Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2022/01125

 

 

 

 

 

 

 

 

 

        2022          04               06                                           184/ШШ2022/01125

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

 Хөрөнгийн үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сэвлэгмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч тайлбарлахдаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 сарын 24-ний өдрийн 01017 дугаар захирамжаар Ц.Б, Б.Х, Ц.О нараас 192,392,877 төгрөгийг гаргуулж “Хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 25 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 байр, 255 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг 115,583,333 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус үнэлгээ хийлгэсэн байрыг 2021 оны 01 сарын 19-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргасан бөгөөд түүний дагуу үнэлгээ хийсэн гэх боловч үнэлгээ хийлгэх тухай тогтоол шийдвэрийг төлбөр төлөгч нарт танилцуулаагүй. Мөн 2021 оны 12 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаанхуаран гудамж 5В байрны зоорийн давхар 5 тоот 32 м.кв талбайтай байрыг битүүмжилсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад болон төлбөр төлөгч нарт ямар компаниар үнэлгээ хийлгэсэн тухай хэлээгүй, мөн үнэлгээний тайлан гэх баримт бичгийг үзүүлээгүй, танилцуулаагүй атлаа 2022 оны 01 сарын 28-ны өдөр төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай гэсэн мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Х, Ц.Б нарт хаяглан өгсөн.

Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 25 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 255 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 115,583,333 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул хөрөнгийг үнэлгээг дахин хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 сарын 24-ний өдрийн 2248 дугаар захирамжаар Ц.Б, Б.Х, Ц.О нараас 192,392,877 төгрөг гаргуулж “Хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 25 дүгээр хороо, 13 дугаар байр, 255 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Талуудыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар үнийн санал тохиролцуулах ажиллагааг явуулахад харилцан тохиролцоогүй тул “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Очирбат Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шинжээч томилуулах хүсэлтийг өгсөн. Энэ талаар тэмдэглэлд тусгагдсан. Тухайн үед Х, Б нар нь байлцсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 1/23 дугаар тогтоолоор “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнийг 115,583,333 төгрөгөөр тогтоосон. Дээрх үнэлгээний тайланг төлбөр төлөгч Ц.Б, Б.Х, Ц.О нарт 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 4-135/1947, 4-135/1946 дугаар албан бичгээр үнэлгээг биечлэн мэдэгдэж, тайлантай танилцуулахад Ц.Б, Б.Х нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу өөрсдөө худалдан борлуулах 1 сарын хугацааг авсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2022 оны 01 сарын 27-ны өдрийн №Ш22-06 дугаартай “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардлагын үндэслэлээ үнэлгээ хийлгэх тухай тогтоол шийдвэрийг төлбөр төлөгч нарт танилцуулаагүй, үнэлгээний тайланг мөн танилцуулаагүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй бөгөөд талуудыг тохиролцуулах ажиллагаа хийсэн боловч амжилтгүй болсон, хуульд заасны дагуу шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргаж байна.

           Нэг. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан ажиллагааны тухайд:

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/01017 дугаар шийдвэрээр: ... “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Б, Б.Х, Ц.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 199,902,229.29 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 199.902.229.29 төгрөгийг бүрэн төлж, сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ц.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 хороо, 13255, Улаанхуарангийн гудамж, 105в байрны зоорийн давхрын 5 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү:2204046796 дугаартай, 32 м.кв талбайтай байр, Ц.Б, Б.Х нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 25 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 255 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү:2201002836 дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 31, 32 дугаар тал/

 

Дурдсан шийдвэрийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн:

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 184/ШЗ2021/02464 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх тухай мөн өдрийн 220 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч Ц.Б, Б.Х, Ц.О нараас 199,902,229.29 төгрөгийг гаргуулж,

төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ц.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 хороо, 13255, Улаанхуарангийн гудамж, 105в байрны зоорийн давхрын 5 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү:2204046796 дугаартай, 32 м.кв талбайтай байр, Ц.Б, Б.Х нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 25 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 255 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү:2201002836 дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрөв гэсэн байна. /хавтаст хэргийн 29, 30 дугаар тал/

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 сарын 21-ний өдрийн 21390431 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Ц.Б, Б.Х, Ц.О нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хавтаст хэргийн 33 дугаар тал/

 

Төлбөр төлөгч нар нь төлбөрийг төлөөгүй тул Ц.Бат-Эрдэнийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 25 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 байр, 255 тоот хаягт байрлалтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 оны 8 сарын 11-нд эд хөрөнгө битүүмжлэх тухай 21390431/04 дугаар тогтоол үйлдэн төлбөр төлөгч Ц.Бд танилцуулан гарын үсэг зурсан байна. /хавтаст хэргийн 34 дүгээр тал/

 

2021 оны 01 сарын 19-ний өдөр эд хөрөнгө хураах тухай 21390431/05 дугаар тогтоол үйлдэн төлбөр төлөгч Ц.Б гарын үсэг зурсан ба түүнд шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2021 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 36 дугаар тал/

 

 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж зааснаар 2021 оны 01 сарын 25-ны өдрийн дотор үнийн саналаа ирүүлэхийг, ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох болохыг тайлбарлан 2021 оны 01 сарын 19-ний өдөр тэмдэглэл үйлдсэн байна. /хавтаст хэргийн 37 дугаар тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч Ц.Б, Б.Х нар нь 2021 оны 01 сарын 24-ний өдөр төлбөрт хураан авсан Сонгинохайрхан дүүрэг, 25 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 255 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү:2201002836 дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнийг 160,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн саналыг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 38 дугаар тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ц.Б, Б.Х нарын гаргасан үнийг саналыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О мэдэгдэхэд төлбөр төлөгч нарын үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна. /хавтаст хэргийн 40 дүгээр тал/ Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар үнэ тохиролцоогүй байна.

 

“Хаан банк” ХХК-ийн зээл төлүүлэлтийн газрын захирал Ж.Ганбат нь 2022 оны 01 сарын 20-ны өдөр Б.О итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөр төлөгчийн үнийн санал нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн гэж үзэж шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2021 оны 01 сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргажээ. /хавтаст хэргийн 42 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 1/23 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон ба  тус үнэлгээний төвийн захирлын 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 11/022 дугаар итгэмжлэлээр үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг томилж шийдвэр гүйцэтгэгч түүнд эрх үүргийг тайлбарлан гарын үсэг зуруулсан байна. /хавтаст хэргийн 43, 44 дүгээр тал/

 

          Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулнагэж  заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргасан Ц.Түвшинцэнгэл нь шийдвэр гүйцэтгэгчээс томилогдсон “Дамно” ХХК-ний үнэлгээний ажилтан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: үнэлгээ хийлгэх тухай тогтоол шийдвэрийг төлбөр төлөгч нарт танилцуулаагүй, үнэлгээний тайланг мөн танилцуулаагүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбар бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

“Дамно” ХХК-ийн үнэлгээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 115,583,333 төгрөг болохыг тодорхойлсон байна. /хавтаст хэргийн 46 дугаар тал/

Нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж байгаа боловч дээрх байдлаа холбогдох бусад бичгийн нотлох  баримтаар нотлоогүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК нь: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний өртөг, жишиг үнийн аргачлалыг ашиглан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”,  55.7-т “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгийг 115,583,333 төгрөгөөр үнэлсэн тухай 4-135/1947, 4-135/1946 тоот мэдэгдлийг 2022 оны 01 сарын 28-ны өдөр хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй ба хөрөнгийн үнэлгээг мэдэгдснээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болохыг мэдэгдсэн ба хуульд заасан ажиллагаа хийсэн байна.  /хавтаст хэргийн 52, 53, 54 дүгээр тал/

 

Төлбөр төлөгч Ц.Б, Б.Х нар нь өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хугацаа авах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байна. /хавтаст хэргийн 55 дугаар тал/

 

Нэхэмжлэгч хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх үндэслэлээ нотлоогүй ба холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

 

Дээрх үйл баримтаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба шинжээч нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заасан дагуу хөрөнгийг үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Ц.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2022 оны 01 сарын 27-ны өдрийн №Ш22-06 дугаартай “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай Ц.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 25 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 25 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй  бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ