Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/00940

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/00940

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Ч нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.М холбогдох

 

9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Чшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие телевизийн мэдээний доогуур урсдаг зараас Солонгос улсад виз гаргана гэсэн зараар хаягийн дагуу очиход хариуцагч Б.М  нэг хүнтэй хамт сууж байсан. Тэгээд уулзахад 2019 оны 11 сар гэхэд БНСУ-д гаргана, гаргах боломжгүй нөхцөл байдал үүсвэл мөнгийг буцааж өгнө гэж ярилцсан. Үүний дагуу би 2019.09.21-ний өдөр хариуцагчийн Хаан банкны 5622288687 тоот данс руу 7,000,000 төгрөг, 2019.09.25-ны өдөр хамтран амьдрагчынхаа банкны дансаар дамжуулж 2,000,000 төгрөгийг Солонгос Улс виз гэж бичин нийт 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл мөнгө шилжүүлсний дараагаас Б.Мутсаа авахгүй таг чиг болсон бөгөөд холбоо барихгүй гэрийн хаяг тодорхойгүй байх тул Б.М Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2856 дугаар шийдвэр, Баянзүрх дүүрэг цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн албан тоотоор эрэн сурвалжилж олсон ... эхэндээ мөнгийг чинь буцааж өгнө гэдэг байсан ч одоо илт худлаа ярьж, мөнгө өгөхгүй арга хайж байна. Солонгос явуулах асуудал нь худлаа болсон, эрүүгийн хэрэгт би хохирогчоор оролцоогүй, яагаад гэвэл би мөнгийг Б.М шилжүүлсэн. ... Иймд Б.М 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгчээс 2019 оны 9 сарын 21-ний 7,000,000 төгрөг, мөн 29-ний өдөр 2,000,000 төгрөг миний банкны данс руу шилжиж орсон. Энэ мөнгө ямар учиртай мөнгө орсныг мэдэхгүй, тухайн үед манай аав Д.М миний дансыг түр хугацаанд ашиглаж байсан. Тухайн үед миний данс руу мөнгийг хийсэн боловч захиран зарцуулсан болон анх хэлцэл хийж миний данснаас авсан этгээд нь Д.М буюу манай аав юм. Тиймээс энэ нэхэмжлэлийг хариуцах хүн нь М юм. М нь БНСУ-ын визний асуудал, мөнгө төгрөгтэй асуудлаар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа ... нэхэмжлэгчтэй анх 2020 оны 01 дүгээр сард уулзсан. Би 19 настай байсан, ийм настай хүн виз гаргана гэж байхгүй шүү дээ ... энэ залилангийн хэрэг юм биш үү, яагаад иргэнээр нэхэмжлээд байгаа юм бэ. Би тэр мөнгийг захиран зарцуулаагүй. Би тухайн үед аавынхаа ажиллуулж байсан байгууллагад ажилтан нь байсан. Энэ мөнгийг байгууллага хариуцах ёстой. ... Тиймээс энэ нэхэмжлэлийг хариуцах хүн нь М юм. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2021.10.27-ны өдрийн хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай албан бичиг, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхний хуулбарыг гаргасан.

 

Хариуцагч тал нотлох баримт гаргаагүй.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу: Хаан банк дахь Б.М ............. тоот дансны хуулга, гэрч Ц.Н мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн Д.М нарт холбогдох эрүүгийн ..................... дугаар хэргийн прокурорын яллах дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Э.М холбогдуулан 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Ч2 019 оны 9 дүгээр сард Солонгос улсын виз гаргана гэсэн зарын дагуу хариуцагчтай уулзаж, улмаар Хаан банк дахь хариуцагч Б.М эзэмшлийн .................... тоот дансанд 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн ................... тоот данснаас 7,000,000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хамтран амьдрагч Ц.Н. ............... тоот данснаас Ч.М виз гэсэн гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банк дахь нэхэмжлэгчийн ......................... тоот, гэрч Ц.Н. ................... тоот, хариуцагч Б.М ...................... тоот дансны хуулга, гэрч Ц.Н. ... орж уулзахад Б.Ма автайгаа ажиллуулдаг гэсэн. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын био болон нано технологийн чиглэлээр виз гаргаж өгнө гэж хэлсэн ... дүүгээрээ 7 сая төгрөгийн зээл авахуулсан ... 2019.09.21-ний өдөр Б.М данс руу 7 сая төгрөг, ... 2019.09.25-ны өдөр миний данснаас 2 сая төгрөг шилжүүлсэн ... шилжүүлээд буцаж очоод гүйлгээний баримтыг М өгсөн ... гэх мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.М өөрийн дансанд нэхэмжлэгчээс 9,000,000 төгрөг шилжиж орсон үйл баримтын талаар дээрх үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тухайн мөнгийг өөр этгээд авч захиран зарцуулсан, өөрөө аваагүй гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар үүргийн харилцаа нь хууль буюу гэрээнд үндэслэгдсэн, талуудын хооронд бий болсон эрх, үүргийн нэгдэл юм.

Тодруулбал үүргийн харилцаа нь үүргийн гүйцэтгэлийн явцад маргаан гарвал эрхээ шүүхээр хамгаалуулах, амласан үүргээ гүйцэтгээгүйн төлөө хариуцлага хүлээх, шаардлагатай бол хохирлыг нөхөн төлөх явдлыг багтаасан ойлголт юм.

 

Нөгөө талаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог.

 

Зохигчдын хувьд тодорхой асуудлаар харилцан тохиролцож буюу БНСУ-д виз гаргана гэсэн хариуцагчийн саналыг нэхэмжлэгч нь хүлээн авч, улмаар хариуцагчийн тавьсан нөхцөлийн дагуу 9 сая төгрөгийг шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулиар зохицуулаагүй, өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэхдээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэх боловч тухайн тохиролцоо нь хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд хийгдсэн байх ёстой.

 

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах эрхтэй, мөн хуулийн 6.1-д Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах иргэн тухайн улсын виз авахыг өөрөө хариуцна. гэж заасан ба гадаад улсад зорчих, цагаачлах виз олгох шийдвэр гаргах эрх нь зөвхөн тухайн улсын элчин сайдын яам, консулын газар, түүнээс эрх олгосон бусад байгууллагад хадгалагдана.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн хувьд виз гаргах, зуучлах, туслалцаа үзүүлэх эрх бүхий субьект биш бөгөөд БНСУ-д виз гаргаж өгнө гэсэн агуулга бүхий талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь хууль зөрчиж хийгдсэн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолсон аливаа баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй ба түүний мөнгийг өөр хүн авч захиран зарцуулсан гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Нөгөө талаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг өөр этгээд буюу Д.М хариуцах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.М тухайн үед тодорхой хуулийн этгээдэд ажиллаж байсан, хэлцэлд өөр этгээдийн нэрийн өмнөөс оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Прокурорын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн №504 дугаар яллагдагч Д.М нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар яллах дүгнэлтээс үзэхэд Д.М нь Солонгос улс руу явуулж өгнө, виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, удаа дараагийн үйлдлээр иргэдээс данс ашиглан мөнгө шилжүүлж авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдож байх ба тухайн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Г.Ч хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоогүй байх тул энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.М9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ч олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 158,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 158.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ч олгосугай.

           2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч Б.М улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ч олгосугай.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ЛХАГВАСҮРЭН