| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2020/0348/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2020-11-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 90
Б.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0348/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч Б.М-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолтой Б-ын М-т холбогдох, 2018000000341 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай Б- овогт Б-ын М-.
Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02 цаг 25 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан Баптист сүмийн урд талын засмал зам дээр 06-52 ДАР улсын дугаартай “Ноnda civic” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7А., 12 дугаар бүлгийн 12.2., 12 дугаар бүлгийн 12.3.т заасныг зөрчсөний улмаас 03-09 ДАР улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Б- овогт Б-ын М-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуугаар үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3.т зааснаар шүүгдэгч Б- овогт Б-ын М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг уг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9.д зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч О.Б-гийн иргэний нэхэмжлэлээс 32.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Б- нь цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан орлого болон бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч А.Ч- нь автомашин засварлуулсантай холбоотой гарсан зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ө.Ганзориг давж заалдах гомдолдоо:
Шүүгдэгч Б.М- нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, мөн Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны их сургуульд хүний их эмч мэргэжлээр суралцдаг оюутан юм. 2021 оны 02 дугаар сараас эхлэн улсын 3 шалгалт өгөөд 2021 оны 05 дугаар сард төгсөж эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа боловсон хүчин болох юм.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Иймд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх боломж байдаг тул шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М- тайлбартаа:
Шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байдал, хөдөлмөр хийж засран хүмүүжих боломжийг олгох үүднээс хорих ялыг нийтэд тустай ажил хийх ялаар сольж, тухайн ялыг цагдан хоригдсон хоногт нь дүйцүүлэн хасаж тооцож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ө.Ганзориг тайлбартаа:
Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлж хүндрэл учруулсан байдаг. Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Б.М-ыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02 цаг 25 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан Баптист сүмийн урд талын засмал зам дээр 06-52 ДАР улсын дугаартай “Ноnda civic” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7А., 12 дугаар бүлгийн 12.2., 12 дугаар бүлгийн 12.3.т заасныг зөрчсөний улмаас 03-09 ДАР улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж шүүгдэгч Б.М-ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3.т зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Б- нь цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан орлого болон бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч А.Ч- нь автомашин засварлуулсантай холбоотой гарсан зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдал болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Б.М- нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 02 цаг 25 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан Баптист сүмийн урд талын засмал зам дээр 06-52 ДАР улсын дугаартай “Ноnda civic” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7А., 12 дугаар бүлгийн 12.2., 12 дугаар бүлгийн 12.3.т заасныг зөрчсөний улмаас 03-09 ДАР улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийнх нь үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч О.Б-, иргэний нэхэмжлэгч А.Ч-, гэрч П.А-, О.Э-, Ө.А- нарын мэдүүлэг, хохирогч О.Б-гийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020-08-04-ний өдрийн 624 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020-09-10-ны өдрийн 1086 дугаартай дүгнэлт, иргэний нэхэмжлэгч А.Ч-ийн автомашинд учирсан гэмтлийн талаар “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.М-ын жолоодож явсан “Ноnda civic” маркийн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн 2020-07-27-ны өдрийн 027 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогджээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.М- нь хохирогч О.Б-гийн эмчилгээний төлбөрт нийт 2.529.482 төгрөгийг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулсан, харин иргэний нэхэмжлэгч А.Ч- нь машинаа засварлуулсан гэж 800.000 төгрөг нэхэмжилсэн боловч ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй учир шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байх тул шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад ...бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, хохирогч О.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч А.Ч- нь автомашин засварлуулсантай холбоотой гарсан зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй... болохыг тодорхой тусгасан байна.
Шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн, анхан шатны шүүхээс түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Гэвч шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн шүүх хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх талаар дурдсан бөгөөд шүүгдэгч төлнө гэдгээ мэдүүлсэн, шүүгдэгч нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 5 дугаар дамжаанд суралцдаг, төгсөх ангийн оюутан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 6 сар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн ...шүүгдэгч Б.М-т оногдуулсан хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй ...гэж өөрчилсүгэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 4., 5.д зааснаар шүүгдэгч Б.М- нь тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3.д зааснаар шүүгдэгч Б.М-т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Б.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнссэн өдрөөс эхлэн эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Б.М-т урд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
8. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ