| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0165/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/204 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/204
2024/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: М.Ба, С.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бон овогт Мн Ба, Бно овогт Сийн А нарт холбогдох эрүүгийн 2412001270136 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Ө сумын ....... гэх газар оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Мгийн Ба/РД:АЖ.........../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Ө сумын ......... оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Бно овогт Сийн А/РД:АЖ.........../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 2412001270136 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Л.Бийн өгсөн:
“...Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны орой өөрийн эзэмшлийн үхрүүдээ бүртгээд тоолоход 35 тооны үхэр байсан. Энэ жил мал онд муу орсон болохоор энэ тэнд унаж үлдээд үхэж үрэгдэхвий гээд өдөр болгон тоолж бүртгэдэг. Харин 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ямаагаа самнаж байсан болохоор тухайн өдөр би бүртгэж чадаагүй. Гэрийн ойролцоо ирсэн байсан болохоор нь би бүртгээгүй хоносон. Тэгээд би 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө гэрийн хажууд байх худаг дээр манай үхрүүд ирсэн байсан болохоор нь үхрээ усалж байгаад бүртгэсэн. Тэгтэл манай үхрээс 2 тооны монголын шүдлэн насны гунжин үнээ байхгүй байсан. Тэгээд би хэдэн өдөр тэр хавиар байгаа байх гээд айл амьтнаас асууж сураглаад эрэл хайгуул болсон. Би ихэвчлэн машин мотоциклтой хайсан. Надаас тухайн 2 тооны үхрийг хайж эрэл хайгуул болж явах гэж ойролцоогоор бараг 500-аад мянган төгрөг тос маслоны зардалд зарцуулсан. Би өөрийн 2 тооны монголын үхрээ хүн ачаад явчихлаа гэж бодож байна. Тэр хавиар ямар нэгэн үхэр малын сэг зэм гараагүй болохоор би шулаагүй ачуулсан байх гэж бодож байна. Миний хулгайд алдсан 2 тооны үхрийн нэг нь шүдлэн насны улаан халзан гунж байсан ба зөв талын чих нь урд талаасаа бахим имтэй, харин буруу тал нь хойноосоо 2 бахим имтэй. Харин нөгөө шүдлэн насны гунж нь хар зүстэй, хойд 2 цавиныхаа урдхан талдаа жижгэвтэр цагаан үстэй. Тэр нь сайн анзаарч харвал их содон. Чих нь ямар нэгэн им байхгүй. Тухайн 2 тооны үхэр нь 2 лаа сөөм хүрэхгүй жижигхэн эвэртэй. Би өөрийн хулгайд алдсан үхрээ 1-ийг нь 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Нийт би 2 үхрээ 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байна. Манай нутгийн С.А болон М.Ба гэх 2 хүнийг би сэжиглэж байгаа. Учир нь миний хулгайд алдсан 2 тооны монголын үхэр М.Бын төрсөн эгч Одсүрэн гэх хүний үхэрт чихийг нь имнэчихсэн байдалтай байсан. Би Одсүрэн гэх хүний гэрт өөрийн алдсан үхрээ хайж яваад очсон. Яагаад миний 2 тооны монголын үхэр энд байгаа талаар асуухад надад С.А, М.Ба нар авч ирж өгсөн. Чихийг нь имнэчихээрэй гэж хэлээд үлдээсэн гэж хэлсэн. Би хулгайд алдсан өөрийн 2 тооны монголын үхрээ хаанаас нь ч харсан шууд танина. Манай тугал үхрүүд болохоор би сайн танина. Ерөнхий биеийн хэлбэр, байгаа байдал болон толгойны хэлбэр, эвэр, мөн зүс зэргээр нь танина. Миний хулгайд алдсан 2 тооны үхэр яг дүрээрээ мөн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/
*Гэрч Б.Эын өгсөн:
“...Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой Архангай аймгийн төвөөс хөдөө байх гэртээ 22 цаг өнгөрч байх үед хүүхдүүдтэйгээ ирсэн. Манай том охин аймгийн төв 1-р ангид сурдаг. Өвөө эмээтэйгээ аймгийн төв байдаг болохоор хүүхэд дээрээ очиж 7 хоноод ирсэн. Тэгээд намайг ирдэг өдрийн маргааш буюу 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө манай нөхөр Л.Бэ үхрээ услаад ирэхдээ 2 охин гунж дутсан байна гээд ирсэн. Уг нь манай үхрүүд нэг их салдаггүй байсан ба манайх өдөр болгон үхрээ тоолж бүртгэдэг. Манайх нийт 35 тооны үхэртэй. Тухайн өдрийн өглөө 33 тооны үхэр байна гэж манай нөхөр Л.Б надад хэлсэн. Тэгээд манай нөхөр тэр өдөр энэ тэрүүгээр хайсаар өнжсөн. Тухайн өдрөөс эхлээд манай нөхөр мотоцикл, машинтай өдөр болгон шавхуу л хайж эхэлсэн. Одоог хүртэл олоогүй хайсаар л байсан. Би С.А, М.Ба гэх 2 хүнийг сэжиглэж байгаа. Манай тэр хавиар нийлчихээд л явж байдаг, ах дүү нарын хүүхдүүд гэж дуулсан. Миний мэдэхийн С.А гэх залуу нь Архангай аймгийн Ө сумын хүргэн болж байгаа, эндээс шилжээд нэг их удаагүй байгаа гэж дуулсан. Харин М.Ба гэх залуугийн төрсөн эгч нь Архангай аймгийн Ө суманд байдаг ба сумын төвөөс 4,5 км зайтай л байдаг айл байгаа. Манай 2 тооны монголын үхрийн нэг нь буюу шүдлэн насны улаан халзан гунж нь зөв талын чих нь урд талаасаа бахим эмтэй, харин буруу тал нь хойноосоо 2 бахим эмтэй. Харин нөгөө шүдлэн насны гунж нь хар зүстэй, хойд 2 цавиныхаа урдхан талдаа жижгэвтэр цагаантай. Бөөр алаг гэхээр. Чих нь ямар нэгэн эм байхгүй. Тухайн 2 тооны үхэр нь 2 лаа яг ижилхэн гэхээр жижгэвтэр эвэртэй...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/
*Яллагдагч М.Бын өгсөн:
“...Зүйчлэлтэй маргах зүйл байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр тал/
*Яллагдагч С.Аийн өгсөн:
“...Надад хөнгөн ял оноож өгнө үү, би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна, хохирлоо бүрэн барагдуулсан, албан ёсоор уучлалт гуйсан байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 80-81 дүгээр тал/
*Дамно ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн АЦ-24-91 дугаартай: “...шүдлэн насны 2 тооны гунжин үхрийн үхрийн үнэлгээг 1.600.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 51-55 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн АЦ-24-102 дугаартай: “...2009 онд үйлдвэрлэгдсэн, 2021 онд монгол улсад орж ирсэн ..... улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 14.945.000/арван дөрвөн сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 61-66 дугаар тал/
*Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрий-н мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 5-7 дугаар тал/
*Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 8-14 дүгээр тал,
*2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 15-19 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-103 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч М.Ба, С.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ө сумын Д багийн Ч гэх газраас иргэн Л.Бийн хоёр тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 1.600.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч М.Ба, С.А нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ө сумын Д багийн Ч гэх газраас иргэн Л.Бийн хоёр тооны үхэр буюу бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Л.Бийн“...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө гэрийн хажууд байх худаг дээр манай үхрүүд ирсэн байсан болохоор нь үхрээ усалж байгаад бүртгэсэн. Тэгтэл манай үхрээс 2 тооны монголын шүдлэн насны гунжин үнээ байхгүй байсан. Тэгээд би хэдэн өдөр тэр хавиар байгаа байх гээд айл амьтнаас асууж сураглаад эрэл хайгуул болсон. Би ихэвчлэн машин мотоциклтой хайсан. Надаас тухайн 2 тооны үхрийг хайж эрэл хайгуул болж явах гэж ойролцоогоор бараг 500-аад мянган төгрөг тос маслоны зардалд зарцуулсан. Би өөрийн 2 тооны монголын үхрээ хүн ачаад явчихлаа гэж бодож байна. Тэр хавиар ямар нэгэн үхэр малын сэг зэм гараагүй болохоор би шулаагүй ачуулсан байх гэж бодож байна. Миний хулгайд алдсан 2 тооны үхрийн нэг нь шүдлэн насны улаан халзан гунж байсан ба зөв талын чих нь урд талаасаа бахим имтэй, харин буруу тал нь хойноосоо 2 бахим имтэй. Харин нөгөө шүдлэн насны гунж нь хар зүстэй, хойд 2 цавиныхаа урдхан талдаа жижгэвтэр цагаан үстэй. Тэр нь сайн анзаарч харвал их содон. Чих нь ямар нэгэн им байхгүй. Тухайн 2 тооны үхэр нь 2 лаа сөөм хүрэхгүй жижигхэн эвэртэй. Би өөрийн хулгайд алдсан үхрээ 1-ийг нь 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Нийт би 2 үхрээ 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байна. Манай нутгийн С.А болон М.Ба гэх 2 хүнийг би сэжиглэж байгаа. Учир нь миний хулгайд алдсан 2 тооны монголын үхэр М.Бын төрсөн эгч Одсүрэн гэх хүний үхэрт чихийг нь имнэчихсэн байдалтай байсан. Би Одсүрэн гэх хүний гэрт өөрийн алдсан үхрээ хайж яваад очсон. Яагаад миний 2 тооны монголын үхэр энд байгаа талаар асуухад надад С.А, М.Ба нар авч ирж өгсөн. Чихийг нь имнэчхээрэй гэж хэлээд үлдээсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эын”...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө манай нөхөр Л.Бэ үхрээ услаад ирэхдээ 2 охин гунж дутсан байна гээд ирсэн. Уг нь манай үхрүүд нэг их салдаггүй байсан ба манайх өдөр болгон үхрээ тоолж бүртгэдэг. Манайх нийт 35 тооны үхэртэй. Тухайн өдрийн өглөө 33 тооны үхэр байна гэж манай нөхөр Л.Бат- Эрдэнэ надад хэлсэн. Тэгээд манай нөхөр тэр өдөр энэ тэрүүгээр хайсаар өнжсөн. Тухайн өдрөөс эхлээд манай нөхөр мотоцикл, машинтай өдөр болгон шавхуу л хайж эхэлсэн. Одоог хүртэл олоогүй хайсаар л байсан. Би С.А, М.Ба гэх 2 хүнийг сэжиглэж байгаа...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч М.Ба, С.А нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг Дамно ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн АЦ-24-91 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч нар нь бүлэглэн шүүгдэгч С.Аийн эзэмшлийн ....... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, хохирогч Л.Бийн 2 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь бүлэглэж, машин машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Ба, С.А нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бэд 1.600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Л.Бэ нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.Ба, С.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу нэг жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг Дамно ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн АЦ-24-102 дугаартай дүгнэлтээр гаргасан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч С.Аийн эзэмшлийнх болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Ба, С.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14.945.000/арван дөрвөн сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ............. улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ба, С.А нарын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 63/жаран гурав/ хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч нарын эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бон овогт Мн Ба, Бно овогт Сийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Ба, С.А нарыг тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ба, С.А нарт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацааг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ба, С.А нарын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 63/жаран гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ба, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч М.Ба, С.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14.945.000/арван дөрвөн сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ......... АРН улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч М.Ба, С.А нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Ба, С.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР