| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2017/01553/И |
| Дугаар | 183/ШШ2017/02680 |
| Огноо | 2017-12-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, Татварын ерөнхий хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2017/02680
| 2017 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2017/02680 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж, Нийслэлийн нутгийн захиргааны 2 дугаар байранд байрлах, ЧДТХ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58-89 тоотод байрлах, 2102684 регистрийн дугаартай, Ш д ХХК-д холбогдох
Татварын өр 379.351.167,9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа, М.Баасансүрэн, хариуцагчийн өмгөөлөгч С.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЧДТХ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа, М.Баасансүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш д ХХК нь Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 352845 дугаартай актаар ногдуулсан төлбөрөөс 129.139.400 төгрөгийг төлж, 68.489.400 төгрөг үлдэгдэлтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 290.871.690 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах өртгийн албан татварын 19.990.077 төгрөг, нийт 379.351.167 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 57 дугаар зүйлийн 57.1.1-д зааснаар 15 хоногийн дотор төлөх гэсэн татвар төлөгчийн үүргээ эс биелүүлж, өр төлбөрийг төлөөгүй байна. Татварын алба нь татварын өр төлбөрийг барагдуулах талаар Татварын ерөнхий хуулийн 66 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн банк дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлбөрийг гаргуулахын тулд татвар төлөгчид өр төлбөрийг төлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлж, холбогдох банкны данснуудыг хаасан. Мөн барьцааны гэрээ хийж, түүний дагуу эд хөрөнгө битүүмжлэх акт бүрдүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан энэхүү ажиллагааг хийснээр татварын өрийг барагдуулах, барьцаалсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулах боломжгүй, тухайн эд хөрөнгө нь дуусаагүй барилга, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаагүй болохоор ямар нэг байдлаар татварын өр төлбөрийг гаргуулах боломжгүй байгаа юм. Хариуцагчийн өмгөөлөгч нь уг барилгыг одоо ашиглалтад орсон, худалдан борлуулах, өмчлөх асуудал дээр хэн нэгэнтэй ямар нэг маргаангүй гэж тайлбарлаж байх боловч тэр талаар Татварын хэлтэст хэлж санал болгосон зүйл байхгүй. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 62 дугаар зүйлийн 62.2-д заасныг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Татварын алба дуудлага худалдааг явуулна гэж хуульд заасан боловч өнөөдрийн байдлаар ямар ч татварын алба дуудлага худалдааг явуулдаггүй, шүүхээр шийдвэрлүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дуудлага худалдаанд оруулж, татварын өр төлбөрийг барагдуулах ажиллагаа явагдаж байгаа. Татвар төлөгчийн төлөх ёстой өр төлбөр нь татварын тайлан болон хяналт шалгалтаар тогтоогдсон төлбөр байхад үүнийгээ төлөхгүй байгаа байдал нь татвар төлөгчийн арга заль гэж үзэж байна. Хариуцагч 2013 оноос хойш ямар нэг байдлаар татварын өр төлбөрийг төлөхгүй байх тул Ш д ХХК-иас 379.531.167 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ш д ХХК-ийн өмгөөлөгч С.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧДТХ нь Ш д ХХК-д холбогдуулан Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг үндэслэж нэхэмжлэлээ гаргасан байна. Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т... үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс болон бусад орлогоос гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах буюу өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагаанаас гадна давхар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар хуульчилсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Татварын ерөнхий хуулийн 70.1 дэх хэсгийг үндэслэж мөн хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авсан боловч өр төлбөрийг барагдуулах боломжгүй байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажиллагаа нь татварын өрийг татвар төлөгчийн банк дахь дансны гүйлгээг зогсоох замаар тухайн дансанд орсон орлогоос үл маргах журмаар татан авах ажиллагаа байдаг. Энэ ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэгч талаас тодорхой ажиллагаа явуулсан, түүнтэй маргахгүй. Харин Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд... эд хөрөнгө, цалин хөлснөөс татварын өрийг гаргуулах тухай зохицуулсан. Ш д ХХК-ийн гол үйл ажиллагаа нь барилга угсралтын ажил бөгөөд үүний нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах, Ш д ХХК-ийн барьсан объектоос 4 орон сууцыг ЧДТХт барьцаалуулсан. Барьцаалах ажиллагааг мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу явуулсан эсэхэд анхаарал хандуулахыг хүсэж байна. Барьцаалах ажиллагаа хийсний дараа татвар төлөгчийн тодорхой эд хөрөнгийг барьцаалах буюу татвар төлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой нөхцөл болзолтойгоор нийтэд зарлан худалдаж, үнийг улсын орлогод оруулж болно гэж Татварын ерөнхий хуулийн 63.4-т зохицуулсан. Өөрөөр хэлбэл татварын байгууллага бусад хуулийн этгээд, иргэнтэй харилцахад татварын өрийг барагдуулах хаана ч байхгүй эрх хэмжээг хуульчилж өгсөн. Энэхүү эрх хэмжээ болон зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг явуулахдаа мөн хуулийн 65-69 дүгээр зүйлд заасан нарийвчлан зохицуулсан хуулийн зүйл заалт, журмыг мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл 2008 оны 220 дугаартай Үндэсний Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журмыг мөрдөж ажиллах ёстой. Гэтэл энэ журамд нийцүүлж барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийгээгүй. Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д заасан үнэ тогтоож дуудлага худалдаа явуулах талаар ямар нэг санаачилга гаргаж хийгээгүй байдаг. Нэхэмжлэгч талаас тухайн үл хөдлөх хөрөнгийг бүрэн баригдаж ашиглалтад ороогүй гэж тайлбарлаж байгаа боловч одоо ашиглалтад орсон бөгөөд худалдан борлуулах, өмчлөх асуудал дээр хэн нэгэнтэй ямар нэг маргаан байхгүй. Шийдвэр гүйцэтгэл болон шүүхийн шийдвэрээр өр төлбөрт тооцогдсон зүйлгүй. Тиймээс тухайлсан эд хөрөнгөтэй Ш д ХХК-ийн хувьд Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг Татварын газраас явуулах бүрэн боломжтой байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс энэхүү байдлыг тогтоохгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн. Нэгэнт Иргэний хэрэг үүсгэж тодорхой ажиллагаа явагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65.1.3-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Татварын байгууллага нь Төрийн байгууллага бөгөөд Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох учиртай. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д... татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана, мөн хуулийн 30.1.6-д татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн ажиллана гэж тус тус заасан. Гэтэл Татварын хэлтэс нь татварын өр төлбөрийг барагдуулах талаар тодорхой нарийвчлан заасан хуулийн заалт болон дүрэм журмыг биелүүлээгүй тул Ш д ХХК-д холбогдуулан татварын өр 379.351.167,9 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Ш д ХХК-ийн 2005-2009 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс шалгалт хийж, Татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 352845 тоот актаар улсын байцаагчийн актын төлбөр 68.489.400 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн дутуу 290.871.690 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын 19.990.077,1 төгрөг, нийт 379.351.167,9 төгрөгийн өр үүссэн болох нь татварын тайлан, татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн акт, хавсралтууд, мэдэгдэх хуудас, татварын улсын байцаагчийн тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Ш д ХХК нь татварын улсын байцаагчийн дээрх актаар тавигдсан зөрчлийг хүлээн зөвшөөрч актад гарын үсгээ зурсан, нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргахгүй байх бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өр төлбөрөө хуваарь гарган төлөх хүсэлтээ байгаагаа илэрхийлэн ЧДТХт “өр барагдуулах тухай” тодорхойлолт гаргаж байсан байна.
ЧДТХ нь Ш д ХХК-ийг татварын өрийг хуулийн хугацаанд төлөөгүй гэж 379.351.167,9 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ш д ХХК эс зөвшөөрч нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйл, Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 220 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасан ажиллагааг дутуу хийсэн буюу урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж маргаж байна.
Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т... Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг зогсоож, дансны орлогоос барагдуулна гэж зааснаар уг ажиллагааг хууль, журамд заасны дагуу хийж гүйцэтгэсэн болох нь мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, татварын орлогын дансны мэдэгдэл, банкны харилцах дансыг хаах мэдэгдлээр тогтоогдож байх ба хариуцагч дээрх ажиллагааны талаар маргахгүй байна.
Хариуцагч Ш д ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийг Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасан ажиллагааг дутуу хийсэн, дээрх ажиллагааг явуулахдаа мөн хуулийн 65-69 дүгээр зүйлд заасан нарийвчлан зохицуулсан хуулийн зүйл заалт болон Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 220 дугаартай тушаалаар батлагдсан журмыг мөрдөж ажиллаагүй, өөрөөр хэлбэл журамд нийцүүлж барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 64.3-д заасан үнэ тогтоож дуудлага худалдаа явуулах талаар ямар нэг санаачилга гаргаагүй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ш д ХХК-ийн эд хөрөнгө болох орон сууцны зориулалттай 2,7,12,17 тоот 195 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэх акт үйлдэж, барьцааны гэрээ байгуулсан байх ба дээрх барилга нь тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, дуусаагүй 30 хувийн гүйцэтгэлтэй байснаас дээрх ажиллагааны дагуу ямар нэг байдлаар татварын өр төлбөрийг гаргуулах боломжгүй гэх нэхэмжлэгчийг тайлбарыг буруутгах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч нь Ш д ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасан хугацаанд татвараа төлөөгүйгээс мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т... Татварын өрийг бүрэн гаргуулах зорилгоор энэ хуулийн 62.1-т заасан ажиллгааг давхардуулан явуулж болно, 70 дугаар зүйлийн 70.1-т..Хугацаанд төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дзүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж тус тус зааснаар татварын өрийг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байх тул хариуцагч Ш д ХХК-иас 379.351.167,9 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЧДТХт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагч Ш д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.054.706 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.14 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш д ХХК-иас 379.351.167,9 төгрөгийг гаргуулж, ЧДТХт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ш д ХХК-иас 2.054.706 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН