Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/00990

 

 

 

 

 

 

 

 

2022 04 28

181/ШШ2022/00990

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

  Нэхэмжлэгч: Л.Д нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: П.И ХХК  /5910102/

Хариуцагч: УБ, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Соёлын төв өргөөний 11 давхарт байрлах Н.О.С.Б.Г холбогдох

 

  5,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Д, хариуцагчийн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гэрч Д.Э, Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Л.Дби 2015 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Алтай 27-114б тоот хашаа, байшинд амьдарч байхад П.И ХХК-ны төлөөлөгч одоо захирлыг ажлыг хийж байгаа Мягмардорж ирж уулзаад танай газар, байшинг чинь үнэлж аваад оронд нь 46.48 мкв талбайтай орон сууц өгье гэж хүсэлт тавьсан юм. Энэ саналыг манай гэр бүл зөвшөөрч 2015 оны 9-р сарын 16-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 талт гэрээ байгуулсан. Тус гэрээнд газар чөлөөлсөн өдрөөс хойш сар бүр 400,000 төгрөгийг өгнө, 12 сарын турш нийтдээ 4,800,000 төгрөг таньд өгнө, ингэж өгөхдөө манай компани нь 2 хувааж өгнө, төлөвлөсөн хугацаанд орон сууц ашиглалтанд ороогүй тохиолдолд түр оршин суух зардал 400,000 төгрөгийг сар бүр таны харилцах данс руу шилжүүлж өгч байна гэж заасан юм. Би гэрээний дагуу газар, байшингаа чөлөөлж өгөөд өөрөө түр оршин суух байраа олсон юм. П.И ХХК-тай 2 талт гэрээ байгуулсаны дараа Гэр хороолол хөгжлийн газар 3 талт гэрээ байгуулна гээд манай гэр бүл тус 2 байгууллагатай хамт 3 талт гэрээг 2015 оны 9-р сарын 29-ний өдөр байгуулсан. Манай гэр бүл 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нүүж, газраа чөлөөлсөн ба 17 сарын хугацаанд түр байранд амьдарч, байр түрээслэн суусан. П.И ХХК нь надад 1,520,000 төгрөг өгсөн, дахиж мөнгө олгоогүй юм. Орон сууц 2017 оны 3-р сард ашиглалтанд орсон. Гэр хороолол хөгжлийн газар нь төсөл хэрэгжүүлэгчийн боловсруулсан төсөл төлөвлөгөөг хянаж хэрэгжүүлэх үүргийг муу хийж иргэн түр оршин суусан хугацааны мөнгийг одоог хүртэл олгохгүй байгаа явдал нь энэ 2 байгууллага гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байдлаас болсон юм. Л.Дби энэ 2 байгууллагатай уулзаж түр оршин суусан зардлын мөнгө олгохгүй байгаа тухай гомдлоо хэлэхэд таны мөнгийг удахгүй өгнө, та хүлээж байгаарай, орон сууцны борлуулалт жаахан муу байна гэдэг байсан юм. Би олон удаа уулзаж байсан, энэ 2 байгууллагад итгэж явсан юм. Гэтэл би сая 2022 оны 1-р сарын 21-ний өдөр Мягмардорж захиралтай уулзаж мөнгө олгохгүй хүлээлгээд байгаа тухай хэлэхэд миний урдаас хэлэхдээ хөгшин настай хүнийг олон дахин явуулаад яахав, би таньд хувиасаа 500,000 төгрөг өгье, өөр мөнгө өгч чадахгүй гэж хэлж байгаа юм. Иймд миний бие аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Манай гэр бүл 17 сарын хугацаанд түр байранд байсан тул гэрээ ёсоор сар бүр 400,000 төгрөгийг надад өгөх үүрэгтэй байсан. Нийт 6,800,000 төгрөг өгөх ёстой байснаас надад 1,440,000 төгрөг өгсөн тул үлдэгдэл 5,360,000 төгрөгийг П.И ХХК, НОСГ гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.И ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Л.Днь 2016 оны 6 дугаар сард газраа чөлөөлж нүүсэн. Манай байгууллага өвөл барилгын үйл ажиллагаа явуулдаггүй учир хавар нь айлууд газар чөлөөлөх ажил хийгдсэн. Орон сууцны барилгыг барьж дуусаад, 2017 оны 3-р сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Ийнхүү улсын комисст хүлээлгэн өгсний дараа нэхэмжлэгч Л.Д байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн бөгөөд өөрийн төрсөн хүүгээ орон сууцандаа нүүлгэн оруулсан. Бид 2016 оны 6-р сараас 2017 оны 3-р сарыг хүртэлх 9 сарын хугацаанд түр суурьших зардал болох 3,600,000 төгрөгийг Л.Д  дараах байдлаар төлсөн болно. Үүнд: 2015.11.19-ний өдөр 50,000 төгрөг дансаар, 2015.11.26-ны өдөр 50,000 төгрөг дансаар, 2016.03.07-ны өдөр 10,000 төгрөг бэлнээр, 2016.04.19-ний өдөр 1,440,000 төгрөг дансаар нийт 1,550,000 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна Л.Д харилцан тохиролцож, түүний амьдрахаар худалдан авсан газар болох Хайлаастын газарт жорлонгийн нүх ухах, гэрийн буурь засах, газар тэгшлэх зэрэг газар шорооны ажлыг миний бие техник, машин аваачиж янзалж өгсөн. Уг техник, машины түрээсийн төлбөр 2,007,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн. Бид дээрх байдлаа нэхэмжлэгчийн түр суурьших зардлыг төлсөн байхад 17 сарын хугацаанд түр оршин суусан мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Орон сууцны бодлогын газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага түр суурьшуулах зардлын мөнгө болох 5,360,000 төгрөг гаргуулах нь гэр хорооллыг дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай 23-р тогтоолын хавсралтаар батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ын 2.2.6 дах заалтыг үндэслэн байгуулагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах Хорооны 2014 оны 3-р тогтоолын хавсралтаар баталсан хоёр талт, 04-р тогтоолоор баталсан гурван талт гэрээтэй холбоотой маргаан байна. Дээрх хоёр талт, гурван талт гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.1, 52-р зүйлийн 52.1, 53.1, 54.1 дэх хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.4 дэх заалт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай 23-р тогтоолын хавсралтаар батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ын 2.2.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 11-р зүйлийн 11.1.2-т заасан гэрээний шинжийг агуулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13-р зүйлийн 13.1, 12-р зүйлийн 12.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.1.2 дэх заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал биш байх тул хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү ... нэхэмжлэлд дурдсан мөнгийг манай байгууллага хариуцахгүй, гэрээний заасны дагуу П.И ХХК түр суурьшлын мөнгийг төлөхөөр үүрэг хүлээсэн байна ... манай байгууллага 2015 онд Гэр хорооллын хөгжлийн газар нэртэй байсан боловч энэ хугацаанд нэр, бүтэц хэд хэдэн удаа өөрчлөгдөж одоо Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нэртэй болсон ... гэжээ.

 

  Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: 2015.09.16-ны өдрийн №79 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, 2015.09.29-ний өдрийн №79 дугаар гурван талт гэрээ, улсын бүртгэлийн Г-2203006623 дугаарт бүртгэлтэй газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, СБД-ийн 9, 10, 11-р хороо, Орон сууцны VII хороолол орчмын нүүлгэх айлын газар чөлөөлөх график, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргасан.

 

Хариуцагч П.И ХХК нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны орлогын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн маягт, төлбөрийн даалгавар, мөнгө олгохыг хүссэн өргөдлийг гаргасан.

 

Хариуцагч Орон сууцны бодлогын газраас нотлох баримтаар: бүтэц, орон тооны өөрчлөлтийн талаар Нийслэлийн Засаг даргын 2013.02.05-ны №А/90, 2016.08.31-ний №А/635, 2019.03.22-ны №А/241, 2020.12.28-ны №Б/237, 2021.12.28-ны №А/1034, 2021.12.31-ний №А1059, 2022.01.18-ны №Б/18 тоот захирамж, захирамжийн хавсралт, нэхэмжлэгч Л.Дорж-Очирын өргөдөл, гурван талт гэрээ дүгнэх акт, нэхэмжлэгч Л.Дорж-Очирын Гурван талт гэрээг дуусгавар болгож, дүгнүүлэх тухай хүсэлт, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргасан.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу: гэрч Э.Г, Д.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Днь хариуцагч П.И групп ХХК, Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт холбогдуулан 5,360,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хамтран хариуцагчийн нэрийг Гэр хорооллын хөгжлийн газар гэж тодорхойлсон боловч тус газар нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2016 онд Гэр хорооллын дэд бүтцийн газар, 2019 онд Хот байгуулалт, хөгжлийн газар, 2020 онд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар болж тус тус бүтэц, орон тоо, нэрээ өөрчилсөн, одоо Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нэртэй болох нь Нийслэлийн Засаг даргын 2013.02.05-ны №А/90, 2016.08.31-ний №А/635, 2019.03.22-ны №А/241, 2020.12.28-ны №Б/237, 2021.12.28-ны №А/1034, 2021.12.31-ний №А1059, 2022.01.18-ны №Б/18 тоот захирамж, захирамжийн хавсралт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг тодорхойлбол,

 

Нэг. Нэхэмжлэгч Л.Д болон хариуцагч П.И ХХК нарын хооронд нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр №79 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 11-р хороо, алтайн 27-114Б тоот хаягт байршилтай, Ү-2203021939 дугаарт бүртгэлтэй, 36 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах 292 м.кв, улсын бүртгэлийн Г-2203006623 дугаарт бүртгэлтэй өмчлөлийн газрыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 2-р улиралд барьж ашиглалтанд оруулах орон сууцнаас 87,847,200 төгрөгөөр тооцож, 2 өрөө, 46,48 м.кв орон сууц хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

 

Хоёр. Төсөл хэрэгжүүлэгч П.И ХХК, иргэн Л.Д, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Гэрээ хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулагдсан. Гэрээний зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой иргэн, төсөл хэрэгжүүлэгч, Нийслэлийн захиргааны байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулахаар, уг гэрээгээр иргэн төсөл хэрэгжүүлэгчийн хооронд байгуулсан хоёр талт гэрээг баталгаажуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулахаар тохиролцсон байна.

 

Дээрх үйл баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №79 дугаартай хоёр талт, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гурван талт гэрээ болон зохигч, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Засгийн газрын 2018 оны 341 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам зэрэг хууль тогтоомжийг үндэслэн гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах төсөлд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгөөр хувь нийлүүлэн оролцох, улмаар төсөл хэрэгжүүлэгчийн тухайн байршилд барьсан орон сууцнаас авахаар талууд харилцан тохиролцсон байдал, гэрээний агуулга, гэрээ байгуулсан үндэслэлээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүсчээ.

 

Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, бичгийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Л.Дгазар чөлөөлөлтөнд хамрагдаж, хариуцагч нь Сүхбаатар дүүрэг 11-р хороо, 7 хороолол /14182/ ногоон нуур гудамж 1013 байр 105 тоот хаягт байршилтай 46,48 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2203038704 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газарт нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, хүсэлт, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ дүгнэх акт, Гурван талт гэрээг дуусгавар болгож, дүгнүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын талаар буюу гэрээний үүрэг биелэгдэж нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй ба харин гэрээнд заасны дагуу түр оршин суух хугацааны төлбөрийг хариуцагч бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Тодруулбал нэхэмжлэгч түр оршин суух зардлын үлдэгдэл 5,360,000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч П.И ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлдээ ... нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сард газраа чөлөөлж нүүсэн ... Бид 2016 оны 6-р сараас 2017 оны 3-р сарыг хүртэлх 9 сарын хугацаанд түр суурьших зардал болох 3,600,000 төгрөгийг ... техник, машины түрээсийн төлбөр 2,007,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн ... гэсэн бол хариуцагч Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь ... гэрээгээр түр суурьших хугацааны зардлыг манайх төлөх үүрэг хүлээгээгүй .. гэсэн тайлбар тус тус гаргажээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарах бөгөөд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч П.И ХХК нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №79 дугаартай хоёрт талт гэрээний 2.5-д Газар, үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солихоор тохиролцсон тохиолдолд түр суурьшуулах асуудлыг талууд дор дурдсанаар харилцан тохиролцов: Иргэн түр оршин суух орон сууцаа өөрөө бүрэн хариуцах бөгөөд газар чөлөөлсөн өдрөөс хойш 1 сарын 400,000 төгрөгөөр тооцон 12 сарын 4,800,000 төгрөгийг 2 хувааж олгох ... төлөвлөсөн хугацаанд орон сууц ашиглалтанд ороогүй тохиолдолд түр оршин суух зардал болох 400,000 төгрөгийг сар болгон дээрх төгрөгийн дансанд шилжүүлнэ гэж тусгасан байх ба хариуцагч П.И ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгчийн өмнө зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа ... Л.Днь 2016 оны 6 дугаар сард газраа чөлөөлж нүүсэн. Манай байгууллага өвөл барилгын үйл ажиллагаа явуулдаггүй учир хавар нь айлууд газар чөлөөлөх ажил хийгдсэн ... гэж тайлбарласан боловч түүний энэ тайлбар баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан СБД-ийн 9, 10, 11-р хороо, Орон сууцны VII хороолол орчмын нүүлгэх айлын газар чөлөөлөх график баримтад газар чөлөөлөх хугацааг 2015 оны 3-р улирал гэж тэмдэглэсэн байдал, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрч Б.Г, Д.Э нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч газар чөлөөлөлтөнд 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хамрагдаж, нүүсэн болох нь тогтоогдож байна.

 

Тиймээс нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс орон сууцанд нүүж орсон өдөр буюу орон сууцыг улсын комисс хүлээж авсан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 17 сарын хугацааны түр оршин суух зардлыг гэрээгээр тохиролцсоны дагуу сарын 400,000 төгрөгөөр тооцож хариуцагч П.И ХХК-аас нэхэмжлэх эрхтэй, хариуцагчид тухайн төлбөрийг хууль, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл гэсэн баримтуудаар хариуцагч П.И ХХК нь 2015.11.19-ний өдөр 50,000 төгрөг, 2015.11.26-ны өдөр 50,000 төгрөг, 2016.04.19-ний өдөр 1,440,000 төгрөг, 2016.03.07-ны өдөр 10,000 төгрөг нийт 1,550,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Мөн хариуцагч П.И ХХК-ийн төлөөлөгч ... Хайлаастын газарт нь жорлонгийн нүх ухах, гэрийн буурь засах, газар тэгшлэх зэрэг газар шорооны ажлыг миний бие техник, машин аваачиж янзалж өгсөн, уг техник, машины түрээсийн төлбөр 2,007,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн ... гэж тайлбарлаж, үүнтэй холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны 2016.11.17, 2016.11.18-ны өдрийн дотоод шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргасан.

 

Дээрх баримтын төлбөрийн зориулалт хэсэгт П.И ХХК-с эксиний тээврийн хөлс, П.И ХХК-с машин механизмийн түрээсийн үнэ, хүлээн авагчийн нэг нэр хэсэгт Оюун, 5029645736, Машбат, 5018135591 гэж тус тус тэмдэглэгдсэн байдлаас үзэхэд тухайн төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс бусдад төлсөн гэж үзэх, цаашлаад хариуцагчийг нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болохыг нотлох баримт гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөөлөгч нь 2015 оны намар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу газар, шорооны ажил хийлгэхээр техник, машин түрээслэсэн гэх боловч энэ хугацаанаас хойш буюу 2016 оны 11 сард төлбөр төлсөн баримтыг шүүхэд гаргасан нь ойлгомжгүй байх ба тухайн баримтаас өөрөөр нэхэмжлэгчийн хүсэлтээр ажил гүйцэтгэсэн үйл баримтыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Л.Дорж-Очироос Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газарт гаргасан өргөдөл, Гурван талт гэрээг дуусгавар болгож дүгнүүлэх тухай хүсэлт нь гурван талт гэрээний дагуу орон сууцыг хүлээн авч, гэрээг дүгнүүлэхтэй холбоотой гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ, мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Иргэний эрхийг дараах аргаар хамгаална ... 9.4.3 хүлээлсэн үүргийг гүйцэтгүүлэх ... гэжээ. Хариуцагч Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын хувьд нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон аливаа үйлдэл хийсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд түр оршин суух хугацааны зардлыг хариуцагч П.И ХХК-тай хамтран хариуцах талаар талууд гэрээндээ тусгаагүй тул төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм.

Иймд шүүх хариуцагч П.И ХХК-аас түр оршин суух хугацааны зардлын үлдэгдэл төлбөр 5,250,000 /6,800,000-1,550,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 100,710 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.И ХХК-аас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 198,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.И ХХК-аас 5,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 100,710 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.И ХХК-аас 98,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Д олгосугай.

 

3Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ЛХАГВАСҮРЭН