| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/00463/И |
| Дугаар | 142/шш2022/00617 |
| Огноо | 2022-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 142/шш2022/00617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Э
Хариуцагч : Х.У
Нэхэмжлэлийн шаардлага: “1 800 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаан оролцогчид:
Нэхэмжлэгч С.Э,
Хариуцагч Х.У-Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х.У-Э бид хоёр 10 жилийн нэг ангид хамт сурч байсан хуучны танил найз нөхөд учир би 2021 оны 8-р сарын 20-иор Булган аймгийн төв дээр айлын хашаанд байсан ЗИЛ-130 маркийн ачааны авто сомсамол 33-90 ОРА улсын дугаартай авто машиныг 4.0 сая төгрөгөөр зарсан. Х.У-Э төлбөр тооцоогоо 8-р сардаа багтаагаад өгнө гэж хэлээд аваад явсан боловч төлбөр тооцоогоо хийж дуусгахгүй хохироосоор явна. Миний эхнэр А. ПХААН банк дахь 5270473958 дугаартай дансанд нийт 5 удаа 1.800.000 төгрөг.С.Э миний ХААН банк дахь 5217239797 дугаартай дансанд 2022-01-30-ны өдөр 500.000 төгрөг нэг удаа хийсэн. Х.У-Э нийт 2.300.000 төгрөг төлсөн. Би мөнгөө авах гэж араас нь нилээд зардал гаргаж хөөцөлдсөн учир 100.000 төгрөг нэмээд шаардаж байгаа болно. Иймд: Х.У-Ээс 1.800.000 төгрөг гаргуулан С.Э надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч Х.У-Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие С.Эоос 33-90 ОРА улсын дугаартай Зил-130 сонсмол маркийн авто машин авсан нь үнэн болно. Уг машины төлбөрт 5096201369 өөрийн данснаас 2 300 000 төгрөг шилжүүлсэн үлдэгдэл болох 1 700 000 төгрөгийг өгье гэсэн боловч автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг авчирч, өгөхгүйн улмаас өдийг хүрсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг авчраад шилжүүлэн өгвөл үлдэгдэл мөнгийг өгөхөд бэлэн эсвэл машиныг нь өгөөд мөнгөө авъя. Уг автомашиныг авчирахад Булган аймгаас шинэ бензин насос 2 дугуй өөрөөсөө тавин авчирсан зардал 350 000 төгрөг гарсан. Үүнийгээ нэмж нэхэмжилж байна” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Хаан банк ХХК-ийн гүйлгээний утгыг харуулсан гар утсанд скрийншот хийж хэвлэсэн баримт /хх-4-6/, Зил-130 машины зураг /хх-7-8/, фэйсбүүк хаягаар чаталсан чат /хх-30/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүхээс: 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 244 дугаартай Орхон аймгийн Авто тээврийн төвийн тодорхойлолт, түүний хавсралт /хх-31-32/-ыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Э нь Х.У-Эд холбогдуулан “машин худалдсаны үлдэгдэл төлбөр 1 800 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Х.У-Э 33-90 ОРА улсын дугаартай Зил-130 самсомол маркийн авто машиныг үзээд худалдаж авахаар болсон. Тухайн үед бичиг баримтгүй гэж хэлж байсан. Чатаар зургийг нь үзүүлсэн, мөн очиж үзээд Булган аймгаас Орхон аймагт авч ирсэн. Машиныг 4,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Нийт 2 300 000 төгрөг өгсөн, одоо 1 800 000 төгрөг нэхэмжилнэ... гэсэн.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “..Анх машиныг худалдаж авах үед бичиг баримттай гэж хэлж байсан. Би бичиг баримтгүй машин анхнаасаа авах боломжгүй. Яагаад гэвэл замын хөдөлгөөнд бичиг баримтгүй машин оролцох болохгүй. Одоо бичиг баримтыг нь өгөх юм бол би үлдэгдэл мөнгийг нь өгөхөд татгалзах зүйлгүй...” гэсэн.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
6. Хууль, гэрээнд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч С.Э нь 33-90 ОРА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Х.У-Эд худалдахдаа анхнаасаа дагалдах бичиг баримтыг өгөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдсон.
8. Харин нэхэмжлэгч нь Х. У-Эд машиныг зарахдаа бичиг баримт байхгүй гэдгийг хэлсэн гэдэг, хариуцагч нь С.Э надад бичиг баримт нь байгаа гэж хэлсэн гэдэг бөгөөд талууд энэ талаар маргаантай байна.
9. Шүүх маргааны зүйл болох 33-90 ОРА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийн талаар Орхон аймгийн Авто тээврийн төвөөс лавлагаа авахад уг тээврийн хэрэгсэл нь 2002 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Металл Индустрал” ХХК-ийн эзэмшилд байсан байх ба одоогоор Нямдоржийн Батжаргал гэх хүний эзэмшилд бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.
10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэжээ.
11. Иргэний хуулийн 243.1.-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан бөгөөд тээврийн хэрэгслийг худалдахдаа дагалдах бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэх нь худалдагчийн үүрэг гэж үзнэ.
12. Тиймээс худалдагч буюу С.Э нь хуульд заасан хэлбэрийг өөрөөр хэлбэл хуульд ...дагалдах бичиг баримтын хамт шилжүүлнэ... гэснийг зөрчсөн байх тул С.Э, Х.У-Э нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
13. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д Энэ хуулийн 56.1.-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэгэнт талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус тул Х.У-Ээс 1 800 000 төгрөг гаргуулах С.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 33-90 ОРА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч С.Эд шилжүүлж, С.Эоос 2 300 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.У-Эд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х.У-Ээс 1 800 000 төгрөг гаргуулах С.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 33-90 ОРА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч С.Эд шилжүүлж, С.Эоос 2 300 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.У-Эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА