Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 213

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунжаргалын өмгөөлөгч: Д.Төмөрбаатар /1098/,

шүүгдэгч: Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Норовжанцан /0003/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Булгадар овогт Бат-Очирын Анхбаярт холбогдох эрүүгийн 2017 2400 0194 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, баяд, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан
дүүргийн 3 дугаар хороо, Бага Наран 45 дугаар гудамж, 5/2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОЙ 92021911, Булгадар овогт Бат-Очирын Анхбаяр.

 

Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Тумбааш дэлгүүрийн урд замд Н.Дөлгөөний эзэмшлийн “Тоуоta сresta” маркийн, 66-45 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Э.Булгантамирын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Анхбаяр мэдүүлэхдээ:

Би 2010 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байна. Осол гарах үед хөдөлгөөний ачаалал их биш, урсах маягтай байсан. Би явган зорчигчийг хараагүй учраас мөргөсөн. Хохирогчийг эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 127 800 төгрөг болон пантошко витамин болон хагалгааны боолт зэргийг авч өгсөн. Өөрийн үйлдсэн хэрэг, бусдад гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчийн ээжтэй харилцан тохиролцоод хүү Э.Булгантамирын одоогийн болон цаашдын эмчилгээний зардалд 7 000 000 төгрөг төлж, бид гэрээ байгуулан эвлэрсэн. Цаашид эмчилгээний зардал гарвал төлнө. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Хэрэг бүртгэлтэд насанд хүрээгүй хохирогч-Э.Булгантамир мэдүүлэхдээ:

  2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим ангийн хүүхэд М.Бат-Оргилын хамт хоолны газар орохоор “Тумбааш” дэлгүүрийн урд талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүг рүү явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Зам гарах үед 1 болон 2 дугаар эгнээнд машин зам тавьж өгөөд зогсож байсан тул би цааш явтал гэнэт 3 дугаар эгнээнд машин орж ирж, шууд миний зүүн талын хөлийг дайраад урагшаа явж зогссон. Түргэн ирж Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан гэжээ. (хэргийн 21, 22 дугаар хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-А.Ариунжаргал  мэдүүлэхдээ:

Миний хүү Э.Булгантамир 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр сургууль дээрээ байж байгаад дэлгүүр орохоор “Тумбааш” худалдааны төвийн урд талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүг рүү явган хүний гэрэл дохиогүй гарцаар зам хөндлөн гарч яваад “Тоуоta сresta” маркийн, 66-45 УБИ улсын дугаартай автомашинд мөргүүлж, зүүн шаант, тахилзуур ясны өсөлтийн бүс дайрсан далд хугарал гэсэн гэмтэл авсан. Осол болсон өдрөө Гэмтлийн эмнэлэгт хэвтээд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр эмнэлгээс гарч, одоо гэрээр эмчилгээ хийлгэж байна. Тухайн эмнэлгээс шаардлагатай эмчилгээний эм, тариаг авч хэрэглэж байсан. Хүү Э.Булгантамирт шүүх эмнэлгийн дүгнэлтээр зүүн шаант, тахилзуур ясны өсөлтийн бүс дайрсан далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрап гэмтэл гарсан байна. Хүү Э.Булгантамирын цаашдын эмчилгээнд зарцуулах эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна. Эмчилгээг сайн хийлгэх хэрэгтэй байна гэжээ. (хэргийн 16, 17 дугаар хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-М.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ:

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим 3 дугаар эмнэлгийн баруун талын зам дээрээс сургууль орохоор найз Б.Анхбаярын жолоодож явсан “Тоуоta сresta” маркийн, 66-45 УБИ улсын дугаартай автомашинд суугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү “Тумбааш” төвийн урд талын замаар явж байтал гэнэт машины баруун хойно түс хийх чимээ гарсан, энэ үед Б.Анхбаяр машинаа зогсоосон. Тэгээд Б.Анхбаяр бид хоёр машинаас буугаад хойш хартап замын 3 дугаар эгнээнд явган хүний гарц дээр нэг хүүхэд газар суучихсан уйлаад байсныг машины хажуугаас хараад Б.Анхбаярт “би хичээлтэй” гэж хэлээд шууд явсан. Харин Б.Анхбаяр зам дээр сууж байсан хүүхэд дээр очсон. Явган зорчигч болох хүүхэд замын 3 дугаар эгнээнд бөгсөөрөө хөлөө жийсэн байдалтай сууж харагдсан. Уг хүүхэд явган хүний гэрэл дохиогүй гарцаар гарч явж байсан. Би Б.Анхбаярын эсрэг талын буюу зүүн хойд талын суудал дээр утсаараа оролдоод явж байсан болохоор явган зорчигч хүүхдийг хараагүй. Зам дээр сууж байсан хүүхэд цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн гуталтай хүүхэд харагдсан гэжээ. (хэргийн 27, 28 дугаар хуудас)

Хэрэг бүртгэлтэд насанд хүрээгүй гэрч-М.Бат-Оргил мэдүүлэхдээ:

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хичээлээ тараад ангийн хүүхэд Э.Булгантамирын хамт “Бургер кинг” орж ундаа авахаар “Тумбааш” дэлгүүрийн урд талын замаар ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү би явган хүний гарцаар гараад замын голд очоод зүүн гар талаас ирж явсан цагаан өнгийн суудлын автомашиныг харсан. Энэ машины дараа зам гарна гэж бодоод зогсож байтал баруун гар талд Э.Булгантамир араас гүйж ирээд ирж явсан цагаан өнгийн машинд мөргүүлж эргээд газар унасан. Тэр автомашин явж байгаад зогссон. Мөргөсөн машины жолооч Э.Булгантамир дээр хүрч ирээд “зүгээр үү, яасан бэ” гэж асуусан. Хажуугаар явж байсан хүмүүс цагдаа дууд гэж байсан. Жолооч ах Э.Булгантамирыг өргөж машиныхаа хойд талын суудал дээр суулгасан. Би замын хажууд зогсож байсан. Түргэн ирж Э.Булгантамирыг үзээд машиндаа оруулж суулгасан. Энэ үед ангийн багш ирж, бид Гэмтлийн эмнэлэг рүү явсан гэжээ. (хэргийн 32, 33 дугаар хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-Ц.Буянхишиг мэдүүлэхдээ:

2017 оны 3 дугаар сарын 06-ны 16 цаг 30 минутын орчим би ажлаа тараад Хаан банк орохоор “Тумбааш” худалдааны төвийн урд талын замаар зам гарахаар явж байтал түргэний машин ирчихсэн байсан тул аваар гарсан байна гэж бодоод түргэний машин дотор ногоон өнгийн куртиктэй хүүхэд байхаар нь хартал манай ангийн сурагч Э.Булгантамир харагдаж байсан тул эмчээс нь хүүхдийн нэрийг тодруулж асуутал Э.Булгантамир гэсэн тул машин руу хартал Э.Булгантамир, М.Бат-Оргил хоёр байсан. Би түргэний машинд сууж Гэмтлийн эмнэлэг рүү хамт очсон. Машинд явж байх үедээ Э.Булгантамирын эмээ рүү би утсаар осолд орсон байна гэж хэлсэн. Удалгүй эмнэлэг дээр эмээ нь ирж, хөлийн рентген зургийг авахуулсан. Авахуулсан зураг дээр зүүн хөлийн шагай хэсэгт хугарал үүссэн байхыг харсан гэжээ. (хэргийн 34, 35 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3563 тоот дүгнэлтэд:

            1. Э.Булгантамирын биед зүүн шаант, тахилзуур ясны өсөлтийн бүс дайрсан далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

                    3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 0494 тоот дүгнэлтэд:

1. “Тоуota сresta” маркийн, 66-45 УБИ улсын дугаартай автомашины жолооч
Б.Анхбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Э.Булгантамир нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

Эвлэрлийн гэрээнд:

Б.Анхбаяр, хохирогч Э.Булгантамирын ээж буюу хууль ёсны төлөөлөгч А.Ариунжаргал бид харилцан тохиролцож, Э.Булгантамирын эмчилгээний нийт зардал, хохиролд бүгд 7 000 000 төгрөгийг Б.Анхбаяраас авсан тул цаашид ямар нэг нэхэмжпэх зүйлгүй, гомдол, саналгүй тул манай өмгөөлөгч болон бид шүүх хуралд оролцохгүй болно. Бидний зүгээс хүү Э.Булгантамирын биед учруулсан гэмтэлд дахин шинжээч томилох хүсэлт шүүхэд гаргасан боловч жолооч Б.Анхбаяртай эвлэрсэн тул шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй болно. Иймд Б.Анхбаяр, А.Ариунжаргал бид нар эвлэрсэн учраас Б.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Анхбаяр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 76 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг, “Тумбааш” дэлгүүрийн урд замд Н.Дөлгөөний эзэмшлийн “Тоуоta сresta” маркийн, 66-45 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Э.Булгантамирыг мөргөж, бие махбодид нь зүүн шаант, тахилзуур ясны өсөлтийн бүс дайрсан далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Булгантамир, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ариунжаргал, насанд хүрээгүй гэрч М.Бат-Оргил, гэрч М.Мөнх-Эрдэнэ, Ц.Буянхишиг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3563 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 0494 тоот дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 02132 болон 03039 дугаартай өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Анхбаярын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд Б.Анхбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Насанд хүээргүй хохирогч Э.Булгантамирын хууль ёсны төлөөлөгч А.Ариунжаргал нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд нийт 18 715 693 төгрөг гаргуулахыг хүсэж 3 215 693 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч хохирогч өөрөө эм, тариа авах, эмчилгээний төлбөрт 2 474 734  төгрөг зарцуулсан, шүүгдэгч түүнд 127 800 төгрөгийн эмчилгээний төлбөр, эм, тариа авч өгсөн нь нотлох баримтаар  нотлогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ариунжаргал нь шүүгдэгчтэй харилцан тохиролцож, хүү Э.Булгантамирын эмчилгээний нийт зардал, хохиролд 7 000 000 төгрөгийг түүнээс авч, цаашид ямар нэг нэхэмжпэх зүйлгүй, гомдол, саналгүй гэж сайн дураар эвлэрсэн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Анхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.