| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2021/01362/И |
| Дугаар | 142/ШШ2022/000410 |
| Огноо | 2022-03-17 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2022/000410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, 57 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-12-32 тоотод оршин суух хаягтай, Сартуул овогтой Гэрэлтийн Наранцэцэг, /РД:ГА63071263/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-д холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцолмон, Д.Оюун-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Наранцэцэг хариуцагч “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-д холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1. Г.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Наранцэцэг нь 2018.02.07-ны өдрийн 10 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нөхөр Б.Пүрэвдоржийн эзэмшиж байсан 3500м2 гаражийн зориулалтаар эзэмших газрыг хуулийн дагуу өвлөн авсан ба Аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 12-ны өдрийн А/602 тоот дугаартай захирамж гарч, газрыг өөр зориулалтаар буюу орон сууцны зориулалтаар 2021.02.04 ны өдрөөр газрын гэрчилгээ олгогдож 2300м2 газрыг эзэмших болсон. Уг газрыг зориулалтын дагуу эзэмших гэхэд гараашийн зориулалтаар тухайн газрыг ашиглаж байсан ашиглагч / гарааш 11,19 ,20, 31, 33,34,38,39, 39, 65, 67 тоот / нар газрыг чөлөөлөхгүй өдий хүрч байгаагаас газраа эзэмшиж чадахгүй байх тул газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.
2.Нэхэмжлэгч Г.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-тай албан ёсоор гэрээ хийгээгүй гэхдээ аман байдлаар тохиролцоо хийгдсэн. “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ газрын асуудлаа шийдээд манайх 2 грашийг барьж өгөхөөр тохиролцсон байгаа” гэв.
3. Хариуцагч “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Шүүхээс нэхэмжлэл ирэх хүртэл бидэнд газраа чөлөөлөх талаар хүсэлт, шаардлагыг тус газар эзэмшигч аман болон биеэр нэг ч удаа мэдэгдэж байгаагүй бөгөөд тус газарт байрлах 38, 39 гаражуудыг ашигласаар ирсэн нь үнэн болно. Бид тус газар дээрх ашиглагдаж буй хоёр гаражийг анхны хууль ёсны өмчлөгч Б.Пүрэвдорж эзэмшигчтэй аман хэлцэл хийн 2014 оны 10 болон 11 сард тус байгууллагын хөрөнгөөр барьж ашиглалтад хүлээн авч одоог хүртэл ашиглаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцолмон, Д.Оюун-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удирдлагын түвшинд аман хэлцэл хийсэн байгаа. Г.Наранцэцэгийн эзэмшлийн газрыг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй, манайх байгууллагатайгаа ойрхон газар олоод Г.Наранцэцэг 2 грашийг хэмжээ болоод чанарыг алдагдуулахгүйгээр барьж өгөхөөр тохиролцоо хийгдсэн, бичгээр гэрээ хийгдээгүй байгаа” гэв.
5.Нэхэмжлэгчээс: Г.Наранцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/602 дугаартай захирамжийн хуулбар /хх-4/, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-5-6/, Иргэний газар эзэмших эрхийн 000095300 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-7/, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06101-2020/06231 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-8-9/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.
6.Хариуцагч Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-аас: Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-32/, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-34/, хамтран ажиллах гэрээ /хх-35-36/, Х.Баянмөнхийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-37/, 0945 ОРО улсын дугаартай HYUNDAI Porter маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-38/, Бэлэн мөнгөний зарлагын баримт /39-42/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-43-44/, Т.Болдбаатарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-45/, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Барилга байгууламжийн ашиглалтанд оруулах комиссын акт /хх-46-48/, 38,39 дугаартай гараашийн зураг /хх-49-51/, Байгууллага “ХББЗА ОНӨҮГ /РД:8107149/-ийн эзэмшиж байгаа газрын байршилын кадастрын зураг /хх-52-53/, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-54-57/, хамтран ажиллах гэрээ /хх 58-60/, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-63/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-64-65/, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Барилга байгууламжийн ашиглалтанд оруулах комиссын акт /хх-66-68/, Орхон аймаг ХББЗА-ны 2 авто машины гараашийн барилгын ажлын төсөвт өртөг бүхий баримт /хх-69-83/, Орхон аймгийн Зэст багийн Үйлдвэрчний холбооны байрны замын зүүн талд байрлах №6102900231 дугаартай 2300 мкв орон сууцны зориулалтай газрын байршлын ерөнхий зураг /хх-165-166/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.
7.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний дөрийн А/308 дугаартай “Газар эзэмших тухай” захирамжийг хуулбарыг гаргуулан хэрэгт хавсаргасан байна.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Г.Наранцэцэг Орхон аймгийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/602 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжийг үндэслэн зориулалтын дагуу газраа эзэмшиж чадахгүй байгаа тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн Үйлдвэрчний /эвлэл/ холбооны байрны замын зүүн талд байрлах 2300м2 газарт байгаа Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 38, 39 дүгээр гарашуудыг буулгаж, газрыг албадан чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг чөлөөлөх талаар маргаан байхгүй, чөлөөлөхийг зөвшөөрч байгаа, харин грашийг шилжүүлэх, барих асуудлыг нэхэмжлэгч тал шийдвэрлэж өгөхөөр талууд ярилцаж байгаа” гэсэн тайлбар гаргасан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/602 дугаартай захирамж, Иргэний газар эзэмших эрхийн 000095300 дугаартай гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06101-2020/06231 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар Г.Наранцэцэг нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нөхөр Б.Пүрэвдоржийн эзэмшиж байсан 3500м2 гарашийн зориулалтаар эзэмших газрыг хуулийн дагуу өвлөн авсан, улмаар Орхон Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/602 тоот дугаартай захирамж гарч, газрыг өөр зориулалтаар буюу орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай Г.Наранцэцэгт эзэмшүүлэхээр 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр газрын гэрчилгээ олгогдож нэхэмжлэгч 2300м2 газрыг эзэмших эрхтэй болсон нь тогтоогдож байна.
4.Ийнхүү тэрээр Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Засаг даргад газар эзэмших тухай хүсэлтээ гаргасны дагуу Засаг дарга шийдвэр гаргаж, газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Баян-Өндөр сумын газрын алба Г.Наранцэцэгтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосон байна.
5.Иймд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1.-д заасны дагуу гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй тул газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
6.Хариуцагч Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ грашийг буулгаж, газрыг чөлөөлөх талаар маргаагүй, зөвшөөрсөн.
7.Иймд нэхэмжлэгч Г.Наранцэцэгийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн Үйлдвэрчний /эвлэл/ холбооны байрны замын зүүн талд байрлах 2300м2 газарт баригдсан Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 38, 39 дүгээр гарашуудыг буулгаж, газрыг албадан чөлөөлж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
8.Нэхэмжлэгч Г.Наранцэцэг хариуцагч Л.Мөнхбат, Ц.Отгондалай, Л.Мижиддорж, Н.Үржинцог, Сокол ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Наранцэцэгт олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1., Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Наранцэцэгийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн Үйлдвэрчний /эвлэл/ холбооны байрны замын зүүн талд байрлах 2300м2 газарт баригдсан Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 38, 39 дүгээр гарашуудыг буулгаж, газрыг албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Наранцэцэг хариуцагч Л.Мөнхбат, Ц.Отгондалай, Л.Мижиддорж, Н.Үржинцог, Сокол ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Наранцэцэгт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА