Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 84

 

Д.Б-д холбогдох

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0273/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ч.Мядагбадам

Шүүгдэгч                                       Д.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               С.Чинбат

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан хийж

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолтой, Д-ын Б-д холбогдох, 2018000000294 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр танилцуулснаар  хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Д-ын Б-.

Шүүгдэгч Д.Б- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “68” зээлийн төвийн салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд “И- М- Н-” ХХК-н итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг буюу бэлэн мөнгийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12.458.930  төгрөгийн хохирол учруулсан залилангийн гэмт хэрэг.,

-мөн хугацаанд албан тушаалын байдлаа ашиглан Ж.М-гийн 188.000 төгрөг, Г.Г-ийн 360.000 төгрөг, Н.Э-ийн 376.000 төгрөг, О.Ж-ын 188.000 төгрөг, Л.О-гийн 288.000 төгрөг, К.Д-ийн 477.030 төгрөг, Б.М-ын 188.000 төгрөгийг тус тус итгэмжлэн хариуцуулсныг Төрийн банкнаас үргэлжилсэн үйлдлээр авч нийт 2.065.030  төгрөгийг завшсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Д-ын Б-ыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, “И- М- Н-” ХХК-нд 12.458.930 /арван хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун гуч/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас “И- М- Н-” ХХК-нд 2.065.030 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б- овогт Д-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т зааснаар 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.0000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих, торгох ялыг тус тусад нь эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.3 дугаар зүйлийн 5., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялын 10.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 36 сарын хугацаанд буюу эхний 35 сарын хугацаанд 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Б-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Б-д анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.Б-аас 10.495.374 /арван сая дөрвөн зуун ерэн таван мянга гурван зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж, “И- М- Н-” ХХК-нд олгох,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2.2.т зааснаар шүүгдэгч Д.Б-ын насанд хүрээгүй буюу 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Ж-, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Г.О-, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Г.И- нарыг асран хамгаалж, хүмүүжүүлэхийг **********  регистрийн дугаартай Н.Г-т үүрэг болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос ээмгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Б-ын эдлэх ялыг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 .т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Д.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй буюу 5-12 насны 3 хүүхэдтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 10.495.374 \Арван сая дөрвөн зуун ерэн таван мянга гурван зуун далан дөрөв\ төгрөгийг “И- М- Н-” ХХК-д бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа.

Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл “Залилах”-ийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 \Арван сая\ төгрөгөөр торгох ялаар сольж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т заасны дагуу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл “Хөрөнгө завших”-ийн 2 дахь хэсгийн 2.1.т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 \Арван сая\ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч С.Чинбат тайлбартаа:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл “Залилах”-ийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 \Арван сая\ төгрөгөөр торгох ялаар сольж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б-:

Байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан, шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Б-ыг  “И- М- Н-” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар “68” зээлийн төвийн салбарын захирлаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж  “И- М- Н-” ХХК-н итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг буюу бэлэн мөнгийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч  12.458.930 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт.,

- Мөн “И- М- Н-” ХХК-аас халамжийн дэвтрээ барьцаалж зээл аваад халамжийн мөнгөөр эргэн төлдөг иргэн Ж.М- 188.000 төгрөг, Г.Г- 360.000 төгрөг, Н.Э- 376.000 төгрөг, О.Ж- 188.000 төгрөг, Л.О- 288.000 төгрөг, К.Д- 477.030 төгрөг, Б.М- 188.000 төгрөг авах эрх олгосон   итгэмжлэлээр Төрийн банкнаас нийт 2.065.030 төгрөгийг авч албан тушаалын байдлаа ашиглан  бусдын итгэмжлэн хариуцуулсан мөнгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх Д.Б-ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих, торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Б- нь “И- М- Н-” ХХК-н  ерөнхий захирлын тушаалаар 2019-7-24-нд салбарын захирлаар томилогдон ажиллаж байхдаа өөрийн хариуцаж байгаа салбараас урьд нь  зээл аваад зээлээ буцаагаад бүрэн  төлсөн иргэн Батбаяр, Б.Отгонбаяр нарын зээл авч байсан материалыг ашиглан  хуурамч зээл үүсгэн, гэрээ байгуулж 12.458.930 төгрөг авсан., мөн тус салбараас халамжийн дэвтрээ барьцаалж иргэн М- 188.000 төгрөг, Г.Г- 360.000 төгрөг, Н.Э- 376.000 төгрөг, О.Ж-ын 188.000 төгрөг, Л.О- 288.000 төгрөг, К.Д- 477.030 төгрөг, Б.М- 188.000 төгрөг зээлсэн., тэд энэ зээлээ “Төрийн банк”-наас сар бүр авах халамжийн мөнгөөр төлөх гэрээтэй бөгөөд эдгээр иргэдийн өмнөөс салбарын захирал Д.Б- нэр бүхий иргэдтэй хийсэн хууль ёсны гэрээ, итгэмжлэлийн дагуу банкнаас нийт 2.065.030 төгрөг аваад өөрийн хариуцаж байсан салбарын дансанд хийлгүй  хувьдаа  авсан үйл баримт болжээ.

Энэ үйл баримт, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр нь   хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн  болон гэрч   Ж.М-, Г.Г-, Н.Э-, О.Ж-, Л.О-, К.Д-, Б.М- нарын мөн хохирогч байгууллагын төлөөлөгч Э.Баасанням нарын   мэдүүлэг, “Төрийн банк”-наас мөнгө авсан  баримт, ХААН банкин дахь Д.Б-ын 5681008587 дугаар дансны дэлгэрэнгүй мэдээлэл, Д.Б-ыг салбарын захирлаар томилсон тухай  “И- М- Н-” ХХК-ийн ерөнхий захирлын 2019-4-19-ны 1719/52., 2019-07-24-ны өдрийн 1719/97., ажлаас чөлөөлсөн 2020-04-30-ны Б/20/067дугаар тушаал,  зээлдэгчдээс түүнд олгосон итгэмжлэлийн хуулбар, гэрээ /1-р х.хийн 17-79-р хуудас/  “Пиком аудит” ХХК-н 2020-06-24-ны 166 дугаар дүгнэлт., /1-р х.хийн 101-105-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

Харин хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч Д.Б- нь “И- М- Н-”  ХХК -н Дархан-ул аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байхдаа урьд нь тус компаниас зээл аваад эргэн төлсөн нэр бүхий 2 хүний нэрээр тэдний зээлийн  материалыг ашиглан  хуурамч зээл үүсгэн, гэрээ байгуулж 12.458.930 төгрөгийг хувьдаа авсан., мөн тус  салбараас халамжийн дэвтрээ  барьцаалж  зээл авсан 7 иргэний  компанид эргэн  төлөх ёстой 2.065.030 төгрөгийг өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу банкнаас авч мөн Компанийн дансанд  хийх байтал өөрөө авч ашиглан компанид хохирол учруулжээ.

Энэ үйл баримт нь дээр дурдсан нотлох баримтаас гадна Дархан салбарт хийсэн байгууллагын дотоод аудитын шалгалт, тайлангаар хохирол зөвхөн “И- М- Н-” ХХК-д  учирсан бөгөөд харин “Төрийн банк” болон нэр бүхий 9 иргэнд  ямар нэг хохирол учраагүй, мөн тэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон., түүнчлэн шүүгдэгч хэргийн улмаас учруулсан хохирлоо “И- М- Н-” ХХК-д төлж барагдуулсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Баянжаргалын дээрх 2 үйлдлийн улмаас “И- М- Н-” ХХК-д хохирол учирсан., үйлдэл хийсэн арга хэлбэрийн хувьд зөвхөн түүнд олгогдсон  салбарын захирлын  албан тушаалаа ашиглаж  нэг үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдэж, нөгөө үйлдэл нь захирлын хувьд олгогдсон эрх хэмжээ, итгэлийг урвуулан ашиглаж “И- М- Н-” ХХК-н хөрөнгийг авсан залилангийн гэмт хэргийн шинжийг агуулсан байхаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд  энэ гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж үйлдсэн тохиолдол хүндрүүлэн зүйлчлэхээр зохицуулагджээ.

Харин гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, арга, хэлбэрийн хувьд бусдын  итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ын залилах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.д зааснаар зүйлчлэх нь зөв бөгөөд  түүний зарим үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан давхар зүйлчлэх шаардлагагүй байх тул  энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Д.Б- нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн талаар үнэн зөв хүлээн мэдүүлж, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, бага насны хүүхдүүдтэй болон   “И- М- Н-” ХХК-д учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, тэд гомдол, саналгүй гэж мэдүүлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.д заасан  ялаас  торгох ялыг сонгож хэрэглэх боломжтой байна.   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1. 4 ., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1., 17.4 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан гэж өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 2., 3 дугаар заалтыг :

             -шүүгдэгч Б- овогт Д-ын Б-ыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж.,

             -шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.0000 /арван  таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж өөрчлөн ., тогтоох хэсгийн 3., 4 дүгээр заалтыг  хүчингүй болгосугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч Д.Б-д  оногдуулсан 15.0 сая төгрөгөөр торгох ялыг 3 жилийн  хугацаанд сар бүр 416.666 төгрөг төлөхөөр хэсэгчлэн тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэсэн заалт нэмсүгэй.

          4. Шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй сулласугай.

           5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                               Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                 Ц.ТУЯА