Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 765 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймаг Улаангом сум, 3 дугаар баг, Галдан бошигт 5 дугаар байр, 30-11 тоотод оршин суух, 2001 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ01212718, М овогтой Д-гийн М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Бөхмөрөн сум, 1 дүгээр багт оршин суух, 1995 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОБ95062217, Адууч овогтой Цэдэнчимэдийн Бд холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3.160.600 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Д.М-Э-гийн нэхэмжлэл болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Гивааны талбайн хажууд, Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутан гэх Ц.Б-гээр зодуулж гэмтэл авсан.

Ц.Б-гийн цохилтоос болж миний үүдэн доод шүд сэтэрсэн, дээд баруун талын шүд хугарч унасан юм. Ц.Б нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед надад эмчилгээний зардал, хохирол, төлбөрт юу ч өгөөгүй, зөвхөн шүүх эмнэлгийн дүгнэлтийн мөнгө, эмчид үзүүлсэн мөнгө 23.000 төгрөг өгсөн. Миний бие насанд хүрээгүй, дунд сургуульд сурдаг учир хичээлээ таслаж, шүдээ хийлгэхээр хот явах боломжгүй байсан.

Ингээд 2018 оны зун аав М.Дамирангийн хамт 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Улаанбаатар хот явж, шүдээ хийлгэх, мөн сэтэрсэн шүдэндээ эмчилгээ хийлгэсэн. Ц.Б-гийн гэм буруутай үйлдлээс болж надад маш их хохирол учирсан.

Иймд Ц.Б-гээс надад учирсан гэм хорын зардал 3.160.600 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 765 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Ц.Б-гээс гэм хорын хохиролд 760.800 /долоон зуун жаран мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж Д.М-Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.399.800 /хоёр сая гурван зуун ерэн есөн мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.520 /жаран таван мянга таван зуун хорь/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот данснаас буцаан гаргуулж Д.М-Э-д олгож, хариуцагч Ц.Б-гээс улсын тэмдэгтийн хураамж 22.809 /хорин хоёр мянга найман зуун ес/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулах”-аар тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М-Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 765 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 27-нд Ц.Б гэгчээр зодуулж шүдэндээ гэмтэл авсан. Би гэм хорын зардлаа тухайн үед буюу эрүүгийн хэргийн хамт нэхэмжлэж чадаагүй юм. Учир нь би дунд сургуульд сурдаг, хичээлээ таслаж шүдээ хийлгэхээр хот явах боломжгүй байсан.

Ингээд 2018 оны зун сургуулийн амралтаараа аав М. Дамирангийн хамт 2018 оны 7 дугаар сарын 20 ноос 2018 оны 8 сарын 02-ны хооронд Улаанбаатар хот явж Дашпэлжээ ХХК-ний Энхийн Мишээл шүдний хувийн эмнэлэгт шүд хийлгэх, сэтэрсэн шүдэндээ эмчилгээ хийлгэсэн.

Ц. Б-гийн гэм буруугаас надад учирсан гэм хорын зардал 3.160.600 төгрөг болсон. Дээрх зардлаа нэхэмжлэхэд анхан шатны шүүх 2.399.800 төгрөгийг хасаад зөвхөн Улаанбаатар явсан хоёр талын унааны зардал, өмгөөлөлийн үйлчилгээний зардлыг гаргаад, эмчилгээнд төлсөн 2 сая төгрөгийн төлбөрийг эргэлзээтэй байна гэж хасаж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Миний эмчилгээ хийлгэсэн баримт эргэлзээ бүхий байсан бол нотлох баримт хуулийн шаардлага хангахгүи байна, баримтаа баталгаажуул гэж шүүх хурал болохоос өмнө надад болон өмгөөлөгчид хэлж мэдэгдээгүй. Би шүүхээр 10 хоногийн хот явсан зардал гаргуулах гэж нэхэмжлэл гаргаагүй харин өөрт учирсан гэмтэлдээ эмчилгээ хийлгүүлсэн бодит зардлаа нэхэмжилсэн.

Аливаа албан байгууллага үйлчилгээ үзүүлээгүй бол албан ёсны тамга тэмдэг бүхий тодорхойлолт өгөхгүй нь ойлгомжтой. Миний бие Дашпэлжээ ХХК-ний Энхийн Мишээл шүдний хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримтаа өгсөн.

Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 765 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч гэм хорын хэмжээг тогтоохдоо нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.М-Э нь хариуцагч Ц.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 3.160.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн хувийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гардан авч танилцсан боловч тэрээр шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотолгоог баримтаар үгүйсгээгүй байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Д.Мөнх-Эрдэнийг зодож, түүний дээд эрүүний 1 шүд /12/ дунд хэсгээр хугарсан, 21.41 дүгээр шүдний паалан эмтэрч унасан гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогджээ.

Ц.Б нь Д.М-ний эрүүл мэндэд гэм хор учруулсан байх тул Д.М-Э нь Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс насанд хүрээгүй хохирогч Д.Мөнх-Эрдэний өөрийн эцэг М.Дамирангийн хамт эмчилгээнд явсан замын зардал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авч оролцуулсан өмгөөллийн хөлс зэргийг гаргуулсан нь үндэслэлтэй байна. Мөн таксины үйлчилгээ авсаны төлбөрийг тодорхойлсон тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин нэхэмжлэгч Д.М-ний нэхэмжлэлийн шаардлагаас гэмтсэн шүдэндээ эмчилгээ хийлгэсэн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь:

Ц.Б-гийн хууль бус үйлдлийн улмаас Ц.М-ний дээд эрүүний 1 шүд / 12/ дунд хэсгээр хугарсан, 21,41 дүгээр шүдний паалан эмтэрч унасан нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 700 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдсон ба нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, хэрэгт авагдсан “Энхийн мишээл” эмнэлгийн Нүүр амны эмч Б.Мандхайгийн тодорхойлолтоор Д.Мөнх-Эрдэний №12 шүдэнд бүрээс хийж, №41 шүдэнд ломбо тавьж №13 шүдэнд сувгийн эмчилгээ хийж, бүрээс хийсэн уг эмчилгээний төлбөр нь 1.900.000 төгрөг болохыг тодорхойлсон, уг нотлох баримт нь эх хувиараа хэрэгт авагджээ.

Дээрхи нотлох баримтуудаас үзвэл Д.М-ий “Энхийн мишээл” эмнэлгээр хийлгэсэн шүдний эмчилгээ нь Ц.Б-гийн гэм буруугаас Д.М-Э-д учирсан гэмтэлтэй шууд шалтгаантай холбоотой, уг гэмтлээс шалтгаалж хийлгэсэн эмчилгээ байх тул эмчилгээ хийлгэсэн зардал 1.900.000 төгрөгийг нэмж гаргуулах нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын өмгөөлөгчийн төлбөр 500.000 төгрөгийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан өмгөөлөгчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны зардалд хамаарна гэж үзсэн дүгнэлт нь үндэслэлгүй боловч Д.М-Э нь насанд хүрээгүй хохирогчийн хувьд өмгөөлүүлэх эрхээр хангагдсаныг буруутгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 3.160.600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 1.900.000 төгрөг, замын зардал 255.600 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг тус тус гаргуулж, үлдэх таксины үйлчилгээний хөлс болон үйлчилгээ үзүүлсэн гэх  тодорхойлолтыг баталсан нотариатын төлбөр зэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 53.347 төгрөг төлсөн байх тул буцаан гаргуулж Д.М-Э-д олгож, мөн 2.655.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57.440 төгрөгийг Ц.Бгээс гаргуулж төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 765 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “760.800 /долоон зуун жаран мянга найман зуу/ төгрөгийг” гэснийг “2.655.600 /хоёр сая зургаан тавин таван мянга зургаан зуу/ төгрөгийг” гэж, 2.399.800 /хоёр сая гурван зуун ерөн есөн мянга найман зуу/ төгрөгийг” гэснийг “505.000 /таван зуун таван мянга/ төгрөгийг” гэж, 2 дахь заалтын “22.809 /хорин хоёр мянга найман зуун ес/ төгрөгийг” гэснийг “57.440 /тавин долоон мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53.347 /тавин гурван мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг Увс аймгийн төрийн сангийн 100150000957 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                Д.ЖАМБАЛСҮРЭН