| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2021/00179/и |
| Дугаар | 153/ШШ2022/00237 |
| Огноо | 2022-04-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 153/ШШ2022/00237
2022 04 20 153/ШШ2022/00237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, 7-1 тоотод байрлах, “Төрийн банк” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын оршин суух, Тавинаахан овогт Ням-Осорын Чулуунбат /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн үлдэгдэл 2,632,646.77 төгрөг, зээлийн хүү 1,301,797.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,641.72 төгрөг, нийт 4,160,085.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 153/2021/00179/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******аднаабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь *******аас “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4.160.085,92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: , ******* нар нь Төрийн банктай 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дугаартай цалингийн зээлийн гэрээг байгуулан 5,500,000 төгрөгийн зээл авсан ба улмаар 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цалингийн зээлийн нэмэлт гэрээг байгуулан 3,290,119 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 4,700,000 төгрөгийг, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* дугаартай цалингийн зээлийн нэмэлт гэрээг байгуулан 4,801,930 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3,000,000 төгрөгийн нэмэлт зээл авч нийт 7,801,930 төгрөгийн цалингийн зээлийн сарын 2 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлого болон гэр, гэр ахуйн цахилгаан бусад хэрэгсэл боох зурагт, хөлдөөгч барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг олон сараар зөрчиж хугацаа давтан хэтрүүлсэн. Иймд зээлдэгчээс үндсэн зээл 2,632,646.77 төгрөг, зээлийн хүү 1,301,797.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,641.72 төгрөг, нийт 4,160,085.92 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар , , ТБ/193/НГЦЗ/2014 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******ад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Төрийн банкны нэхэмжилж байгаа зээлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед манай талийгаач нөхөр цалингийн зээл авсан байсан. Энэ зээлийг авч байх үед би Ховд аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Иймд зээлийн гэрээ дээр би гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт: Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсны тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын тодорхойлолт, зээлийн дансын хуулга, өргөдөл, , ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ТБ/193/НГЦ2014, , дугаар барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт,
Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт: Итгэмжлэл, нас барсны гэрчилгээ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг шүүх гүйцэтгэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн , ******* нар нь 2012 он, 2013 он, 2014 онд 3 удаагийн зээлийн гэрээ байгуулан “Төрийн банк” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарын Асгат тооцооны төвөөс цалингийн зээл авсан. Зээл төлж байх хугацаанд нас барсан бөгөөд зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь үлдэгдэл зээлийг төлж дуусгах ёстой. Гэтэл хариуцагч ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул гэрээнд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч *******аас үндсэн зээлийн үлдэгдэл 2,632,646.77 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,301,797.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,641.72 төгрөг, нийт 4,160,085.92 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төрийн банкны нэхэмжилж байгаа зээлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед талийгаач цалингийн зээл авахад миний бие Завхан аймгийн төвд байгаагүй, би зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд биш, гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Энэ тухай шинжээчийн дүгнэлт гарсан гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.1. Зээлдэгч нь “Төрийн банк” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарын Асгат тооцооны төвөөс 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ээр 5,500,000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ээр нэмэлт зээл 4,700,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ТБ/193/НГЦЗ/2014 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ээр нэмэлт зээл 3,000,000 төгрөг, нийт 7,801,930 төгрөгийн цалингийн зээл авч, 2012 оны барьцааны гэрээгээр 18 сарын цалин, 2013 оны барьцааны гэрээгээр гэр 1ш, мотоцикл, нөтбүк, принтер, зургийн аппаратыг тус тус барьцаалжээ. /хавтаст хэргийн 28 дахь хуудас/
4.1.2. Зээлдэгч нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нас барсан, түүнээс хойш зээл төлөгдөөгүй бөгөөд 2016 онд хоёр удаа зээлийн төлбөрт түүний эгч 578,002 төгрөг төлсөн, 2019 онд “Төрийн банк”-ны зүгээс *******ын данснаас барилт хийж 177,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлүүлсэн байна. /Хавтас хэргийн 127-128 дахь хуудас/
4.1.3. Хариуцагч ******* нь “Төрийн банк” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарын Асгат тооцооны төвөөс үндсэн зээлдэгч /нөхөр/ зээл авч байсан гэдэгт маргахгүй боловч зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгийг хүлээн зөвшөөрөхгүй, банкны өмнө үүрэг хүлээж зээлийн гэрээ байгуулаагүй учир хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэж маргадаг.
5. Шүүхээс хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №10 дугаартай “2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/, “Зээл буцаан төлөх хуваарь” гэх баримтад зурагдсан гарын үсэг *******ын харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэх дүгнэлтийг нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК үгүйсгээгүй болно. /Хавтаст хэргийн 95-110 дугаар хуудас/
Харин 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ТБ/193/НГЦЗ/2014 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-нд зурагдсан гарын үсэг нь хариуцагч *******ын гарын үсэг биш болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Шүүгчийн захирамжаар уг 3 зээлийн гэрээг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчээр шинжлүүлэхэд 2012 оны үндсэн зээлийн гэрээнд хамтран зээлдэгч *******ын гарын үсэг зураагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр гарсан. Уг шинжээчийн дүгнэлтийг тус Завхан аймгийн Төрийн банкны салбарт мэдэгдсэн. Зээлдэгч т зээл олгосон “Төрийн банк” ХХК-ийн Завхан аймаг дахь “Асгат” тооцооны төвийн зээл олгосон ажилтан нь алдаа дутагдал гаргасан болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Өөрөөр хэлбэл зээлдэгч нарын гарын үсгийг дутуу зуруулчхаад нөхөж зуруулдаг, эсхүл шалгалт ирэх үед гарын үсгийг дуурайлгаж зуруулсан зөрчил гарсан. “Төрийн банк”-ны шалгалтаар т 2013, 2014 онд нэмэлт зээл олгосон ажилтан тухайн зээлийн гэрээнд *******ын гарын үсгийг дуурайлгаж зурсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн...” гэх тайлбараар тогтоогдов. Иймд, дээрх үндэслэлээр 2012, 2013, 2014 онд байгуулагдсан зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч *******ын гарын үсэг биш гэдэг нь нотлогдсон байх тул тэрээр зээлийн гэрээний дагуу “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан үүргийг хүлээгээгүй байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж тус тус зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк нь үүргийг шаардахын тулд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарт үүргийг хүлээлгэн өгсөн болохыг нотлох үүрэгтэй, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчид зээлийн гэрээний дагуу үүргийг хүлээлгэн өгснөөр хариу үүрэг үүснэ.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. “Төрийн банк” ХХК-ийн Завхан аймаг дахь Асгат тооцооны төв болон ******* нарын хооронд зээл төлүүлэх талаар үүрэг үүсээгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдаагүй байна. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй нь тогтоогдсоноор нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч *******аас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхээ алдана.
6. “Төрийн банк” ХХК-ийн Завхан аймаг дахь Асгат тооцооны төвд байгуулагдсан зээлийн гэрээний маргаанд “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэлээр Иргэний хуулийн 62 дугаар зүйл, 64 дүгээр зүйлд зааснаар Ховд аймаг дахь салбарын төлөөлөгч оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна. /Хавтаст хэргийн 4,124, 125 хуудас/
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,511 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ням-Осорын Чулуунбатад холбогдох “Зээлийн үлдэгдэл 2,632,646.77 төгрөг, зээлийн хүү 1,301,797.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,641.72 төгрөг, нийт 4,160,085.92 /дөрвөн сая нэг зуун жаран мянга наян таван төгрөг, ерэн хоёр мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,511 /Наян нэгэн мянга таван зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН