Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2022/01236

 

 

 

 

 

 

 

     2022          04         15                                    184/ШШ2022/01236

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Э нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Ч.Д ,

 

Хариуцагч: С.Б нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 7,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Д-тэй 2020 оны 10 сард хуш модны самар худалдах, худалдан авахаар тохиролцсон. Би самар бусдаас худалдан аваад Ч.Д-д зардаг байсан. Самарны үнийг цаг тухайдаа тохиролцдог байсан. Учир нь самар нь үнийн хэлбэлзэл өндөртэй байдаг юм.  Би Ч.Д-д хэд хэдэн удаа самар худалдсан. 2020 оны 11 сарын 27-ны өдөр Ч.Д-д 8 тонн 558 кг самрыг килограммыг нь 6,500 төгрөгөөр, 2 тонн 37 кг самрыг килограммыг нь 6,700 төгрөгөөр тооцож, нийт 69,275,900 төгрөгийн самар худалдсан. Ч.Д- нь самрын үнэ болох 69,275,900 төгрөгийг надад шилжүүлэх байснаас 61,096.900 төгрөгийг бусдын данснаас шилжүүлсэн. 7,150,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Би тухайн үед мөнгө дутуу шилжүүлсэн талаар хэлэхэд “тэрийг чинь тулгана, тооцоогоо бодоогүй,  завгүй байна,  санаа зоволтгүй  өгнө” гэж байсан. Ч.Д- нь дутуу шилжүүлсэн мөнгөө өгөөгүй тул самрын үнэ  7,150,00 төгрөгийг гаргуулж өгнө үү.  Тухайн үед самар тээвэрлэхэд Э.С, *******   нарын Ланд-80 машинд нэг удаа тээвэр хийсэн энэ талаар гэрчээр асуугдсан  байгаа.

 

 Хариуцагч Ч.Д- нь С.Бтай хамтран бизнес эрхэлдэг гэдэг бөгөөд түүний данснаас 61,0 сая төгрөгийн самрын мөнгийг шилжүүлсэн. Энэ  мөнгө  нь 1226 кг самрыг 126 кг самар гэж 1100 кг самрын зөрүү гарч байгаа учраас 7,150,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан дансны хуулгаас харвал нэхэмжлэгч Т.Э нь ах эгчийнхээ дансаар самрынхаа мөнгийг авдаг байсан. Хөдөө сүлжээгүй газар байсан учраас  С.Бийн данснаас 61,096,900 төгрөг орж ирсэн байдаг. Гүйлгээний утга дээр бичсэн байдлаас  үзвэл см гэдэг нь самар, 4758, 2037 гэдэг нийт самрын кг гэж харж байна. Мөн н.Эрдэнэхүү гэж шилжүүлсэн учир нь н.Эрдэнэхүү нь Т.Эгийн ах юм. 1226 кг самрыг 126 гэж 1 орныг нь орхиод биччихээд, бичгээр тайлбартаа тооцоо бүрэн шилжсэн гэж маргаад байна. Дансны хуулга, үзлэг хийлгэсэн тэмдэглэл зэргээс харвал талуудын хооронд байгуулагдсан тохиролцоо, самрын кг, үнэ зэрэг нь тодорхой харагдана. Хэрэгт авагдсан баримтуудаас харвал Ч.Д- мөнгийг бүрэн шилжүүлсэн гэж хэлдэггүй, дутуу байвал шилжүүлнэ гэж дурдсан байдаг тул Ч.Д- С.Б нараас 7,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ч.Д-,С.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  өмгөөлөгч нар тайлбарлахдаа: 2020 оны намар 11 сард миний бие нь хувь хүмүүсээс самар худалдан аваад тухай бүр тооцоогоо хийдэг байсан. р Т.Эгаас тухайн үед самар худалдаж аваад мөнгийг нь эгчийнх нь данс руу шилжүүлж өгч байсан.  Би “мөнгийг нь өгнө гэсэн санаа зоволтгүй” гэж хэлээгүй, ...тийм зүйл байх ёсгүй, самар хүлээж авсан ажилчдаасаа асууж тодруулья гэсэн хариу өгч байснаас  мөнгө  хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй. Ажилчдаасаа асуухад   1226 кг  самар авсан гэх  тэмдэглэл хийсэн  баримт  байхгүй байсан. Т.Эгийн нэхээд буй мөнгийг зөвшөөрөхгүй,  дутуу мөнгө шилжүүлсэн бол тэр даруй хэлээгүй байж ямар ч баримтгүй үндэслэлгүй  мөнгө нэхэмжилсэн байна. 

 

         С.Б надтай хамтарч бизнес хийдэг. С.Бийн  дансаар  61,0 сая төгрөгийг н.Галмандахын данс руу шилжүүлснээс өөрөөр энэ харилцаанд оролцсон зүйл байхгүй юм. Тиймээс С.Б энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш юм.

             Талуудын хооронд 1 кг самрыг 6,500 төгрөг гэж тохиролцсон  гэрээ байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар гэрээний үнийг тохирсон байх ёстой. Гэтэл нийт авсан 61,0 сая төгрөгийн самрын мөнгөнөөс шаардаж байгаа эсэх эсхүл Э.Сгээс авах ёстой 5 тонн самрын мөнгийг нэхэмжлээд байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Ч.Д-тэй тооцоо нийлээд, хэлье гэсэн болохоос 1,100 кг самрыг 6,500 төгрөгөөр тохиролцож, 7,150,000 төгрөгийг өгнө гэж тохиролцсон зүйл байхгүй байна. Тиймээс энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь хэн болох , нэхэмжлэгч хэнтэй үүргийн харилцаа үүсгээд байгаа нь тодорхойгүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ байхгүй байгаа учраас хэдэн кг дутуу самрын асуудал яриад байгаа эсэх нь тодорхойгүй өөрөө ч мэдэхгүй байна. Хариуцагчаар Ч.Д-, С.Б нарыг татаж байгаа нь үндэслэлгүй, 1 кг самрыг 6,500 төгрөгөөр тооцож төлөхөөр тохирсон баримт нь байхгүй, 7,150,000 төгрөгийг хариуцагч нар ямар үндэслэлээр хариуцах эсэх нь тодорхой  бус  үндэслэлгүй байна.  Мөн  1 кг самрыг 6,700 төгрөгөөр эсхүл 6,500 төгрөгөөр худалдсан эсэх, нийт хэдэн кг самрын асуудал яригдаж байгаа эсэх, 7,150,000 төгрөгийг хэрхэн тооцож гаргаад  байгаа нь тодорхойгүй, талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Ч.Д-, С.Б нарт холбогдуулан хуш модны самар бусдаас худалдан авч 1 кг самар 6,500 төгрөгөөр, зарим үед 6,700 төгрөгөөр тооцож зарсан тул гэрээний үүрэгт 1226 тн самарыг 126 кг гэж тооцсон учир 1100 кг самарын үнийг 6500 төгрөгөөр тооцож 7,150,000 төгрөг  нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ утсанд ирсэн мессежээр тооцож үндэслэл болгосон гэж тайлбарласан байна. /хх4,-91-98 дүгээр тал/  

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлээ: “...талуудын хороонд гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 1 кг самарыг хэдэн төгрөгөөр тооцож, нийт хэдэн  килограмм самар худалдсан гэж үзээд нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй, хариуцагчаа зөв тодорхойлоогүй байх тул хариуцах үндэслэлгүй гэж маргаж  байна.

Зохигчдын  тайлбар, хэрэгт цугларсан утасны мессежүүд түүнийг бэхжүүлж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүд зэргийг үнэлсэн үндэслэлээр    нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзэв. 

Нэхэмжлэгч Т.Э нь  2020 оны 11 сарын 27-нд  8 тонн 558 кг самарыг килограммыг нь 6,500 төгрөгөөр, 2 тонн 37 кг самарыг 6700 төгрөгөөр тооцож хариуцагч Ч.Д-д шилжүүлсэн ба хариуцагч нь зарж самарын үнэ   61,096.900   төгрөгийг хариуцагч С.Бын  данснаас   иргэн  н.Галмандахын данс руу шилжүүлсэн үйл ажиллагаа болсон болох нь нэхэмжлэгч  хариуцагч  нарын тайлбар болон бичгээр ирүүлсэн тайлбаруудаар, дансны хуулгаар тогтоогдсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1, 367 дугаар зүйлийн 367.2-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний оролцогч талууд харилцан үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хөлсөөр ажиллах гэрээний зүйл буюу самар зарах үйл ажиллагаа бөгөөд тэд амаар тохирсон байна.

Нэхэмжлэгч 1100 кг самарын үнийг 6500 төгрөгөөр тооцож 7,150,000 төгрөгийн биелэлтийг шаардсан гэх боловч уг төлбөр нь ажлын хөлс, эсхүл   хохирол нэхэмжилж байгаа эсэх аль нь болох нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ утасны мессежүүд  CD түүнийг бэхжүүлж үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрч нарын мэдүүлгүүдээр нотолсон  байна. Тус нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан  шаардлагад  нийцээгүй ба шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн боловч хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ. / хх-ийн 87-98 /

 Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч нарыг хууль сануулж өөр орон  нутгаас  мэдүүлэг авсан  боловч  гэрч  нарын  мэдүүлгүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан эсэх  нь тодорхой бус бөгөөд хэрэгт авагдсан мэдүүлэгт агуулагдаж байгаа  мэдээлэл нь ач холбогдолтой баримтат мэдээллийг тээгч хувь хүн байх хуулийн  шаардлагад нийцэхгүй байна. Иймд ач холбогдолгүй гэж үнэлэв. /хх-ийн 36-44,50,51/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч талуудын хоорондох маргаан нь худалдан худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж мэтгэлцэж байгаа ба үндэслэлээ  баримтаар нотолсонгүй гэж дүгнэв.

          Түүнчлэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс “...С.Бийн дансаар 61,0 сая төгрөгийг н.Галмандахын данс руу шилжүүлснээс өөрөөр энэ харилцаанд оролцоогүй, энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш, Талуудын хооронд 1 кг самарыг 6,500 төгрөг гэж тохиролцсон гэрээ байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар гэрээний үнийг тохирсон байх ёстой, гэтэл  хариуцагч  нараас  ямар баримт үндэслэсэн эсэх, эсхүл Э.Сгээс авах ёстой 5 тонн самарын мөнгийг нэхэмжлээд байгаа эсэх нь ойлгомжгүй” байна гэх тайлбарыг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар баримтаар мэтгэлцэж няцааж  чадахгүй байна.

 

         Мөн самар зарсан үнэ 69,275,900 төгрөгийг хариуцагч Ч.Д-, Т.Э нарын хооронд шилжүүлээгүй, харин н.Галмандахын дансаар   Эрдэнэхүү гэх  гүйлгээгээр  шилжсэн нь  гэрчийн мэдүүлэгээр тогтоогддог бөгөөд  энэ    хэрэгт  хариуцагч нь хэн болох нь тодорхой бус байгааг дурдав. Иймд  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс С.Быг  хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасан тул 2021 оны 09 сарын 06-ны  өдрийн 09583 дугаар захирамжийн 1-р заалтаар хангасан болно. /хх-ийн 23-26 дугаар хуудасны дээд талаас 1,2-р мөр/   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д                                                                                                         заасныг баримтлан Т.Эгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Д- С.Б нарт холбогдох гэрээний үүрэгт 7,150,000 төгрөг гаргуулах тухай    нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар нэхэмжлэгч Т.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ОЮУНЦЭЦЭГ