| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0066/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Хохирогч Н.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч Д.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Дт холбогдох эрүүгийн 2424000370055 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , Х овогт Д.Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-уул багийн нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хэсгийн 4-441 тоот хашааны баруун талын асфальтан зам дээр 72-43 ЗАА улсын дугаартай “КІА CERES” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 15.8 дугаар заалт буюу “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас хохирогч Н.Эын жолоодож явсан “Super 5G gold” маркийн мотоциклтой мөргөлдөж улмаар Н.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Дын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-уул багийн нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хэсгийн 4-441 тоот хашааны баруун талын асфальтан зам дээр 72-43 ЗАА улсын дугаартай “КІА CERES” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 15.8 дугаар заалт буюу “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас хохирогч Н.Эын жолоодож явсан “Super 5G gold” маркийн мотоциклтой мөргөлдөж улмаар Н.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:
Хохирогч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн 34-06 ЗАЗ улсын дугаартай цагаан өнгийн “Super 5G Gold” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр цагдаагийн хэлтсийн зүүн хойд зам дээр ертөнцийн зүгээр урдаас хойшоо явж байсан. Гэтэл хойноос урагш чиглэлтэй эсрэг урсгалаас явж байсан 72-43 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн гар тийш буюу замын зүүн тал руу эргэх гээд дохиогоо өгөөд зогсож байсан. Би уг машиныг дохио өгсөн байгааг 8-9 метрийн зайд харсан. Би уг тээврийн хэрэгслийг намайг өнгөрөөгөөд зүүн гар тийш эргэх юм байна гэж бодоод эрчтэй явж байсан. Тэгээд хажуугаар нь өнгөрөх гэж байтал гэнэтхэн миний явж байсан хэсэг рүү орж ирээд намайг дайрч унагаасан. Уг машины баруун урд гупер хэсгээрээ миний зүүн талын гуя руу мөргөөд баруун толиороо миний зүүн талын шанаа, хацар хэсгээр мөргөсөн. Би тухайн үед доргилтоос хамгаалах малгайтай явж байсан. Машины жолооч нь би хараагүй чамайг мөргөөд унагаачихлаа эрүүл мэндтэй холбоотой бүх зардлыг төлж барагдуулна гэж хэлж байсан. Би 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хэвтэж эмчилгээ хийлгэж зүүн хөлдөө хагалгаа хийлгэсэн. Намайг Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж байхад Д.Д гэх хүн миний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Миний худалдаж авсан мотоцикл 2023 оны 05–р сард үзлэг оношилгоонд орсон байсан. Харин 2024 онд үзлэг оношилгоонд ороогүй байсан. Надад мотоцикл жолоодох “А” ангиллын жолооны үнэмлэх байхгүй. Миний мотоциклийн гэрэл, дохио, тоормос бүгд хэвийн ажиллаж байсан. Д гуай эхлээд 1,000,000 төгрөг, дараа нь миний данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэргэнцэрт суухаа болиод суга таяг ашиглаж байна. Биеийн байдал гайгүй байна. Толгой байнга өвдөж байгаа учраас өвчин намдаах эм ууж байна. Би уг хэрэгтэй холбогдуулан сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 45-50, 58-59/,
Насанд хүрээгүй гэрч И.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р сургуулиасаа гэр рүүгээ 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад Мөнгөн орой гэх нэртэй зоогийн газрын арын хэсэгт байх шороон замын уулзвар хэсэгт машин мотоцикл 2 мөргөлдсөн байсан. Тэгээд би тухайн ослыг харахад цэнхэр машины жолооч хөгшин ах нь их сандарсан байдалтай машиныхаа хажууд зогссон байхаар нь очоод цагдаа, эмнэлэг дуудсан юм уу гэж хөгшин настай ахаас асуухад дуудаагүй байгаа ахын дүү дуудчих гэж хэлэхээр би цагдаагийн 70468102 дугаар руу залгаж 12 цаг өнгөрч байхад дуудлага мэдээлэл өгсөн. Мөн би эмнэлгийн 70468103 дугаарт дуудлага мэдээлэл өгчхөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх 66-67/,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшил өмчлөлд 34-06 ЗАЗ улсын дугаартай “5G gold” маркийн цагаан өнгийн мотоцикл байсан. Би уг мотоциклоо 2024 оны 05 дугаар сарын эхээр байхаа Завхан аймгийн фейсбүүк зарын группүүдэд худалдахаар зар тавьсан. Тэгтэл миний тавьсан зарын дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын үл таних /Н.Э/ хүн надтай холбогдоод 2,200,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед үл таних хүн бид хоёрын аль аль нь ажил ихтэй байсан болохоор нэрийг нь шилжүүлж авч чадаагүй. Одоо миний нэр дээр бүртгэлтэй мотоцикл надаас худалдаж авсан хүний өмчлөлд бүрэн шилжсэн. Бидний дунд ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй. Миний мотоцикл одоо надаас худалдаж авсан хүний өмчлөлд байгаа байхаа. Уг мотоциклийг яахыг нь тэр хүн мэднэ. Би нэрийг нь шилжүүлж чадаагүй байгаа. Удахгүй түүний нэр дээр нэрийг нь шилжүүлж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх 69/,
Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “...72-43 ЗАА улсын дугаартай “KIA SEREC” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Дүвжирийн Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.8 “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна. 34-06 ЗАЗ улсын дугаартай 5G gold маркийн мотоциклийн жолооч Н.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага
хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчсөн байна. Уг зам тээврийн осолд замын байгууламж, тэмдэг, тэмдэглэл нөлөөлөөгүй гэж үзэж байна. 72-43 ЗАА улсын дугаартай КІА SEREC маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.8 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа /хх 112-114/,
2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 5-10/, мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-19/, мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-23/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч Д.Дын: “...Тэр өдөр бороотой байсан. Миний нүдний хараа муудаад мотоцикл ирж явааг харахгүйгээс болсон. Миний буруу...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.
1.3. Шүүгдэгч Д.Дын дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8625 дугаартай: “...Н.Эын биед зүүн дунд чөмөгний дээд 1/3-н зөрүүтэй ташуу далд хугарал, зүүн алганд язарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, нүдний гадна өнцөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн /хх 78-79/ дүгнэлтээр тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Д.Дт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Д.Д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.8-р заалт буюу “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж зам дагуу хөдөлгөөнд оролцож явсан хохирогч Н.Эын жолоодож явсан “Super 5G gold” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байна.
Шүүгдэгч Д.Дын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.8-т “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Иймд прокурорын газраас шүүгдэгч Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Дын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Тиймээс шүүгдэгч Д.Дыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хүлээсэн байна.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Дын үйлдлийн улмаас хохирогч Н.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
4.1. Хохирогч Н.Эд хохирол төлбөрт нийт 6,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь Д.Дын ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д нь хохирогч Н.Эыг Улаанбаатар хотоос Тосонцэнгэл суманд байрлах гэрт нь хүргэж ирэх зардалд 600,000 төгрөгийг жолооч буюу төрсөн хүүхдийн дансанд шилжүүлсэн болох нь Д.Дын ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Н.Э нь эхнэрийн хамт Д.Дын хүүхдээр Тосонцэнгэл суманд хүргүүлж ирсэн үйл баримтын талаар маргаагүй байна.
Иймд хохирогч Н.Эд хохирол төлбөрт 6,600,000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.
4.2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.
Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг төлүүлэх жишиг аргачлал”-ыг баталсан байх ба аргачлалын 2.1 дэх хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй байхыг ойлгоно” гэжээ. Журмын дөрөвт: Нөхөн төлбөр тооцох аргачлал хүснэгтэд “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг”-ийг “гуравдугаар зэрэглэл, хувь хэмжээг 9-15 хувь байхаар, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор журамлажээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооно.
Уг дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж, 2.3 дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж зааснаар мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар хохирогч Н.Эын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон байх боловч сэтгэц эмгэгийн ямар хохирол учирсныг 3 дугаар зэрэглэлээр тогтоож байгаа талаар мөрдөгч магадалгаандаа тусгаагүй байх тул мөрдөгчийн магадалгааг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг тогтоох үндэслэлгүй байна.
Ийм учраас хохирогч Н.Эын сэтгэцийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүйгээр орхиж тэрээр холбогдох баримтаа бүрдүүлж, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Д.Дт холбогдуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээв.
4.4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заажээ.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Д.Цэндсүрэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Эын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 5,951,141 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсныг нэхэмжилжээ.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Д.Цэндсүрэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Эын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 5,951,141 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсныг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтуудыг нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Н.Э нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тус тус үзүүлсэн, алсын дуудлага, мэс заслын талаар хүснэгтийг ирүүлсэн байх боловч ямар тусламж, үйлчилгээ үзүүлсэн энэ нь шүүгдэгч Д.Дын үйлдэлтэй холбоотой болох нь тодорхойгүй буюу энэ талаарх нотлох баримтуудыг ирүүлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, ...болно” гэж заажээ.
Иймд иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Д.Цэндсүрэн нь Н.Эын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 5,951,141 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаар нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Д.Дт холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Тиймээс шүүгдэгч Д.Д нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; …болно” гэж заажээ.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, тэрээр 76 настай нөхцөл байдлыг тус тус харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч Д.Дыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх дүгнэлтийг гаргасан болно.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Серес маркийн 72-43 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толины хугархай 1 ширхэг, мотоциклийн баруун талын дохионы гэрлийн хагархай 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хяналтын камерын бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөр 6,600,000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч Н.Эын цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Д.Дт холбогдуулах нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын сангийн 5,951,141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүйгээр орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Серес маркийн 72-43 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толины хугархай 1 ширхэг, мотоциклийн баруун талын дохионы гэрлийн хагархай 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, CD-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонссоноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөсөө хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ