Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 223

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэ, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Баярчимэгийн Мөнгөн-Эрдэнэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014026 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Баярчимэгийн Мөнгөн-Эрдэнэ, 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Алтан-Өлгийн зүүн 47-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, УК 98122571 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цайзын 47 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Г.Анхбаярын гэрийн гадна хаалганы шалавчин дотор байсан түлхүүрээр хаалгыг онгойлгон нэвтрэн орж Самсунг брэндийн 47 инчийн зурагт, LG 200 маркийн гар утас зэргийг хулгайлж 525.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.

Хохирогч Д.Алтанчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Намайг тухайн өдөр ажил дээрээ байхад миний хүү Тэмүүлэн ажил дээр ирээд гэрийнхээ түлхүүрийг аваад дүүтэйгээ хамт гэр рүүгээ явсан. Тэгтэл удалгүй манай ххү утсаар яриад манай гэрт хулгай орсон байна. Манай гэрийн зурагт байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед манай ажил дээр манай ээж байсан болохоор би ажил дээрээ ээжийгээ үлдээгээд өөрөө гэр рүүгээ ирсэн. Гэртээ иртэл манай гэрийн хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй гэртээ ортол манай гэрийн зурагт манай хүүгийн хэрэглэж байсан Эл жи маркийн гар утас алга болсон. Гэрээс алдагдсан зурагтыг 2016 оны 10 дугаар сард 525.000 төгрөгөөр “Баялаг Ундраа” худалдааны төвөөс худалдаж авч байсан. Харин миний хүүгийн гар утсыг манай нөхөр өмнө нь хэрэглэж байсан, хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан талаар сайн хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх32-34, 51/,

Гэрч Э.Зундуйжамц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Намайг ажил дээр байхад үдээс хойш хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна. 2 эрэгтэй хүн орж ирээд зурагт тавих гэсэн юм гээд Самсунг 47 инчийн Лед зурагт байсан бөгөөд намайг шалгаж үзэхэд удирдлага байхгүй, ажиллагаа нь хэвийн байсан бөгөөд тухайн зурагтыг сайн шалгалгүйгээр үзээд 240.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгтэл яг зурагт тавих гэж байгаа хүн нь бичиг байхгүй гээд хамт явсан эрэгтэйгийнхээ бичиг баримтаар тавьсан. Тэгтэл удалгүй хэд хоногийн дараа манай ажил дээр цагдаа нар ирээд хулгайн зурагт байна гэж хэлээд хураагаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх54-55/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Зундуйжамц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би тухайн зурагтыг авсанаараа ажлаасаа халагдаж, мөн цалингаа 240.000 төгрөгөөр хасуулж дээрээс нь нэмээд хүүний мөнгө бодож манай захирал хассан. Би тухайн хүнээс зурагт барьцаанд авсан 240.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-53/,

 

Гэрч Г.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байгаад гэрээсээ гарахдаа гэрийн түлхүүрээ гэрийнхээ гадна талын хаалганы шалавчин доор хийгээд явсан. Тэгтэл манай эхнэр над руу орой утсаар яриад манай гэрт хулгай орсон байна, гэрээс зурагт хулгайд алдагдсан байна гэж надад хэлсэн. Өөрөөр надад мэдэж байгаа зүйл байхгүй. Би тухайн үед гэрээ эзэнгүй орхисон талаараа хэн нэгэн хүнд хэлээгүй. Тухайн өдөр гэрээсээ эрт гарсан. Манай хүүхдүүд хичээлээ тарж ирээд түлхүүр байхгүй болохоор би түлхүүрээ шалавчин доороо хийж нуудаг байсан...” гэсэн мэдүүлэг. /хх57-58/,

 

Гэрч И.Даваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Намайг ажил дээрээ охинтойгоо байхад миний зээ хүү Тэмүүлэн над руу утсаар яриад гэрт хулгайч ороод зурагт аваад явсан байна гэж хэлсэн. Үүний дагуу би охинтойгоо гэрт нь очиход гэрийн хаалга, цоож ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Тухайн өдөр манай хүргэн гэрээсээ хамгийн сүүлд гарахдаа гэрийнхээ түлхүүрийн гадна хаалганы шалавчин доор хийж үлдээсэн гэж байсан. Би бодохдоо миний охин гэрээс эд зүйл хулгайлсан хүн түлхүүр хаана байдгыг мэддэг хүн болж таарч байгаа юм. Хулгай хийсэн хүн миний хүүтэй нийлээд байдаг, Мөнгөнөө гэх хүү байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг. /хх-56/,

 

Сэжигтэн Б.Мөнгөн-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би тухайн өдрийн өглөө гэртээ байж байгаад гэрээсээ 10 цагийн орчимд гараад манай гудамжинд амьдардаг Тэмүүлэн гэх хүүхдийн гэрт нь очиж уулзах гээд очиход гэртээ байхгүй, гэрийнх нь гадна хаалганы шалавчин доор түлхүүр байгаа эсэхийг шалгаж үзэхэд гэрийнх нь түлхүүр шалавчин доор байсан. Өмнө Тэмүүлэнгийн гэрийнх нь хаалганы түлхүүр шалавчин доороо нуудаг байсан талаар би мэддэг байсан. Би Тэмүүлэнгийн хашаанаас гараад гудамжаар явж байгаад машины төв замаас такси бариад бцаад Тэмүүлэнгийн гэрт нь ирсэн. Би машинаас буугаад гэрийнх нь хаалгыг түлхүүрээр онгойлгоод гэрт нь орсон. Тухайн үед гэрт нь хэн нэгэн байхгүй байсан болохоор би гэрээс буцаж гараад таксины жолооч дээр очоод та манай гэрээс зурагт аваад гаргаад машиндаа хийгээд өгөөч би өргөж дийлэхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл тухайн таксины жолооч ах надтай хамт Тэмүүлэнгийн гэрт ороод гэрийнх нь хоймор хэсэгт байсан цагаан өнгийн шаргал хүрээтэй, ар тал нь алтан шаргал өнгөтэй Самсунг гэсэн бичигтэй  47 инчийн зурагтыг аваад машиндаа хийсэн...” гэсэн мэдүүлэг. /хх76-79/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-22/, шинжээчийн №02/1234 дугаартай дүгнэлт /хх-40/, прокурорын тогтоол /хх117-118/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цайзын 47 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Г.Анхбаярын гэрийн гадна хаалганы шалавчин дотор байсан түлхүүрээр хаалгыг онгойлгон нэвтрэн орж Самсунг брэндийн 47 инчийн зурагт, LG 200 маркийн гар утас зэргийг хулгайлж 525.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Д.Алтанцэцэг нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, иргэний нэхэмжлэгч Э.Зундуйжамц нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүдийг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэ нь хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэний нэр дээр ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Баярчимэгийн Мөнгөн-Эрдэнийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнгөн-Эрдэнээс эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мөнгөн-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Мөнгөн-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнгөн-Эрдэнэд оногдуулсан  2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 
  4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  5. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнгөн-Эрдэнэд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР