| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/00313/и |
| Дугаар | 142/шш2022/00595 |
| Огноо | 2022-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 142/шш2022/00595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т Б ХХК
Хариуцагч: П. Э
Хариуцагч: С.М нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: З 6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Э.ж
Хариуцагч С.м, П.э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т Б ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Сүхбаатар овогтой м, хамтран зээлдэгч Пүрэвжав овогтой э нар нь 2020 оны 08 дугаар сарын 10-нд Т Б ны Орхон салбарын Хороолол тооцооны төвөөс №130100360632 тоот зээлийн гэрээ байгуулан 5 500 000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 19.20 % хүүтэй, 30 сарын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга хөдлөх хөрөнгө зэргийг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 3.2.3 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2021 оны 09 сарын 17-ны өдөр зээлээ төлөх гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 12 сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл хүлээлгэн өгсөн тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Зээлийн гэрээний дагуу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байнаЗээлдэгч Сүхбаатар овогтой м, хамтран зээлдэгч Пүрэвжав овогтой э нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 5 037 952.63 төгрөг, зээлийн хүүгийн өр 83 595.55 төгрөг, хуримтлагдсан хүү 18 550.70 нэмэгдүүлсэн хүү 597.70 төгрөг, нийт 5 140 696.58 төгрөг, шүүх хурал болтол хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох болно. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 08 сарын 10-ны № 130100360632 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.м, П.э нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч С.м, П.э нар нь 2020 оны 08 дугаар сарын 10-нд Т Б ны Орхон салбарын хороолол тооцооны төвөөс №130100360632 тоот зээлийн гэрээ байгуулан 5 500 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Иймд нэмэгдүүлсэн хүү 597 070 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд 232 000 төгрөгийг сар болгоны 20-нд төлж баймаар байна. Цаашид Т Б тай эвлэрмээр байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: 2020 оны 08-р сарын 10-ны өдрийн №130100360632 тоот Барьцаат зээлийн гэрээ /хх-7-8/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-9/, 2020 оны 12-р сарын 23-ны өдрийн №1301/610 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-10-11/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-12-14/, зээлдэгчийн анкет /хх-15-19/, 2020 оны 08-р сарын 07-ны өдөр С.мын гаргасан өргөдөл /хх-20/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн ам бүлийн тодорхойлолт /хх-21/, 2021 оны 09-р сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-22/, 2021 оны 12-р сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-23/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т Б ХХК-ийн Орхон салбар нь С.м, П.э нарт холбогдуулан зээлийн үүрэг 5 140 696,58 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...гэжээ.
5. Хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
6. Хариуцагч нар нэхэмжлэл гаргаснаас хойш 572 000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 4 568 696,58 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, сар болгоны 20-нд 232 000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах тухайгаа илэрхийлсэн.
7. Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...С.м, П.э нар нь Т Б ХХК-с 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээл авсан. Тухайн үед С.м цэцэрлэгт дуу хөгжмийн багшийн ажилтай байсан, ковидийн үеэр С.м нь зээлийн хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу зээлийг сунгасан. Банкнаас удаа дараа залгахад утсаа авдаггүй. Шүүхээр эрэн сурвалжлуулж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 сарын төлбөр 572 000 төгрөг төлсөн... гэсэн.
9. Хариуцагч С.м, П.э нар нь шүүх хуралдаанд: Уг зээлийг авсан нь үнэн. Төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Сар болгоны 20-нд 232 000 төгрөгийг төлж баймаар байна... гэсэн тайлбар гаргасан.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарын сар болгон 232 000 төгрөг төлөх тайлбарын хувьд өөрт нь эвлэрэх эрх олгогдоогүй гэдэг үндэслэлээр шүүх хуралдаанаар шийдүүлэх хүсэлт гаргасан.
11. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нар нийт 572 000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг хариуцагч С.м, П.э нар сар болгоны 20-нд хуучин төлж байсан хуваарь болох 232 000 төгрөгөөр төлнө гэж байх тул нэхэмжлэлээс 4 568 696,58 төгрөгийг хангаж, үлдэх 572 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
12. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаарлагадаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл гэх хэсэгт С.мын 30 сарын цалин, гэрийн тавилга, цахилгаан бараа бүгд гэжээ.
13. Хариуцагч С.м нь одоогоор ажлаасаа гарсан, орлогогүй болсон байх тул 30 сарын цалингаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй, түүнчлэн барьцааны зүйлд гэрийн тавилга, цахилгаан бараа гэж дурьдсан ч ямар ямар эд хөрөнгө гэдэг нь тодорхойгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 222 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.м, П.э нараас улсын тэмдэгтийн хураамжаар 87 648 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.м, П.э нараас 4 568 696,58 төгрөг гаргуулан Т Б ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 572 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 222 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.м, П.э нараас 87 648 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА