Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 197

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч Э.Мишээлт,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Гэрч Н.Нарантуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбилэг,

Шүүгдэгч Д.Зоригт, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бодонгууд овогт Дондогийн Зоригтод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010063 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Бодонгууд овогт Дондогийн Зоригт, 1957 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УГ 57092210 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч нь Д.Зоригт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38А байрны 67 тоотод өөрийн төрсөн дүү Д.Галбадрахтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хэвлийн тус газар нь хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Зоригт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дүү Галбадрах намайг хүрээд ир гээд залгасан. Би Офицериудын ордны буудал дээр буугаад “гэр нь хаана байдаг” талаар асуугаад залгахад “Алдар” нийгэмлэгийн ард байж бай гэж хэлсэн. Тэгээд удалгүй Галбадрах таягтай гарч ирсэн. Бид хоёр мөнгөө нийлээд супер маркет руу орсон бөгөөд авах архи байхгүй байхаар нь замын зүүн талын дэлгүүрээс нэг шил архи аваад гэрт нь орж уусан. Улиастайд байдаг газар дээр дүү Галбадрахын нэр байдаг бөгөөд уг газраа зарах талаар хэлээд бичиг баримтаа шилжүүл гэж хэлснээс болж бид маргалдсан. Би хувцсаа өмсөөд бостол дүү миний дух руу заазуураар цохисон. Би сэрээд хартал Галбадрах хутга бариад зогсож байхаар нь хутганы ирнээс зүүн гараараа, ишнээс нь баруун гараараа бариад ноцолдоод унахад Галбадрахын гэдэснээс нь цус гарч байсан. Би цусан дээр нь даавуу тавиад түргэн тусламж дуудъя гэхэд “цус тогтчих байх хэрэггүй” гэж  хэлсэн. Тэгээд би такси бариад гэртээ харьсан. Маргааш өглөө нь цагдаад баригдсан” гэв.

Хохирогч Д.Ганбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт зааснаар өөрийн төрсөн ах Д.Зоригтийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв.

Гэрч Н.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай нөхөр хэрэг гарсан өдөр орой гэртээ такси барьж ирээд мөнгийг нь өг гэсэн би мөнгө өгсөн, түүнийг харахад дух нь зүсэгдсэн хувцас нь цус болсон орж ирсэн. Би согтуу байсан болохоор нь юм асуулгүй унтаад өгсөн. Манай нөхрийн дүү талийгаач Галбадрах нь архи уухаараа их дошгин ширүүн хүн. Энэ хүнээс гэр бүлийн хүмүүс нь их айдаг юм. Би хүртэл гэрээрээ оруулах дургүй. Энэ хүн урьд ээж рүүгээ хүртэл хутга барьж дайрч байсан удаатай юм, Шөнийн 01-02 цагийн үед Д.Зоригт духан дээрээ зүсэгдчихсэн согтуу ирсэн бөгөөд таксины мөнгө төлчих гэхээр нь өгсөн. Тэгээд бид нар унтацгаасан. Өглөө харахад Д.Зоригтын хувцас нь нил цус болсон байсан бөгөөд би өглөө 8 цагт гараад явсан болохоор юу болсон талаар асуугаагүй. Д.Зоригт бид хоёр 1991 онд танилцаад 1993 онд хүүхэдтэй болж 1995 оноос хойш хамт амьдарсан. Эрүүл үедээ талийгаач болон Д.Зоригт нар хоорондоо сайн харилцаатай байдаг. Гэхдээ талийгаач гэр бүлийнх рүүгээ дайрдаг байсан учраас хүн бүр айдаг байсан.  Д.Зоригт нилээн согтуу байсан. Анх Д.Зоригттой танилцахад компаниудын захирлуудтай архи уудаг байсан бөгөөд сүүлд архинд дондох болсон.  Д.Зоригт бид хоёрт 4 хүүхэдтэй. Одоо хүүхдүүд маань хамт байгаа.  2 хүүхэд маань насанд хүрсэн. Д.Зоригт эрүүл байхдаа үгэнд ордог бөгөөд надад гар хүрч байгаагүй. Би нөхөртөө талийгаачийг гэртээ дагуулж ирж болохгүй гэж хэлсэн байсан. Талийгаач айлын бага учраас эрх бөгөөд ээжийнхээ толгойг хага цохиж байсан. Бие биенийхээ гэрээр орж гараад байдаггүй.  Эдгээр хүмүүс хоорондоо муудалцсан зүйл байхгүй. Талийгаач аюултай хүн учраас гэрт оруулж болохгүй гэж нөхөртөө хэлсэн.  Талийгаач надад ямар нэгэн зүйл хийгээгүй боловч талийгаач эцэг, эхтэйгээ ширүүн харьцдаг, эгчийнхээ хүүхэд рүү хутга гаргаж байсан.  Бид  эхлээд хадмынхаа гэрт амьдардаг байсан.  Талийгаач мөн хамт амьдардаг байсан.  Д.Зоригт бид хоёр 2006 оноос хойш тусдаа амьдарсан.  Талийгаач насаараа ажил хийгээгүй бөгөөд архи уудаг байсан” гэв.

Хохирогч Д.Ганбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сард талийгаач хөлөө хугалаад гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Ингээд ганц бие хөл муутай болохоор нь гал түлээгээ түлж чадахгүй байх гэж бодоод Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 38а байранд байр түрээслэж талийгаачийг амьдруулсан. “...2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн орой шөнө 23 цаг өнгөрч байхад нэг хүн залгаад цусаа гойжуулсан байна таны дүү гэнээ таны утсыг өгч яриулсан юм аа тань руу залгаад өгөөч гэсэн юм гэж хэлэхээр нь яваад очсон чинь түргэний эмнэлэн надаас түрүүлээд аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-28/,

Гэрч Ц.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 5-ны шөнө 1 цагийн үед би Банзүрх дүүргийн 16 дугаар хороо 37а байрны 9 давхарт байрлах 63 тоот гэртээ амарч байхд нэг хүн манай хаалгыг ирж цохихоос өмнө 2, 3 айлын хаалга нүдэж байгаад сүүлд нь манай хаалгыг ирж цохихоор нь би хувцасаа өмсөөд жоохон байдлыг ажиглаж байгаад хаалгаа онгойлгосон чинь нэг залуу цээж хэсгээрээ нүцгэн хэвлий хэсгээрээ гараараа дарчихсан цус алдсан байдалтай зогсож байсан. Ингээд намайг хаалга онгойлгоод нөгөө залуу руу харсан чинь түргэн дуудаад өгөөч гэж хэлэхээр нь би гэртээ ороод 9970**** дугаарын утаснаас 103 болон 102 дугаарын утсанд дуудлага өгч хутгалуулсан хүн байна гэж хэлсэн. Тэр залуу хутгалуулчихлаа түргэн дуудаад өгөөч л гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-30/,

Гэрч Н.Нарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгээд шөнийн 00 цаг болж байхад Зоригт нилээн согтуу архи уучихсан хувцас нь нил цус болчихсон, духан дээрээ зүсүүлчихсэн байсан. Тэгээд надаас таксины мөнгө аваад гарч өгчихөөд буцаад орж ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-31/,

Гэрч Б.Дашням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Галбадрах эмнэлэг рүү явж байхдаа замдаа манай ах согтуу хутгалчихлаа гэж хэлж байсан. Ахынхаа нэргийг хэлж байсан. Би нэрийг нь сайн санахгүй байна. яагаад түргэн яаралтай дуудаагүй талаар асуусан чинь цус тогтчих бах гэж бодоод дуудаагүй юмаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-32/,

Гэрч Н.Пүрэвцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр орой 23 цаг болж байхад 67 тоотод хүмүүс хоорондоо муудалцаад ноцолдоод байх шиг байсан. Яг юу ярьж байгаа нь соносгдоогүй. Тэр хүмүүсийн маргаан 20-30 минут орчим болох шиг болсон. Тэр хэрэг болохоос 2 хоногийн өмнө нэг ах орж ирээд манайхаас ус алдаад байна гэхээр нь орж харахад саажилттай гэмээр нэг ах амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-34/,

Хэргийн учралын газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-10/, Д.Зоригтын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №150 дугаартай дүгнэлт /хх-68/, шинжээчийн №1221 дугаартай дүгнэлт /хх-27/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбилэгийн мэдүүлэг /хх-28/, гэрч Д.Нямдоржийн мэдүүлэг /хх-29/, гэрч Ц.Ганбатын мэдүүлэг /хх-30/, гэрч Н.Нарантуяагийн мэдүүлэг /хх-31/, Н.Дашнямын мэдүүлэг /хх-32/, гэрч Н.Пүрэвцогтын мэдүүлэг /хх-34/, шинжээчийн дүгнэлт /хх-65/, ял шалгах хуудас /хх-90/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх140-142/, гэрч Э.Оюунбилэгийн мэдүүлэг /хх-146/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч нь Д.Зоригт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38А байрны 67 тоотод өөрийн төрсөн дүү Д.Галбадрахтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хэвлийн тус газар нь хутгалж хүнийг санаатай алсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Зоригтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Зоригтыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбилэг нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Зоригт нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэрээр согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Д.Зоригтод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр иштэй хутга 1 ширхэг, бор иштэй заазуур 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бодонгууд овогт Дондогийн Зоригтыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Зоригтыг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Зоригтод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Зоригтын урьд цагдан хоригдсон 100 /нэг зуу/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр иштэй хутга 1 ширхэг, бор иштэй заазуур 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Зоригтод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР

                                      ШҮҮГЧИД                                        Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                 Б.АРИУНХИШИГ