| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0224/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/250 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/250
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Хохирогч А.Е-н өмгөөлөгч Л.Э-,
шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А-,
шүүгдэгч Н.З-, Т.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Н-ын З-, Молхы овогт Т- нарт холбогдох эрүүгийн 2413000000268 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Д- сумын 4 дүгээр /Чихэртэй/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М овогт Н-ын З-, регистрийн дугаар: БЖ............;
2. Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д- суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Д- сумын 4 дүгээр /Чихэртэй/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Молхы овогт Т-, регистрийн дугаар: БЖ.............;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.З- нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт шалтаг шалтгаангүйгээр хохирогч Т.А-ын толгой хэсэгт чулуугаар цохиж биед баруун чамархай хэсгийн оёдолтой шархтай, дагзны хаван хавдар гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.Н- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт өөрийн хүүгээ өмөөрч хохирогч А.Е-н нүүр болон толгой хэсгийг чулуугаар цохиж биед дээд уруулын оёдолтой шарх, хаван хавдар, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний 3/1-ээр хугаралтай, нэг шүдний үзүүрээр паалангийн хугарал, хамрын ясны хугарал, таславчны мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.З-, Т.Н- нарт холбогдох хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.З- нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт шалтаг шалтгаангүйгээр хохирогч Т.А-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.Н- нь тухайн өдөр хохирогч А.Е-г зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч, хохирогч нар бие биеэ танихгүй. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн өдөр Баян-Өлгий аймгийн Д- сумд морь уралдсан. Шүүгдэгч нар ямар нэгэн шалтгаангүйгээр бусад хүмүүстэй андуурч хохирогч нарыг зодсон үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч нарын биед учирсан гэмтлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл тогтоогдсон. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Н.З-, Т.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тухайн хохирлоос үүдэлтэй гарсан хор уршгийг хохирогч нар нэхэмжилж байгаа. Хохирогч А.Е- нь Улаанбаатар хотод очиж шүд хийлгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож байна. Хохирогч Т.А- нь эрүүл мэндэд нь учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгээгүй ба ямар нэгэн хор уршиг нэхэмжлээгүй. Хохирогч нар сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Хохирогч А.Е- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгсөн ба 5,175,000 төгрөг нэхэмжилж байгаа гэдгээ хэлж байсан. Хохирогч А.Е- нь шүдний суурийг хийлгэж ирсэн гэж байна. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө 1,739,000 төгрөгийн үнэ бүхий 37 ширхэг НӨАТ-ын баримтыг гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 37 ширхэг НӨАТ-ын баримтаас харахад нийтдээ 6 ширхэг НӨАТ-ын баримт эмчилгээтэй холбоотой гарсан хор уршиг гэж үзэхээр байна. Шатахуун, хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан баримтууд байсан. Эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотод очсон уу? ямар тээврийн хэрэгслээр хэдэн төгрөгийн зардлаар очсон болох нь тодорхой бус байна. Хүн гэмт хэргийн хохирогч болж эрүүл мэндэд нь хохирол учирсан ч гэсэн хоол иддэг. 37 ширхэг НӨАТ-ын баримтаас 6 ширхэг НӨАТ-ын баримт буюу 307,050 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой учирсан хохирол гэж үзэхээр байна. Т.А- нь хохирол нэхэмжлээгүй учраас шүүгдэгч Н.З-аас гаргуулах хохирол төлбөргүй. Шүүгдэгч Т.Н-аас 5,175,000 төгрөг, мөн өнөөдөр гаргаж өгсөн баримтуудыг үндэслээд 307,050 төгрөг нийтдээ 5,482,050 төгрөгийг гаргуулж хохирогч А.Е-д олгуулах саналтай байна. Хохирогч нар болон өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тухайн аргачлалыг тогтоосон. Хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалаар 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа. Төлөгдөх үнийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүртэл сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжтой. Шүүгдэгч нарын тус бүрээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу шүүгдэгч Н.З-аас 3,300,000 төгрөгийг хохирогч Т.А-д, шүүгдэгч Т.Н-аас 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Е-д олгуулах саналтай байна. Хохирогч Т.А- нь би эмчилгээ хийлгээгүй дараа нь ямар нэгэн байдлаар эмчилгээ хийлгэж магадгүй гэж байна. Хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол 21 хоногт арилдаг. Тухайн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан. Өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгээгүй. Хохирогч Т.А-ын иргэний журмаар жичтэй нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч А.Е- нь шүдний суурийг хийлгэсэн ба дараа нь шүдээ хийлгэнэ гэдгийг илэрхийлсэн. Хэрэгт авагдсан эмчийн баримтаас харахад дээрх нөхцөл байдлыг бичиж өгсөн байна. Эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад гарсан зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Хохирогч А.Е- нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ногоогоо хурааж чадаагүй хохирол, хор уршгийг нэхэмжилнэ гэж байна. Ямар нөхцөл байдлаар ажилладаг нийгэм даатгал, татвар төлдөг үү? тухайн цаг хугацаанд ажилласан уу? ажиллагаагүй юу? гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоох боломжгүй. Хэрэг прокурорт 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ирж хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хохирогч А.Е-той холбогдож чадаагүй. Хохирол, хор уршгийн баримтын талаар асуух гэж олон удаа залгасан. Тухайн үед хохирогч А.Е- нь талбайд байгаа утас нь холбогдохгүй байгаа нөхцөл байдлыг танилцуулсан. Ногоо тарьсан боловч ашгийг нь хүртэж чадаагүй гэх нөхцөл байдалтай холбоотой гаргуулах хохирол төлбөр байхгүй” гэв.
2. Шүүгдэгч Н.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Санамсаргүй болсон асуудал. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хохирлыг төлж өгнө” гэв.
3. Шүүгдэгч Т.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Морины барианд хохирогч нарт гар хүрсэн маань үнэн. Миний буруу. Гарсан хохирлыг төлж өгнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр архи уугаагүй байсан. Хохирогч нартай уулзахад 10,000,000 төгрөг нэхэмжилж байсан учраас хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу төлж өгнө. Шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрнө. 2 морь зэрэгцэж явж байхад хохирогч нар албаар ачааны машинаар дунд нь орсон ба энэ талаарх бичлэг байгаа. Шаардлагатай гэвэл бичлэгийг үзүүлж болно. Тэрнээс болж хэрүүл маргаан гарсан. Хуулийн дагуу хохирлыг төлж өгнө” гэв.
4. Хохирогч А.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр зодоон болсон. Юунаас болж зодон гарсныг ойлгоогүй. Би хүн танихгүй юм чинь Т.А-ыг зодсон хүнийг цагдаа ирэх хүртэл барьж зогсож байсан. Цагдаагийн албан хаагч нар ирээд над хүнийг танина гэсэн тул тавиад явуулсан. Түргэний машинаар Д- сумын эмнэлэгт очиж 5 оёдол тавиулсан. Тухайн өдөр орой Цагдаагийн газарт байсан. Шүүгдэгч нар ирээгүй. Таних хүн байхгүй. Машин байхгүй байсан. Машин олж аваад аймагт явах гэж байхад Н.З- ирж хамт явъя гэж хэлээд хамт аймагт ирсэн. Аймагт ирэхэд шүүгдэгч нар эмнэлэгт үзүүлсэн. Маргааш нь Ховд аймагт явсан. Зодоон болж өнгөрсөн ба ногоо тарих ажилтай гэж хэлсэн. Н.З- нь ажилд чинь тусалъя гэж хэлсэн. Хэзээ ирэх вэ гэж шүүгдэгч нар луу залгасан. Ирнэ гэж хэлсэн боловч ирээгүй алга болсон. Анх чи эмнэлэгт үзүүлээд аваарай би чиний арын ажлыг хийнэ гэж хэлсэн. 7 хоног гэрээс гарч чадахгүй нүүр маань хавдаж гэртээ байсан. Баян-Өлгий аймагт ирсэн боловч эмнэлэг нь үзээгүй. Дахиад Ховд аймагт очиж эмнэлэгт үзүүлсэн. Хоол идэж чадахгүй 1 сар өнгөрсөн. Тухайн үед шингэн зүйл угаад байсан. Шүүгдэгч нарт би өөрөө залгаж Улаанбаатар хотод явах гэж байгаагаа хэлсэн. Миний арын ажлыг хийж өгөөрэй би нэг хүн олоод өгье гэж хэлсэн. Улаанбаатар хотод очих үед шүүгдэгч Х.Н-ын охин эмнэлэгт нэг өдөр хамт явж үзүүлсэн боловч маргааш нь алга болсон. 1, 3 дугаар эмнэлэгт очсон боловч шүдний эмч байхгүй болохоор нь хувийн эмнэлэгт үзүүлсэн. 2 шүд маань хугарсан тул шүдээ авхуулж суурийг нь хийлгэсэн ба шүдээ одоо хүртэл хийлгээгүй байгаа. Суурь нь бэхжихээр шүд хийлгэдэг юм байна. Улаанбаатар хот ороход такси авсан ба энэ үед баримт авч чадаагүй. Улаанбаатар хотод очсон боловч газар мэдэхгүй, хүн танихгүй болохоор такси авсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж дүгнэлт гарсан ба анхны шинжээчийн дүгнэлттэй зөрж байгаа гэдгийг мөрдөгчид хэлж дахин шинжээч томилж өгөөч гэж хэлсэн. Тухайн үед өмгөөлөгч аваагүй хууль мэдэхгүй байсан. Мөрдөгчид энэ талаар хэлж байсан. Сэтгэл санааны болон материаллаг хохирол нэхэмжилж байна. Инплант шүд хийлгэх ба 5,000,000 төгрөг гарч байгаа. Шүдний төлбөрийн тал мөнгийг өгсөн ба талыг нь өгөөгүй. Шүдний суурийг суулгасан ба шүдээ суулгах үед үлдсэн төлбөрийг нь төлөхөөр болсон. 2 шүдний суурийг суулгах үед 2,500,000 төгрөг төлсөн. Шүдээ хийлгэх үед үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлөхөөр болсон. 2 шүд нийтдээ 5,000,000 төгрөг болж байгаа. Бензин, хоол, таксины мөнгө гарч байгаа. 2 шүд 5,000,000 төгрөг, бусад зардалд 1,000,000 төгрөг гарч байгаа. Би зээл авч ногоо тарьсан. Банканд байгаа зээлийг төлөхөд болно. Жил болгон ногооноос 80,000,000 төгрөгийн орлого олдог байсан. Хохиролд 17,000,000 төгрөг нэмж нэхэмжилж байна. Энэ жил ногоо аваагүй” гэв.
5. Хохирогч Т.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Машины сүүдэр дээр хэвтэж байхад машиныг өшиглөж чулуугаар цохисон. Миний толгой хагарч цус гарч толгойгоо бариад сууж байсан. Дараа нь цагдаа нар ирж асуудлыг зохицуулсан. Шүүгдэгч нар уучлалт гуйвал уучлалт өгнө гэж хэлсэн. Шүүгдэгч нар ирж уучлалт гуйгаагүй. Миний зургийг хаанаас харсныг мэдэхгүй эцэг, эх маань цустай байсан зургийг маань хараад дараа нь 2-3 жилийн дараа чиний эрүүл мэндэд асуудал гарвал хэн хариуцах вэ гэж хэлснээр гомдол гаргасан. Шүүгдэгч нар залгаж холбоо бариагүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа” гэв.
6. Хохирогч А.Е-н өмгөөлөгч Л.Э- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Улаанбаатар хотод удаа дараа очиж эмчилгээ хийлгэж ирсэн. Яллах дүгнэлт үйлдэгдэх үед шүүгдэгчээс 5,000,000 төгрөг нэхэмжилсэн баримтаа гаргаж өгсөн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 37 ширхэг НӨАТ-ын баримтыг гаргаж өгсөн. Харагдахгүй байгаа хэсгийг хасаж тооцсон. Улсын яллагч нь хохирогч шатахуун авч хашаа явсан нь тодорхой бус гэж байна. Улсын яллагчийн саналтай санал нийлэхгүй байна. Гэмтэл авч Т.Н-ын буруутай үйл ажиллагаанаас болж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явсан тухай баримтууд авагдсан. Хохирогч А.Е- нь 6,364,480 төгрөг нэхэмжилж байгаа. Улсын дээд шүүхийн тогтоосон зааврын дагуу хохирогч А.Е-н эрүүл мэндэд учирсан хохирол нь 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа гэж үзэж сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Улсын яллагчийн зүгээс сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахих нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох олгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар хохирогч нартай уулзаж, уучлалт гуйгаагүй. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлан ойлгохгүй байгаа нөхцөл байдал харагдаж байгаа. Хохирогч А.Е- нь миний ажилд туслаад өгвөл гомдол, саналгүй гэдгээ илэрхийлж байсан. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,19 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгөхийг хүсье...” гэв.
7. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн маргаангүй. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. А.Е- нь нийтдээ 23,364,480 төгрөг нэхэмжилж байгаа ба үүнээс 17,000,000 төгрөгийн зээлийг төлүүлж авах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Тариалангийн асуудалтай холбоотой хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй тул энэ талаарх улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хохирогч А.Е- анх 5,175,000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс 2,500,000 төгрөгийг төлж өгсөн. 1,364,480 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгч байна. Энэхүү баримттай бид нар танилцаагүй. 37 ширхэг НӨАТ-ын баримттай улсын яллагч танилцаж 307,050 төгрөг гаргуулах боломжтой гэж тайлбарласан. Шүүгдэгч нар гэм буруутай байсан ч бодит хохирлыг төлөх ёстой. Таксины мөнгө, шатахууны үнэ нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч нар сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохиролтой холбоотой улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлт гарсан ба хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа гэж ойлгож байна. Сэтгэл санааны хохиролд хохирогч нарын тус бүрд 3,300,000 төгрөг төлж өгөхөд татгалзах зүйлгүй. Шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлж өгөх болно. Т.А- нь сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн тул Н.З- нь сэтгэл санааны хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Т.А-ын иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байх. Х.Н-ын төлөх төлбөр нь 5,175,000 төгрөг гэж үзэж байна. Сэтгэл санааны хохиролд 3,300,000 төгрөг төлж өгөхөө илэрхийлж байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413000000268 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
8. Иргэн А.Е-доос 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
9. Хохирогч А.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
10. Хохирогч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
11. Гэрч Ш.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
12. Гэрч К.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
13. Гэрч Ө.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
14. Баян-Өлгий аймгийн Шүүх шинэжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 516 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
15.Баян-Өлгий аймгийн Шүүх шинэжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 517 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
16. Шүүгдэгч Н.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
17. Шүүгдэгч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-68 дахь тал/ зэргийг,
18. Хохирогч А.Е-н өмгөөлөгч Л.Э-ээс: “Хавтаст хэргийн 29-30 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан компьютер томографын шинжилгээ хийлгэсэн баримт, хавтаст хэргийн 90-92 дугаар талд авагдсан хохирлын баримт, эмчийн үзлэгийн тэмдэглэл, 37 ширхэг НӨАТ-ын баримт” зэргийг,
19. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас: “Гэрч Ш.Е-ы мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
20. Шүүгдэгч Н.З-, Т.Н-, хохирогч А.Е-, Т.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
21.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
22. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Н.З-, Т.Н- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
23. Шүүгдэгч Н.З- нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт шалтаг шалтгаангүйгээр хохирогч Т.А-ын толгой хэсэгт чулуугаар цохиж биед баруун чамархай хэсгийн оёдолтой шархтай, дагзны хаван хавдар гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.Н- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт өөрийн хүүгээ өмөөрч хохирогч А.Е-н нүүр болон толгой хэсгийг чулуугаар цохиж биед дээд уруулын оёдолтой шарх, хаван хавдар, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний 3/1-ээр хугаралтай, нэг шүдний үзүүрээр паалангийн хугарал, хамрын ясны хугарал, таславчны мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
24. Иргэн А.Е-доос 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
25. Хохирогч А.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Д- сумын Улсын баяр наадам болох учраас миний бие Т.А-, К.Ж- нарын морийг уралдуулах зорилготой очсон. Тухайн өдөр бид хээр Д- сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хонож байгаад 11-ний өдөр өглөө 8 цаг өнгөрөөд тухайн сумын баяр наадам болох морь барианы газарт очсон. Би тухайн баяр наадамд өөрийн нэрээр дүү Ж-ы нэрээр 1 даага уралдуулсан. Харин надтай хамт очсон Т.А- шүдлэн болон хязаалан насны тус бүр нэг адуу, К.Ж- шүдлэн насны 1 адуу уралдуулсан. Улмаар тухайн баяр наадамд миний уяж уралдуулсан даага айргийн 3-т хурдалж, Ж-ийн уяж уралдуулсан шүдлэн айргийн 5, А-ын уясан бор халзан шүдлэн 6-д тус тус хурдалсан. Тухайн наадмын их насны буюу хамгийн сүүлийн насны морь уралдаж эхний 20-иод морь барианд ирсэн хойно тухайн морь барианы газарт бид 3 машины сүүдэрт сууж байхад манай машинд хэн нэгэн жолооч талаас чулуу шидсэн. Улмаар бид гайхаж босоход үл таних цагаан фудболктой 20-25 орчим насны эрэгтэй хүн А-ыг ямар нэгэн шалтгаангүйгээр гартаа чулуу барьж ирээд толгой тус газарт нь 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд би тухайн цагаан фудболктой үл таних залууг барьж үйлдлийг нь таслан зогсоох оролдлого хийсэн. Тэгж байхад тухайн цагаан фудболктой залуугийн аав нь гэх хар цамц юм куртиктэй бор царайтай 50 орчим насны хүн ирж ямар нэгэн шалтгаангүйгээр, юм хэлэхгүйгээр миний уруул хэсэгт чулуугаар 1 удаа хүчтэй цохиж, түүний цагаан фудболктой залуу миний нуруу, баруун суга орчимд гараараа 1 удаа цохисон. Харин аав нь гэх хүн хөлөөрөө нуруу хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тухайн үед тэр зодоон хийж байгаа хүмүүстэй хамт ирсэн М- гэх залуу бидэнтэй хамт явсан Ж-ийн толгой хэсэгт мөн чулуугаар нэг удаа цохисон. Надад харин М- гар хүрээгүй юм. Тухайн үед хэргийн газарт байсан хүмүүс намайг зодсон хүнийг Н-, цагаан фудболктой залууг З-, харин Ж-ийг цохисон залууг М- гэж дуудаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
26. Хохирогч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид 3 машины сүүдэрт сууж байхад үл таних хэдэн хүмүүс машин руу чулуу шидсэн. Тэгээд би гайхаж босоход цагаан фудболктой 20-25 орчим насны эрэгтэй хүн ямар нэгэн шалтгаангүйгээр миний толгой хэсэгт чулуугаар нэг удаа хүчтэй цохисон. Улмаар миний толгойноос цус гарсан. Тухайн үед миний хажууд байсан Е- тухайн цагаан фудболктой залууг барьж аваад үйлдлийг нь таслан зогсоосон. Тэр үед тухайн залуугийн аав нь гэх 50 орчим насны хар өнгийн хувцастай эрэгтэй хүн ирж Е-н уруу орчимд чулуугаар нэг удаа цохисон. Тухайн үед Е-н уруулны дээд хэсэг урагдаж шүд нь хугарч цус гарсан. ... бас нэгэн М- гэх залуу бидэнтэй хамт байсан Ж-ийн толгой хэсэгт чулуугаар мөн нэг удаа цохисон. Харин түүний толгойноос цус гараагүй хавдсан байдалтай болсон. Улмаар тухайн газарт олон нийтийн цагдаа нар ирж биднийг салгасан. Тэгээд сумын төвд очиж эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан. М- гэх залуу надад болон Е- нарт гар хүрээгүй, харин Ж-ийг нэг удаа толгой хэсэгт чулуугаар цохисон. Цагаан фудболктой залуу харин Е-д гар хүрээгүй, зөвхөн түүний аав гэх хүн чулуугаар түүний уруу хэсэгт цохисон. Тухайн асуудлаас болж миний толгой гэмтэж оёдол тавиулсан болон сэтгэл санааны хохирол учирсан. Тухайн үед хэргийн газарт байсан хүмүүс намайг зодсон хүнийг Н-, цагаан фудболктой залууг З-, харин Ж-ийг цохисон залууг М- гэж дуудаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
27. Гэрч Ш.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би хамт үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа К.С-ыг дагуулж тухайн газарт очиход тус сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Н- нь Ховд аймгаас ирж морь уралдуулж байсан Е- гэх залуу руу чулуу авч дайран хамар тус газар 1 удаа хүчтэй цохисон ба бид очоод үйлдлийг нь таслан зогсоож салгасан. Тэгж байхад Тухайн Нруболатын хүү З- тухайн Е-н хажууд хамт явж байсан А- гэх мөн Ховд аймгаас ирж морь уралдуулсан залууг ямар нэгэн үг хэлэхгүйгээр чулуу авч толгой хэсэгт 1 удаа цохиод авсан. Тухайн үед А- болон Е- нарын толгой болон хамар хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Бид тухайн хүмүүсийг авч албаны тээврийн хэрэгсэлтэй сумын төв орж эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Тухайн үед Е- нь цагаан фудболк өмссөн З-ын цамцнаас барьж тавихгүй байсныг бид очиж болиулж гарыг нь тавиулсан. Тэр үед Н-ын бага хүү гэх М- нь мөн Ховдын бас нэг Ж-и гэх залуутай мөн зууралдаж байсан. Тэгээд бид бүгдийг нь салгаад үйлдлүүдийг таслан зогсоосон ба Н- 2 хүүгийн хамт өөрсдийн машиндаа суугаад тухайн газраас сумын чиглэлд зугтаж явсан. Уг нь тухайн Н- 2 хүүгийн хамт юмны учрыг олохгүй Ховдын өөр хүнтэй тухайн зодуулсан 3 хүнийг андуурч, тодруулж асуухгүйгээр шууд зодсон байгаа юм. Тэр 3 залуу Н- болон түүний 2 хүүд ямар ч гар хүрээгүй юм. Тухайн морь барианы газар нь өөрөө чулуу ихтэй газар ба тухайн үед хүмүүсийн хөл хөдөлгөөн их байсан тул одоо яг ямар чулуу байсан нь тогтоогдохгүй, олдохгүй байх. Тийм зүйл байхгүй. Тухайн Ховдоос ирсэн залуусын морь нь айраг түрүү хүртэж ямар нэгэн маргаангүй сайхан наадаж байсан. Харин Н-ын уясан морь нь 6-д хурдалж тухайн хүн тэрэнд уурлаж гомдоод зодоон гаргасан байх. Гэхдээ Н-ын морь 6-д хурдалсан адууны насны ангилалд тухайн зодуулсан 3 залуугийн морь уралдаагүй, Ховд аймгийн өөр хүний морь түрүүлж байсан. Н-ын хувьд тухайн Ховд аймгийн өөр хүнтэй андуурч очоод тухайн 3 залууг зодсон гэж өөрөө дараа нь ярьж уучлалт гуйгаад араас нь яваад байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
28. Гэрч К.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд олон нийтийн цагдаа Ш.Е-ы хамт тухайн газарт очиход тус сумын 4 дүгээр багийн иргэн Н- нь Ховд аймгаас ирж морь уралдуулж байсан Е- гэх залуу руу чулуу авч дайран хамар тус газар 1 удаа хүчтэй цохисон ба бид очоод үйлдлийг нь таслан зогсоож салгасан. Тэгж байхад Тухайн Н-ын хуү З- тухайн Е-н хажууд хамт явж байсан А- гэх мөн Ховд аймгаас ирж морь уралдуулсан залууг ямар нэгэн үг хэлэхгүйгээр чулуу авч толгой хэсэгт 1 удаа цохиод авсан. Тухайн үед А- болон Е- нарын толгой болон хамар хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Тухайн Е- нь цагаан фудболк өмссөн З-ын цамцнаас барьж тавихгүй байсныг бид очиж болиулж гарыг нь тавиулсан. Тэр үед Н-ын бага хүү гэх М- нь мөн Ховдын бас нэг Ж-и гэх залуутай мөн зууралдаж байсан. Тэгээд бид бүгдийг нь салгаад үйлдлүүдийг таслан зогсоосон ба Н- 2 хүүгийн хамт өөрсдийн машиндаа суугаад тухайн газраас сумын чиглэлд зугтаж явсан. Уг нь тухайн Н- 2 хүүгийн хамт юмны учрыг олохгүй Ховдын өөр хүнтэй тухайн зодуулсан 3 хүнийг андуурч, тодруулж асуухгүйгээр шууд зодсон байгаа юм. Тэр 3 залуу ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй, гар хүрээгүй болно. Тухайн морь барианы газар нь өөрөө чулуу ихтэй газар ба тухайн үед хүмүүсийн хөл хөдөлгөөн их байсан тул одоо яг ямар чулуу байсан нь тогтоогдохгүй, олдохгүй байх. Харин Н-ын уясан морь нь 6-д хурдалж тухайн хүн тэрэнд уурлаж гомдоод зодоон гаргасан байх. Гэхдээ Н-ын морь 6-д хурдалсан адууны насны ангилалд тухайн зодуулсан 3 залуугийн морь уралдаагүй, Ховд аймгийн өөр хүний морь түрүүлж байсан. Н-ын хувьд тухайн Ховд аймгийн өөр хүнтэй андуурч очоод тухайн 3 залууг зодсон гэж өөрөө дараа нь ярьж уучлалт гуйгаад араас нь яваад байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
29. Гэрч Ө.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 11-ний Д- сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр морь барианы газарт сумын наадам болж байсан. Тухайн үед морины хамгийн сүүлийн нас болох их насны морь уралдаж байх үед морь барианы газрын дээд талд хүмүүс бужигнаад эхэлсэн. Тухайн үед Д- сумын 4 дүгээр багт оршин суух иргэн З- “сая 5 дээр морь нь айрагдсан Ховдын хүн хэн вэ” хэмээн орилж тухайн газарт байсан Портер машиныг өшиглөөд эхэлсэн. Тухайн Портерийн эзэн хэмээх Ховд аймгаас ирсэн Е- гэх залуу “яагаад машин өшиглөж байна” хэмээн хэлэхэд тухайн З-ын аав Н- тухайн Е-н хамар тус газар чулуугаар нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхэд тухайн Е- гэх залуугийн хамарны доод уруулны дээд хэсгээс цус гарч байсан. Тэр үед З- Ховдоос ирсэн бас нэг А- хэмээх залуутай зууралдаж байсан. Тэр хоёр яг яаж зодолдсон талаар сайн анзаараагүй. Нэг харахад тухайн А- гэх хүний толгойноос цус гарсан байдалтай байсан. Тэгээд тухайн Н-, З-, М- нар өөрсдийн тээврийн хэрэгсэлд суугаад тухайн газраас зугтаад алга болсон. Би Н-ын Е-г чулуугаар цохисоныг, З-ын А-той зууралдаж байхыг сайн харсан. Харин Е-,А- нар тухайн Н-, З- нар цохисоныг хараагүй. Тухайн үед тэд нар бүлэглэж нэг хүнрүү дайраагүй. Харин Н- Е-той, З- А-той зууралдаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
30. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 516 дугаартай “...А.Е-н биед дээд уруулын оёдолтой шарх, хаван хавдар, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний 3/1-ээр хугаралтай, нэг шүдний үзүүрээр паалангийн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
31.Баян-Өлгий аймгийн Шүүх шинэжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 517 дугаартай “Т.А-ын биед баруун чамархай хэсгийн оёдолтой шархтай, дагзны хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
32. Шүүгдэгч Н.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
33. Шүүгдэгч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт.
34. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
35. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
36. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
37. Шүүгдэгч Н.З- нар нь хохирогч Т.А-ын, шүүгдэгч Т.Н- нь хохирогч А.Е-н дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, цохиж, өшиглөн, шүүгдэгч Н.З- нь хохирогч Т.А-ын баруун чамархай хэсгийн оёдолтой шархтай, дагзны хаван хавдартай гэмтэл, шүүгдэгч Т.Н- нь хохирогч А.Е-н биед дээд уруулын оёдолтой шарх, хаван хавдар, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний 3/1-ээр хугаралтай, нэг шүдний үзүүрээр паалангийн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлттай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдэлүүдээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул тэднийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
38. Хохирогч Н.З-, Т.А- нарын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч Н.З-, Т.Н- нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
39. Иймд шүүгдэгч Н.З-, Т.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
40. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, гудамж талбай, олон нийтийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
41. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
42. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Е-доос хохирол гэж 37 ширхэг, 1,364,480 төгрөгийн НӨАТ-ын баримтыг гаргаж өгсөн ба дээрх баримтуудаас хуулийн шаардлага хангаагүй /харагдахгүй байгаа/ баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд хүн өдөр тутам өөрийгөө хоол хүнсээр хангах ёстой тул хоол, хүнс авсан баримтуудыг хохиролд тооцоогүй болно.
44. Хохирогч А.Е-н шатахуун авсан болон эм, тариа авсан баримтууд болох нийт 941,760 төгрөгийг хохиролд тооцож, шүүгдэгч Т.Н-аас гаргуулж хохирогч А.Е-д олгож, илүү 422,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
45. Хохирогч А.Е- нь 2 шүдний суурийг суулгахад нийтдээ 5,000,000 төгрөг нэхэмжилснийг хохиролд тооцож, шүүгдэгч Т.Н-аас гаргуулах нь зүйтэй байна.
46. Хохирогч А.Е- нь “Би зээл авч ногоо тарьсан. Банканд байгаа зээлийг төлөх болно. Жил болгон ногооноос 80,000,000 төгрөгийн орлого олдог байсан. Хохиролд 17,000,000 төгрөг нэмж нэхэмжилж байна. Энэ жил ногоо аваагүй” гэж 17,000,000 төгрөг нэхэмжилснийг хохиролд тооцох хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.
47. Харин хохирогч Т.А- нь хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Н.З-ыг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохирол гаргуулахыг хүссэн болно.
48. Шүүгдэгч Н.З-, Т.Н- нарын үйлдсэн гэмт хэрэг нь дээрх журмын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн 2 дугаар зэрэгт хамаарч байх тул Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу прокурорын саналыг хүлээн авч, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг /тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршигт тооцож шүүгдэгч тус бүрээс гаргуулах нь зүйтэй байна.
49. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-аас бодит хохиролд 5,941,760 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3,300,000 төгрөг, нийтдээ 9,241,760 төгрөгийг гаргуулан хохирогч А.Е-д олгож, хохирогч А.Е-н илүү нэхэмжилсэн 17,422,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.З-аас сэтгэл санааны хохиролд 3,300,000 төгрөг гаргуулан хохирогч Т.А-д олгохоор шийдвэрлэв.
50. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Т.А-, А.Е- нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
51. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүрийг 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Тус торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
52. Хохирогч А.Е-н өмгөөлөгч Л.Э-ээс: “Шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн ялын саналыг дэмжихгүй байна. Шүүгдэгч нар хохирогчийн хохирлыг төлөөгүй. Уучлалт гуйгаагүй. Гэм буруутай байдлаа шүүгдэгч нар ойлгохгүй байна. Хохирлыг төлөөгүй шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь үндэслэлгүй. Ялын сонгох санкцтай гэмт хэрэг юм. Шүүгдэгч нарт бусад өөр төрлийн ялыг сонгож оногдуулах нь зүйтэй байна” гэх дүгнэлтийг,
53. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “Шүүх дотоод итгэл үнэмшлээрээ шүүгдэгч нарт ял оногдуулах байх. Улсын яллагч ялын саналаа гаргаж байна. Хохирогч А.Е-н өмгөөлөгч нь хохирол төлөөгүй, уучлалт гуйгаагүй тул торгох ял оногдуулах боломжгүй гэж байна. Хохирогч А.Е-н өмгөөлөгчийн дээрх санал нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг доордуулж байна. Шүүгдэгч нар хохирогч нараас уучлалт гуйсан. Хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Ялын хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч нарын тус бүрд 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсье. Хохирлыг төлж өгөх болно” гэх дүгнэлтийг,
54. “Шүүгдэгч Н.З-, Т.Н- нараас: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
55. Шүүгдэгч Н.З-, Т.Н- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
56. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
57. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М Н.З-, Т.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
58. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М Н.З-, Т.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
59. Шүүгдэгч Н.З-, Т.Н- нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
60. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.З-, Т.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нарын хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
61. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-, Т.Н- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
62. Шүүгдэгч Н.З-, Т.Н- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
63. Шүүгдэгч Н.З-, Т.Н- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж байна.
64. Шүүгдэгч Н.З-, Т.Н- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Н-ын З-, Молхы овогт Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-, Т.Н- нарын тус бүрийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-, Т.Н- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-, Т.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-аас бодит хохиролд 5,941,760 /таван сая есөн зуун дөчин нэгэн мянган долоон зуун жаран/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг, нийтдээ 9,241,760 /есөн сая хоёр зуун дөчин нэгэн мянган долоон зуун жаран/ төгрөгийг гаргуулан хохирогч А.Е-д олгож, хохирогч А.Е-н илүү нэхэмжилсэн 17,422,720 /арван долоон сая дөрвөн зуун хорин хоёр мянган долоон зуун хорин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.З-аас сэтгэл санааны хохиролд 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Т.А-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Т.А-, А.Е- нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч Н.З-, Т.Н- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Н.З-, Т.Н- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, тэдэнд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК