Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2022/00558

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХЛ ХХК

Хариуцагч: Г.А

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 1 803 308.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ГА ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Днар оролцов.

Хариуцагч Г А д шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч “ХЛ ” ХХК хариуцагч Г.А д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1 803 308.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгч “ХЛ ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Г.А нь манай компанитай 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр № *** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 410 000.00 /Хоёр сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар гар утас, ухаалаг чанагч, тоос сорогч зэрэг цахилгаан барааг худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Г.А нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung А80 загварын гар утас, Oishii С55039Р загварын ухаалаг чанагч, Samsung 18М21 D0VG загварын тоос сорогч зэрэг цахилгаан барааг “Пи Си Молл” ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Г.А нь зээл авснаас хойш 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2 075 230.51 /Хоёр сая далан таван мянга хоёр зуун гучин төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг төлөх байснаас нийт 1 376 500.00 /Нэг сая гурван зуун далан зургаан мянга таван зуу/ төгрөг төлж, 698 730.51 /Зургаан зуун ерэн найман мянга долоон зуун гучин төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 142 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдуүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн 7.2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Г.А нь зээлийн гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд зээлдэгч Г.А гаас үндсэн зээлийн төлбөрт 1 569 610.56 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 227 227.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6 470.77 төгрөг нийт 1 803 308.67 /Нэг сая найман зуун гурван мянга гурван зуун найман төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            3. Хариуцагч Г.А д нэхэмжлэлийн хувийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй. Шүүх хуралдааны товыг 2 удаа хүргүүлж, мэтгэлцэж оролцох эрхийг нь хангасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

            4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ХЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Д 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Г.А д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх-4/, № регистрийн дугаартай ХЛ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-6-7/, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай барьцаат зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, Г.А гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-9/, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Г.А гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-10/, Харилцагчийн анкет /хх-11/, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-12/, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээл хүсэгчийн өргөдөл /хх-13/, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ХЛ ХХК-д Г.А гийн гаргасан баталгаа /хх-14/, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № дугаартай нэхэмжлэхийн хуулбар /хх-15/, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэл /хх-16/, Г.А гийн нийт төлсөн төлбөрийн тооцоо /хх-17/-г шүүхэд нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ХЛ ” ХХК-ний хариуцагч Г.А гаас зээлийн төлбөр 1 803 308.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч “ХЛ ” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.А нь манай байгууллагатай 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр № *** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 410 000.00 /Хоёр сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар гар утас, ухаалаг чанагч, тоос сорогч зэрэг цахилгаан барааг худалдан авах зориулалтаар зээлж авсан. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2 075 230.51 төгрөг төлөх байснаас нийт 1 376 500.00 төгрөг төлж, гэрээний үүргээ 142 хоногоор хэтрүүлсэн тул зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 1 569 610.56 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 227 227.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6 470.77 төгрөг нийт 1 803 308.67 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Г.А д нэхэмжлэлийн хувийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй. Шүүх хуралдааны товыг 2 удаа хүргүүлж, мэтгэлцэж оролцох эрхийг нь хангасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тухайгаа мессэжээр шүүгчийн туслахад хүргүүлсэн байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр № *** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 410 000 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай гар утас, ухаалаг чанагч, тоос сорогч зэрэг цахилгаан барааг худалдан авах зориулалтаар Г.А нь зээлж авсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан тул хариуцагч Г.А гийн эзгүйд түүний шүүгчийн туслахад ирүүлсэн мессэжийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагч Г.А гаас 1 803 308.67 төгрөг / зээлийн үндсэн төлбөрт 1 569 610.56 төгрөг, зээлийн хүүний төлбөрт  227 227.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6 470.77 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч “ХЛ ” ХХК-д олгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 43 803 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43 803 төгрөг, гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.А гаас 1 803 308.67 төгрөг /нэг сая найман зуун гурван мянга гурван зуун найман төгрөг жаран долоон мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “ХЛ ” ХХК-д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 803 /дөчин гурван мянга найман зуун гурав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А гаас 43 803 / дөчин гурван мянга найман зуун гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХЛ ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.АРИУНЦЭЦЭГ