нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, хуурайшилт, салхины хурд ихтэй үед, өвстэй газраар тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ шаардлагатай хэмжээний анхаарал болгоомж алдсаны улмаас, тухайлбал тээврийн хэрэгслийн халуун яндангаас хуурай өвсөнд цонолт өгч гал алдах боломжтой гэдгийг урьдчилан мэдэх боломжтой байтал янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэх, өвсгүй газар сонгон тээврийн хэрэгслээ зогсоох гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас хээрийн түймэр гаргаж, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 9984.6 га бэлчээр шатааж байгаль орчинд 61,325,413 төгрөгийн буюу их хэмжээний шууд хохирол, түймэр унтраахад гарсан зардал буюу 950838 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон” талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Шүүгдэгч С.Шын давж заалдах гомдол болон түүнтэй холбогдуулан оролцогчдоос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын тухайд давж заалдах шатны шүүх дараахь дүгнэлтэд хүрэв.

“Нэхэмжлэл гаргах эсэх, гаргасан нэхэмжлэлээ багасгах, татгалзах зэрэг нь иргэний нэхэмжлэгчийн өөрийнх нь эрхийн асуудал юм. Нэгэнт иргэний нэхэмжлэгч хохирол нэхэмжлэхгүй гэсэн байхад шүүх хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлж байгаа нь буруу” гэх агуулга, тайлбар бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж заасан боловч, мөн зүйлийн 14 дэх хэсэгт “Нэхэмжлэлээс татгалзсан нь хууль зөрчсөн, эсхүл аль нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүх нь түүний хүсэлтийг хүлээн авахгүй байж болох бөгөөд энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасан. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон У.Э нь “нэхэмжлэх зүйл байхгүй. Шатсан талбайд өвс ногоо ургаж сэргэсэн” гэж мэдүүлж байгаа боловч түүний энэхүү мэдүүлгээр шүүгдэгчийг шууд хохирол нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм. Учир нь, хэрвээ У.Э нь өөрт учирсан хохирлын хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд  хохирлыг нэхэмжлэхгүй гэж байгаа бол түүний хүсэлтийг шүүх хүлээн авахад хуульд харшлах зүйлгүй. Гэвч тэрээр, байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэгчээр оролцохоор албаны ажил үүргийн хувиар томилогдсон тул, тэрээр нэхэмжлэлээс татгалзах эрхгүй, хэрвээ татгалзаж байгаа бол түүнийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шүүх хүлээн авах боломжгүй юм.

Аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг төлөөлж оролцож байгаа этгээд нэхэмжлэлээс татгалзах гэх мэт хүсэлт гаргах үед шүүх энэ талаар шийдвэрлэхдээ юуны өмнө тухайн төлөөлөгч нь төлөөлж байгаа цаад субьектээсээ энэ эрхийг авсан эсэхийг шалгадаг. Төлөөлөгчийн үйлдлийн легитим чанарыг шалгана гэсэн үг. Энэ талаас нь байгаль орчны салбарын хууль тогтоомжийг судлан үзэхэд, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээс татгалзах эрхийг иргэний нэхэмжлэгч У.Э-т олгосон зохицуулалт байхгүй байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэх, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэх заалтууд нь заавал хэрэгжих учиртай императив хэм хэмжээ мөн болж байна.

Түүнчлэн “тухайн шатсан газарт эргээд өвс ногоо ургаж сэргэсэн” гэх  баримт нь гэм буруутай этгээдийг байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хүний зүй бус ажиллагааны улмаас сүйдсэн байгаль орчин зарим тохиолдолд тодорхой цаг хугацааны дараа жам ёсоороо эргэн сэргэх үйл явц байдаг. Гэвч үүнийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирол нөхөн төлөх хууль зүйн хариуцлагаас чөлөөлөх шалтгаан болгох нь буруу юм. Хэрвээ энэ үндэслэлээр гэм буруутай этгээдийг хохирол нөхөн төлөхөөс чөлөөлбөл, энэ нь нэгдүгээрт,  байгаль орчин өмнөх байсан шиг хэмжээнд эргээд нөхөн сэргээгдэх хүртэлх хугацаанд үргэлжилсэн экологийн тэнцлийн алдагдал, хохирлыг тооцон үзэхгүй учир дутагдалтай дүгнэлт болно. Хоёрдугаарт, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн журмын зорилго нь зөвхөн тухайн хэсгийг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг төлүүлэхээр хязгаарлагдахгүй, цаашид байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн зорилгыг давхар агуулдаг. Байгаль өөрийн жамаар нөхөн сэргээгдсэн гэх хуульд заагдаагүй шалтгаанаар хохирлыг төлүүлэхгүй байх нь эрх зүйн энэхүү зорилгыг үгүйсгэсэн үндэслэлгүй шийдвэр болно.

Иймээс хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөөгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин байгаль орчинд учирсан шууд хохирол 61,325,413 төгрөгийг бүхэлд нь шүүгдэгчээр нөхөн төлүүлсэн шүүхийн шийдвэр нь тухайн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий Иргэний хуулийн нэгэн зохицуулалтыг хэрэгсэхгүй орхигдуулснаараа учир дутагдалтай болсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Тухайлбал Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан. Энэ зохицуулалтыг “гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм хорын хувьд хэрэглэхгүй байх”-аар зааснаас үзвэл, шүүхээс гэм хорыг нөхөн төлүүлэх хэмжээг тогтоохдоо гэм буруугийн хэр хэмжээтэй харьцуулан  үзэхийг шаардсан гэж ойлгож болохоор байна. Түүнчлэн тухайн этгээд хэдийгээр гэм буруутай байлаа ч гэлээ, түүний эд хөрөнгийн байдлыг харгалзаж байхыг хуулиар шаардсан байна. Нэгтгэн дүгнэвэл, санамсар болгоомжгүй байдлаас учруулсан хохирлыг бүгдийг нөхөн төлүүлэх тохиолдолд тухайн гэм буруутай хүн эдийн засгийн хувьд сүйрэлд орохоор байвал шүүх нөхцөл байдалд тохируулан багасгаж болох эрх зүйн боломжийг хууль тогтоогч бий болгосон байна. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль дотор, дээрх эрх зүйн боломжийг хаасан, үгүйсгэсэн, өөрөөр зохицуулсан тусгай зохицуулалт байхгүй учраас, иргэний эрх зүйн энэхүү ерөнхий хэм хэмжээ нь байгаль орчинд учруулсан гэм хорын хувьд нэгэн адил үйлчилнэ.

Шүүгдэгч С.Шын гэм буруугийн тухайд дүгнэвэл: тэрээр санамсар болгоомжгүй зан үйлээр гал алдаж түймэр тавьсан, тэр даруйдаа өөрийн чадах чинээгээр түймрийг унтраах гэж оролдсон ч хуурайшилт ихтэй, хүчтэй салхитай байснаас түймэр хурдан тархаж, улмаар их хэмжээний хохирол учирсан байна.

Шүүгдэгчийн эд хөрөнгийн  тухайд: Сүхбаатар аймгийн Уулбаян суманд өрхийн хэрэгцээний 1050 м2 газар, 50 м2 хувийн сууц, 1 ачааны автомашинтай, тогтмол цалин орлогогүй, ачааны автомашинаар хувиараа тээвэр хийж амьдардаг нөхцөл байдал тогтоогдож байна. 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Шын гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан 61,325,413 төгрөгийн шууд хохирлыг багасган, үүний 10 хувьтай нь тэнцэх хэмжээ буюу 6,132,541 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгахгүй. Түүнчлэн 61,325,413 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээр бүхэлд нь нөхөн төлүүлэх нь хуулийн холбогдох зохицуулалтууд ба хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь харгалзан үзсэн зүй зохистой шийдвэр биш гэсэн дүгнэлтэд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хүрсэн тул, “энэ хэмжээний хохирлыг нөхөн төлөөгүй, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад тэнсэх арга хэмжээг хэрэглэсэн нь буруу, эсхүл анхан шатны шүүх хуралдаанд хохирлыг нөхөн төлнө гэж хэлсэн атлаа энэ талаар давж заалдах гомдол гаргасан” гэх мэт шалтгаануудаар түүнд оногдуулсан тэнсэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шаас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 61,325,413 /жаран нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун арван гурван/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай” гэснийг “5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Шаас байгаль орчинд учруулсан хохиролд  6,132,541 /зургаан сая нэг зуун гучин хоёр мянга таван зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.        

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ДОЛГОРМАА                         

                 ШҮҮГЧИД                                            З.ЭНХЦЭЦЭГ

                                                                              Л.НАРАНБАЯР