Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 21

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2018/00162 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Н т хариуцагдах “Орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 2.728.750 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

  Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийг хөгжүүлэх 2013 оноос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.187 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тендер шалгаруулан төрийн албан хаагчдад орон сууцны зориулалтаар Даланзадгад сумын төвд баригдаж буй 70 айлын орон сууцны барилгаас 42.94 м2 бүхий 2 өрөө 14 байр, 44.8 3 м2 2 өрөө 27 байр, нийт 1811.57 м2 талбай бүхий 2 өрөө 41 орон сууц захиалан төрийн албан хаагчдын хөнгөлөлттэй нөхцөлөөр, хямд орон сууцаар хангах зорилгоор харилцан тохиролцож орон сууц захиалгын ӨМ2012/74 дугаартай гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газар, “ХГ” ХХК нар 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан юм.

 “ХГ” ХХК-иас захиалгын байрыг гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр барьж дуусган ашиглалтад оруулахаар аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах боломж бүрдэж, төрийн албан хаагчдаас гаргасан хүсэлтийг үндэслэн түрээс болон зээлээр худалдах, худалдан авах агуулга бүхий гурвалсан гэрээ байгуулж орон сууцаар хангасан.

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Н.Н аас гаргасан өргөдлийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 42 дугаар байрны 43.66 м2, 2 өрөө 3 тоот орон сууцыг олгосон юм. Н.Н  нь орон сууцны үнийн 30-40 хувийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, орон сууцны үнийг төлөх хүртэлх хугацаанд нэг сарын 109.150 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон болно.

Орон сууцны үнийг төлөхөөр тохиролцсон хугацаа буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор орон сууцны үнэ болон түрээсийн төлбөрийг төлөөгүй тул аймгийн Засаг даргын Тамгын газраас төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоож 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлбөрийн 30 хувийг төлж, тухайн орон сууцыг худалдан авах боломжийг олгосон ч мөн үүргээ гүйцэтгээгүй юм. Орон сууц худалдах, худалдан авах тухай хүсэлт гаргасан Н.Н  нь тогтоосон хугацаанд орон сууцны төлбөр болон түрээсийн үүргээ биелүүлээгүй тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Тухайн орон сууцыг хүлээлгэн өгсөнөөс хойших хугацааны түрээсийн төлбөрийг төлөн, орон сууцыг суллан хүлээлгэн өгөх” талаар мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, түрээсийн төлбөрийг төлөлгүй төрийн байгууллагыг хохироож байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хөрөнгө бүртгэх тухай” 184 дугаартай тогтоолоор тус орон сууцыг аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэхийг Засаг дарга Н.Н т даалгасан шийдвэр гарсан юм. Уг шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчид 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн болно.

 Иймд Аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн шийдвэртэй, Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 1 дүгээр орцны 03 тоот, 43.66 м2, 2 өрөө орон сууцыг иргэн Н.Н ын эзэмшлээс чөлөөлүүлж, тус орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш нэг сарын түрээсийн төлбөрийг 109.150 төгрөгөөр тооцож, 25 сард ногдох хугацааны нийт түрээсийн төлбөрт 2.728.750 /хоёр сая долоон зуун хорин найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж төрийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Н.Н  миний 2016 онд Засаг даргын тамгын газраас байр худалдан авч одоог хүртэл эзэмшиж байгаа нь үнэн. Би ямар ч түрээсийн гэрээ байгуулаагүй. Байраа худалдан авдгаараа авна, энэ ч үүднээс засч янзлаад, салгаж болохгүй засварууд хийсэн, өргөдөл гаргаж 2018 оныг дуустал амьдрах бөгөөд энэ хугацаанд төлбөр төлж барагдуулах өргөдөл бичиж өгсөн. Байрны төлбөр төлөх хугацааг 2018 оныг дуустал гэдгийг тохироогүй бол миний өргөдөлд татгалзсан хариу өгөх байсан. Надад татгалзлаа илэрхийлээгүй учир зөвшөөрсөн, тохиролцсоныг илтгэж байна.

Үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр баталгаажна. Улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаагүй байна. Би нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй байна  гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2018/00162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн  106 дүгээр зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 1 дүгээр орцны 03 тоот, 43.66 м2, 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Н аас албадан чөлөөлүүлж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр  2.728.750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 128.810 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Н аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Н  давж заалдах гомдолдоо: “Шүүх байр албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 143/ШШ2018/00162 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Н.Н  миний бие 2016 онд аймгийн Засаг даргын Тамгын газраас байр худалдан авч одоог хүртэл эзэмшиж байгаа нь үнэн. Уг байр нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссаны дагуу хямдралтай үнэ, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр урьдчилгаа төлбөргүй төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох зорилготой байсан. Би тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан бөгөөд өөрийн боломж нөхцөлийг тооцож 42 дугаар байрны 3 тоотыг худалдан авсан юм.

Гэтэл уг байрыг байрны үндсэн үнийг төлөх хүртэл түрээслүүлэх, түрээслүүлсэн тохиолдолд түрээсий

н төлбөрийг урьдчилгаа төлбөрт хамааруулж тооцох гээд гэрээний гол нөхцөлүүд яригдаж эхэлсэн ч тодорхой шийдвэр гараагүй юм. Худалдагч буюу нэхэмжлэгч өөрсдөө ийм ойлгомжгүй байдлуудыг бий болгож өнөөдрийг хүртэл албан ёсны гэрээ хийгээгүй юм. Би өөрөө аймгийн Тамгын газар дээр очиж суугаад тэдний тамгыг дараад өөрөө өөртэйгөө гэрээ байгуулах боломжгүй юм. Байрны төлбөрөө төлөх хүртэл түрээсийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй гэдгээ би бичгээр илэрхийлж өөрөөс шалтгаалах алдаа гаргаагүй.

Би байраа худалдан авдгаараа авна. Энэ ч үүднээс засч янзлаад, салгаж болохгүй засварууд хийгээд амьдарч байна. Төлбөрөө төлөх тал дээр маргаантай тодорхойгүй асуудлууд үүссэн, миний боломж бололцоо ч хүрэхгүй байсан тул би өргөдөл гаргаж төлбөр төлөх хугацааг сунгасан. Бид тохиролцсон. Намайг байрны төлбөртэй холбоотой асуудлаар уулзахад Тамгын дарга Баянмөнх төлбөр төлөх боломжит хугацааг хэл тэр хугацаа хүртэл сунгая гэж хэлсэн. Би өргөдөл гаргаж 2018 оныг дуустал амьдрах бөгөөд энэ хугацаанд төлбөрөө төлж барагдуулах хүсэлтэй байгаа тухай өргөдөл бичиж өгсөн. / хавтаст хэргийн материалд байгаа/

Хэрэв байрны төлбөр төлөх хугацааг 2018 оныг дуустал гэж тохироогүй бол миний өргөдөлд татгалзсан хариу өгөх байсан. Надад татгалзал илэрхийлээгүй. Монгол Улсын Иргэний хуульд зааснаар татгалзлаа илэрхийлэхгүй байх нь зөвшөөрсөн, тохиролцсоныг илтгэнэ. Мөн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу саналын шинжтэй өргөдөл гомдлыг шийдвэрлэж хариу өгөх хугацаа 30 хоног бөгөөд шаардлагатай тохиолдолд 30,30 хоногоор сунгаж болох юм. Өөрөөр хэлбэл сунгаж явсаар шийдвэрлэх дээд хугацаа нь 90 хоног байна. Энэ 90 хоногийн хугацаанд надад миний төлбөр төлөх хугацааг сунгах боломжгүй бол хариу өгөх байсан. Гэтэл надад ямар ч хариу өгөөгүй. Өгөх ч шаардлагагүй. Учир нь намайг өргөдөл бариад очиход боломжит хугацаагаа тохиролцсон.

Иймээс би 2018 онд байрныхаа төлбөрийг төлж өөрийн өмчлөлд шилжүүлнэ. Гэтэл 2018 оны 01 дүгээр улирал ч дуусаагүй байхад гэнэт надад огт мэдэгдэхгүйгээр миний байрыг төрийн өмчид шилжүүлээд байраа сулла гээд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхгүй байна.

Иймд миний гомдлын хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлээд байр албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн мөн түрээсийн төлбөр 2.728.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байгаа. Хариуцагч давж заалдах гомдолдоо  нэхэмжлэгч тал  нэхэмжлэл гардаж авах эрхгүй,  гэрээний хугацаа 2018 онд дуустал үргэлжлэх ёстой байсан. Гэвч нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Захиалгын гэрээ орон нутгийн төсөвт ороод мөн төсвөөс хөрөнгө нь гараад аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал зохион байгуулах шийдвэр гаргаад Аймгийн Тамгын Газар өмчлүүлэх байр гэсэн байгаа. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.                                                                                                                 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 1 дүгээр орцны 03 тоот, 43.66 м2, 2 өрөө орон сууцыг иргэн Н.Н ын эзэмшлээс чөлөөлүүлж, нэг сарын түрээсийн төлбөрийг 109.150 төгрөгөөр тооцож, 25 сард ногдох хугацааны нийт түрээсийн төлбөрт 2.728.750 /хоёр сая долоон зуун хорин найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Н.Н  нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

            Анхан шатны шүүх Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 1 дүгээр орцны 03 тоот, 43.66 м2, 2 өрөө орон сууцыг иргэн Н.Н ын эзэмшлээс чөлөөлүүлж, харин түрээсийн төлбөрт 2.728.750 /хоёр сая долоон зуун хорин найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь “ХГ” ХХК-тай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Өм2012/74 тоот, Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа А блокийн 70 айлын орон сууцны захиалгын гэрээгээр 2 өрөө 41 байр захиалсан, үүнд  03 тоот, 43.66 м2  талбай бүхий 2 өрөө байр багтсан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар урьдчилан  санхүүжүүлж, захиалсан байрыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь хүлээн авсан  үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй байна.

            Хариуцагч  Н.Н  нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байхдаа 42 дугаар байрны 03 тоот, 2 өрөө байрыг худалдан авах тухай өргөдлийг гаргаж, тухайн байрыг эзэмшсэн боловч байрны үнийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

            Дээрх үйл баримтуудыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, бэхжсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна.

Маргаан бүхий байрыг өөрийн хөрөнгө оруулалтаар үнийг төлж захиалж, үр дүнг хүлээн авсан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар маргаж буй байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан гэж үзнэ.

Уг байрыг өөр этгээд эзэмших, өмчлөх эрхтэй талаар буюу нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч нотлох баримтаар няцаагаагүй байна.

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул уг шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх болон диспозитив зарчимтай нийцнэ гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл бий болоогүй тул хариуцагчаас мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хариуцагч Н.Н ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2018/00162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                   П.ДОЛГОРМАА