| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0220/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/220 |
| Огноо | 2024-11-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/220
2024/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгч: Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гийн Гт холбогдох эрүүгийн 2412000000176 тоот хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Гийн Г/РД:УУ90082363/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Б сумын нутагт байрлах А комплексын талбай дотор байхдаа хохирогч З.Эын эзэмшлийн айпоне 14 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2.170.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2024 оны 07 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах “А” комплексийн талбай дотор тоглолт үзэж байсан иргэн О.Дгийн 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг-А14 маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дАах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2412000000176 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч З.Эын өгсөн:
“...2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Э сумын А комплекс дотор талбайд найз залуугийн хамт шоу үзэж байтал 2024 оны 07 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө буюу 00 цаг 30 минутын орчим миний зүүж явсан ягаан өнгийн үүргэвч дотор байсан айпоне 14 про маркийн гар утас хулгайд алдагдсан. Тухайн утсыг хаях боломжгүй тул хүн авсан байх гэж бодож байна. Ойр орчмын хүмүүсээс асуутал харсан хүн байгаагүй. Миний ард зогсож байсан залуу чиний хойно хоёр эмэгтэй хүн удаан зогсоод байсан гэж хэлсэн мөн цүнх хөдлөх шиг болоход эргээд хартал миний ард талд хар хувцастай эмэгтэй хүн зогсож байсан. 2022 онд Улаанбаатар хотоос 4,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 3,000,000 төгрөгөөр үнэлнэ. Өөр зүйл алдаагүй. Сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй. Миний утсыг олж өгч тусална уу...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/
*Хохирогч З.Эын дахин өгсөн:
“...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан байгаа, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 70 дугаар тал/
*Гэрч Б.Тын өгсөн:
“...Би найз охин З.Эын хамт Улаанбаатар хотоос Архангай аймагт 2024 оны 07 дугаар сарын 17-ны оройн 18 цагийн үед ирсэн. Тэгээд А комплекс дээр найз охины хамт тоглолт үзэж байх үед найз охин маань үүрч явсан ягаан өнгийн үүргэвчнээсээ шар өнгийн айпоне 14 про маркийн гар утсаа суйлуулсан. Тухайн утас нь шар өнгөтэй, өнгөгүй кейстэй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/
*Яллагдагч Г.Гийн өгсөн:
“...Хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар тал/
*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 2 дугаар тал/
*Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-ийн 3 дугаар тал/
*Шинжээч А.Бямбажавын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай:
“...ай поне 14 про маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 2.170.000/хоёр сая нэг зуун далан мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 20 дугаар тал/
*Хохирогч О.Дгийн өгсөн:
“...Би 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн орой Архангай аймгаас зүүн тийш 3 км газар байрлах “А комплекс” дээр болж байгаа тоглолтыг үзэх гээд очсон юм. Тэгээд тухайн өдрийн шөнө 23 цагийн орчимд байх төв талбай дотор олон хүмүүсийн дунд зогсож байхдаа карманаасаа өөрийн эзэмшлийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үедээ утас алга болсноо мэдсэн ч олон хүн байсан болохоор ямар хүн авсныг анзаарч чадаагүй. Хажуу хүнээсээ асуухад чамтай ойрхон нэг хар хувцас өмссөн эмэгтэй хүн зогсож байсан гэж хэлсэн. Самсунг-А14 маркийн шинэ гар утас байгаа. Аваад удаагүй байсан ба 650.000 төгрөгөөр худалдан авч байсан Улаанбаатар хотоос. Тухайн шөнө цагдаагийн алба хаагч миний гар утсыг үл таних хүний тээврийн хэрэгслээс хураан авсан гэж надад авчирч өгсөн тул гомдолгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 101-102 дугаар тал/
*Хохирогч О.Дгийн дахин өгсөн:
“...Би гар утсаа буцаагаад авсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 166 дугаар тал/
*Яллагдагч Г.Гийн өгсөн:
“...Манай нөхөр амралтаа авсан учраас хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Тариат суманд байдаг Тэрхийн цагаан нуур үзэх зорилготой явсан замаАа А комплекс орж үзэхээр явж байгаад Сонормаатай таарсан олон жил уулзаагүй байсан болохоор ганц нэг пиво уусан мөн тэр үед Цэнд-Аюуш танил залуу үнэртэй ус зарж яваа гээд таарсан Цэнд-Аюуш үнэртэй усаар бартер хийж авсан гээд нэг виски задалсан түүнийг уугаад сууж байтал А төв дотор хөгжим дугАад эхэлсэн бид нар тоглолт болох гэж байгааг мэдээд орж үзсэн. Тоглолт үзэж байхдаа би 2 хүний гар утас хулгайлж авсан. Мөнгөлөг цаасаар ороох юм бол сүлжээ барьдаггүй гэж сонсож байсан болохоор ороосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 153-154 дүгээр тал/
*Шинжээч А.Бын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай:
“...Самсунг А-14 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 2024 оны 07 дугаар сарын байдлаар 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх дүгнэлт/хх-ийн 111 дүгээр тал/
*Хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 120-121 дүгээр тал/
*Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол/хх-ийн 122 дугаар тал/
*Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 131-145 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамаАлтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Б сумын нутагт байрлах А комплексын талбайгаас З.Эын эзэмшлийн айпоне 14 про маркийн гар утас хулгайд алдагдаж, түүнд 2.170.000 төгрөгийн хохирол учирсан,
мөн 2024 оны 07 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах “А” комплексийн талбай дотроос О.Дгийн эзэмшлийн Самсунг-А14 маркийн гар утас хулгайд алдагдаж, түүнд 550.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Г үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.Эын”...2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Э сумын А комплекс дотор талбайд найз залуугийн хамт шоу үзэж байтал 2024 оны 07 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө буюу 00 цаг 30 минутын орчим миний зүүж явсан ягаан өнгийн үүргэвч дотор байсан айпоне 14 про маркийн гар утас хулгайд алдагдсан. Тухайн утсыг хаях боломжгүй тул хүн авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Тын”...2024 оны 07 дугаар сарын 17-ны оройн 18 цагийн үед ирсэн. Тэгээд А комплекс дээр найз охины хамт тоглолт үзэж байх үед найз охин маань үүрч явсан ягаан өнгийн үүргэвчнээсээ шар өнгийн айпоне 14 про маркийн гар утсаа суйлуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч О.Дгийн”...Тэгээд тухайн өдрийн шөнө 23 цагийн орчимд байх төв талбай дотор олон хүмүүсийн дунд зогсож байхдаа карманаасаа өөрийн эзэмшлийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үедээ утас алга болсноо мэдсэн ч олон хүн байсан болохоор ямар хүн авсныг анзаарч чадаагүй. Хажуу хүнээсээ асуухад чамтай ойрхон нэг хар хувцас өмссөн эмэгтэй хүн зогсож байсан гэж хэлсэн. Самсунг-А14 маркийн шинэ гар утас байгаа...” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол,и Шинжээч А.Бямбажавын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай, Шинжээч А.Бямбажавын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Г.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамаАлтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч З.Эад 2.170.000 төгрөгийн, хохирогч О.Дд 550.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба утас буюу хохирлыг шүүгдэгч нь буцаан өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Г.Г нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж бАгдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
4. Шүүгдэгч Г.Гт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР