Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 81

 

Б.Б-, Б.Г- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0158/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ч.Мядагбадам

Хохирогчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар

Шүүгдэгч                                       Б.Б-, Б.Г-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Батжаргал

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ийн Г-, Б-гийн Б- нарт холбогдох, 1918007880576 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-, Б.Г-, тэдгээрийн өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-гийн Б-.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5.д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. ********** регистрийн дугаартай, Т- овогт Б-ийн Г-.

Шүүгдэгч Б.Б-, Б.Г- нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 3 дугаар байрны гадна иргэн Д.Э-ыг зодож эрүүл мэндэд нь баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Г- нь дээрх зодооныг салгах гэсэн иргэн С.С-ыг зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Б-гийн Б-ыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,

-Шүүгдэгч Т- овогт Б-ийн Г-ыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.т зааснаар шүүгдэгч Б.Б-од 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар шүүгдэгч Б.Г-ад 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, Б.Г-ад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Г-ад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9.д зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Г- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

-Хохирогч Д.Э- нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж,

+Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-, Б.Г- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо:

Миний бие гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргаагүй байтал анхан шатны шүүхээс намайг гэм буруугийн талаар маргасан гэж  дүгнэсэнд гомдолтой байна. Миний бие хохирогчид цохиулснаас хойш баруун чихний сонсгол муудсан, бүрэн эмчлүүлж чадаагүй. Хоригдсоноос хойш өдөр болгон чихнээс булаг, цус гарч байгаа. 2020.07.05-нд 2 удаа ухаан алдаж унасан бөгөөд үүнийг чихнээс болсон уу, зүрхнээс болсон уу гэдгийг сайн мэдэхгүй байна.  

Миний бие эхнэр болон бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр жирэмсэн 2 сартай бөгөөд ажил эрхлэх боломжгүй. Миний бие ажил хийж ар гэрээ тэжээдэг, банкны зээлтэй, хүүхдүүд сургууль, цэцэрлэг гээд хүүхдүүдээ харж, эхнэр минь ганцаараа энэ бүгдийг хийхэд хэцүү байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийг гэмтээсэндээ маш их харамсаж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцоно гэжээ.

Шүүгдэгч Б.Г- давж заалдах гомдолдоо:

2019.11.05-ны орой 23.55 цагийн орчимд би хохирогч Д.Э-д цохиулж манарч ухаан балартсан байсан ба сэргэх үед юу болсон процессийг ярьж мэдүүлсэн, хэрэв би цохиулаагүй, хүнд цохилтод ороогүй байсан бол тухайн үед юу болсон бүгдийг мэдэх байсан. Гэтэл санасан зүйлээ ярьсаар байтал Д.Э- гэх хүнд бүлэглэн хүнд бэртэл учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж байгаад гомдолтой байна. Хэрэгт хавсаргагдсан дүрс бичлэгт хохирогч Д.Э-д миний цохиулан унаж манарсан байдалтай сууж байгаа нь тод харагдаж байгаа бөгөөд байцаалтын явцад бичлэгийг өөрийн биеэр үзээгүй юм. Шүүх хуралдааны үед үзэхэд тэр байдал тод харагдахаас гадна Д.Э- унах үед зөрж нааш явж буй дүрс үзэгдэж байсан.

Хуралдааны явцад гэрч А-ыг бичлэг дээрх хохирогч Д.Э-ыг унагаж  буй хүн Б.Г- мөн үү гэж тулгасан тухай ярьсан ба хуралдаан дээр бичлэгийг дахин үзэх үедээ Б.Г- Д.Э-ыг унагасан зодсон үйлдэл харагдахгүй байна гэж мэдүүлсэн байхад үүнийг харгалзан үзэлгүй бүлэглэн хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт ялласанд гомдолтой байна.

Миний бие эхнэр, 7 нас, 5 настай 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эцэг 59 настай, тархины харвалттай, 70 хувьтай группт, байнгын асаргаанд байдаг бөгөөд миний бие асран хамгаалагч нь юм.

Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Б-, Б.Г- нарын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх “Б.Б-, Б.Г- нар нь согтуурсан үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж, өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол хор уршигтай шалтгаант холбоотой” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн.

Б.Г-ын гэрчээр өгсөн “Тэгэхээр нь би тэр залуу руу яваад очиход тэр өндөр нуруутай Д.Э- гэх залуу намайг зүүн шанаа руу гараараа цохиод газар унагаасан” / ХХ-75/, “... Тэр үед Д.Э- Б.Г-ыг цохиод унагаасан.” гэх гэрч Б.А-ын мэдүүлэг, “ ...яаж байна гээд дөхөөд очиход Б.Г-ыг тухайн өндөр улаан цамцтай согтуу залуу нүүр рүү нь нэг удаа цохиход Б.Г- газар уначихсан” гэх Б.Б-ын мэдүүлэг, “ ....Тэгсэн тэр залуу бөгсөөрөө газар уначихсан” хохирогч Д.Э-ын өөрийнх нь мэдүүлэг, “Би зодоон эхлэх үед Д.Э- гэдэг хүнд зүүн шанаа руугаа цохиулж ухаан балартаад нэг мэдэхэд С.С- нь миний хөлнөөс зуурчихсан байсан” гэх Б.Г-ын удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүдээр яллагдагч Б.Г- нь хохирогч Д.Э-д цохиулсны улмаас хүнд цохилтод орж /нокаут/ газар унасан нь хөдөлбөргүй тогтоогдож байх ба цохиулснаасаа хойш С.С- хөлийг нь тэвэрч суух хүртэл хугацаанд юу болсон талаар санадаггүй талаар Б.Г- тогтвортой мэдүүлэг өгдөг.

“Википедия интернет” сайтад хүнд цохилтыг “Эмнэл зүйн талаас, нокаут-мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн толгойн гэмтлийн улмаас тулаанчийн толгой эргэхтэй холбоотой байдал, хэсэгчлэн болон бүрэн баримжаагаа алдах, зарим үед ухамсраа алдах” гэж тайлбарлажээ.

Иймд цохиулсны улмаас яллагдагч Б.Б-ын “хойшоо гишгэдэл алдсан” үйлдэл, Б.Г-ын “бөгсөөрөө унасан” үйлдэлд нь тус тус хүнд цохилтод орсны шинж тэмдэг мөн эсэх, хэрвээ хүнд цохилтод орсон бол сэтгэхүйн хэвийн байдал алдагдах эсэх, ямар хугацаанд алдагдах, биеэ барих, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан эсэх, хүнд цохилтын үед ухамсаргүйгээр /рефлексээр/ ямар нэг үйлдэл хийж болох эсэх талаар анагаах ухааны тусгай мэдлэг бүхий шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байсан.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.д заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1.д заасан хор уршиг гэм буруугүйгээр учруулах нь хууль зүйн ойлголт боловч ийнхүү хууль зүйн дүгнэлт хийх урьдчилсан нөхцөл нь хүнд цохилтод орсон эсэх, уг цохилт нь ”баримжаагаа алдах, зарим үед ухамсраа алдах, ухамсаргүйгээр ямар нэг хөдөлгөөн хийх” үр дагаварт хүргэсэн эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоож чадах байсан.

Тулааны спортод хүнд цохилтод орсон тамирчин өрсөлдөгчөө биш шүүгчийг барьж авч өчих зэрэг тохиолдлууд элбэг байдаг ба ийм тохиолдолд уг тамирчныг ухамсартайгаар, санаатайгаар шүүгчид хохирол учруулахыг хүсэж уг үйлдлийг хийгээгүй, эсрэгээр хүнд цохилтод орсны улмаас ухамсаргүйгээр буюу өөрөө ч мэдэлгүйгээр шүүгч рүүгээ халдаж байгаа талаар хэн ч маргадаггүй, тухайн тамирчин цохиулснаасаа хойш юу болсныг санахгүй, рингээс яаж бууснаа мэдэхгүй байна гэхэд хэн ч гайхаж эргэлздэггүй.

Ийм учраас шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Б.Б-, Б.Г- нар хохирогч Д.Э-д цохиулсны улмаас хүнд цохилтод орсон эсэх, орсон бол өөрийн үйлдлийг хянах чадвараа алдсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг мөрдөн байцаалтын болон шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт удаа дараа гаргасан боловч шинжээч томилохоос үндэслэлгүйгээр татгалзсан нь хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Хэрэг учрал болохоос өмнө Д.Э- тархины хуучин гэмтэлтэй байсан, тухайн зодооны үед түүний хуучин шарх нь сэдэрсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн тухайн хэрэг учралын үед хохирогч Д.Э-д чих рүүгээ алгадуулсны улмаас яллагдагч Б.Б-ын гэмтлийн улмаас чихний хэнгэргийн хуучин гэмтэл нь сэдэрч, цус гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өнөөдрийг хүртэл Б.Б-ын чихний гэмтэл эдгээгүй, баруун чихнээс хурц үнэртэй бор хүрэн өнгөтэй шингэн гарч, чихний өвчний улмаас шөнө унтаж чадахгүй байдалтай болсон, баруун чих бүр юм сонсохгүй, сонсгол алдагдсан байдалтай байж байна. Цохиулахаас өмнө ийм зовиур байгаагүй. Б.Б-ын өвчний картад “УКНЭ-ийн эмчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн үзлэгт “мэс засалд орох шаардлагатай” гэх эмчийн заалтаар УБ хотод мэс засалд орохоор эмнэгийн нарийн шинжилгээнд орж байсан боловч хэрэг мөрдөн байцаалтад буцсантай холбоотойгоор Дарханд дуудагдан ирсний улмаас УБ хотод шинжилгээ өгөх, мэс засалд орох эмчилгээгээ үргэлжлүүлж чадалгүй буцаж ирсэн. Б.Б-ын 2020 оны 03 сарын 5-наас 9-ний хооронд эмчид үзүүлсэн өвчний карт, шинжилгээний баримтуудын хуулбарыг өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан 2020 оны 03 сарын 09-ний өдрийн хүсэлтэд хавсаргаж өгсөн.

Иймд Б.Б-ын биеийн гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт гарснаас хойш хохирогч Д.Э-д цохиулсны улмаас Б.Б-ын хуучин гэмтэл нь сэдэрч, улмаар мэс засал хийлгэх шаардлагатай болсон нь эмнэлгийн үзлэг шинжилгээгээр тогтоогдсоор байхад Б.Б-ын чихний гэмтэлд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаагүй орхигдуулсан нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулж, хэт нэг талыг барьсан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан.

Хохирогч Д.Э- нь энэ хэрэг учрал болохоос өмнө толгойд хийлгэсэн мэс заслын дараах байдалтай байсан нь №13664 дугаар шинжээчийн дүгнэлтэд “баруун талын зулайн дэлбэнгийн гүний цагаан бодист зах ирмэг бүдэг дунджаар 4.3*4 см хэмжээтэй, гиподенсив өөрчлөлттэй. Хуучин хагалгааны дараах өөрчлөлт гэж үзнэ...3үүн ухархайн хананд хуучин хугаралттай... баруун зулай, чамархай хэсэгт 7.1 см хэмжээтэй трепнацийн нүхийг титан бэхэлгээгээр бэхэлсэн. Хамар яс хуучин хугаралтай” гэснээс хэрэг учрал болохоос өмнө хуучин гэмтлийн дараах байдалтай байсан байна.” / XX-110-111/ гэх дүгнэлтээр тогтоогддог.

Гэтэл Д.Э- нь өмнө нь толгойдоо хэзээ, ямар гэмтэл авсан, хэрэг учрал болох үед гэмтлийн дараах ямар байдалтай байсан зэргийг нотлох хохирогчийн хуучин гэмтэлтэй холбоотой өвчний түүх зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна. Шинжээч эмч Т.Ч- нь хохирогч Д.Э-д хүнд гэмтэл учрахад өмнөх гэмтэл нөлөөлсөн эсэх талаар шинжээчийн дүгнэлтдээ тусгаагүй ба мэдүүлэгтээ энэ талаар тайлбар өгөөгүй.

Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлж болохоос гадна хохирогчийн одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг өмнө нь гэмтэл учруулсан этгээд хариуцах уу, эсвэл энэ хэргийн яллагдагч дангаар хариуцах уу, эсвэл хэн аль нь хамтарч хариуцах эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул зодоон болохоос өмнө Д.Э-ын толгойдоо гэмтэлтэй байсан эсэх, гэмтэлтэй байсан бол хэзээ гэмтсэн, гэмтлийн ямар зэрэгт хамаарах, уг гэмтэл нь мэс заслын дараах ямар байдалтай байсан, уг гэмтэл нь 1364 дугаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хүнд гэмтэл авахад нөлөөлсөн эсэх, хэрвээ өмнө нь толгойн хуучин гэмтэл байгаагүй бол шинээр гэмтэл авахгүй байх боломжтой байсан эсэх талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Мөн энэ хэрэгт Д.Э-ын бусдад зодуулсны улмаас хуучин гэмтэл авч байсантай холбоотой шүүхийн шийтгэх тогтоол уг хэрэгт авагдсан байх ёстой, түүнд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргах нь хохирол төлбөр болон уг хохирлыг хэн хариуцахыг тодорхой болгох болон дахин шинжээчийн дүгнэлт гаргахад нотлох баримтын ач холбогдолтой байх тул уг шийтгэх тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргах тухай хүсэлт хангагдаагүй ба хохирогч Д.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт “өмнө нь архины шилээр цохиулсан. Бариачид бариулж байтал толгойны яс цөмөрсөн” гэх утга авцалдаагүй мэдүүлгээр өмгөөлөгчийн хүсэлт хангагдаагүй орхигдсонд гомдолтой байна.

Иймд хохирогч Д.Э-ын хүнд гэмтэл учруулахад шүүгдэгч Б.Г- нь оролцсон нь тогтоодохгүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгч Б.Б-, Б.Г- нарыг бүлэглэж, хүний биед санаатай хүнд гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Б-од 6 жилийн хорих ял, Б.Г-ад 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар зүйлчилж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийг хэрэглэн ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч болон шүүгдэгч нарыг биечлэн оролцох хүсэлтэй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй. Мөн нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаагч, прокурор нар тогтоогоогүй. Шүүгдэгч нарт учирсан гэмтлийг нарийн тодорхой тогтоогоогүй. Дахин шинжээч томилоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б- тайлбартаа:

Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдэг үндэслэлээр ял оногдуулсанд гомдолтой байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г- тайлбартаа:

Миний бие хохирогч Д.Э-ыг зодоогүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Э-ын өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд миний үйлчлүүлэгч тогтвортой мэдүүлэг өгч байсан. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарын зүгээс хохирлыг анхан шатны шүүх хуралдаанд болсны дараа санаачилга гаргаж тодорхой хэмжээгээр төлсөн байдаг гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Шүүгдэгч нар хохирогчийн биед гэмтэл учруулсан нь гэрч н.Б-, н.А- нарын мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-, Б.Г-, тэдгээрийн өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-, Б.Г- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг  прокурорт буцаах шаардлагатай гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Б-, Б.Г- нарыг согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 3 дугаар байрны гадна иргэн Д.Э-ын толгойн тус газарт тэлээгээр цохиж өшиглөж, гараараа цохиж газар унагаан эрүүл мэндэд нь баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар,

-шүүгдэгч Б.Г-ыг дангаараа мөн өдөр тухайн цаг хугацаанд дээрх зодооныг салгах гэсэн иргэн С.С-ыг газар унагаан өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-, Б.Г- нарыг   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Б.Б-од 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Г-ад 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Г-ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Б.Б-, Б.Г- нарт оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, шүүгдэгч Б.Г-ад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял болон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, шүүгдэгч Б.Г-ад оногдуулсан   торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй, эргэлзээтэй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзээгүй нь шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаагүй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг аваагүй, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1., 2., 16.2 дугаар зүйлийн 1.3., 1.4., 1.5., 1.6.д заасныг зөрчсөн гэж үзэх ба мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотлогдвол зохих дээрх байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон эсэхийг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлээгүй нь буруу байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Д.Э- нь энэ хэрэг учрал болохоос өмнө толгойдоо гэмтэл авч байсан нь толгойны томограммуудад гавлын баруун зулай, чамархай ясанд 7.4 см өргөн хэмжээтэй трепенацийн нүхийг титан бэхэлгээгээр бэхлэгдсэн мэс засал хийлгэсэн дараах байдалтай байсан, хамар яс хуучин хугаралтай, зүүн талын нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай гэсэн Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн компьютерт томографийн 2019 оны 11 сарын 07, 12-ны өдөр, 12 сарын 16-ны өдрийн удаа дараагийн дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 сарын 18-ны өдөр хийсэн үзлэг, шинжилгээгээр баруун чамархай хэсэгт 6 ширхэг шургаар шурагдсан хуучин тавигдсан крайнопластиктай байсан, баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнгийн гүний цагаан бодист зах ирмэг бүдэг дунджаар 4.3*4 см хэмжээтэй, гиподенсив өөрчлөлттэй. Хуучин хагалгааны дараах өөрчлөлт гэж үзнэ...3үүн ухархайн хананд хуучин хугаралттай... баруун зулай, чамархай хэсэгт 7.1 см хэмжээтэй трепенацийн нүхийг титан бэхэлгээгээр бэхэлсэн. Хамар яс хуучин хугаралтай байсан талаар дурдсан №13664 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдсон байхад үүнийг мөрдөн шалгахдаа анхаараагүй, урдах гэмтэлтэй холбоотой нотлох баримт болох эмнэлгийн мэс засал хийлгэсэн өвчний түүх, өвчний хяналтын карт, юунаас болж гэмтэл авсан, хэн гэмтэл учруулсан, энэ талаар урд нь хуулийн байгууллагаар шалгагдаж байсан эсэх зэргийг нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй, түүнчлэн урдах гэмтэл нь сүүлийн гэмтэлд нөлөөлсөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр дахин тодруулж гаргуулаагүй байна.

Хэрэгт шаардлагатай нотлох баримтад ялангуяа хохирогчийн биед гэмтэл учирсан дээрх хэрэгт заавал энэ талаарх нотлох баримтыг авах нь зүйтэй бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэл болон шийтгэх тогтоол гарахад нөлөөлөхүйц нөхцөл байдал болохыг анхаарах нь зүйтэй.

Иймд дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болохоор байх тул дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зохих ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоос .. дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах... гэснийг хүлээн авч, ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.2., 1.3., 1.4., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-, Б.Г- нарт холбогдох 1918007880576 дугаартай эрүүгийн 2 хавтастай хэргийг Дархан-Уул аймгийн прокурорт буцаасугай

           2.Хэрэг прокурорт очтол Б.Б-, Б.Г- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                              ШҮҮГЧИД                                  Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ