| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2018/00280/И |
| Дугаар | 182/ШШ2018/00620 |
| Огноо | 2018-03-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2018/00620
| 2018 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 182/ШШ2018/00620 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Л.Ц-д холбогдох
Учруулсан хохиролд 520.120 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Л.Цгийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж улмаар тус дүүргийн шүүхээс 1813 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр Л.Ц нь хууль бусаар газрын хил зөрчиж миний эзэмшил газарт хашаагаа сунгаж барьсан нь тогтоогдсон. Л.Ц нь шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Миний бие тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой газрын давхцалын талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүх хангаж, шинжээчээр Газрын харилцаа, геодези зураг зүйл газрыг томилсон. Ингээд Гео мэп ХХК-иар маргаан бүхий газарт хэмжилт хийлгэсэн байдаг юм байна лээ. Шүүхэд нэхэмжлэх ирсний дагуу би Гео мэп ХХК-нд шинжээчийн ажлын хөлсөнд 520,120 төгрөгийг төлсөн. Тухайн үед шийдвэрээр уг ажлын хөлсөө хуваарилуулах байсныг манай өмгөөлөгч хүсэлт гаргаагүй, шүүх хуваарилаагүй орхигдуулсан байсан. Хэрэв Л.Ц миний газарт хууль бусаар нэвтрээгүй бол би шүүхэд нэхэмжлэл гаргаж, шинжээчийн ажлын хөлс төлж хохирохгүй байсан. Иймд миний төлсөн 520,120 төгрөгийг Л.Ц нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-д зааснаар хариуцах учиртай тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ц нь 2005 оноос хойш маргаан бүхий газарт 4 хүүгийн хамт өрх толгойлон амьдарч байгаа. Гэтэл нэхэмжлэгч Д.Бнь Л.Цгийн хашааг нурааж жорлонгийн нүх рүү хийж, манай газар хэмээн биднийг хэл амаар доромжилсон. Тэгээд Д.Бнь газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж Л.Цг хариуцагчаар татсан. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнийг бид зөвшөөрөөгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хуулийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Энэ үед нэхэмжлэгч Д.Б өөрөө хүсэж газрын давхцалын талаар шинжээч томилуулсан, тухайн үедээ шүүхэд хүсэлтээ гаргаад хуваарилуулах боломжтой байхад хуваарилуулаагүй, бид үүнд буруугүй учир шинжээчийн зардлыг төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн бид захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны газарт тус тус холбогдуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016.08.01-ний өдрийн А/***дугаар захирамжийн Д.Б-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх захиргааны хэрэг үүсгэсэн байгаа. Хэрэв захиргааны шүүх бидний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэбэл иргэний шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл, байдлаар хянуулна. Иймд захиргааны хэргийг шийдтэл энэ хэргийг шийдэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Л.Цд холбогдуулж учруулсан хохиролд 520.120 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Л.Цд холбогдуулж газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлүүлэх ажиллагааны явцад шинжээчийн ажлын хөлсөнд 520,120 төгрөгийг өөрөөсөө төлсөн, тухайн үед шүүхийн шийдвэрээр хуваарилуулаагүй орхигдуулсан учир одоо нэхэмжлэлээ гаргасан, Л.Ц миний газарт хууль бусаар нэвтрээгүй бол би шүүхэд нэхэмжлэл гарган газрын давхцалын талаар шинжээч томилуулж, хөлс төлж хохирохгүй байсан гэж тайлбарлав.
Харин дээрх тайлбарыг хариуцагч зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч өөрөө хүсэж шинжээч томилуулсан учир хөлсийг нь төлсөн, үүнд Л.Цгийн буруу байхгүй, тэгээд ч захиргааны шүүхэд Д.Баярсайханд олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх захиргааны хэрэг үүсгэсэн байгаа тул энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.28-ны өдрийн 1813 дугаартай шийдвэрээр Д.Б-нынэхэмжлэлтэй Л.Цд холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж, Л.Цгийн хууль бус эзэмшлээс Д.Б-ны эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын ** дүгээр гудамжны **** тоот, давхацсан 113 м.кв газрыг чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.15-ны өдрийн 2362 дугаар магадлалаар хууль хэрэглээнд өөрчлөлт орж, бусад заалт хэвээр үлдэн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд энэ үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
Нэхэмжлэгч Д.Бнь дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын ** дүгээр гудамжны **** тоот газар, Л.Цгийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90 дүгээр гудамжны 1302В тоот газартай давхцал байгаа эсэх, давхцал байгаа бол аль эргэлтийн цэгүүдээр давхцаж байгаа, Л.Ц нь хашаагаа Д.Б-ныгазар луу сунгаж татсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээчээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг томилсон байх бөгөөд тус газар нь 2017.08.09-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн, уг дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна.
Нэхэмжлэгч Д.Бнь дээрх шинжээчийн ажлын хөлсөнд Гео мэп ХХК-ийн 2017.07.21-ний өдрийн нэхэмжлэхээр 520,120 төгрөгийг 2017.08.09-ний өдөр тус байгууллагад төлжээ.
Дээрх үйл баримтууд зохигчдын тайлбар, дурдсан шийдвэр, магадлал, шинжээчийн ажлын хөлс төлсөн Голомт банкны орлогын мэдүүлэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017.06.13-ны өдрийн А/173 дугаартай тушаал, тус байгууллагын 2017.08.04-ны өдрийн 1/1335 дугаартай хэмжилт хийсэн зардлын тооцооны талаарх албан бичиг, түүний хавсралт, Гео мэп ХХК-ийн нэхэмжлэх, 2017.08.09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдов.
Нэхэмжлэгч Д.Бнь тухайн үедээ шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 520,120 төгрөгийг шүүхэд хүсэлтээ гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.28-ны өдрийн 1813 дугаартай шийдвэрээр хуваарилуулах боломжтой байсан байх боловч энэ талаар хүсэлтээ гаргаагүй, уг шийдвэрт шинжээчийн ажлын хөлсийг хуваарилалгүй орхигдуулсан байна.
Монгол улсын иргэн нь хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргаж бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй болох нь Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т тус тус зохицуулагдсан.
Өөрөөр хэлбэл шинжээчийн ажлын хөлс нь нэхэмжлэгч Д.Б-с гарч байгаа эд хөрөнгийн зардал мөн бөгөөд хариуцагч Л.Ц нь өөрийн хашааг түүний эзэмшлийн газар луу 113 м.кв сунгаж татаагүй байсан бол тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийгээ шийдвэрлүүлэхээр, газрын давхцал байгаа эсэх талаар шинжээч томилуулж, шинжээчийн ажлын хөлс төлөн өөрөөсөө зардал гаргах шаардлагагүй байсан гэж үзнэ.
Тодруулбал Д.Б-ны шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 520,120 төгрөгийг Л.Ц хариуцах учиртай бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.Цгийн хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирол буюу шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэх эрхтэй болно.
Иймд хариуцагч талын гаргасан шинжээчийн дүгнэлт гаргуулж, хөлс төлсөн явдалд хариуцагч Л.Ц буруугүй гэх тайлбар няцаагдаж байх бөгөөд, хариуцагчийн гаргасан өгсөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.07-ны өдрийн 1505 дугаартай захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, хариуцагч Л.Цгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг ажиллагаатайгаа холбоотой гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлт зэрэг баримтуудаас үзвэл Д.Бодтулга, Л.Ц нарын нэхэмжлэлээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан 2016.08.01-ний өдрийн А/***дугаар захирамжийн Д.Б-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Д.Б-нд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа явдал нь уг хэрэг маргаанд хамааралгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг шүүх хуралдаан дээр гардан авсан, нэхэмжлэгч талаас гарган өгсөн баримтуудтай шүүх хуралдаан дээр танилцаад хугацаа авах шаардлагагүй, хурлыг үргэлжлүүлэх боломжтой гэсний дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар хариуцагч Л.Цгээс 520,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-с тэмдэгтийн хураамжид төлсөн 16,253 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Цгээс 16,253 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА