Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2022/01230

 

 

 

 

 

 

 

         2022           04            14                                    184/ШШ2022/01230  

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Д,

 

Хариуцагч: Д.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,623,938.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Б.Д, Д.Б нар нь 2018 оны 12 сарын 07-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээг байгуулан 20,000,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 48 арын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Б.Дгийн Х дахь ******* тоот харилцах дансанд 2018 оны 12 сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлэнд 5,289,433.96 төгрөг, зээлийн хүүнд 4,241,901.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,900.21 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2020 оны 5 сарын 02-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 612 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хны зүгээс зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.Д, Д.Б нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хороонд байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний 5.1-д заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2021 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 14,710,566.04 төгрөг, зээлийн үндсэн хүү 2022 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 612 хоногийн хүү 4,663,070.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 250,302.04 төгрөг, нийт 19,623,938.16 төгрөгийг хариуцагч Б.Д, Д.Б нараас гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Х” ХХК-аас 20,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэхүү зээлээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх 19,623,938.16 төгрөгийг төлж, банкийг хохиролгүй болгоно. Иймд тухайн төлбөрийг сар бүр хийхийг тус банктай очиж, уулзаж, тохиролцоно. Миний бие өвчний учир төлөх хугацаагаа хэтрүүлсэн нь үнэн гэжээ.

             

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Д, Д.Б нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 14,710,566.04 төгрөг, зээлийн хүү 4,663,070.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 250,302.04 төгрөг, нийт 19,623,938.16 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

 Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба төлбөрийг хугацаа тохирч төлөх хүсэлтэй байна гэх тайлбарыг ирүүлсэн ба хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийг 2022 оны 03 сарын 10-ны өдөр гардан авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

  

           Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар,    хэргийн үйл баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

             

          Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №******* дугаартай зээлийн гэрээг байгуулж, хариуцагч нар нь 20,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан байна. Гэрээний зүйл болох 20,000,000 төгрөгийг хариуцагч Б.Дгийн Хны ******* дугаар дансанд мөн өдөр шилжүүлж нэхэмжлэгч гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Дээр дурдсан зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж Б.Д, хамтран зээлдэгч Д.Б нар гарын үсэг зуржээ.

 

Нэхэмжлэгч банкнаас гаргаж өгсөн зээлийн дансны хуулга гэх баримтаас үзэхэд хариуцагч нар үндсэн зээлийн төлбөрт 5,289,433.96 төгрөг, зээлийн хүүнд 4,241,901.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,900.21 төгрөг төлсөн байна.

 

Зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг бодитоор шилжүүлж авсан, зээлийн төлбөрт төлсөн мөнгөний хэмжээ, зээлийн үлдэгдэл төлбөрийн тухайд зохигчид маргахгүй, харин хариуцагч Б.Д зээл авсан болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нар нь гэрээгээр тохирсон эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилсэн байна.  

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэн нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”, 26.2-т “Гэрээнд заасан бол зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ” гэж тус тус заасан байна.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Хариуцагч Б.Д нь авсан зээлийг өвчний шалтгаанаар төлж чадаагүй гэх боловч Б.Д, Д.Б нар нь нэг гэр бүлийн хүмүүс /аав, хүү/ бөгөөд авсан зээлээс төлбөрийг төлж байсан, мөн гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашигласан болох нь хариуцагч нарын тайлбар, хариуцагч Б.Дгийн “Х” ХХК-аас 2018 онд авсан зээлийн ******* тоот дансны хуулгаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 15 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Д, Д.Б нараас 19,623,938.16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар хариуцагчаар татан шаардлагаа гаргасан, мөн үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-т тус тус зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх, мөн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд тус тус зааснаар хариуцагч Б.Д, Д.Б нараас 19,623,938.16 /арван есөн сая зургаан зуун хорин гурван мянга есөн зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Д, Д.Б нараас 256,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.  

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй  бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОЮУНЦЭЦЭГ