Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/998

 

 

 

 

       

  2024           11            12                                         2024/ШЦТ/998             

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Шүүгдэгч: Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныБ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 240300580**** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны 07 дугаар сарын 11-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, *** ХХК-д борлуултын туслах менежер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт, *** дүүргийн *** дугаар хороо, ***** дугаар гудамж, ***тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б-, регистрийн дугаар /РД:**** /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, СУИС-н урд талын замд 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 21 цаг 00 минутын орчимд "Hyundai Verna” маркийн ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь хэсэг заасан "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Мөн дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас "Kawasaki” маркийн ***  улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж мотоциклийн жолооч О.Э-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч Б.Б  нь “...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, СУИС-н урд талын замд 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 21 цаг 00 минутын орчимд "Hyundai Verna” маркийн ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь хэсэг заасан "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Мөн дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас "Kawasaki” маркийн ***  улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж мотоциклийн жолооч О.Э-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 06-09, 12-13 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "2024 оны 07 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн Kawasaki маркийн ***  улсын дугаартай мотоциклтой ганцаараа ***  их сургуулийн зүүн талын замаар урагш чиглэлтэй уулзварлуу нэвтрэх үед ногоон гэрэл ассан байсан бөгөөд хөдөлгөөнөө үргэлжлүүлэн хойноосоо урагш чиглэлтэй ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байтал урдаас баруун хойш чиглэлтэй нэг тээврийн хэрэгсэл хүчтэй орж ирээд миний мотоциклын зүүн талаас мөргөөд би мотоциклтойгоо зүүн талруугаа унасан. Унах үед миний зүүн хөлийн шилбэ гэмтээд гишгэж болохгүй байсан. Нөгөө тээврийн хэрэгслийн жолооч гарч ирээд чиний буруу эндээс яв гээд уурлаад явах гээд байсан... Эмчилгээ хийлгэмээр байна. Булчин холбох хагалгаанд ор гэсэн. Мотоциклын үнэлгээгээр гарсан төлбөрийг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Э- нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 294.582 төгрөг гарсныг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын *** банк дахь 1009000200*** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Чмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Hyundai Verna" маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа би тухайн машиныг 2021-2022 оны хавьцаа зарж борлуулсан. Сүүлд Б.Б гэж хүн холбогдоод машины нэрээ шилжүүлье гээд нэрийг шилжүүлэх гээд 2-3 сарын өмнө хөөцөлдөж яваад нэг бичиг баримт болохгүй орхичихсон... Надад энэ машин хамаагүй би зарсан тул үнэлгээ хийлгэхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэгг, /хх-ийн 36, 39 дүгээр хуудас/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 101** дугаартай: "О.Э-ын биед зүүн өвдөгний дотор мөгөөрсөн жийргэвчийн арын эвэр урагдал, урд чагтан холбоосын суналт, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.., эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт, /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн: "...Hyundai Verna" маркийн ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийн... хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0***  баруун талдаа ** зөрүү 70% тоормос стандартын шаардлагыг хангахгүй..." гэх дүгнэлт, /хх-ийн 63-68 дугаар хуудас/,

 

"***  үнэлгээ” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний "Kawasaki” маркийн ***  улсын дугаартай мотоцикольд 700.000 төгрөгийн шууд, 1.180.000 төгрөгийн нийт хохирол учирсан гэж тайлан, /хх-ийн 80 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1585 дугаартай: “... Hyundai Verna маркийн ***  дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б  нь ЗХД-н 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Kawasaki маркийн ***  дугаартай мотоциклын жолооч О.Э- нь ЗХД-н заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа, /хх-ийн 87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Б.Б  нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч О.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нийт 1.180.000 төгрөг болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилжээ.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалуудаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарахаар байна.

Энэ талаар хохирогчид танилцуулсан болох хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд авагдсан ба хохирогч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгч нь үүнтэй ямар нэгэн байдлаар маргаагүй.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул хохиргчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг шинжээч томилж, тогтоох шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэлээ.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 8.580.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв. 

Дээрх хохиролыг гаргуулж шийдвэрлэхдээ хохирогч О.Э-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, тухайн гэмтлээс болж хохирогчид учирсан сөрөг үр дагавар, мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг тус тус харгалзаж үзсэн болно.

Мөн шүүгдэгч Б.Б эс 1.180.000 төгрөгийг гаргуулж хохирогчид, 294.582 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Харин шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг уг нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар  шүүгдэгч Б.Б эс 9.760.000 /есөн сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Э-т, 294.582 /хоёр зуун ерөн дөрвөн мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Э- нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТҮВШИНТӨГС