Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2018/01646

 

 

 

 

 

 

 

      2018 оны 08 сарын 30 өдөр

    Дугаар 182/ШШ2018/01646

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Т-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Б-д холбогдох 

Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Т, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б бид хоёр 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2009.05.27-ны өдөр хүү Б.Нтөрсөн. Бид хэсэг хугацаанд л хамт амьдарсан бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2013 оны 12 сараас тусдаа амьдарсан. Үүнээс хойш Ч.Б хүү, бид хоёртой нэг ч удаа холбогдоогүй, хүүхдээ харж хандаагүй. Иймд олон жил тусдаа амьдарсан, цаашид эвлэрч амьдрах боломжгүй байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би уг нь хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байсан боловч эвлэрүүлэн зуулчах ажиллагааны явцад Ч.Бийн өвчтэй байдлыг мэдэж, түүний ажил эрхлэхгүй байгаа байдлыг харгалзан хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар шийдсэн. Хүү маань миний асрамжид үлдэх талаар тохиролцсон, дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Ттай 2008 онд танилцаж, гэр бүл болж улмаар 2009.05.27-ны өдөр хүү Б.Нтөрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдал, үл ойлголцлоос байнга маргалдаж 2013 оны 12 сараас тусдаа амьдарсан. Миний бие 2014 оноос бөөрний хүнд өвчний улмаас байнгын эмнэлэгт хэвтэж бусдын асаргаанд орсон байсан учир хүүхдээ харж хандаж чадаагүй. Энэ хугацаанд О.Ттай холбогдох гэж үзсэн боловч утсаа авдаггүй, мессэж бичихээр хариу бичдэггүй байсан. Одоо миний бие сайжирсан боловч эмнэлэгийн хяналтанд байдаг, ээжтэйгээ хамт түүний тэтгэврээр амьдарч байна. Тиймээс цаашид хамт амьдрах боломжгүй, гэр бүлээ тэжээн тэтгээд авч явах чадваргүй болсон учраас эвлэрэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүү Б.Ө-г эх О.Тгийн асрамжид үлдээнэ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч Ч.Бид холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2013 оноос тусдаа амьдарсан, үүнээс хойш хүү маань миний асрамжид үлдсэн, Ч.Б хүүгээ нэг ч удаа харж хандаагүй, олон жил тусдаа амьдарсан, эргэж нийлэх боломжгүй гэж,

 

хариуцагч нь уг тайлбарын талаар маргаангүй бөгөөд тусдаа амьдарснаас хойш өөрийнх бие муудаж өнөөдрийг хүртэл байнгын эмнэлгийн хяналт болон бусдын асрамжид байх болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө, хүүгээ ээжид нь үлдээнэ гэж тус тус тайлбарлав.

 

О.Т, Ч.Б нар нь 2008 онд гэр бүл болсноо 2011.02.17-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн байх ба, тэдний дундаас 2009.05.27-ны өдөр хүү Б.Нтөрсөн, хүү Б.Ннь Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 4д ангид суралцдаг болох нь зохигчдын тайлбар, тэдний иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Зохигчдын хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ хангалттай биелүүлж чадаагүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл зохигчид тусдаа гарч бие даан хамт амьдраагүй, зан харилцааны таарамжгүй байдал, үл ойлголцлын улмаас байнга муудалцдаг зэргээс шалтгаалан 2013 оны 12 сараас тусдаа амьдарч байгаа, хариуцагч Ч.Б нь 2014 оноос бөөрний өвчний улмаас эмнэлэгийн байнгын хяналтад байгаа нь Гэр бүлийн тухай 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэрлэлтийг цуцлахгүй байх нөхцөл байдал болж байх боловч тэрээр хүнд өвчтэйгөө нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, харин ч эвлэрэх хугацаа авахгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул уг нөхцөл байдлуудыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Зохигчдыг тусдаа амьдарснаас хойш хүү Б.Ннь эх О.Тгийн асрамжид үлдсэн байх бөгөөд зохигчид хүү Б.Ө-г эх О.Тгийн асрамжид үлдээх тухайд болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч О.Т нь хариуцагч Ч.Боос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1‑д зааснаар О.Т, Ч.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Зохигчид хүү Б.Ө-г эх О.Тгийн асрамжид үлдээх болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй, түүнчлэн нэхэмжлэгч О.Т нь хариуцагч Ч.Боос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Тгаас тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Боос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Тд олгосугай.

 

4.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг О.Т, Ч.Б нар мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Т.ЭНХТУЯА