| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/00030/И |
| Дугаар | 142/ШШ2022/00502 |
| Огноо | 2022-04-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2022/00502
,
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зүүн дэнж ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Х.*******,
Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.
Уг хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ар гэрт нь гачигдал гарсны улмаас шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хүрэлбаатар овогтой ******* нь Н.*******д зодуулсны улмаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын эрүүгийн цагдаагийн хэлтэс дээр эрүү үүсгэн шалгагдаж Прокурор луу шилжин шалгагдаж байгаад хаагдсан. Прокурор дээр хэрэг хаагдах болсон шалтгаан нь яллагдагч насанд хүрээгүй гэж үзсэн. Гэхдээ Н.******* нь надад учирсан бүх хохирлыг барагдуулна гэж хэлсэн, гэхдээ Н. ******* нь одоог хүртэл холбогдохгүй байгаа. 2021 оны 06 сарын 15-нд Н.******* болон 4 хүүхэдтэй муудалцаад, Н.******* миний шүд рүү каскаар цохин гэмтэл учруулсан. 7 шүдэнд гэмтэл учирсан, 4 шүдэнд эмчилгээ хийлгээд, 3 шүдээ авахуулсан. Иймээс 3 шүдээ хийлгэх хэрэгтэй байгаа. Би хувиасаа мөнгө гаргаж өөрөө хийсэн төлбөр нь 700 гаруй мянган төгрөг болсон, мөн Улаанбаатараас наашаа наашаа ирж эмчилгээ хийлгэж байгаа ирж очих зардал 100,000 төгрөг болсон, сэтгэл санааны хохирол зэрэг төлбөрийг нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардалд 7,000,000 гаруй төгрөг гарсан байгаа, нэг шүдэнд 2,500,000 төгрөгөөр инплант хийлгэх шаардлагатай байгаа,. 2 шүдэнд инплант хийгээд, 1 шүдэнд бүйлс хийлгээд шүд хийлгэнэ гэсэн тодорхойлолт эмнэлгээс гарсан. Гэмтлийн улмаас миний буйл байхгүй болчихсон. 3 шүдэнд бүйлс хийлгэнэ, нэг шүдний 900,000 төгрөг, нийт шүдний эмчилгээний зардалд 7,800,000 төгрөг нэхэмжилж байгаа, нэхэмжилж байгаа үнийн дүнгийн үлдсэн хэсэг нь ирж, очих зардал, сэтгэл санааны хохирол зэрэг ороод нийт 10,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
2.Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Наранбаяр овогтой *******д иргэний хэргийн хариуцлагаар төлбөр төлөхөөр нэхэмжлэл гаргасан байна. Н.******* нь ам бүл 8-уулаа аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Тодорхой ажил эрхэлдэг хүн байхгүй. Аав нь элэгний өвчтэй, ээж нь хувийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд биеийн байдлын улмаас ажлаас чөлөөлөгдсөн юм. Дүү нар нь бүгд сургууль, цэцэрлэгт явдаг. Өрхийн орлого хүүхдийн 600,000 төгрөгнөөс өөр орлогогүй, амьжиргааны доод түвшинд амьдардаг юм. Иймд Х.*******гийн нэхэмжилсэн төлбөрийг төлөх ямар ч боломжгүй болно. Тэгээд өөрөөсөө дүү хүүхдүүд дээр өөрөө очиж хэрүүл өдөж, миний хүүгийн найзын толгойн тус газар нь каск эвдэртэл цохиж, миний хүү найзыгаа өмөөрч ийм байдалд хүрсэнд маш их харамсалтай байна. Манай хүүхэд 2020 оны 06 сарын 15-нд Өнчин цагааны барилга дээр ажиллаж байгаад хашаанаас гараад 3 найзтайгаа хамт хоол идээд сууж байхад Х.******* араас нь гарч ирээд зохисгүй яриад байхаар нь манай хүү болон найзууд нь чи битгий муухай юм яриад бай ор гэхэд, миний юу ярихыг та нар заах юм уу гээд манай хүүхдийг заамдаад босоод ирсэн гэсэн. Тэгэхээр нь найзууд нь боль ингэж болохгүй чи зүгээр ор гээд нэг хүүхэд нь Х.*******ий нуруун дээр нь зөөлхөн цохиод миний найз ор гэхэд, миний нуруунд хүрдэг хэн бэ, чи гээд каскаа эвдэртэл найзынх нь толгойг цохисон байсан. Тэгээд манай хүүхэд каскаа барьсан байж байгаад найзыгаа өмөөрөөд савахад нэхэмжлэлийн шүдэн тус газар нь оногдсон байгаа юм. Өөрөө бол хэрүүлийг өдөж эхэлсэн, зодооныг ч гэсэн өөрөө эхлүүлсэн. Өөрөөсөө дүү хүүхдүүдтэй зохисгүй яриагаар яриад, эд нар нь өмнө нь цуг ажиллаж байсан ажлынхаа юмыг яриад инээлдээд сууж байхад өөрөө гарч ирээд өөр утга учиргүй том хүний яриагаар яриад янз бүрийн юм ярьсан байсан. Тэгээд боль гэхээр та нар заахгүй гээд манай хүүг хоёулаа ийшээ гараад нэгэлчихье, үзэлцчихье гэсэн байсан. Миний нуруунд хэн ч хүрэхгүй гээд тэр хүүхдийн толгой руу нь цохиход тар хүүхэд нь касктай байсан тулдаа толгойдоо гэмтэл аваагүй, гэхдээ манараад нэлээн зогссон, цохисон каск нь эвдэрсэн байгаа. Төлбөрийн хувьд инженер залуу н.Эрхэмбаяр нь эхний эмчилгээний зардлыг төлж өгсөн. Өмнөх өдөр нь гэмтэл гараад маргааш нь инженер залуу над дээр ирээд хүүхдүүд ийм хэрэг хийсэн байна. Нийгмийнхээ хариуцлагын хүрээнд гарч байгаа зардлыг би даая гээд сувгийн эмчилгээний 120,000 төгрөг шүд авахуулсан 500,000 төгрөг гэх мэт мөнгийг инженер залуу өөрөөсөө гаргасан Миний хувьд шүдний зураг авахуулах шаардлагатай гээд 35,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжилж байгаа 10,000,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй, манай нөхөр элэгний өвчтэй, би өөрөө ажилгүй хүүхдийнхээ 600,000 төгрөгөөр амьдардаг гэв.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Орхон аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, Эрдэнэ дент шүдний эмнэлгийн эмчилгээ, үзлэг хийсэн талаарх баримт, шүдний компьютер томограф хийлгэсэн зургийг СД-нд хуулбарлан гаргаж өгсөн,
Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөс: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт, Н.*******ын төрсний гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх: хариуцагч талын хүсэлтээр Орхон аймгийн “Эрдэнэ дент” шүдний эмнэлгээс ******* овогт ******* ******* /*******/-ийн эмчлүүлсэн талаарх баримтыг гаргуулсан.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүх болон шүүх хуралдаанд гаргасан.
3. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Н.******* нь 2005 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 16 настай Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний хууль ёсны төлөөлөгчөөр эх ыг томилж оролцуулсан.
Н.******* нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Twin tower” барилгын гадаа нэхэмжлэгч Х.*******гийн нүүрэн тус газарт нь хамгаалалтын каскаар цохиж “Х.*******гийн гурван шүд унасан, шүднүүдийн сурвалж хэсгийн цууралт, цөгцөн хэсгийн хугарал...” гэмтэл буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад бүрдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “яллагдагч Н.******* нь ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 38 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Н.*******аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
5. Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...шүдний эмнэлэгт очиж үзүүлэхэд миний нэлээд олон шүд гэмтэл авч, хөдөлсөн байсан... эмчилгээ хийлгэсэн болон цаашдаа шүдэнд хийлгэх эмчилгээний зардал төлбөрт нийт 7.890.000 төгрөг, нааш цааш явах унааны зардал, сэтгэл санааны хохиролд 2110000 төгрөг, нийтдээ 10.000.000 төгрөгийг гаргуулна...” гэж тайлбарладаг.
6. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ“...Х.******* нь өөрөөсөө дүү хүүхдүүд дээр өөрөө очиж хэрүүл өдөж, миний хүүгийн найзын толгойн тус газарт каск эвдэртэл цохиж, миний хүү найзыгаа өмөөрч ийм байдалд хүрсэнд маш их харамсалтай байна. Ам бүл олуулаа, аав нь өвчтэй, хүүхдийн 600,000 төгрөгнөөс өөр орлогогүй амьжиргааны доод түвшинд амьдардаг...нэхэмжилсэн төлбөрийг төлөх ямар ч боломжгүй болно....” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.
7. “Эрдэнэ дент” шүдний эмнэлгээс шүүхэд ирүүлсэн баримтаар Х.******* нь уг эмнэлэгт 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үзүүлэхэд үзлэгээр 11, 12, 21, 22, 31, 32, 33-р шүднүүд гэмтэл авсан, 21-р шүд нь 3-р зэргийн хөдөлгөөнтэй, 11, 12, 22-р шүднүүд цөгцөн хэсэг нь цуурсан, 2-р зэргийн хөдөлгөөнтэй, 32-р шүд цөгцөн хэсгээр хугарсан, рентген шинжилгээгээр 12, 21, 22, 31, 32, 33-р шүднүүд сурвалж хэсгээрээ хөндлөн цуурсан байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 18-нд эмчилгээг эхлүүлж 11, 12, 31, 32, 33-р шүднүүдэд сувгийн эмчилгээ хийж бэхэлгээ хийн 6 сар хянаж үзэх, 21, 22-р шүдийг авсан, 32-р шүдийг бүрээсээр сэргээх, эмчилгээ хийгээд үр дүнгүй байсан болохоор 12-р шүдийг авсан.
Төлбөрт 11, 12, 31, 32, 33-р шүдэнд сувгийн эмчилгээ хийхэд нэг шүд нь 100000 төгрөг буюу нийт 500000 төгрөг, 21, 22-р шүд авахад 40000 төгрөг, бэхэлгээ хийхэд 120000 төгрөг, нийт 660000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд уг эмчилгээний төлбөрийг нэхэмжлэгч, хариуцагч нарын ажиллаж байсан барилгын инженер Б.Эрхэмбаяр төлсөн болох нь зохигчийн тайлбар, прокурорын тогтоолоор тогтоогдож байна.
Мөн эмнэлэгт 2021 оны 12 дугаар сарын 18-нд давтан үзлэг хийлгэж бэхэлгээнүүдийг авахуулсан, бэхэлгээг авахад 31, 32-р шүднүүд их хөндүүртэй, 41-р шүд бага зэргийн хөндүүртэй байсан, нэхэмжлэгч Х.******* компьютер томограф 130000 төгрөгөөр хийлгүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
Цаашид нэхэмжлэгч Х.*******гийн “41, 32-р шүднүүдийн сурвалжийн оройг тайрах шаардлагатай, үрэвслийн улмаас 12-р шүдэнд имплант хийх боломжгүй болсон тул дээд 3 шүдэнд гүүрэлсэн хэлбэрээр шүднүүдийг сэргээх” эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь Эрдэнэ дент шүдний эмнэлгээс ирүүлсэн баримтаар тогтоогддог.
8. Харин нэхэмжлэгч Х.******* нь эмчилгээ хийлгэсэн болон цаашдаа шүдэнд хийлгэх эмчилгээний зардал төлбөрт нийт 7.890.000 төгрөг, нааш цааш явах унааны зардал, сэтгэл санааны хохиролд 2110000 төгрөг, нийтдээ 10.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, дээрх шаардлагаа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна.
9. Иймд Х.*******гийн компьютер томограф хийлгэсэн 130000 төгрөгийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,870,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10. Нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч аас 130,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,870,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосгуай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Ц.ДАГИЙМАА