Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2022/00581

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 43-21б тоотод оршин суух, Боржигон овогт Жүгдэрийн Догоо /РД:ФБ60042581/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 40-04 тоотод оршин суух, Намхай овогт Доржгаравын Нандин-Эрдэнэ /РД:ФБ88021364/-д холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 22ы өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 01ий өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Догоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

Хариуцагч Д.Нандин-Эрдэнэд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Догоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Нандин-Эрдэнийн хүсэлтээр 2,000,000 төгрөгийг цалингийн зээлээ хаагаад үдээс хойш гарахаар нь өгнө гэхээр нь өдрийн зээл гаргадаг таньдаг хүнээсээ авч Цагаанчулуут багийн  зохион байгууллагч Д.Нандин-Эрдэнэд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн биеэр 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд Д.Нандин-Эрдэнээс 2,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Нандин-Эрдэнэ шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч Д.Нандин-Эрдэний 2021 оны 12 сарын 12-нд “мөнгө зээлсэн, өгнө” гэсэн гараар бичсэн бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Догоо нь хариуцагч Д.Нандин-Эрдэнэд холбогдуулан 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

 

2. Шүүх нэхэмжлэгч Ж.Догоогийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж хариуцагч Д.Нандин-Эрдэнэд нэхэмжлэлийн хувь гардуулан өгч хуулийн хугацаанд хариу тайлбараа гаргаж ирүүлэхийг үүрэг болгосон боловч тэрээр хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаж шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж заасанд үндэслэн хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Ж.Догоо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Нандин-Эрдэнийн хүсэлтээр 2,000,000 төгрөгийг цалингийн зээлээ хаагаад үдээс хойш гарахаар нь өгнө гэхээр нь өдрийн зээл гаргадаг таньдаг хүнээсээ авч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр өгсөн... ” гэж тайлбарладаг.

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх,  зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,  тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг  тус тус хүлээнэ.” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан бөгөөд Ж.Догоо нь Д.Нандин-Эрдэнэд 2000000 төгрөг зээлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй атлаа хүүний төлбөрт 800,000 төгрөги нэхэмжилсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

7. Иймд хариуцагч Д.Нандин-Эрдэнээс2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Догоод олгож, нэхэмжлэлээс үлдэх 800,000  /найман зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч Ж.Догоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Нандин-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Догоод олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Намхай овогт Доржгаравын Нандин-Эрдэнэ /РД:ФБ88021364/-ээс 2,000,000 /хоёр сая / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Догоод олгож, нэхэмжлэлээс үлдэх 800,000  /найман зуун мянга / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Догоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Нандин-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Догоод олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ