| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00685/и |
| Дугаар | 142/ШШ2022/00666 |
| Огноо | 2022-05-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2022/00666
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Амарын гудамж, Голомт банк ХХК Орхон салбар /РД: 2075377, 99702901/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-18-11 тоотод оршин суух, Боржгон овогт Альбикийн Болороо /РД: ФА70070108, 99558291/
Нэхэмжлэлийн шаардлага: “6,244,554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Тамирчулуун
Хариуцагч: А.Болороо
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булгантамир
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Боржгон овгийн Альбик овогтой Болороо нь 2018 оны 10 сарын 25-ний өдөр Голомт банктай ЗГ/400849670 тоот зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, төгрөгийн эрхтэй ЗЭС картыг 3,000,000.00 /Гурван сая/ төгрөгийн зээлийн эрхтэй авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгчийн ЗГ/400849670 тоот зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 31-ний өдөр дууссан боловч эргэн төлөлт хийлгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй байгаа бөгөөд 2022 оны 03 сарын 29-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт төгрөгийн эрх 3,000,000.00 төгрөг, хугацаа хэтрэлт 28 сар, 840 хоног, 3,180,715.32, зээлийн үндсэн төлбөр бэлэн бус 3,180,715.32 зээлийн үндсэн хүү 1,803,968.99, бэлэн бус 1,803,968.99, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 595,218.13, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 664,651.56, нийт 6,244,554 /Зургаан сая хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуун тавин дөрвөн төгрөг/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Альбик овогтой Болороогоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Болороо шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бизнес эрхэлж байсан учраас хэвийн төлөлтөө төлж явсан. Тэгээд 2020 оноос бизнес хэцүү болсон. Миний бие өрх толгойлсон болон түрээсийн байранд амьдардаг. Тухайн үед 2.000.000 төгрөгийг төлөөд эргүүлж авах боломж байна уу гэхэд эргээд холбогдъё гэсэн. 6,700,000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Хариу тайлбартаа төлөх боломжтой хэмжээгээ бичсэг боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: Кредит картны зээлийн гэрээ, кредит карт авах тухай хүсэлт, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдэл, гүйцэтгэх захирлын тушаал, зээлийн хүү тооцоолол, зээлийн дансны хуулга, Голомт банкны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: А.Болороо хариу тайлбараа шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь шүүхэд хандаж хариуцагч А.Болороогоос 6,244,554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.Болороо нь 2018 оны 10 сарын 25-ны өдөр хариуцагч Голомт банктай зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчийн гэрээ байгуулж, төгрөгийн эрхтэй Зэс картыг 3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэйгээр бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тохиролцож 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан болох нь зээлийн гэрээ, талуудын тайлбараар батлагдаж байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 31-ний өдөр дууссан боловч хариуцагч эргэн төлөлт хийгээгүй үндсэн зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөөгүй болох нь батлагдаж байна. Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагас 2022 оны 03 сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,180,715.32 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,803,968.99 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 664,651.56, нийт 5,649,336 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн эрх хэтрүүлсэний хүү гэх 595,218.13 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. Учир нь зээлийн хугацаа хэтрүүлсний хүү төлж байгаа тохиолдолд зээлийн эрх хэтрүүлсэний хүү гэж давхар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Болороогоос 5,649,336 төгрөг гаргуулан Голомт банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 595,218 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,863 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Болороогоос 105,339 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН