Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 30

 

Х банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 764 дүгээр шийдвэртэй.

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Х банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 17-19 тоот хаягт байрлах Х ц хоршоо,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 17-10 тоотод оршин суух, 1955 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ55031813, М овогт Б-ийн Х ,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 17-10 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ60062502, Ш овогт Ц-ийн Н нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Х -гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхзаяа, хариуцагч, Б.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 47.500.000,01 төгрөг, зээлийн хүү 2.705.700,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.981,75 төгрөг, нотариатын зардал 34.000 төгрөг, нийт 50.275.681,86 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Ю.Н-гийн гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Х ц хоршоо, Б.Х , Ц.Н нар нь Х банктай 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1250021169 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийн жилийн 7 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авсан. Х банк нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зээлдэгч Х ц хоршооны Хбанк дахь 5000701837 дансанд 50.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2.499.999,99 төгрөг, зээлийн хүүнд 8.163.837,65 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 1.615,10 төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь Х банктай байгуулсан 12500211069 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлэн төлж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 229 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 47.500.000,01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.705.700,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 35.981,75 төгрөг, нотариатын зардал 34.000 төгрөг, нийт 50.275.681,86 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Х  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би Хбанкнаас 2015 оны 9 дүгээр сард барьцаат зээлийн гэрээ байгуулан тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 50.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тэгтэл банкнаас зээлээ аваад удаагүй байтал манай жимс, жимсгэний талбай гадны нөлөө, байгалийн гамшгаар гэнэт шатаж би их хэмжээний хохирол амсаад түүнээс хойш банкны зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй эрсдэлд орсон. Тэгэхдээ би банкыг хэзээ ч хохироож байгаагүй одоо үлдсэн талбайнаасаа жилд 10.000.000 төгрөгийн жимс, жимсгэнэ авдаг байсан ба түүнийгээ банкны хүүд төлж байсан.

Сүүлийн үед үндсэн мөнгө, хүүг төлөх чадваргүй болоод банкыг миний үйлдвэрийн тоног, төхөөрөмж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, мөн ажлын зориулалтаар баригдсан 2 давхар барилга, мөн 3 га газар, УАЗ-469 машин зэргийг үнэлээд ав гэхэд тэдгээрийг авахгүй байна.

Надад одоогийн байдлаар банкинд төлөх мөнгөний эх үүсвэр байхгүй байна. Би өмнө нь олон жил банкнаас зээл авч цаг тухайд нь төлж байсан. Би одоогийн байдлаар тэтгэвэр, тэтгэмжээ олон жилээр нь аваад банкинд өгсөн байгаа.Манай талбай гадны нөлөөгөөр, байгалийн гамшгаар шатаад би ийм эрсдэлд орсныг банк мэдэж байгаа. Одоогийн байдлаар 3000 гаруй мод шинээр тарьсан байгаа тэр мод 2019 оноос эхлэн жимс жимсгэнээ өгч эхэлнэ, мөн хүлэмжид тарьсан үрсэлгээний мод 2019 онд гарна, тэдгээрээс төлөх боломж байгаа.

Үүнээс өмнө одоогийн байдлаар төлөх ямар ч боломж байхгүй. Надад банкнаас зугтах, төлөхгүй гэж маргах ямар нэг асуудал байхгүй. Надад их хэмжээний хөрөнгө байгаа. Түүнийг үнэлээд ав гэдгийг банкинд байнга хэлдэг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүүг хасаж өгөхийг хүсэж байна. Би 2020 онд тухайн зээлийг үе шаттайгаар төлнө” гэжээ. 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Х ц хоршоо, Мөр овогт Бандийн Х , Шарнууд овогт Цэдэвдоржийн Нямаа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 47.500.000,01 төгрөг, зээлийн хүү 2.705.700,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.981,75 төгрөг, нийт 50.241.681,86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хбанкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 34.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 410.828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ц хоршоо, Б.Х , Ц.Нямаа нараас 409.158 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хбанкинд олгох”-оор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Б.Х  миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2018 оны 9 дүгээр  26-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Х  миний бие нь банкнаас 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан жилийн 7 хувийн хүүтэйгээр 84 сарын хугацаатайгаар тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 50,000,000 төгрөгний зээл авсан нь үнэн.

Гэтэл банкнаас зээлээ аваад удаагүй байтал манай жимс, жимсгэний талбай Ганхуяг, Цагаач гэдэг хүмүүсийн нөлөөгөөр гэнэт шатаж их хэмжээний хохирол амсаад түүнээс хойш банкны зээлийн хүүг төлж чадахгүй эрсдэлд орсон.

Тэгэхдээ би зээл авснаас хойш банкинд 20 гаруй сая төгрөг хүүд төлсөн. Зээлээс нэг ч төгрөг хасагдаагүй. Тухайн 50 сая төгрөгний зээл 2022 оны 9 сард төлөгдөж дуусах ёстой. Уг зээлийг банк надад 7 хувийн хүүтэйгээр олгоод 8 хувийн хүүтэйгээр төлүүлж байгаа. Хбанкыг хэзээч хохироож байгаагүй. Би тухайн банкаар 20-аад жил үйлчлүүлсэн. Тэр 20 жилийн хугацаанд 10-20 сая төгрөгний зээл аваад зээлээ цаг хугацаандаа ямарч хугацаа алдахгүйгээр төлж байсан.

Тэгтэл анхан шатны шүүх зээлийн хугацаа дуусаагүй байхад нэг талыг барьж тухайн зээл төлүүлэхээр шийдвэрлэсэнд би гомдолтой байна. Тухайн банкнаас авсан зээлээ төлөхгүй гэж маргасан зүйл байхгүй, манайх одоохондоо эрсдэлд орсоныг банк маш сайн мэдэж байгаа харин 2019 он, 2020 он гэхэд тухайн зээлээ төлж дуусгана гэдгээ банкинд байнга хэлж байгаа. Харин ч би 2022 онд дуусах ёстой зээлийг 2020 он гэхэд төлж дуусгана. Уг зээлийг төлөх хугацаа дуусаагүй байхад одоо төлүүлэхээр шүүхийн шийдвэр гаргаж буйн иргэн миний хувьд маш хүндээр тусаж байна.

 

Иймд тухайн зээлийг 84 сарын хугацаатайгаар авсан нь зээлийн гэрээнд тусгагдсан байгаа, зээл аваад 35 сар болж байгаа, тухайн үед хүүгээ төлж байсан, зээл төлөх хугацаа болоогүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр  26-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг хүнчингүй болгож өгнө үү ” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Анхзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Х ц” хоршооны гүйцэтгэх захирал Б.Х гийн гаргасан даваж заалдах гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.Х  нь анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар гомдол гаргадаг.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэр ямар хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн, ямар хуулийн заалтыг хэрэглэх ёстой байсныг хэрэглээгүй болох, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процесс хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг тус тус дурдах буюу гомдлын үндэслэлийг тодорхой тусгах, шүүхийн шийдвэрийн аль хэсгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой тусгах шаардлагатай.

Гэтэл хариуцагч Б.Х гийн давж заалдах гомдол ямар үндэслэлээр Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байгаа нь тодорхойгүй, гэрээний үүргийг хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй буюу гэрээний хэсэгчилсэн хугацааг хэтрүүлснийг эс зөвшөөрч анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн үйл баримтын талаар гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Зээлдэгч Х ц хоршоо, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Х , Ц.Нямаа нартай Хбанк нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1250021169 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан гэрээний үүргийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.

Гэтэл зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 320 хоног төлөөгүй нь гэрээгээр тохиролцсон үүргийг хэсэгчлэн төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэх болон шаардах хуүдас хүргүүлж байсан ба үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг хангалттай тогтоож өгсөн боловч үүргээ биелүүлээгүй хэвээр байсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4, 5 дугар зүйлийн 5.1.1 дэх заалтад тус тус заасныг үндэслэн Банкны санаачилгаар зээлийг гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа зээл авсан, зээлийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн үйл баримтанд маргаангүй гэдгээ тайлбарлаж байсан болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 764 дугаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасны дагуу Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 764 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч Х ц хоршоо Б.Х , Ц.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 47.500.000,01 төгрөг, зээлийн хүү 2.705.700,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.981,75 төгрөг нийт 50.275.681,86 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас хүү төлөхийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлээс хасаж өгөхийг хүсжээ.

Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1250021169 тоот зээлийн гэрээ, 125002116901 тоот барьцааны гэрээ, 1250021169-03 дугаартай зээлийн тусгай нөхцөл, 1250021169-02 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Хбанк нь зээлдэгч Б.Х , Ц.Н  нарт 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй 84 сарын хугацаатай тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах, зээлдэгч зээл төлөх үүргээ биелүүлээгүй бол гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан байна.

Анхан шатны шүүхийн зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх дүгнэлт хуульд нийцсэн байна.

Зээлдэгч нь гэрээний зүйл болох 50.000.000 төгрөгийг хүлээн авч, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр хийж байсан боловч 2017 оны 12 дугаар сараас хойш төлбөр хийгээгүй,320 хоног өнгөрч, гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 47.500.000,01 төгрөг, зээлийн хүү 2.705.700,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.981,75 төгрөг нийт 50.275.681,86 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг  хүлээнэ” гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д “ зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зохицуулсан ба талууд гэрээндээ хүү төлөх, зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацаанд хүү төлөх талаар тус тус заасан тул зээлийн хүү төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч Б.Х  нь “зээлийн гэрээний хугацаа дууссаагүй байхад гэрээнээс татгалзаж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож  өгнө үү” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах боломжгүй байна.Учир нь:

Талууд зээлийн гэрээндээ ”Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх үүргээ биелүүлээгүй бол зээлийн нийт төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах” гэж заасан байх ба зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сараас хойш төлбөр хийгээгүй,320 хоног өнгөрч, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А хариуцагч нартай зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж, үүргээ гүйцэтгэхийг удаа дараа урьдчилан сануулж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг хангалттай тогтоож өгсөн боловч үүргээ биелүүлээгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд хариуцагч нь уг тайлбарыг үгүйсгэж, няцаагаагүй зээл төлөх талаар харилцан уулзаж байсан тухай тайлбарыг гаргаж байх тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-ийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Х гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Б.Х  нь давж заалдах гомдол гаргахдаа шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2619 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                Д.ЖАМБАЛСҮРЭН