Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 227

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,       

улсын яллагч Г.Батбаяр,

иргэдийн төлөөлөгч Т.Монхор,

шүүгдэгч Д.Алтаншагай, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Даваасүрэнгийн Алтаншагайд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010293 дугаартай хэргийг 2017 оны 4 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Даваасүрэнгийн Алтаншагай, 1990 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, охин, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Халамжийн 76 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, НТОХТ-д цахилгаан багажны лангуун дээр зогсдог, хэрэг хариуцах чадвартай, УВ 90072611 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Д.Алтаншагай нь 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын задгайд өөрийн гэрт нь С.Буянбаярыг эхнэр хулантай нь хамт нэг оронд хэвтэж байхад нь уурлан түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Алтаншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Анхаа, Оргил хоёртой галт тэрэгнээс ачаа буулгаад орой гэртээ ороход гал түлээгүй хоёр хүүхэд даасан, эхнэр Хулан үл таних залуутай хоёулаа согтуу орны дээд талд сууцан байж байсан. Эхнэр шалдан хувцасгүй, эрэгтэй хүн нь дээгүүрээ нүцгэн байж байсан. Би ороод энэ хэн бэ, юу болж байгаа юм бэ гэсэн чинь тэр залуу чи өөрөө юу вэ писда минь гэж хэлж намайг заамдсан. Мөн би залуу хүүхэнтэй унтмаар байна чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнийг гэрт нэг цохиод гадаа чирч гаргаад хоёр цохиод, хоёр өшиглөсөн. Тэгээд буцаад гэртээ орчоод гараад ирэхэд яваад өгсөн байсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.Буянбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрийн хажуу талын хүнсний дэлгүүрээс 500 граммын савалгаатай нэг шил Улаанбаатар нэртэй архи аваад гэртээ ороод уух гэсэн ганцаардаад 7 хоногийн өмнө танилцсан эмэгтэйгийн гэрт очоод ууя гэж бодоод очсон. Хулангийн гэрт очиход 2 охинтойгоо байсан. Тэгээд би хүүхдүүдийн хажууд юу ярихав гээд гэрээс нь дуудаж гаргаж ирээд гэрийнхэн гадаа чи нөгөө яриад байсан юмаа хийхгүй юм уу надад нэг шил юм байна гэсэн чинь хоёулаа манай гэрт орж уугаад хүүхдүүдийг унтсан хойно болъё, нөхөр ирэхгүй салаад явсан гэж хэлсэн. “...үлдсэн архиа хувааж уугаад унтахаар болсон. Тэгээд унтаж байсан чинь нэг эрэгтэй хүн Хулангаас энэ юун хүн бэ гэж асууснаа нүүр рүү нэг гэрэл тусгаж харснаа цаашаа яваад өгсөн. Тэгээд жоохон байж байгаад буцаж ирээд гэнэт бос гээд миний хувцаснаас татсан. Тэгээд нүүр рүү гэрэл тусгаж байгаад намайг зодсон, Миний нүүр рүү гараараа 2-3 удаа, нурууруу хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөөр нь би хөлийг нь барьж аваад унагаачихаад гараад зугтсан чинь гадаа гарч ирээд намайг араас барьж аваад нүүр рүү хэд хэд цохьсон, би тэвэрч унагаачихаад зугтаасан…” гэсэн мэдүүлэг. /хх5-7, 10, 12-13/,

Гэрч Б.Хулан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ 3 хүүхдийн хамт сууж байсан чинь тэр эрэгтэй ах нэг шил 750 граммын савалгаатай Улаанбаатар нэртэй архи барьсан аяга байвал өгөөч гэж орж ирэхээр нь би аяга өгсөн чинь архиа танайд уучаад гаръя гэхээр нь би тэг тэг гэснээ өөрөө нэг хийж татчаад дараа нь надад хийж өгөхөөр нь би аваад архийг нь уусан. ...Архийг нь хувааж ууж дуусаад бид хоёр хамт дэлгүүр яваад тэр ах ахиад нэг шил 750 граммын савалгаатай Улаанбаатар нэртэй архи зээлж аваад буцаад гэр очоод бид хоёр хувааж уусан. Тэгээд би тасраад унасан байсан юу болсныг санахгүй байна. Тасраад унтаж байсан чинь нөхөр маань орж ирээд тэр ахыг хэн юм гээд уурлаад тэр хоёр муудалцсан. ...Тэр хоёр гэрт барьцалдаж дээр доороо ороод зодолдоод байхаар нь салгаад тэр ахыг гэрээс гаргаад гэрийн гадаа суулгаад гэрт байсан хувцасыг нь гаргаж өгсөн. Манай нөхөр гэрийн гадаа тэр ахтай мөн зодолдоод байсан. ...би гэрлүүгээ буцаад орсон тэгээд нөхөртэйгээ маргалдаад нөхрөө хөөгөөд явуулсан. Маргааш нь гэрээсээ гарсан чинь гэрийн гадаа тэр ахын малгай, куртик, цамц гурав нь үлдсэн байсан мөн орон дээр гар утас нь үлдсэн байсан. Тэгээд маргааш нь авгай нь хүүхэдтэйгээ орж ирээд манай нөхрийн хувцас гар утас нь хаана байна тэр хүний бие муу байна гэж хэлэхээр нь би гар утас хувцасыг өгсөн…” гэсэн мэдүүлэг. /хх-8, 15/,

Гэрч Х.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би нөхөр Алтанжолоогийн хамт дүүгийн гэрт 21 цагийн орчим очиход эхнэр Хулан нь нилээн согтсон, том охин нь ээжийгээ босгох гээд татаад бага охин нь хажууд нь ээжээ, ээжээ гээд уйлаад сууж байсан. Нэг үл таних эрэгтэй 30-40 орчим насны хүн орон дээр нь Хулангийн хажууд сууж байсан. Тухайн эрэгтэй нилээн согтолттой тасрахаас арай наагуур байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр Хуланг босооч гэсэн чинь бид хоёрыг элдэв үгээр хараагаад байхаар нь би тэр эрэгтэй хүнийг чи юун хүн бэ гэсэн чинь Хулан манай найз байгаа юм гэсэн. Нөгөө эрэгтэй хүн нь би Хулангийн найз нь байгаа юм гэсэн. Тэгээд Хулан бид хоёрыг элдвээр хараагаад байхаар нь нөгөө залууг нь гэр рүүгээ яв гэж хэлсэн чинь тэр ерөөсөө гарахгүй байхаар нь манай нөхөр нөгөө эрэгтэй хүнийг гэрээс нь гаргаад хаалгыг нь хаачаад хүүхдүүд нь бэлгийг нь өгчөөд гараад явах гэсэн чинь гэрийнхэн үүдэнд нөгөө эрэгтэй хүн зогсож байхаар нь бид хоёр тэр эрэгтэй хүнийг доошоо чирээд доод талд байдаг айл хүртэл чирч явсан. Тэгээд чирээд явж байхад тэр эрэгтэй хүн бид хоёрыг элдвээр доромжлоод байхаар нь бид хоёр тэнд нь орхиод яваад өгсөн…” гэсэн мэдүүлэг. /хх-17/,

Яллагдагч Д.Алтаншагай мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Анхаа, Оргил хоёртой хамт гурвалжингийн гүүрний урд талын вагон зогсоол дээр ачаа буулгаад 20 цагийн орчим дуусаад гэрүүгээ 22 цагийн орчим ортол манай гэрт эхнэр манай 2 охин бас нэг үл таних эрэгтэй хүн байсан. Манай 2 охин орны дээд талд сэрүүн сууж байсан харин эхнэр хувцасгүй шалдан тасарсан унтаж байсан. Нөгөө эрэгтэй хүн манай эхнэрийн хажууд өмдөө өвдгөө хүртэл шувталцан унтаж байснаа намайг ороход сэрсэн. Гэрт ороход манай хоёр охин уйлчихсан гэр маш хүйтэн гал түлээгүй байсан. Би тэгээд энэ хэн бэ юу болж байгаа юм бэ гэсэн чинь нөгөө эрэгтэй хүн чамд ямар хамаатай юм, чи өөрөө хэн бэ писда минь гээд босч ирээд намайг заамдахаар нь би зөрүүлж заамдаад баруун гараараа тухайн хүний нүүр орчимд нэг удаа цохиод гэрээсээ татаж гаргаж ирээд гэрийн гадаа үүдэнд нүүр рүү нь баруун гараараа 2 удаа, зүүн хөлөөр цээж орчимд 2 удаа өшиглөчихөөд хаалгаа хаагаад эргээд гараад ирсэн чинь нөгөө хүн байхгүй болсон байсан. Тэр эрэгтэй хүн хөл нүцгэн байсан дээгүүрээ цамцтай байсан тэр чигт нь гаргаад явуулсан. Гадуур хувцас болон гутлыг сайн мэдэхгүй байна хэрэг болдог шөнө эхнэртэйгээ муудалцаад гараад явсан болохоор хувцас байсныг нь сайн мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг.

Гэрч Г.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-18/, шинжээчийн №1008 дугаар дүгнэлт /хх-20/, сэжигтэн Д.Алтаншагайгийн мэдүүлэг /хх-29/, яллагдагч Д.Алтаншагайгийн мэдүүлэг /хх-31/, ял шалгах хуудас /хх-38/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-40/, хохирогч С.Буянбаярын хүсэлт /хх-64/, хохирол төлсөн баримт /хх-67/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-103/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Д.Алтаншагай нь 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын задгайд өөрийн гэрт нь С.Буянбаярыг эхнэр Хулантай нь хамт нэг оронд хэвтэж байхад нь уурлан түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Д.Алтаншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Алтаншагайг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч С.Буянбаяр нь эмчилгээний зардалд 300.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Алтаншагайг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Д.Алтаншагай нь үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл болон харилцаа нөлөөлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д.Алтаншагайд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, мөн уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, мөн шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 103 дугаар талд шүүгдэгч Д.Алтаншагайгийн хүү А.Алтантөгс /РД:УК16271111/ нь 2016 онд төрсөн 0-3 хүртлэх насны хүүхэдтэй, Д.Алтаншагай нь хамтран амьдагч Б.Хулангаас тусдаа амьдарч байгаа талаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарыг тодорхойлолт авагдсан болно.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Алтаншагай хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Алтаншагайд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Даваасүрэнгийн Алтаншагайг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Алтаншагайг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Алтаншагайд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. . Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Алтаншагай нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2 дах хэсэгт зааснаар Д.Алтаншагайд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Алтаншагайд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

                                             ШҮҮГЧИД                                  С.ПҮРЭВСҮРЭН 

                                                                                                   Э.ЧИНГИС