Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

улсын яллагч Г.Ганзориг,

хохирогч Г.*******, 

хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

гэрч Л.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******өд холбогдох эрүүгийн 2407000000175 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                         

Монгол Улсын иргэн, ******* оны *******-ны өдөр ******* аймаг, суманд төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ад ажилтай, , , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтуурсан үедээ Налайх дүүргийн , “” шатахуун түгээх станцын хажуу талд иргэн Г.*******тай маргалдаж, толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, биед нь “зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсны дээрх цус хуралт, зүүн, баруун зулай, чамархайн дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархайн дэлбэнд зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, хамар, баруун, зүүн хөмсөг, дээд уруул, баруун сарвуу, зүүн, баруун өвдөг, зүүн тавхайд зулгаралт, баруун шуу, зүүн бугалгад цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүйгээр, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

   Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдрийн болсон асуудлыг цагдаа дээр байхдаа мэдүүлсэн, нэмж ярих зүйл байхгүй. Эрүүл мэндийн хувьд 20 хоног завсарлаад 10 хоногт нь 2 тариа хийлгэж байгаа. Тэр тариа нь их үнэтэй тариа юм байна. Цаашид нэхэмжлэх зүйлийн хувьд хагалгаанд орноос хойш 6 сарын дараа тархиа нөхүүлэх хагалгаанд дахин орно. Тэр хагалгаа бас төлбөртэй гэсэн. Ирээдүйд унаж татах өвчтэй болох эрсдэлтэй гэсэн. Хөдөлмөрийн чадвараа мөн алдсандаа их хэцүү л байна” гэв.

 

   Гэрч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний харснаар ******* нь *******ы нүүрэнд нь хоёр, толгойд нь нэг өшиглөсөн, бусдыг нь бол хараагүй. Маргаан юунаас болсныг бол мэдэхгүй, бие засах гээд тэврэлдээд явсан, буцаж ирэхдээ хэрэлдээд ирсэн. Анх цагдаагийн албан хаагч ирээд хэнтэй ч тулж уулзаагүй, над дээр ирээд “та юу нь вэ, найз нь уу, цагдаагийн хэлтэс дээр аваад ир” гэсэн. Тэгээд явж байтал “одоо хэрэлдэхээ болиод тайвширсан юм чинь нэг найзыгаа эмнэлэгт үзүүлээд, тэгээд хоёуланг нь гэр гэр лүү нь хүргээд өгчих” гээд явуулсан. *******ы хамар шалбарч амнаас нь цус гарсан байсан. Тэгээд бид нар эмнэлэг рүү авч явсан. Эмнэлгийн хүлээн авахын үүдэнд очиход ******* орохгүй гээд байсан. ...*******ыг гэр лүүгээ орох уу гэсэн чинь орохгүй гээд байсан. Би үүрээр 05 цагт ажилтай байсан болохоор гэр лүүгээ орж хувцсаа солиод гарч ирсэн. Би 1 цаг л орхисон байх. Гэрийнх нь гадаа очоод буух уу гэхэд буухгүй, жоохон унтаадахъя гэсэн. Би ажил руугаа явлаа шүү 05 цагт Таван толгойд ажилтай гэхэд “тэг тэг” гээд ажлын гадаа унтуулсан. *******ы лүү нь залгаад би ажилтай гарах гээд байна гэж хэлсэн” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтуурсан үедээ Налайх дүүргийн , “” шатахуун түгээх станцын хажуу талд иргэн Г.*******тай маргалдаж, толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, биед нь “зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсны дээрх цус хуралт, зүүн, баруун зулай, чамархайн дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархайн дэлбэнд зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, хамар, баруун, зүүн хөмсөг, дээд уруул, баруун сарвуу, зүүн, баруун өвдөг, зүүн тавхайд зулгаралт, баруун шуу, зүүн бугалгад цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7, 8-9 дэх тал),

 

  • Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

 

  • Хохирогч Г.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 30 минутын үед найз ******* намайг гэрээс ирж авсан. Тэгээд бид нар спорт зааланд тоглохоор явсан. Заал руу явж байх замдаа *******ийг тэй нь хамт авч, заал орохоос өмнө 2.5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” шар айраг хувааж уучхаад заал руу орж 2 цаг орчим тоглоод 12 цаг 30 минутын үед заалнаас гарсан. Заалнаас гараад 0.5 литрийн “Хараа” архи хувааж уусан. *******ийн гэрт очиж ийг нь оруулсан. Харин ******* грашнаасаа 3 лааз шар айраг гаргаж ирээд ******* бид хоёр хувааж уусан. ******* бид хоёр сагс, волейбол ярьж байгаад муудалцаж, улмаар ******* гэнэт миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний ухаан балартсан. Нэг сэргэтэл ******* нь миний толгойны ар дагзаар газар мөргүүлж байсан. Тухайн үед *******ийн , ******* хоёр хараад зогсож байсан учир би “найзыгаа, нөхрөө аваач ээ” гэж тэр хоёрт хэлсэн боловч тоохгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* намайг зодохоо больчихоор нь би тусламж гуйгаад шатахуун түгээх станц руу өрөөсөн гуталтай явж байхад ******* миний араас хөөж ирээд намайг *******ийн гэрийн хажууд буцааж авч очоод дахиж зодсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Яагаад гэвэл би ухаан алдчихсан байсан. Нэг сэргэх үед би *******ийн машинд явж байсан ба “би гэртээ харьмаар байна, намайг гэрт хүргээд өг” гэхэд ******* тоохгүй, дугарахгүй байсан. ...Тархины зүүн чамархайн яс хугарч цус хурсан, баруун чамархай цуурч цус хурсан, толгойны зулай хэсэг цус хурсан гэмтлүүд учирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ******* нь *******той хамт заал авч тоглох гээд явсан. Орой нь гэртээ ирэхгүй байсан учир би нөхөр лүүгээ маш олон удаа залгасан боловч утсаа огт авахгүй байсан. ...Маргааш өгпөө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ...*******ийн утасны дугаарыг олж, утсаар нь залгаж нөхрөө асуухад “би ажил дээрээ байна. Танай нөхөр чинь миний машинд унтаж байгаад сая машинд суулгаад явуулчихсан. Тосоод аваарай. Танай нөхөр хэрэг тарьсан, хүнтэй муудалцаж зодсон. Нөгөө хүн нь бол зүгээр байгаа. Харин танай нөхөр нүүрэндээ гэмтэл авсан” гэхээр нь “та нар архи, дарс уусан юм уу, манай нөхөр тэгээд хэр байна” гэж асуухад “архины асуудал бол сонин биш ээ, одоо нөхрийгөө тосож аваад өөрөө харахгүй юу, би одоо чамтай утсаар юу ярихав дээ” гэж хэлсэн. Тэгээд 11 цаг 40 минутын үед ******* над руу залгаад “ байна. Би тэйгээ хамт нөхрийг чинь аваад очиж байна. Архи нь гараагүй, нэг дуниартсан юм л явж байна. Байрныхаа гадаа гарч ирээд нөхрийгөө аваарай” гэсэн. Би гэрийнхээ гадаа 10 орчим минут зогссон бөгөөд 119 дүгээр сургуулийн урд нэг цагаан өнгийн приус машин нэг яваад, нэг зогсоод байснаа хүрч ирсэн. Тэгээд цонхоо онгойлгоод “*******ы үү, нөхрөө аваарай” гэсэн. Би нөхрөө авах гээд хойд талын хаалгыг онгойлгох үед манай нөхрийн хувцсыг жимбийтэл нь товчилчихсон байсан бөгөөд манай нөхөр хүү, бид хоёрыг танихгүй өөдөөс “улаан корсет, шат” гэсэн хоёр юм нэхээд дэмийрээд байсан. Би *******өд “манай нөхөр хэнд зодуулсан юм” гэхэд ******* “би зодчихсон” гэж хэлсэн. ...Эмнэлэгт очоод үзүүлтэл эмч нар нь “тархины хүнд гэмтэл авчихсан юм шиг байна яаралтай шинжилгээ авъя” гэсэн. Тухайн үед манай нөхрийн ухаан нь орж гараад хэнийг ч танихгүй байгаад байсан бөгөөд эмч нар тариа тарих гэхэд эсэргүүцэл үзүүлээд байсан. ...Манай нөхрийг томографт хараад “дотроо гурван газар хуралттай, гаднаа хатуу яс, гавал яс хоёрын хооронд хуралт үүсч тархиа дарсан, гавлын ясанд цууралт үүссэн байна, яаралтай хагалгаанд орно, хот руу явуулах боломжгүй, үсчин дуудаж үсийг нь хусуул” гэж хэлсэн. ...Манай нөхрийн хамар нь зулгарчихсан, зүүн талын хөмсөг, нүд, уруул нь хавдчихсан байсан бөгөөд цус нь гойжсныг нь угааж цэвэрлэчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 

  • Гэрч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр найзуудын хамт Зэвсэгт хүчний 350 дугаар анги дээр заал авахаар 19 цаг 40 минутын үед *******ыг гэрээс нь аваад дараагаар нь *******ийн гэрт очиж *******ийг тэй нь хамт аваад дөрвүүлээ явцгаасан. Замдаа *******, ******* нар машин бариагүй юм чинь пиво ууя гээд ын замд байх “” шатахуун түгээх станцын ард байрлах дэлгүүрээс ******* ундаа, 2 ширхэг вакус, харин ******* 2.5 литрийн багтаамжтай пиво авсан. Замдаа тэр хоёр пивоныхоо ихэнхийг уусан. Тэгээд бид нар зааландаа очоод 20 цагаас 23 цаг хүртэл заал авсан. Заалнаас гараад бид дөрөв *******ийн гэр лүү явсан. Явах замдаа үлдсэн пивоо ууж байхад ******* цүнхнээсээ 0.5 литрийн багтаамжтай “Хараа” нэртэй архи гаргаж ирээд тэр хоёр уусан. Тэгээд *******ийн гэрийн гадаа ирэхэд пивоо ууж дуусгачихсан, архи нь талаас доогуур болчихсон байсан. Удалгүй ******* грашнаасаа 3 лааз пиво гаргаж ирээд “гурвуулаа хуваагаад ууя” гэхээр нь би жолоо барьж байсан болохоор “уухгүй, харин гэртээ очоод ууя” гээд авсан. Тухайн лаазтай пивонууд нь талдаа ороод дуусах дөхөж байхад *******, ******* нар хоорондоо ярьж байгаад дэлгүүр хаахаас өмнө архи авъя гээд “Хүслэн” дэлгүүр орж “Хараа” нэртэй 0.33 литрийн багтаамжтай архи, надад ус, ундаа авч өгсөн. Тэгээд бид нар буцаад *******ийн гэрийн гадаа очсон бөгөөд *******, ******* нар нь авсан архиа ууж байгаад ******* нь *******ийг гар бөмбөг гоё тоглодог, харин ******* нь *******ыг сагсан бөмбөг сайн тоглодог шүү гэж магтаж байгаад нэг мэдсэн чинь “чи намайг сагсаар барахгүй, чи намайг гар бөмбөгөөр барахгүй” гэх мэтээр хэрэлдээд эхэлсэн. Тэгээд удалгүй тэврэлдээд эвлэрсэн. ******* “би бие засмаар байна” гэж байгаад “за за одоо харих гэж байгаа юм чинь болилоо” гэхэд ******* нь *******д хандан “чи бие засмаар байгаа бол хамт явъя” гээд тэврэлдээд *******ийн грашийн ар тал руу орох шиг болсон. Удалгүй *******, ******* нар хоорондоо маргалдчихсан ирсэн. Яагаад маргалдсан гэхээр ******* нь санаандгүй *******ы гутал руу шээчихсэн юм шиг байсан. ******* уурлахад ******* “нээрээ би шээчихсэн юм уу” гэхэд ******* “чи өөрөө үнэрлээд үз” гээд гутлаа тайлаад өгөхөд ******* “үгүй л байна шүү дээ” гээд хоорондоо маргалдаж заамдалцахаар нь би машинаас буугаад салгасан. Тэгээд ******* *******өд хандаж үг хэлсэн ба ******* уурлаад гараараа нэг удаа нүүр хэсэг рүү цохиход ******* газар унасан бөгөөд ******* дахиж цохих гэхээр нь би болиулж, салгах явцад ******* *******ы нүүр хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд ******* “” шатахуун түгээх станц рүү гүйгээд явсан. Гүйж явахдаа 2 удаа бүдэрч унахыг нь харсан. ******* шатахуун түгээх станцын түгээгчтэй уулзаж байх шиг байсан. Тэгээд энэ хоёрыг эвлэрчих юм болов уу гээд замын хажууд байх “GS25” сүлжээ дэлгүүр лүү ороод тамхи аваад гараад ирэхэд ******* нь *******ы футболк хэсгээс өргөчихсөн ирж байсан. Замдаа ******* гуйваад унахад ******* *******ы нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа алгадаж байхаар нь би очоод салгасан. ******* *******ыг босгох гэхэд ******* хөл дээрээ зогсож чадахгүй унаад байсан тул ******* дахиад хэд хэдэн удаа алгадсан. Тэгэхээр нь *******ы бие эвгүй болчихлоо гэж бодоод машиндаа авчрахад цагдаа ирээд *******ийг авч явах гэхэд ******* эсэргүүцээд машинд суухгүй гээд байсан. Тэгээд цагдаа нар “намайг *******ыг авч яваад яаралтай эмнэлэгт аваачиж үзүүл” гэхээр нь би машинд суулгаад явах гэхэд өндөр цагдаа нь “чи хоёр найзыгаа аваад цагдаагийн хэлтэс дээр ир, бид нар араас нь дагана” гэхээр нь “за” гээд Налайх дүүргийн ны замаар явсан. Удалгүй араас цагдаа нар ирээд “хоорондоо эвлэрч байгаа юм бол тэгээд гэр гэртээ очоод сайхан амар, харин *******ыг заавал эмнэлэгт очиж үзүүлээрэй” гэхээр нь “за” гээд *******, ******* бид гурав Налайх дүүргийн эмнэлэг дээр ирж *******ыг үзүүлэх гэхэд үзүүлэхгүй гээд байж байхад *******ийн эмнэлэг дээр машинтай ирсэн. Бид нар хоёр машинтай бөөндөө 10 шарын “GS25” сүлжээ дэлгүүр лүү явж, ус, жижиг нойтон салфетик аваад гарч ирсэн. Тухайн үед ******* унтаж байсан. Удалгүй *******ийг нь аваад явсан. Тэгээд ******* бид 2 зогсоол дээр үлдэж машинаа цэвэрлэчхээд гэр лүүгээ ороод маргаашийн ажлын эд зүйлсийг бэлдэж байгаад өглөө 05 цагийн орчим гэрээсээ гараад машин дээрээ ирэхэд ******* унтаж байсан. Гэрийнх нь хажууд очоод гэртээ ор гээд дуудтал сэрэхгүй байхаар нь би шууд ажил руугаа аваад явсан. Тэгээд бараагаа бэлдэж байгаад гараад ирэхэд ******* жаахан сэргэчихсэн байхаар нь *******ийн ийг дуудаж “*******ыг гэрт нь хүргээд өгөөч” гэж хэлээд явуулсан. Тэгээд би шууд Улаанбаатар хот руу явсан. ...*******өөс өөр хүн зодоогүй. Зөвхөн ******* л цохисон. ...Зүүн нүд нь хөхөрсөн, уруул нь хавдсан, толгой ар хэсэг зулай дээр халзарч язарсан байсан, хамрын урд хэсэг халзарсан, хамар нь тэр чигтээ хатсан цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх дүүргийн нд байрлах “”-д түгээгч ажилтай. 2023 оны 09 дүгээр сараас хойш ажиллаж байна. ...Би 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ын хамт ажил дээрээ ээлжид гарч байсан. 00 цагийн үед танихгүй хоёр залуу ирээд “Цагдаа дуудаж өгөөч” гэж хэлсэн. Манай ээлжийн ахлах цагдаад дуудлага өгсөн. Тэгээд тэр хоёр залуу цааш нь яваад өгсөн. ...Тухайн хоёр залуу нэлээн согтуу байсан. Цонхон дээр ирээд хоорондоо маргалдсан юм шиг байсан. Туранхай өндөр залуугийн хамраас цус гарсан байдалтай ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

  • Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх дүүргийн нд байрлах “”-д түгээгч ажилтай. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажиллаж байна. ...Би 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ын хамт ажил дээрээ ээлжид гарч байсан. 00 цагийн үед нэг танихгүй туранхай, шар, өндөр залуу нүүр, хамар хэсэг нь цус болсон байдалтай манай ажлын цонхон дээр гүйж ирээд “цагдаа дуудаад өгөөч ээ, миний гутал байхгүй, намайг хүн зодоод байна” гэж хэлсэн. Тухайн залуу нэлээн согтуу байсан. Удалгүй араас нь ******* буюу ганцаараа ирээд намайг “чи цагдааг нь дуудчих” гэсэн. ..., тухайн танихгүй залуу хоёр цаашаа яваад өгсөн. ... эгч шатахуун өгөхөөр гараад буцаж орж ирэхдээ “энэ том тэрэгний цаана нөгөө хоёр чинь маргалдаад байна” гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан. Том тэрэг шатахуун аваад хөдлөөд явсан. Тэгтэл нэг саарал өнгийн машин ирж нэг залуу бууж ирээд *******, хамт явсан хүн хоёрын хажуу талд хараад зогсож байсан. ...Хамар хэсэгтээ шалбарч нүүр хэсэг нь цус болж футболк нь урагдаж, өрөөсөн гуталтай ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 312 дугаартай “ын *******ы биед зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсны дээрх цус хуралт, зүүн, баруун зулай, чамархайн дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархайн дэлбэнд зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, хамар, баруун, зүүн хөмсөг, дээд уруул, баруун сарвуу, зүүн, баруун өвдөг, зүүн тавхайд зулгаралт, баруун шуу, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, нидрэх, үрэх үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.*******ы эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Мөн шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.*******тай маргалдаж, түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсны дээрх цус хуралт, зүүн, баруун зулай, чамархайн дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархайн дэлбэнд зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, хамар, баруун, зүүн хөмсөг, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

            Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.*******, хохирогч Г.******* нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, нэгнийхээ биед халдаж буй биеэ барих чадваргүй, түрэмгий зан байдал нь нөлөөлсөн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ы биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад зарцуулсан зардалд нийт 11,946,559 төгрөг, олох байсан орлоготой холбоотой зардалд 14,097,624 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 14,520,000 төгрөг, нийт 40,344,183 төгрөг нэхэмжилсэн.

 

            Шүүх хохирогчийн гаргасан эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой нэхэмжлэлээс 11,542,054 төгрөгийн зардлыг үндэслэлтэй гэж дүгнэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.******* нь 10,000,000 төгрөгийг хохирогч Г.*******д төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул үлдэгдэл 1,542,054 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******өөс гаргуулж хохирогч Г.*******д олгох нь зүйтэй гэж үзсэн.

 

            Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1077 дүгнэлтээр “Г.*******ы сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар “Гуравдугаар зэрэглэл ...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг олгоно” гэж тогтоосны дагуу хохирогч Г.*******ы эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан, тархины хагалгаанд орсон, 6 сарын дараа дахин тархины хагалгаа хийлгэнэ, хөдөлмөрийн чадвараа 6 сар хүртэл хугацаагаар 70 хувь алдсан зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (660,000*22=14,520,000 төг) буюу 14,520,000 төгрөгөөр тогтоож нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

Хохирогч Г.******* нь хөдөлмөрийн чадвар алдалт 6 сараар тогтоогдсон, 6 сарын дараа дахин хагалгаа хийлгэх тул 12 сарын хугацаанд цаашид олох байсан цалин 14,097,624 төгрөг нэхэмжилж байх боловч шүүх зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг үндэслэн дундаж цалин хөлсийг тооцоолон гаргах боломжгүй, холбогдох санхүүгийн болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжтэй холбоотой бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******өөс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч Г.*******ы 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан амбулаторийн үзлэг, мэс засал, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх зардлын төлбөр 10,286,585 төгрөг болсон байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уг төлбөрийн Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлах авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч Б.******* нь эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэхэмжилсэн үлдэгдэл 1,542,054 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт нэхэмжилсэн 14,520,000 төгрөг, нийт 16,063,054 төгрөгийг хохирогч Г.*******д төлсөн болох нь хэрэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Харин хохирогч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу олох байсан орлого, цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* “шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг  бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн бага хэмжээ болох 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт,

            хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “хохирогч Г.*******ы эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж, цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, шүүхээс цаашид гарах гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул хохирол, хор уршгийг нөхөн төлөх боломжийг хангаж шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

   Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

   Шүүх шүүгдэгч Б.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан, тархины хагалгаанд дахин орох шаардлагатай байдал, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой, ар гэрийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******өд оногдуулсан 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу олох байсан орлого, цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******өөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНХЖАРГАЛ