Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 270

 

                     А.Х, М.С нарт холбогдох эрүүгийн

                      хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч А.Х-ийн өмгөөлөгч Я.Съезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар магадлалтай, 1713000390108 дугаартай эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй Жантекей базархул овогт А.Х.

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, ял шийтгэлгүй, Молхы овогт М.С нар нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Х-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, 2 хүний биед хүнд хохирол, 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч М.С-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, 1 хүний биед хүнд хохирол, 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял, М.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял тус тус шийтгэж, А.Х, М.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ийн Голомт банкин дахь прокурорын 5805007969 тоот дансанд шилжүүлсэн 8.600.000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нурланбект олгуулах, шүүгдэгч нар хохирогч А.Төлеуд учирсан 4.775.487 төгрөгийг бүрэн төлж барагдуулсныг дурдаж,

шүүгдэгч М.С-ээс өмгөөллийн хөлс 300.000 төгрөг, шүүгдэгч А.Х-ээс 200.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нурланбект олгуулах,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нурланбек сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 30.000.000 төгрөг, хохирогч А.Төлеу цаашид гарах эмчилгээний зардлыг тус тус иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Х, М.С нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх бичсэн эсэргүүцэлдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар жолооч А.Х нь өөрийн Зил-130 маркийн тээврийн хэрэгслээр иргэн З.Бахытбекийн Зил-4502 тээврийн хэрэгслийг чирч замын хөдөлгөөнд оролцдог ба тухайн осол гарах үед З.Бахытбек нь тээврийн хэрэгсэл жолоодож, жолоочийн үүрэг хүлээгээгүй, жолооч А.Хийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр зорчиж явсан нь тогтоогдсон. Замын хөдөлгөөний дүрэмд жолооч гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хамааруулж ойлгоно гэсэн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-ын а) зам тээврийн ослын улмаас зогссон үед г) чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл ажиллахгүй /эсвэл байхгүй/ бол тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт ослын зогсолтын тэмдгийг байрлуулах үүргийг тээврийн хэрэгслийн хатуу холбоосоор чирч замын хөдөлгөөнд оролцсон жолоочид, өөрөөр хэлбэл жолооч А.Хт үүрэг болгожээ. Уг дүрмээр жолооч А.Х нь З.Бахытбекийн тээврийн хэрэгслийг хатуу холбоосоор чирч замын хөдөлгөөнд оролцсоноор уг тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдлыг хангаж, бусад замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслүүдэд аюул саад учруулахгүйгээр хөдөлгөөнд оролцох үүргийг хүлээсэн байна. З.Бахытбек нь тухайн осол гарсан нөхцөл байдалд замын хөдөлгөөнд жолоочийн үүрэг хүлээж оролцоогүй, зорчигчийн хувиар сууж явсныг шүүх үнэлээгүй байна. Гэрч З.Бахытбек нь холбогдох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байх тул түүнийг хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах үндэслэл байхгүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талууд шинжээчийн дүгнэлт болон гэм буруугийн асуудлаар ямар нэгэн маргаан гаргаагүй ба хэргийн холбогдогч А.Х, М.С, тэдний хууль ёсны өмгөөлөгч Я.Сьезд, К.Зулкаш нар ял хөнгөрүүлэх асуудлаар давж заалдах гомдол гаргасан байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, хэрэгт шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэлээ болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг ноцтой зөрчжээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Х-ийн өмгөөлөгч Я.Съезд хэлсэн саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа хэдий ч шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 Мөн шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Хэрэгт З.Бахытбекийг холбогдуулан шалгах хууль зүйн үндэслэл байхгүй. Тэрээр жолооны хүрдний ард байгаагүй учир Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч биш, жолоочийн үүрэг хүлээхгүй юм. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймгийн ерөнхий прокурор Т.Батсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.Х, М.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.Х, М.С нарын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч А.Х нь 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 22 цагийн орчим ЗИЛ-4502 маркийн 93-49 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн З.Бахытбекийн ЗИЛ-4502 маркийн 26-58 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирж явахдаа хатуу холбоос нь салж, чирэгдэж явсан тээврийн хэрэгсэл нь чирж явсан тээврийн хэрэгслээ мөргөж зогссон зайлшгүй зогсолтын үед зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж ослын зогсолтын тэмдгийг Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу даруй байрлуулаагүйн улмаас Истана маркийн 66-64 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь мөргөж, хохирогч У.Тилеудын биед хүндэвтэр хохирол, хохирогч А.Төлеу, М.С нарын биед хүнд хохирол учирч, хохирогч Х.Рысын амь нас хохирсон,

-шүүгдэгч М.С нь Истана маркийн 66-64 ХОҮ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа тээврийн хэрэгслийг хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хэмжээнээс хэтрүүлсний улмаас зам дээр мөргөлдсөн байдалтай зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, Истана маркийн автомашинд зорчиж явсан хохирогч У.Тилеудын биед хүндэвтэр хохирол, хохирогч А.Төлеугийн биед хүнд хохирол учирч, хохирогч Х.Рысын амь нас хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Х, М.С нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, нэг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг харгалзан шүүгдэгч А.Хийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 1 жил хорих ял, шүүгдэгч М.С-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч 2 жил хорих ял тус тус шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар дүгнэлтэд “Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Тилеухабылын 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. Истана маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой байна. Жолооч М.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт, жолооч А.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 болон 6.3 дахь заалтын В, Г заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна” /1-р хх-192/ гэж, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 11 дүгээр дүгнэлтэд “жолооч А.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дахь заалтыг зөрчиж, ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй байна. ...Жолооч М.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а-д заасан бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, 9.1-д заасан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна гэснийг зөрчсөн байна” /1-р хх-208/ гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

З.Бахытбекийг зам тээврийн осол гарахад шууд буруутай гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Х-ийн тээврийн хэрэгсэлд чирэгдэж явсан тээврийн хэрэгслийн жолооч З.Бахытбекийн үйлдэл, эс үйлдэхүй нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн зарчимд нийцэхгүй гэж үзнэ.

Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нурланбекийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад гаргасан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нурланбекийн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Мөн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида оролцсон байхад магадлалд прокурор Х.Өрен оролцсон гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын шүүгдэгч М.С-ээс өмгөөллийн хөлс 300.000 төгрөг, шүүгдэгч А.Х-ээс өмгөөллийн хөлс 200.000 төгрөг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч А.Х, М.С нарыг цагдан хорьж, тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                               Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН