| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00435/и |
| Дугаар | 142/ШШ2022/00600 |
| Огноо | 2022-04-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2022/00600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-18-93 тоотод оршин суух Тайж овогт Баярмагнайгийн Болорсүх /регистрийн дугаар: ФА84061510, 99906405/
Нэхэмжлэлийн шаардлага: “5,282,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Оюунчимэг,
Хариуцагч: Б.Болорсүх,
Гэрч: Б.Эрдэнэчимэг, Ж.Сайнбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ариунсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сундуй-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Сундуй-Очир нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00123 дугаартай шийдвэрээр иргэн Ж.Сайнбаярт зээлийн гэрээний үүрэгт 11 778 960 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн бөгөөд харин давж заалдах шатны шүүхээс дээрхи шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж Г.Сундуй-Очироос 13 690 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Г.Сундуй-Очир нь Ж.Сайнбаяраас мөнгө зээлж авч найз Б.Болорсүхэд өгч байсан гэдгийг хэлж шүүхээс Б.Болорсүхийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж мөнгө авч байсан гэдгийг.мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Б.Болорсүх хариуцах ёстой гэсэн боловч нэхэмжпэгч зөвшөөрөхгүй байсан учраас бүх төлбөрийг Г.Сундуй-Очироор төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн билээ.Уг нь нэхэмжпэгч Ж.Сайнбаяр нь Г.Сундуй-Очирыг найз Б.Болорсүхдээ надаас мөнгө авч өгсөн,барьцаанд багаж тавьсан гэж хэлдэг ч зээлийн гэрээн дээр Б.Болорсүх гарын үсэг зураагүй тул түүнээс авахгүй гэснээр Г.Сундуй-Очир Б.Болорсүхийн өмнөөс Ж.Сайнбаярт мөнгө төлөхөөр шийдвэрлэгдсэн билээ. Иймд Г.Сундуй-Очир нь Б.Болорсүхэд Ж.Сайнбаяраас зээлж авч өгсөн 3,400,000 төгрөг хүүгийн хамт 4,992,000 төгрөг.мөн хүүгүй 290,000 төгрөг бүгд 5,282,000 төгрөгийг Б.Болорсүхээс нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Болорсүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Баярмагнай овогтой Болорсүх нь Ганбат овогтой Сундуй-очирын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүний амьдралд тус болж явсанаас ингэж гүтгүүлж мөнгийн аваад зугтсан гэсэн зүйл ярьж намайг шүүхэд өгнө гэж огт бодож явсангүй. Иргэн Ж.Сайнбаяр гэх хүнээс Г.Сундуй-очир нь эхнэр болох Эрдэнэчимэгтэйгээ цуг хашаа байшин, газар барьцаалж их хэмжээний зээл аваад авсан шигээ өгж чадахгүй худлаа үнэн юм ярьж мөн ч их явж байна, сүүлдээ бүүр намайг иргэн Ж.Сайнбаяр гэх хүний нэхэмжлэлтэй анхан шатны шүүх хурал дээр гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцуулж, тус хурал дээр намайг зээл авхуулсан болгож ярьж улаан цагаан гүтгэж ярьж байхад нь иргэн Ж.Сайнбаяр худлаа зүйл ярьж байгааг нь нотлох баримтаар нотолж намайг огт холбогдолгүй гэж шүүхийн шийдвэр нь гарж байсан. Миний бие харин энэ хүнд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг эхнэр Эрдэнчимэгийн хаан банкны эзэмшдэг дансруу нь шилжүүлсэн баримт нь байгаа. Би энэ шилжүүлсэн мөнгөө одоо хүртэл аваагүй тул миний бие мөнгөө нэхэмжилнэ. Ер нь ингэж худлаа шүүхэд нэхэмжлэл гаргаад байж болдог юм уу. Хэрвээ шүүхээр худал гэдэг нь тогтоогдвол энэ хүнд хариуцлага тооцож өгөөрэй. Миний бие нь шүүх хуралдааныг яаралтай зохион байгуулж нэр төрөө сэргээж авмаар байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай итгэмжлэл /хх-2/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00123 дугаартай шийдвэр /хх-4-6/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай магадлал /хх-7-17/, Б.Эрдэнэчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-47-57 зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-25/, Б.Болорсүхийн Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-31/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Сундуй-Очирын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Сундуй-Очир нь хариуцагч Б.Болорсүхэд холбогдуулан 5,282,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Г.Сундуй-Очир “Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00123 дугаартай шийдвэрээр иргэн Ж.Сайнбаярт зээлийн гэрээний үүрэгт 11 778 960 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн бөгөөд харин давж заалдах шатны шүүхээс дээрхи шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж надаас 13 690 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг нь нэхэмжпэгч Ж.Сайнбаяр нь намайг найз Б.Болорсүхдээ надаас мөнгө авч өгсөн, барьцаанд багаж тавьсан гэж хэлдэг ч зээлийн гэрээн дээр Б.Болорсүх гарын үсэг зураагүй тул түүнээс авахгүй гэснээр миний бие Б.Болорсүхийн өмнөөс Ж.Сайнбаярт мөнгө төлөхөөр болсон билээ. Иймд Б.Болорсүхэд Ж.Сайнбаяраас зээлж авч өгсөн 3,400,000 төгрөг хүүгийн хамт 4,992,000 төгрөг мөн хүүгүй 290,000 төгрөг бүгд 5,282,000 төгрөгийг Б.Болорсүхээс нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд иргэн Ж.Сайнбаяр гэх хүнээс Г.Сундуй-Очир нь эхнэр болох Эрдэнэчимэгтэйгээ цуг хашаа байшин, газар барьцаалж их хэмжээний зээл авсан. Ж.Сайнбаяр гэх хүний нэхэмжлэлтэй анхан шатны шүүх хурал дээр гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцуулж, тус шүүх хурал дээр намайг зээл авахуулсан болгож ярьж улаан цагаан гүтгэж ярьж байхад нь Ж.Сайнбаяр худлаа зүйл ярьж байгааг нь нотлох баримтаар нотолж намайг огт холбогдолгүй гэж шүүхийн шийдвэр нь гарч байсан. Би барьцаанд тавьсан багажаар төлбөрөө барагдуулсан гэж тайлбарлаж байна.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00123 дугаартай шийдвэрээр иргэн Ж.Сайнбаярт зээлийн гэрээний үүрэгт 11 778 960 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрхи шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж Г.Сундуй-Очироос 13 690 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдэж магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч нь дээрх шийдвэр, магадлалаар зээлийн гэрээн дээр Б.Болорсүх гарын үсэг зураагүй байна гэдэг үндэслэлээр Б.Болорсүхийн өмнөөс Ж.Сайнбаярт мөнгө төлөхөөр шийдвэрлэгдсэн, Ж.Сайнбаярт төлөх ёстой миний мөнгөн дүнд Б.Болорсүхийн, Ж.Сайнбаярт төлөх ёстой мөнгө нэмж тооцогдон миний бие нь Б.Болорсүхийн өмнөөс түүний зээлийн төлбөрийг барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ж.Сайнбаяр нь Б.Болорсүхийн түүнд төлөх ёстой мөнгийг зээлийн барьцаанд тавьсан багажийг нь худалдан борлуулж зээлийн төлбөрөө барагдуулж авсан,одоо хариуцагч Б.Болорсүх надад өр төлбөргүй, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй гэж, мөн гэрч Эрдэнэчимэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Г.Сундуй-Очирын Ж.Сайнбаярт төлөх өр төлбөрийг бүрэн барагдуулсан гэж тус тус мэдүүлж байна. Ийнхүү Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Сундуй-Очир нь хариуцагч Б.Болорсүхийн бусдад төлөх өр төлбөрийг буюу бусдын үүргийг өмнөөс нь гүйцэтгэж үүний үр дүнд Б.Болорсүх үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Болорсүхээс 5,282,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Сундуй-Очирын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сундуй-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 99,462 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН