| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2024/0200/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/194 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал,
хохирогч Е.*******,
шинжээч С.******* /цахимаар/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
орчуулагч Б.*******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бай овогт Чанг Лианд холбогдох эрүүгийн 2307003460148 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
/РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ийн хашаан дотор Е.*******тай “хүний зээлсэн эд зүйлийн мөнгийг би төлөхгүй, зээлсэн хүнээсээ ав” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, баруун гарыг мушгин газарт унаган хохирогч Е.*******гийн эрүүл мэндэд баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний өмнө өгсөн мэдүүлэг хэрэгт байгаа. Нэг талын мэдүүлгээр надад ял өгөх гэж байна. Тухайн өдрийн камерын бичлэгийг би үзмээр байна. Би энэ хүнд гар хүрээгүй, гар хүрээд баруун гар нь гэмтсэн гэдийг би зөвшөөрөхгүй байна. Миний ажилтан энэ хүнээс зээл авсан, би өрийг төлөх ёсгүй. Би ажилтан болгоны өрийг төлөх шаардлагагүй. Уг өдөр цагдаа дээр очиж байцаалт хийсэн. Цагдаа дээр асуудал байхгүй гээд намайг явсны нэг сарын дараа хэрэг үүссэн байсан. Би гайхсан, тухайн өдөр цагдаа асуудал хамаагүй болсон гэж хэлсэн” гэв.
Хохирогч Е.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 07 дугаар сард би анх “т” гэх үйлдвэрт очсон. Би танихгүй байж энэ хүнээс мөнгө нэхэхгүй шүү дээ. гээд залуутай би очиж уулзаад “мөнгөө өгөөчээ” гэхэд намайг *******тай уулзуулаад “манай захирал байгаа юм аа захирлаас мөнгө аваад өгье” гээд *******ыг дагуулж ирээд уулзуулсан. нь “би уг хүнээс мөнгө аваад 2, 3 жил болж байгаа юм, та цалингаас минь энэ хүнд өгөөч ээ” гээд бид гурав ярилцсан. Тэр үед “дансаа өгөөд явчих, би тоосго ачиж байна, дараа нь шилжүүлье” гэхэд нь би гарт нь дансаа цаасан дээр бичиж өгөөд явсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яагаад миний дансанд мөнгө хийхгүй байна гэж бодоод үйлдвэр дээр нь явж очсон. “т” үйлдвэр дээр нь очиход манаач нь ийнх нь үйлдвэр гээд би “” өөрийнх нь үйлдвэр дээр очсон. Тэгээд ы мөнгийг авья гэхэд “би гэж танихгүй” гэж уурласан. Тэгээд би “чи хүний мөнгө өгөхгүй байсан юм бол яах гэж өгнө гэсэн юм бэ, чи тэгж хэлээгүй бол би чамаас нэхэхгүй шүү дээ” гэсэн. ******* “би мөнгийг өгөхгүй, тэр хүнээсээ ав” гэж хэлсэн. Намайг “чи зайл, яах гэж миний газарт ирсэн юм” гэхэд нь би “энэ манай Монгол Улсын газар би явахгүй” гэсэн. Миний баруун гарыг нэлээн далайцтай базаад түлхсэн. Би тэр үед төрчихсөн байсан. Тэгээд би тоосгоны хэлтэрхийнүүдийн тэнд унасан ба хойшоо мөлхөөд явсан. Хэвтэж байхад намайг хий өшиглөсөн. Тоосгоны хэлтэрхий аваад би “чамайг гар хүрэх юм бол би чамайг цохино шүү” гэхэд инээгээд цааш явсан. Би тоосго шидээгүй энэ хүн худлаа ярьж байна. Би камераа гаргаж ирээд бичлэг хийсэн. Өөрийгөө хамгаалъя гээд бичлэг хийхэд Чанг Лианг “намайг хэн ч дийлэхгүй, чи яах гэж надаас мөнгө нэхээд байгаа юм” гэсэн. Би цагдаа дуудна гэхэд дууд гэсэн. Би цагдаа дуудахад ны цагдаа дээр очъё гэсэн. Тэр хооронд бид хоёр маргалдаад “бүх хуулийн байгууллага надаас мөнгө гуйж ирдэг, тухай бүрд нь би мөнгө өгдөг, би ялд унахгүй” гэж ******* хэлсэн. Би камерын бичлэгээ зогсоохгүй бичлэг хийхэд миний гарыг хэд хэдэн удаа нударсан. ...Би маш зовуурьтай байсан. Тухайн үед надаас ******* юу ч асуугаагүй. Тухайн өдөр 102-ын цагдаа дуудаад, 103-ын эмч рүү явсан. Би үзлэг хийлгэсэн. Намайг гэмтэлтэй байна гэсэн. Маргааш нь шинжээч эмч томилоод шинжээч эмч үзээд “гараа сойчих” тэгээд томографт ороорой гэсэн. Эмнэлгээр явахад цаг нь олдоогүй. эмнэлэг дээр очоод шинжилгээнд ороод хариу нь гарсан. Би хүүхдээ асардаг байсан учир сойлтоо сойж чадаагүй. Би нялх хүүхэдтэй. ...Миний сэтгэл санааг маш их хохироочхоод худлаа ярьж байгаад нь маш гомдолтой байна” гэв.
Шинжээч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зовуурь байх юм бол тухайн үед илрэх боломжтой. Гэмтэл аваад удаагүй бол зовуурь шинж нь мэдэгдэхгүй байж болно. Тодорхой хугацааны дараа 24 цагийн дараа ч юм уу мэдэгдэх боломжтой. Хувь хүний эрүүл мэндийн гам гэж байдаг. Хүн хүнээсээ шалтгаална. Хэдий хугацаанд зовуурь илрээд эмнэл зүй илрээд явахыг хэлж мэдэхгүй. Уг хүн гам бариад, хөдөлгөөнөө хязгаарлаад, сойлт хийгээд эмчийн заавраар явсан бол хурдан хугацаанд эдгэнэ. Мөрний зөөлөн эдийн гэмтэл, хохирлын зэрэг нь хөнгөн зэрэг байгаа. Шүүх эмнэлэг бол дөрвөн долоо хоног буюу 28 хоног дотор эдгэрэх боломжтой гэж үзэн хөнгөн зэргийн гэмтэл гэж үзэж байгаа. Хохирогч Е.******* нь эмнэлэгт 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үзүүлсэн байгаа. Үзүүлэхдээ дал мөрний хэсгийг, тодорхойгүй хэсгийн мултрал байж магадгүй гэсэн онош эмчийн үзлэгээр илэрсэн. Дараа нь баруун мөрний үений тодосгогч бодисгүй компьютерт MRI шинжилгээтэй цуг ирсэн байгаа. Улсын гэдэг утгаараа эмнэлгүүдэд бол MRI хийлгэх хугацаа нь маш удаан, дугаар ихтэй байдаг учраас энэ хүн дээр сүүлд хийгдэж дээ гэж хармаар шинж байсан. Шүүх эмнэлэг эмчийн тамгатай он сартай тодорхой нэр устай зүйлийг үндэслэж дүгнэлтийг гаргана гэсэн тодорхой журмын дагуу бид нар ийн эмчийн үзлэг, MRI шинжилгээ хоёрыг үзэж, үндэслэж дүгнэлтийг гаргасан байгаа. Хохирогчийн гэмтэл нь татаж чангаах, гаднаас мушгих үед л үүсэх боломжтой гэж үзэж байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ийн хашаа дотор Е.*******тай “хүний зээлсэн эд зүйлийн мөнгийг би төлөхгүй, зээлсэн хүнээсээ ав” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, баруун гарыг мушгин газарт унаган хохирогч Е.*******гийн эрүүл мэндэд баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч *******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Е.*******гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь “хүний зээлсэн эд зүйлийн мөнгийг би төлөхгүй, зээлсэн хүнээсээ ав” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Е.*******тай маргалдаж, түүний баруун гарыг алдлан мөр хэсгээр мушгин газарт унагасны улмаас биед нь баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар нь “шүүгдэгч ******* нь хохирогчийн биед халдаагүй, гэмтэл учруулаагүй, өөрөө унасан, эхний шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, тухайн үйл явдал болсноос хойш 50 хоногийн дараа гарсан шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг гарсан нь эргэлзээтэй” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.
Хохирогч Е.*******гийн биед учирсан баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь татаж чангаах, гаднаас мушгих үед үүсэх боломжтой, өөрөө унах үед үүсэх боломжгүй гэмтэл байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, зөрүүгүй, эргэлзээгүй байх ба бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1071 дүгнэлт нь хохирогч Е.*******гийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ы эмнэлэгт үзүүлсэн Согог заслын эмчийн үзлэгийн тэмдэглэл, MRI шинжилгээний дүгнэлтийг үндэслэж гарсан байх тул хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч *******г учруулаагүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Е.*******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээ, эмчилгээ, эм тарианы зардалд 1,254,379 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40,000,000 төгрөг, олох байсан үйл ажиллагааны орлогод 43,970,000 төгрөг, нийт 85,224,379 төгрөг нэхэмжилж байх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн И-баримтын бүртгэлд бүртгэгдсэн сугалааны баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирогчийн биед учирсан гэмтэлд хэрэглэх эм тариа бус байх тул хохирогчийн нэхэмжилсэн нийт 85,224,379 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтуудыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Харин хохирогч Е.******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул Улсын шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар “Хоёрдугаар зэрэглэл ...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг олгоно” гэж тогтоосны дагуу хохирогч Е.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар аль аль бие биедээ хүндэтгэлгүй харьцаж, хэрүүл маргаан үүсгэсэн байдал зэргийг харгалзан 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 5,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (500,000*5,99=3,294,500 төг) буюу 3,294,500 төгрөгөөр тогтоож нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч *******г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 2 хоногийн завсарлах авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 2 хоногоор завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хохирогч Е.*******д сэтгэцэд учирсан хохирлын мөнгө 3,294,500 төгрөгийг нөхөн төлөх гэхэд “авахгүй гомдолтой” гэдгээ илэрхийлж, хохирлын мөнгийг аваагүй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “шүүгдэгч *******г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхийг оролдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдэж байгаагүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хүний зээлсэн эд зүйлийн мөнгийг би төлөхгүй гэж хэрүүл маргаан үүссэн байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлыг нөхөн төлөх оролдлого хийсэн), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ